Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 38.3 хувиар өсчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 845.2 (38.3%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 696.2 (49.1%) тэрбум төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 125.4 (24.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 21.3 (8.2%) тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 2.4 (11.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийт борлуулсан бүтээгдэхүүний 2.9 их наяд төгрөг буюу 70.6 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 2.6 их наяд төгрөг буюу 92.1 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 57.6 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 35.9 хувийг нүүрс олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 5.2 хувийг газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 1.3 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.


Хариулах