Эцэг, эхийн хүүхдэдээ өгч чадах хамгийн “шилдэг” өв бол боловсрол гэдэг. Зуны амралт дуусаж, хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үеийг тохиолдуулан хүүхдийн боловсрол, хүмүүжлийн талаар Q Education Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ц.Алтансорыг урьж ярилцлаа.
Өдгөө Q Education Group нь Монголын боловсролын салбарт үгүйлэгдээд байгаа уян чадварууд болох EQ буюу сэтгэл хөдлөлийн чадвар, сонирхолтой шинжлэх ухаанаар дамжуулан бүтээлч сэтгэлгээ, суралцах сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг нэвтрүүлж хүүхэд багачуудын сэтгэл зүйн болон сэтгэлгээний боловсролд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
- Хүүхдээ боловсролтой хүн болоосой гэж ээж, аав асран хамгаалагч нар бүгд л боддог, хүсдэг байх. Гэхдээ боловсрол гэдэг үгийг өөр, өөрсдийнхөөрөө ойлгож олон мянган аргаар олгодог юм шиг. Таны хувьд боловсрол гэж юу вэ, орчин үед хүүхдэд боловсрол олгоход юуг чухалчлах ёстой вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхлүүлье?
- Боловсролын чиг хандлага хүний хөгжлөөс хамааран хувьсан өөрчлөгдөж байдаг. Нөгөөтээгүүр боловсролын салбарт гарч буй технологи шинэчлэл, инновациуд биднийг юу сурах хэрэгтэй, ямар чадвар эзэмшсэн байх нь зөв бэ гэдгийг харуулж байдаг. Маш хурдацтайгаар өөрчлөгдөн хөгжиж буй энэ цаг үед бид хүүхдүүддээ ямар чадвар эзэмшүүлснээр ирээдүйд өрсөлдөх, бие даан амьдрах чадвартай иргэн болж төлөвшихөд нь туслах вэ гэж та бодоод үзээрэй.
Эцэг эхчүүд хүүхдээ гадаад хэл, шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, оюун ухааны хувьд өндөр чадвартай хүн болгож хүмүүжүүлэхийг илүүтэй чухалчилж байх шиг ажиглагддаг. Энэ нь зөв хэдий ч “хангалттай” биш юм.
Учир нь хүн төрөлхтөн хүнээс ч илүү сэтгэн бодох, тооцоолох чадвартай хиймэл оюун ухааныг (artificial intelligence, AI) өндөр түвшинд хөгжүүлж, технологи оюун ухааныг бүрэн орлох чадвартай болж байна.
Жишээ нь англи хэлтэй бол нэг программ, апп ашиглаад л дэлхийн бүх улсын иргэнтэй ярилцан ойлголцох боломжтой байхад 5 улсын хэлээр ярьж сурах нь хэр чухал вэ. Хиймэл оюун ухаан нь тухайн хүнээс ч илүү хэрэгцээг нь таньж мэдээд тодорхойлоод өгчихөөр бид яах вэ. Энэ хөгжлийн үр нөлөөгөөр хүний сэтгэл зүйд тулгуурлан маркетинг хийдэг, хүссэн шийдвэрээ гаргуулахын тулд шинжлэх ухаанч төрөл бүрийн арга ашигладаг, хүний сэтгэл зүйд нөлөөлж, сатааруулдаг зүйлс улам бүр нэмэгдэж байна.
Тиймээс энэ цаг үед бид роботоос ялгаатай байх, ХҮН байх боловсролыг олгох, хүүхдүүдээ дэлхий ертөнцтэй танилцахаас нь өмнө өөрийг нь таниулж ойлгуулж, сэтгэл зүйн хувьд эрүүл тайван тогтвортой зүрх сэтгэлийн боловсролтой иргэн болгож хүмүүжүүлэх нь юу юунаас илүү хамгийн чухал гэж боддог.
Нийгэм, сэтгэл зүйн хөтөлбөрийг бага наснаас олгосноор сэтгэл зүйн эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд болон академик чадварт эерэг нөлөөллийг бий болгодог. Өөрөөр хэлбэл өөрийгөө танин мэдэж, удирдах, идэвхжүүлэх чадварт суралцсанаар хүссэн сургуульдаа тэнцэх, хүссэн ажилдаа орж чадаж байна. Түүнчлэн бусдыг ойлгох, зөв харилцааг дадал болгосноор амьдралдаа, харилцаандаа амжилт авчирч байгааг олон судалгаа харуулж байна.
- Зүрх сэтгэлийн боловсрол, EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг ер нь хэдэн наснаас олгож эхлэх нь зүйтэй байдаг вэ?
- Олон улсын туршлагаас харахад сургуулийн өмнөх боловсролоос эхлэн SEL буюу Social Emotional Learning хөтөлбөрөөр (зарим улсад SELF-SCIENCE гэж нэрлэх нь бий) дамжуулан EQ буюу сэтгэл хөдлөлөө таних, удирдах, нийгэмшихүйн чадварт сургадаг. Сэтгэл хөдлөлийн шинжлэх ухаан 1990 оноос сууриа тавьж, 2000 оноос эхлэн туршилт, кэйсүүд үүсэн сургууль цэцэрлэгүүд хэрэгжилтүүд эхэлсэн байдаг. Тиймээс бид ч ирээдүй хойч үеийнхээ төлөө энэ талын хөтөлбөрөөр аль болох бага наснаас эхлэн хичээллүүлснээр 20, 30 жилийн дараах нийгэмд нийгэмшсэн, сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой, амжилттай иргэдийг бэлдэж байна гэж ойлгож болно.
Хүн өдөр тутмын үйлдлийнхээ 70-80 хувийг сэтгэл хөдлөлдөө автаж хийдэг. Сонголтоо, үйлдлээ, үг яриагаа сэтгэл хөдлөлөөр хийдэг.
Гэтэл сэтгэл хөдлөлөө таньж мэдэхгүй, ухамсарлахгүй бол сэтгэлийн савлагаандаа автаж буруу шийдвэр, үйлдэл гаргах магадлалтай. Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүүхэд өөрийгөө удирдаж чаддаг. Өөрийгөө удирдаж чаддаг хүн амьдралаа удирдаж чаддаг. Хүүхэд хэдий тоондоо сайн байгаад, 2-3 хэлээр чөлөөтэй ярьдаг, хамгийн өндөр үнэлгээ дүн авдаг байлаа гээд сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй, тулгарч буй асуудлаа шийдэж чадахгүй, бусдын төлөө хүнлэг сэтгэл гаргаж чадахгүй, эргэн тойрны стресст амархан автдаг бол дээр дурдсан чадварууд үнэндээ ямар ч үнэ цэнгүй, хэрэггүй болчихдог. Хүүхдээ аз жаргалтай, амьдралд хайртай хүн болгож хүмүүжүүлэхийг хүсвэл багаас нь сэтгэл зүйн боловсрол, сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцуулахаас эхлэх юм. .
- Q Education Group-г хүмүүс сэтгэл зүйн боловсрол олгох хөтөлбөртэй Q Kids салбар цэцэрлэг, 6-12 насны хүүхэд хөгжлийн төвөөр нь илүү мэдэх байх гэж бодож байна. Үйл ажиллагааны хувьд одоо ямар ажил дээр илүү анхаарч ажиллаж байгаа вэ?
- Сүүлийн үеийн онцлох ажлуудын нэг гэвэл бид энэ оны хоёрдугаар сараас эхлэн “Зүрх сэтгэлийн боловсрол” аяныг улс орон даяар эхлүүлсэн. Аяны хүрээнд цахим орчинд зүрх сэтгэлийн боловсролын зөвлөгөө мэдээлэл өгөх, контентуудыг хүргэхээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагч болон их дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, сургалтуудыг хийж байна. Өнөөдөр Монголын хэмжээнд 1,3 сая гаруй хүнд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа, харин ердөө 2200 орчим мэргэжилтэн байна гэсэн тоон үзүүлэлт байна. Тиймээс хүн бүр сэтгэл зүйн боловсролыг олж авах үүд хаалгыг нээх, өөрт тулгараад байгаа асуудлаа танин мэдэх, дэргэдээ байгаа хэн нэгнээ ажиглан сонсох чадвартай хувь хүнийг төлөвшүүлэх зорилготой энэхүү аяныг эхлүүлсэн.
Түүнчлэн боловсролын паблишингаараа дамжуулан сургуулийн өмнөх боловсролын ном сурах бичиг, багш, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагыг бэлтгэн хүргэж, боловсрол олж авах тэгш боломж, гарцыг нэмэгдүүлэх ажил дээр төвлөрч ажиллаж байна.
- Боловсролын паблишинг гэж та хэллээ. Энэ талаараа дэлгэрүүлбэл?
- Энэ салбарт багагүй хугацаанд ажилласны хүний хувьд анзаарсан зүйл бол Монгол улсад СӨБ-ийн хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага гэж маш ховор. Боловсролын хамгийн чухал хүчин зүйл бол багш, хөтөлбөр, заах арга зүй байдаг. Гэтэл багш нар маань дийлэнх цагаа хөтөлбөр, гарын авлагаа бэлдэхэд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдтэй ажиллах цагаа бичиг цаас боловсруулах ажилд зарцуулж байна гэсэн үг юм. Тиймээс бид 6 жил гаран хөгжүүлсэн хөтөлбөрөө олон мянган хүүхдэд хүргэхээр зорьж боловсролын паблишингаа нээгээд 40 гаруй төрлийн ном сурах бичиг гаргаад байна.
Кью Кидс цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд зааж, хэрэгжүүлж үзээд, үр дүнг нь мэдрээд, энэ боловсролыг 100, 200 хүүхдээр хязгаарлагдаад зогсмооргүй байсан юм.
Мянга мянган хүүхдэд хүртээлтэй болгохыг хүссэн. Өөрсдийнхөө хэмжээнд хүртээмжтэй болгох шийдэл нь ном болгох байсан. Өнөөдрийн байдлаар анхны ном маань 80,000 гаруй хувь хэвлэгдэж, үнэ төлбөртэй хувийн цэцэрлэг, сургуульд тэр бүр СУРЧ ЧАДДАГГҮЙ, алслагдсан аймаг, дүүргийн гээд олон мянган хүүхдэд сэтгэл зүй, нийгэмшихүй, зүрх сэтгэлийн боловсролын суурийг тавьж, эцэг эхчүүдэд ойлголтыг өгсөөр байгаа нь бидний хийж буй ажлын зорилго биелэлээ олж байна гэж хардаг.
Зөвхөн нэгэн хувийн цэцэрлэг хэрэгжүүлдэг хөтөлбөр биш улс орон даяар алс холын аймаг, сумдын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд сурдаг, судалдаг хөтөлбөр болгох алсын хараатай зорьсоор байна.
- Англи хэлний хөтөлбөрт хамрагдвал англи хэлээр ярьж сурах, биеийн тамирын дасгал хөдөлгөөний хөтөлбөрт хамрагдвал бие эрүүл, булчин шөрмөс хэвийн хөгжих гэх мэт үр дүнгүүд гардаг. Тэгвэл сэтгэл зүйн хөтөлбөрт хамрагдах нь ямар үр дүн гаргах вэ. Та энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн ялгарах онцлогийг тайлбарлаж өгч болох уу?
- EQ чадварыг тодорхойлох үнэлгээг бид хөтөлбөрийнхөө хүрээнд тогтмол хийдэг. EQ -г хэмжих нь IQ -г хэмжихээс ярвигтай хэдий ч шинжлэх ухааны аргууд бий. Эцэг эхийн үнэлгээ, багшийн үнэлгээг хослуулан EQ –ийн 4 чадвар тус бүр дээр хийдэг. Хүүхэд өөрийгөө хэрхэн таньж мэдэж байна, бусадтай яаж харилцаж байна, бусдад хэрхэн хүнлэг сэтгэл гаргаж байна, уурласан үедээ ямар хариу үйлдэл үзүүлж байна, өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлж чадаж байна уу гэх мэт ажиглалтын болон асуулгын, ярилцлагын аргуудаар дүгнэдэг. Хичээлийн жилийн эхэнд үнэлгээг хийгээд хавар нь дахин үнэлж эцэг эх, асран хамгаалагч нарт нь танилцуулга, мэдээлэл, зөвлөгөөг тухай бүрд нь өгөөд явдаг. Энэ өөрчлөлтүүдийг эцэг эхчүүд маань өөрсдөө хараад мэдэрдэг нь өгөөжтэй санагддаг.
Хүүхдийн EQ -г хөгжүүлэх нь нэг удаагийн үйлдэл биш дадал хэвшил, зан чанар суулгах өдөр тутмын процесс. Үүнд сургууль, цэцэрлэгийн орчин, тохижилт багшийн чадвар, хандлага, анги хамт олны уур амьсгал тэр чигээрээ багтана. Мэдрэмжийг нь ойлгодог, сэтгэл хөдлөлийг нь хүндэлдэг, хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг хүрээлэлд хүүхдийн EQ хөгждөг. Хүүхэд үлгэр дуурайлал авч даган дуурайж суралцдаг болохоор багш ямар байна, ангийнхан ямар байна тэр бүхнээс суралцана.
Хүүхэд өөрийн сэтгэл хөдлөл, зан чанараа таниад өөрийгөө ойлгоод эхлэхээр тодорхой үр дүнгүүд нүдэнд харагдаж эхэлдэг. Хамгийн эхэнд “би ямар үед уурладаг”, “ямар үед баярладаг” тэр үедээ ямар үйлдэл хийдгээ мэддэг. Үүнийгээ эцэг эхдээ зөв аргаар ойлгуулж, нээлттэй ярилцаж сурдаг. Мөн сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой, аз жаргалтай хүүхэд хичээлээ илүү амжилттай сурдаг. Цэцэрлэгийн багш, сэтгэл зүйч нар маань хүүхдийг ажиглаж шаардлагатай нөхцөлд ээж аавтай нь ярилцаж хамтдаа арга хэмжээ авдаг.
- Сэтгэл зүйн хувьд аюулгүй, нээлттэй газар хүүхэд илүү сайн хөгжинө гэдэгтэй санал нийлж байна. Өнөөгийн сургалтын систем үүнтэй хэрхэн нийцдэг бол таны бодлоор...
- Өнөөгийн сургалтын систем хүүхдэд өөрийнхөөрөө байх боломж олгохгүй байгаагаас хүүхдүүд мэдрэмжээ дарсан, нэгэн хэв загварт хайрцаглагдсан болж өсөж байна. Мэдээж олон хүчин зүйлээс хамааралтай байна. Нэг анги 40-50 сурагчтай багшийн ачаалал хэтрэхээр хүүхдүүдийг өөрийнхөөр нь байлгаж, өөртэй нь танилцуулахаас илүүтэй чимээгүй суухыг үүрэг, дүрэм мэт болгож, хайрцаглаж эхэлдэг сул талтай.
Мөн хүүхэд ердөө л өөрөө хийж, бүтээж, туршиж, хөгжилдөж, даган дуурайж байж маш сайн хөгждөг. Амжилттай хүмүүс тасралтгүй суралцагч нар байдаг. Тиймээс аль болох бага наснаас сурахад дурлуулах ажлыг эцэг эх, багш нар хийж байх ёстой. Хүүхдийн сониуч занг өдөөж, яагаад гэдгийг нь тайлбарлаж, сурах гэдэг урлагт суралцуулна гэдэг хамгийн чухал. Яагаад гэдгийг ойлгуулдаггүйгээс хүүхдүүд шинжлэх ухаанд “дургүй”, “хайргүй” болж өсдөг. Үнэндээ гар угаах ч шинжлэх ухаан шүү дээ. Цэх суугаад амьсгалах ч шинжлэх ухаан. Эцэг эхчүүд яагаад гэдгийг нь тайлбарлахгүйгээр хүүхдэд тэгээрэй, ингээрэй гэж тулгах нь бий.
За “баярлалаа” гэж хэлээрэй, “уучлаарай” гэж хэлээрэй гэх мэт. Гэтэл ямар мэдрэмж авбал баярлалаа гэж хэлэх ёстой вэ, яагаад уучлаарай гэж хэлэх ёстой вэ гэдгийг нь ойлгуулалгүй үлдээчихдэг. Хүн гэдэг чинь робот биш шүү дээ. Үйлдэл бүр мэдрэмжтэй, шинжлэх ухаантай холбогдож байж хүүхэд цаашдаа өөрөө суралцах, олж мэдэх хүсэл ундардаг. Хүн аливааг ойлгож, танин мэдэх үедээ, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг танин мэдэх үедээ илүү сайн суралцаж чаддаг.
- Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье