АНУ-ын зохицуулагчид “Signature Bank”-ны удирдлагыг огцруулж, хяналтыг нь гартаа авчээ

Эрх баригчид “Silicon Valley Bank”-ны удирдлагыг өөртөө шилжүүлж авснаас хоёр хоногийн дараа буюу ням гарагт Нью-Йоркт төвтэй “Signature Bank”-ны хяналтыг мөн өөртөө шилжүүлжээ.
Нью-Йорк мужийн Санхүүгийн үйлчилгээний хэлтсийн мэдээлснээр Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорац өнгөрсөн оны эцсээр 110.36 тэрбум долларын хөрөнгөтэй, 88.59 долларын хадгаламжтай байсан “Signature Bank”-ыг хяналтдаа авсан байна.
АНУ-ын Сангийн яам болон бусад зохицуулагч байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар “Signature Bank” болон “Silicon Valley” банкны бүх хадгаламж эзэмшигчдийн мөнгийг бүрэн олгох боловч санхүүжилтийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахгүй гэж мэдэгджээ.
“Silicon Valley Bank”-ны дампуурал нь 2008 оны санхүүгийн хямралын үеэр “Washington Mutual” банк дампуурснаас хойш АНУ-ын банкны салбарт гарсан хамгийн том банкны хямралд тооцогдож байсан бол “Silicon Valley” ийнхүү удаалж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 16 дахь том зээлдүүлэгч болох гарааны бизнест төвлөрдөг “SVB”-ийн харилцагчид банкнаас мөнгөө татаж эхэлснээр хөрөнгө оруулагчид нь сандарч эхэлсэн бөгөөд амралтын өдрүүдэд засгийн газрын албан тушаалтнууд иргэдийн санхүүгийн системд итгэх итгэлийг сэргээхийн тулд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэж шийдсэн байна.
Энэ хүрээнд Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорац ням гарагт “гүүр” банк байгуулсан бөгөөд даваа гарагт харилцагчдын мөнгийг олгож эхлэхээр төлөвлөжээ. “Signature Bank”-ны хадгаламж эзэмшигчид болон зээлдэгчид автоматаар гүүр банкны харилцагч болох аж.
Зохицуулагчид “Fifth Third Bancorp”-ийн Гүйцэтгэх захирал асан Грег Кармайкэлийг банкны гүйцэтгэх захирлаар томилсон байна.
“Silicon Valley Bank”-ны харилцагчид мөн даваа гарагаас эхлэн хадгаламжаас мөнгөө татах боломжтой болох гэнэ.
Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул АНУ-ын засгийн газрын ням гарагт хийсэн арга хэмжээ нь “банкны системийн тогтвортой байдалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх” зорилготойг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

Хариулах