COVID-19

Хятад: Ковидын эсрэг бодлогын өөрчлөлтийн хүрээнд хязгаарлалтын арга хэмжээгээ сулрууллаа

Цар тахлын хяналтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал улс даяар өрнөснөөс долоо хоногийн дараа Хятадын эрх баригчид тусгаарлалт болон хөл хорионы арга хэмжээг зөөлрүүлж, “Тэг ковид” бодлогоо мэдэгдэхүйц сулрууллаа.

Тодруулбал, хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй ковидын халдвартай иргэд гэртээ тусгаарлагдаж, биеийн байдлаа өөрсдөө мэдээлэх боломжтой болжээ. Өнөөг хүртэл шинж тэмдгийн хүнд, хөнгөнөөс үл хамааран ковидын халдвар авсан бүх иргэд, мөн ойрын хавьтал болсон бүх хүнийг засгийн газрын байгууламжид тусгаарладаг байсан.

Мөн эмнэлэг, сургуулиас бусад олон нийтийн газруудад нэвтрэхэд “PCR”-ын шинжилгээний хариу шаарддаг байсныг цуцалжээ.

Тус улсад халдварын хамгийн том давлагаа дэгдэж, өдөрт 30,000 гаруй халдвар бүртгэгдэж байгаа ийм үед хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулж байгаа нь Хятад улс дэлхийн бусад улс орнуудын адил ковидын эсрэг хатуу бодлогоосоо татгалзаж, “вирустэй зохицож амьдрах” бодлого руу шилжиж байгаагийн хамгийн хүчтэй дохио юм.

Түүнчлэн хөл хориог хороолол эсвэл хотын хэмжээнд тогтоохоос татгалзаж, барилга, байгууламж, давхар гэх мэтээр илүү нарийн тодорхойлсон газруудад тогтоохоор шийдвэрлэсэн байна.

Мөн халдварын өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон газруудад шинэ тохиолдол илрээгүй тохиолдолд тав хоногийн дотор хөл хорины дэглэмийг цуцлах, сургуулийн хотхонд өргөн хүрээтэй дэгдэлт гараагүй бол танхимын хичээлийг зогсоохгүй байхаар болжээ.

Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр шинэ удирдамжид галын гарц, хаалгыг хаахыг хатуу хориглосон бөгөөд хүмүүс тахал өвчний эсрэг арга хэмжээнд саад учруулахгүйгээр яаралтай эмнэлгийн тусламж авах, гарах боломжтой байх ёстой гэж заажээ.

Ахмад настнуудын дунд вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг эрүүл мэндийн салбарын эрх баригчид мөн онцлов.

Түүнчлэн тохиолдлын тоо асар ихээр нэмэгдэж, 1.4 тэрбум хүн амтай тус улсын эрүүл мэндийн тогтолцоог хүндрэлд оруулж болзошгүй тул хязгаарлалтын арга хэмжээг үе шаттайгаар хөнгөвчлөх ёстойг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet