ЭДИЙН ЗАСАГ

“Оюу толгой” ХХК-ийн шилдэг ханган нийлүүлэгчид тодорлоо

Гэрэл зургийг MPA.mn

“Уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээний хаалтын үдэш (2022.09.23)  “Оюу толгой” ХХК шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулдаг “Эрдэнийн Говь” (2011 оноос зохион байгуулж байгаа) ёслолын ажиллагааг “Шангри-Ла” зочид буудалд зохион байгууллаа.

Тодруулбал, “Оюу толгой” компани нь уурхайн үйл ажиллагааг аюулгүй, найдвартай, амжилттай үргэлжлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг ханган нийлүүлэгчдийнхээ амжилтыг жил бүр дүгнэж, алдаршуулдаг юм. Гэвч дэлхий дахиныг хамарсан КОВИД-ын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн гурван жил дээрх арга хэмжээ өнжжээ.

Өдгөө “Оюу толгой” компани дотоодын 800 гаруй компани, ханган нийлүүлэгчтэй хамтран  ажиллаж, аюулгүй найдвартай, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгосон бөгөөд 10 төгрөг тутмын 9 нь Монгол Улсад зарцуулагдаж байна.  

Арга хэмжээг нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, тус салбарынханд баяр хүргэв. Тэрбээр өнгөрсөн 100 жилийн хугацаанд Налайх, Шарын гол, Багануур, Адуунчулуун, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Эрдэнэт, Бор-Өндөр, Бороо, Оюу толгой зэрэг металлургийн бүтээн байгуулалтуудыг хийж Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй хөгжсөн гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, стратегийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, эдийн засаг, бусад салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж байгааг онцолсон юм. Тухайлбал, төмөр замын экспортын дөрвөн шинэ гарцтай болох том зорилт тавьснаас эхнийх нь ашиглалтад орсон. Монгол Улсын бүх боомтуудыг төмөр болон авто замаар холбох ажлыг эхлүүлсэн. Ингэснээр  экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэх боломж бүрдэж, уул уурхайн салбарын тээвэр логистик сайжирна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржилтийг сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн экспортлох зарчим баримтална гэлээ.

“Оюу толгой” компанийн ханган нийлүүлэлтийн бодлогын хүрээнд өдрөөс өдөрт өсөн дэвшиж яваа ханган нийлүүлэгчдийн хувьд “Эрдэнийн говь” хүсэн хүлээдэг, өндөр ач холбогдол өгдөг, нэр хүндтэй үйл ажиллагаа болж чадсан юм.

Энэ жил,

  1. Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгч,
  2. Өмнөговь аймгийн шилдэг ханган нийлүүлэгч,
  3. Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч,
  4. Дотоодод нэмүү өртөг бий болгосон шилдэг ханган нийлүүлэгч,
  5. Өөрчлөлт шинэчлэлийг түүчээлэгч шилдэг ханган нийлүүлэгч,
  6. Гүйцэтгэх захирлын нэрэмжит шилдэг ханган нийлүүлэгчид,
  7. Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн долоон төрлөөр шилдгүүдийг нэрлэв.

Ингээд,

  • Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгчээр Эм Си Эс Пропертиз болон “Ханбогд Вейст Менежемент центр компани,
  • Өмнөговь аймгийн шилдэг ханган нийлүүлэгчээр Ханбогд Хурд  компани,
  • Үндэсний шилдэг ханган нийлүүлэгчээр Хаанзаа Сервис компани,
  • Дотоодод нэмүү өртөг бий болгосон шилдэг ханган нийлүүлэгчээр Ханбогд Индастри  компани,
  • Өөрчлөлт шинэчлэлийг түүчээлэгч шилдэг ханган нийлүүлэгчээр Сэндвик Монголиа компани,
  • Гүйцэтгэх захирлын нэрэмжит шилдэг ханган нийлүүлэгчээр Тера Экспресс компани,
  • Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр МИАТ компани тус тус тодорлоо.

Арга хэмжээний үеэр зарим ханган нийлүүлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.

И.Бямбаа (“Ханбогд вейст менежмент” ХХК-ийн захирал)

-Юуны өмнө “Оюу толгой” гэх нэг гэр бүлийнхэндээ уул уурхайн салбарын 100 жилийн баярын мэнд хүргэе. Энд цуглаад үндэсний болон орон нутгийн шилдэг аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчдийг алдаршуулж, батламжилж байгаа нь бидний үйл ажиллагааг Монголдоо төдийгүй олон улсад сурталчилсан явдал боллоо.

Аюулгүй ажиллагааг нэг номерт тавьж ажилладаг дэлхийн хэмжээний “Оюу толгой” төслийн багийнхан бидний ажлыг найдвартай шүү гэж олон, олон аж ахуйн нэгж компанид баталж өглөө. Манай компанийн тухайд “Оюу толгой”-н уурхайн талбар дээр гарч байгаа бүх хог хаягдлын менежментийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тус компанийн талбайд ажиллахдаа осол авааргүй ажиллах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахин биелүүлж, хог хаягдлыг хэрхэн багасгах тухайд бид анхаардаг. Бидэнтэй долоон жилийн туршид хамтарч байгаад байртай байна. Манай компанийн тухайд 50 хүнийг байнгын ажлын байраар хангаж ажилладаг юм. “Эрдэнийн говь”-ийн эрдэнэ болсон үр ашигтай төслийн багийнхандаа амжилт хүсье.

Л.Дэлгэрдалай (“Эм Си Эс Пропертиз” ХХК-ийн констракшн менежер)

-Манай компани ЭМ СИ ЭС группийн охин компани. Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарлаа. Бид барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайх сүүлийн 16 жил Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож, мэргэжлийн үүргээ гүйцэтгэн, ажлын байрыг бий болгож, улс орондоо татвараа төлөөд, тогтмол ажлын байраа хадгалаад явж байгаа.

“Оюу толгой” компанитай 2016 оноос эхэлж хамтарч ажилласан. Энэ хугацаанд маш олон давуу талыг мэдэрсний нэг нь дэлхийн болон олон улсын жишиг уурхайн стандартаас монгол залуус суралцаж байгаа явдал. Манай компаниас гэхэд л давхардсан тоогоор “Оюу толгой” төсөл дээр 2,000-аад залуу ажиллаж, сурч боловсорсон байдаг. Бидний тухайд, 2016 оноос хойш гүний уурхайн барилга байгууламжуудыг голчлон барьсан бөгөөд гүний уурхай олборлолт хийхэд бэлэн болж байна. Бид ойролцоогоор уурхайн 70 орчим хувийг нь барьж, байгуулсан. Энэ төсөл дээр гэхэд л манай компаниас 1,400 орчим хүн ажиллаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙН СУРВАЛЖЛАГЫГ ЭНД-ЭЭС ҮЗНЭ ҮҮ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet