НЭГ. ХУУЛЬ ТОГТООХ БОЛОН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ӨРГӨН МЭДҮҮЛСЭН, БОЛОВСРУУЛЖ БУЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААР ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ.

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ төсөл
Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөл.
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл.
Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл
СУДАЛГАА ХИЙЖ БУЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэж, өөрчлөлт оруулах шаардлагатай хэсгүүдийг тодорхойлж хуулийг илүү үр нөлөөтэй болгох талаас нь судлан ажиллаж байна.
Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар мөн үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд сурагчдын хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь баяжуулсан хүнс байхаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл, Дархлаажуулалтын тухай хуулийн төсөлд харьцуулсан судалгаа хийж байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын дэргэд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хараат бус хяналт хэрэгжүүлэх Парламентын Омбудсманы институцийг байгуулах боломж, олон улсын эрх зүйн зохицуулалт, туршлагыг харьцуулан судалж байна. Энэ хүрээнд Омбудсманы эрх зүйн байдал, бүрэн эрх, хараат бус байдлын баталгаа, Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэгтэй уялдуулах болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг судалж байна.
ИРГЭД ОЛОН НИЙТТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, салбарын оролцогч талуудын санал, байр суурийг хууль тогтоох үйл ажиллагаанд тусгах зорилгоор дараах хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж ажиллав. Үүнд:
1. “Нийгмийн эрүүл-Бидний ирээдүй”,
2. “Хүн-төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”,
3. “Хүн төвтэй Уламжлалт анагаах ухаан”
сэдвүүдийн дор иргэд эмч, эмнэлгийн ажилчид, салбар зөвлөлийн нийт 1000 гаруй оролцогчдыг оролцуулан 3 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдээс амаар болон бичгээр хуулийн төсөлд санал авч, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.

4. Эмч, эмнэлгийн ажилчид, салбар зөвлөлийн гишүүд, оюутнууд, говийн бүсийн эмэгтэйчүүдийн 300 орчим төлөөлөлийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан.
5. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, шатлал хоорондын уялдаа, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж болон тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
6. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, өрх, сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, санхүүжилт, хүний нөөц, шатлал хоорондын уялдаа болон анхан шатны тусламж, үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцэв.
7. “Сүрьеэгүй Монгол эвсэл”-ийг тунхаглах Уур-амьсгал-Эрүүл мэнд олон нийтийн оролцоо хэлэлцүүлэгт оролцож илтгэл хэлэлцүүллээ.
8. “Бид Эмэгтэйчүүд” чуулга уулзалтад оролцож эрүүл мэндийн салбарын ажилчид болон орон нутгийн ИТХ-ын эмэгтэйчүүдтэй гишүүдтэй ЭМД-ын гүйцэтгэлийн санхүүжилт, эмч, эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал, цалин хөлс, алслагдсан сумдын хүний нөөцийн асуудал, эрүүл мэндийн салбарын боловсон хүчин бэлтгэж буй сургуулиудын чанар, үйл ажиллагааны талаар танилцуулга бэлтгэн хүргэж, санал солилцов .
9. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээлэх тогтолцоо, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.
10. Эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр ажилладаг байгууллага болон олон улсын донор байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдал, актуар тооцоолол, эрсдэлийн үнэлгээ, санхүүжилтийн урт хугацааны төлөвлөлт, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар санал солилцов.
11. “Хүн төвтэй, нэгдмэл, тасралтгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг зохион байгуулж, АНУ, БНСУ, Эстони, Казахстан, Финланд зэрэг улсын төлөөллийг оролцуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдмэл тогтолцоо, анхан болон лавлагаа шатлалын уялдаа, өвчтөний тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, олон улсын сайн туршлагыг Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд нэвтрүүлэх боломжийг хэлэлцэв.
12. Мөн иргэд, байгууллагаас ирүүлсэн 30 өргөдөл, гомдлыг судлан хариу өгөх, эсхүл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж энэ тухайгаа хариу мэдэгдэж ажилласан.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ШИНЭЧЛЭХ БОДЛОГЫН САНАЛ, ДҮГНЭЛТ БОЛОВСРУУЛАВ
Эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчин, тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, нийтийн эрүүл мэнд, эмийн зохицуулалт, хоол тэжээл зэрэг асуудлыг харилцан уялдаатай, тогтолцооны түвшинд авч үзэн ажиллав. Ялангуяа эрүүл мэндийн тогтолцооны 6 тулгуур блок, эрүүл мэндийн тусламжийн гүйцэтгэлийн хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, стратегийн худалдан авалт, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хэрэгжилт, үр дагавар, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, анхан шатны тусламжийн чадавх, шатлал хоорондын уялдаа холбоонд тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулав.
Энэ хүрээнд үндэсний болон олон улсын судалгаа, статистик мэдээлэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээ, салбарын мэргэжилтнүүд болон иргэдийн саналд тулгуурлан тулгамдсан асуудал, тэдгээрийн суурь шалтгаан, шийдвэрлэх бодлогын чиглэлүүдийг тодорхойлов.Улмаар боловсруулсан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн шинэчлэл, улсын төсөв, хөгжлийн бодлого, парламентын хяналтын үйл ажиллагаанд тусгах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн төвтэй, нэгдмэл, хүртээмжтэй, үр ашигтай болгоход чиглэсэн тодорхой ажлуудыг хэрэгжүүлэв.
“Хүн төвтэй, нэгдмэл, тасралтгүй” загварыг нэвтрүүлж байна
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байгууллага, шатлал тус бүрээр салангид бус, хүний хэрэгцээнд тулгуурласан, анхан шатнаас лавлагаа шатлал хүртэл нэгдмэл, тасралтгүй хүргэх чиглэлээр салбарын удирдлага, эмч, мэргэжилтнүүдтэй хамтран сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.
2026 оны 04 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд болсон Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнуудын улсын VII зөвлөгөөнд 21 аймаг, хүн ам төвлөрсөн 6 сум, нийслэлийн 8 дүүргийн 151 хороонд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг ӨЭМТ-ийн удирдлагууд оролцож, хүн төвтэй тусламж, анхан шатны тусламжийн чанар, хүртээмж, нэгдмэл байдал, халдварт бус болон архаг өвчний хяналтыг сайжруулах асуудлыг хэлэлцэв.Мөн дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнуудын сургалтын хүрээнд “Хүн төвтэй, нэгдмэл тусламж үйлчилгээг хүргэх нь” хэлэлцүүлгийг зохион байгуулж, эмч, эмнэлгийн ажилтнууд багаар ажиллан тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, шатлал хоорондын уялдааг сайжруулах асуудлыг тодорхойлж, бодлогын түвшний санал, шийдэл боловсруулав.
Ингэснээр “ХҮН ТӨВТЭЙ, НЭГДМЭЛ, ТАСРАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” гэсэн шинэчлэлийн үзэл баримтлалыг анхан болон лавлагаа шатны удирдлага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэж, санал, шийдлийг бодлогын ажилтай уялдуулав.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЦАЛИНГИЙН АСУУДЛЫГ ТУУШТАЙ ХӨНДӨВ
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, эмнэлгийн санхүүжилт, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтны цалин, ажлын ачаалал, нийгмийн баталгаа, хүний нөөцийн тогтвортой байдлын асуудлыг төсөв, бодлогын хэлэлцүүлгийн түвшинд тогтмол хөндөж ажиллав. Салбарын мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалт, судалгаанд үндэслэн хүний нөөц, цалин урамшууллын тогтолцоотой холбоотой асуудлаар төсвийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй саналууд гаргав.
2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2026 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 2 хувиар бууруулж, 770 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэх замаар эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтны цалинг 50 хувиар нэмэгдүүлэх зарчмын санал гаргалаа. Уг санал ХХНББХ, Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн. Улмаар тууштай үргэлжлүүлэн хөндөж, анх дэвшүүлсэн 50 хувийн нэмэгдлийн зорилтыг хамгаалан ажиллав. Улмаар эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтны цалин үе шаттай нэмэгдэж, 2026 оны төсвийн тодотголоор анх дэвшүүлсэн 50 хувийн түвшинд хүрсэн үр дүнтэйгээр ажиллалаа. Үүний зэрэгцээ цаашид зөвхөн цалингийн хэмжээг нэмэгдүүлэхээр хязгаарлахгүй, мэргэжлийн ур чадвар, бүтээмж, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл, эрсдэл, хариуцлагатай уялдсан цалин, урамшууллын тогтолцоонд шилжүүлэх шаардлагыг дэвшүүлж ажиллав.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ САНААЧИЛГА ГАРГАВ
Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн стратегийн худалдан авалт, нэг худалдан авагчийн тогтолцоо, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт нь эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, санхүүгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлснийг бодит үр дүнгээр нь үнэлж, тулгамдсан асуудлын шалтгаан, үр дагаврыг тогтоох асуудлыг парламентын хяналтын түвшинд хөндөв.
Энэ хүрээнд УИХ-ын нэр бүхий 36 гишүүнтэй хамтран 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эрүүл мэндийн салбар дахь стратегийн худалдан авалт, нэг худалдан авагчийн тогтолцоо, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хэрэгжилт, үр дагаврыг хянан шалгах Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Уг төсөл 2026 оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан.
Энэхүү санаачилгын гол агуулга нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зөвхөн “хэдий хэмжээний төсөв зарцуулсан” гэдгээр бус, санхүүжилтийн тогтолцоо нь иргэдэд хүрэх тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, эмнэлгийн санхүүгийн тогтвортой байдал, зарцуулалтын үр ашиг, хариуцлагад ямар бодит үр дүн бий болгосноор нь үнэлэх парламентын хяналтын механизмыг ашиглахад чиглэв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫГ ЗОХИОНН БАЙГУУЛАВ
Hospital Performance Assessment буюу эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үнэлгээний хүрээнд тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, өвчтөний замнал, тусламж үйлчилгээний урсгал, бодит нөхцөл байдлыг газар дээр нь судалж, үнэлгээ хийв.
Энэ хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, гүйцэтгэлийн оноо, тулгамдаж буй асуудал, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлон ажиллав.
АХМАД НАСТНЫ ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХӨНДӨЖ АЖИЛЛАВ
Ахмад настны тэтгэврийн хэмжээ, худалдан авах чадвар, тэтгэвэр тогтоох итгэлцүүр болон тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг Өргөдлийн байнгын хороо болон төсвийн хэлэлцүүлгийн үеэр хөндөж анхаарлын төвд авчирж ажилласан. Ахмадын тэтгэврийг зөвхөн инфляцтай уялдуулан механикаар нэмэгдүүлэх бус, амьжиргааны бодит өртөг, өргөн хэрэглээний бараа, хүнсний үнийн өсөлттэй уялдуулан бодит орлогыг хамгаалах шаардлагатай гэсэн асуудлыг тавьж, тэтгэврийн нэмэгдлийг төсөвт бодитоор тусгах чиглэлээр ажиллав. 2026 оны төсвийн төсөлд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан асуудлыг Өргөдлийн байнгын хорооны Ажлын хэсэг хэлэлцэж, инфляцтай уялдуулан нэмэгдлийг өсгөх санал гаргаж байв.
Мөн тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүр хэрэглэснээр зарим ахмадын тэтгэвэр буурсан талаарх өргөдөл, гомдлыг судлах, тэтгэврийн зээлийн хүртээмж, нөхцөлийг сайжруулах асуудлыг Байнгын хорооны түвшинд хэлэлцэж, холбогдох байгууллагуудаас тооцоо, мэдээлэл шаардан ажилласаны үр дүнд 2026 оны төсөв, 2026 оны төсвийн тодотголоор ахмадуудын тэтгэвэр нэмэгдэв.
МОНГОЛ УЛСЫГ 2026–2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГОД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮР ДҮНГ ХЭМЖИХ ШАЛГУУР, ЗОРИЛТОТ ТҮВШНИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОВ
“Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт ажиллаж, эрүүл мэндийн салбарын зорилго, үр дүнг хэмжиж, хэрэгжилтийг нь хянаж болохуйц шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинтэй болгоход төвлөрөн ажиллав.
Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт тусгасан зорилго, арга хэмжээ бүрийг нягталж, үр дүнгийн үзүүлэлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, суурь түвшин, 2026–2030 онд жил бүр хүрэх зорилтот түвшин хоорондын уялдааг нарийвчлан боловсруулав. Зөвхөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг тоочих бус, тухайн бодлогын үр дүнд иргэдийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээний хүртээмж, урьдчилан сэргийлэлт, хүний нөөц болон тогтолцооны түвшинд ямар өөрчлөлт гарахыг хэмжих боломжтой байх зарчмыг баримтлан үзүүлэлтүүдийг сайжруулж ажиллав.
Үүний үр дүнд таван жилийн үндсэн чиглэлийн эрүүл мэндийн салбарын хэсэгт 15 үр дүнгийн үзүүлэлт, тэдгээрийг хэмжих 42 хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт болон хүрэх зорилтот түвшнийг боловсруулан тусгуулж, Улсын Их Хурлаар батлуулав.
Ингэснээр 2026–2030 оны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зөвхөн төсөл хөтөлбөр, барилга байшингийн жагсаалт бус, “ямар үр дүнд хүрсэн бэ” гэдгээр хэмжих, жил бүрийн ахиц өөрчлөлтийг хянах, хэрэгжилт хангалтгүй тохиолдолд бодлогын хариуцлага нэхэхэд ашиглах хэмжигдэхүйц суурь тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн ажил болсон.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
БАЙНГЫН ХОРОО
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа эхэлсэн цагаас Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, 2025 оны намрын ээлжит чуулганаас Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр, 2024 оны хаврын ээлжит чуулганаас 2025 оны хаврын ээлжит чуулган хүртэл Ёс зүй, дэгийн байнгын хорооны, тус тус ажиллаж байна.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, хүний хөгжлийн асуудалд түлхүү анхаарч, салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, төсөв, санхүүжилт, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллав.
Тухайлбал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоо, хүний нөөц, нийгмийн эрүүл мэнд, эрүүл хооллолт, шим тэжээл зэрэг асуудлыг Байнгын хорооны хэлэлцүүлэг, хяналтын үйл ажиллагааны хүрээнд тогтмол хөндөж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл, тайлбар авч, бодлогын санал дэвшүүлэн ажилласан.
Өргөдлийн байнгын хорооны хүрээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтэд тусгагдсан асуудлыг бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдуулан авч үзэх, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлд анхаарч ажиллав.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээр ажиллах хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудлыг хэлэлцэх, холбогдох шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцов.
Тус Байнгын хороо тайлант хугацаанд нийт 11 асуудал хэлэлцэж, 9 тогтоолын төсөл болон холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг шийдвэрлэсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх чиглэлээр 2 ажлын хэсэг байгуулж, нийт 4 удаа хуралдсан байна.
Байнгын хорооны хуралдаанаар эрүүл мэндийн бодлогын хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэв.
Нийгмийн эрүүл мэндийн бодлого, төсөв.
“Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт ба төсөв” хэлэлцүүлэгт оролцож, хуулийн хэрэгжилтийг төсөв, санхүүжилтийн бодлоготой уялдуулах, нийгмийн эрүүл мэндийн төлөвлөлт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаг сайжруулах асуудлыг тууштай хөндөж ажиллав.

Эрүүл хооллолт, хүүхдийн эрүүл мэнд, шим тэжээл. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Монгол Улсад эрүүл хооллолтын бодлогыг бэхжүүлэх нь” хэлэлцүүлгийг удирдан явуулж, эрүүл хооллолтыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогын нэг хэсэг болгон авч үзэх асуудлыг хэлэлцүүлэв. Түүнчлэн, Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд “Эрүүл мэнд, шим тэжээл хүүхдийн боловсролд” сэдвээр танилцуулга бэлтгэн хүргэж, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, боловсролын бодлогын уялдааг хөндөв.
Эрүүл мэндийн даатгал, хүний нөөцийн зохицуулалт. Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлага, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, эмнэлгийн байгууллагын хүний нөөц, удирдлага, сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Байнгын хорооны түвшинд хөндөж, холбогдох дүрэм, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж, тус асуудлаар Эрүүл мэндийн сайд асуулга тавьж ажиллав.
Дунд хугацааны хөгжлийн бодлогод эрүүл мэндийн төсөл арга хэмжээг тусгуулах санал. Монгол Улсын 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх үеэр бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр 3 төсөл, арга хэмжээг төлөвлөгөөнд тусгуулах санал гаргав. Санал Эдийн засгийн байнгын хорооны шатанд дэмжигдсэн боловч чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдээгүй. Ингэснээр эрүүл мэндийн асуудлыг зөвхөн салбарын төсөв бус, улсын хөгжлийн жилийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан хэлэлцүүлэх шаардлага үүсээд буйг онцлон харуулав.
Хуралдааны оролцоо
Тайлант хугацаанд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд дараах байдлаар оролцов: Хуралдаанд оролцоогүй үеүүдэд гадаад болон дотоод томилолтын чөлөөтэй байсан болно.
• 2026 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан: 35 хуралдаанаас 32-т оролцож, 12 удаа асуулт асууж, 5 удаа үг хэлэв.
• 2026 оны хаврын чуулганы Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: 15 хуралдаанаас 12-т оролцож, 5 удаа асуулт асууж, 2 удаа үг хэлэв.
• 2026 оны хаврын чуулганы Өргөдлийн байнгын хороо: 9 хуралдаанаас 6-д оролцож, 3 удаа асуулт асууж, 4 удаа үг хэлэв.
• 2025 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаан: 33 хуралдаанаас 28-д оролцов
• 2025 оны намрын чуулганы Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: 10 хуралдаанаас 9-д оролцож, 5 удаа асуулт асууж, 1 удаа үг хэлэв.
• 2025 оны намрын чуулганы Өргөдлийн байнгын хороо: 10 хуралдаанаас 10-т оролцож, 5 удаа асуулт асууж, 7 удаа үг хэлэв.
• 2024 оны намрын чуулганы Ёс зүй дэгийн байнгын хороо 11 удаа хуралдсанаас 11-т оролцож удаа асуулт асууж, 2 удаа үг хэлэв.
• 2024 оны намрын чуулганы Нийгмийн бодлогын байнгын хороо 7 хуралдсанаас 7-д оролцож 6 удаа асуулт асууж,3 удаа үг хэлэв.
• 2024 оны намрын ээлжит чуулган: 33 хуралдаанаас 29-д оролцож, 11 удаа асуулт асууж, 2 удаа үг хэлэв.
ГУРАВ. АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Эрүүл мэнд, нийгэм хамгаалал, гэр бүл, боловсрол, шинжлэх ухаан, төсөв, УИХ-ын үйл ажиллагаа зэрэг чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгүүдэд ахлагч болон гишүүнээр ажиллаж, тухайн салбарын асуудлыг судлах, хуулийн хэрэгжилтийг үнэлэх, санал, дүгнэлт боловсруулах, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажилд оролцож ажиллав.
Ахалсан болон ахалж буй ажлын хэсэг
I. УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар захирамжаар байгуулагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж санал дүгнэлтээ байнгын хороонд танилцуулав.
98 дугаар захирамжийн ажлын хэсгийн цогц ажил, үр дүн
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог бодит нөхцөл байдал, иргэд болон эмч, ажилтны санал, хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, олон улсын туршлагад тулгуурлан судалсан нь тайлант хугацааны томоохон ажлын нэг байв.
Ажлын хэсгийн удирдамжийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, нэгдмэл ба тасралтгүй байдал, төрийн эмнэлгийн хагас бие даасан байдал, засаглал, санхүүжилт, чанар, үр дүнгийн үнэлгээ, эрүүл мэндийн цахим мэдээллийн нэгдсэн сан, хүртээмж, хүний нөөц, ажлын ачаалал, бүтээмж, гүйцэтгэлтэй уялдсан цалин, урамшуулал гэсэн үндсэн асуудлуудыг хамруулан боловсруулсан.
Мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх 22 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
Улсын төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төв, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг зэрэг анхан болон лавлагаа шатлалын 20 гаруй эрүүл мэндийн байгууллагад ажилласан.
Эрүүл мэндийн байгууллагын 273 эмч, мэргэжилтэн, бусад ажилтнаас ажлын хэсгийн удирдамжийн асуудлаар асуумж авсан.
Эрүүл мэндийн байгууллагуудаас нийт 67 төрлийн тулгамдаж буй асуудлыг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлсэн. Уг асуудлуудыг агуулгаар нь бүлэглэж дараах байдлаар нэгтгэхэд эрүүл мэндийн бодлого, зохицуулалттай холбоотой хамгийн их буюу 21, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлын эрх зүйн зохицуулалттай холбоотой 11 асуудал дэвшүүлсэн бол тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар тулгамдаж буй асуудал ирүүлээгүй.

Улаанбаатар хотын Хархорин, Sunday, Баялаг Ундраа, Дэнжийн мянга ,Шөнийн зах болон Нарантуул олон улсын худалдааны төвүүдэд ажиллаж, нийт 1123 хүнийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх асуумжид хамруулсан.
Асуумжид оролцсон нийт хүмүүсийн 71.7 % нь сүүлийн 3-6 сарын хугацаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан хүмүүс байсан.

Ажлын хэсэг 8 удаа хуралдаж, 4 удаагийн өргөтгөсөн хэлэлцүүлгээр төр, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөллийн санал, мэдээллийг сонссон.
УИХ-ын даргын 113 дугаар захирамжаар байгуулагдсан эрүүл мэндийн даатгалын тогтолцооны ажлын хэсэг болон хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын ажлын хэсэгтэй ажлын хамрах хүрээг уялдуулан ажилласан.

98 дугаар ажлын хэсгийн хүрээнд олон улсын экспертүүдийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав
2025 оны 06 дугаар сарын 17–18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо УИХ, Засгийн газрын холбогдох байгууллага, эрүүл мэндийн салбарын төлөөлөл бүхий 50 орчим оролцогчийг хамруулсан хоёр өдрийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Эстони, Казахстан болон ДЭМБ-ын экспертүүд биечлэн оролцож, БНСУ, АНУ-ын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг хэлэлцүүлэгт тусгав.
Хэлэлцүүлгээр Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний уялдаа, орон нутгийн эрүүл мэндийн тусламж, санхүүжилтийн тогтолцоо, олон улсын туршлага, цаашдын эрх зүйн шинэчлэлийн үзэл баримтлал зэрэг асуудлыг цогцоор хэлэлцэв. Оролцогчид бүлгээр ажиллан тулгамдсан асуудал, боломжит шийдэл, олон улсын туршлагыг харьцуулж, хуулийн болон тогтолцооны шинэчлэлд тусгах санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулав.
Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, санал сонсов.
Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд анхан болон лавлагаа шатлалын, төрөлжсөн мэргэшлийн, төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, үйлчлүүлэгчидтэй уулзан тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, санхүүжилт, хүний нөөц, байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар санал, мэдээлэл цуглуулав.
Тухайлбал:
• Төрөлжсөн мэргэшлийн болон төв эмнэлгүүд: Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг;
• Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд: Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэг; Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв;
• Өрхийн эрүүл мэндийн төвүүд: Баянгол дүүргийн “Сайн чагнуур”, “Мөнгөлөн-Гоо”, Сонгинохайрхан дүүргийн “Ариун-Энэрэл”, Сүхбаатар дүүргийн “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвүүд;
• Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний байгууллагууд: Нийслэлийн “Амгалан” амаржих газар, “Хүрээ” амаржих газар;
• Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь, Дорноговь аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүд;
• Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага: Интермед эмнэлэг, UC эмнэлэг
Эдгээр уулзалт, газар дээрх судалгаагаар эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны онцлог, тусламж, үйлчилгээний шатлал хоорондын уялдаа, өвчтөний замнал, санхүүжилт, хүний нөөц болон байгууллагын түвшинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашдын бодлогын шийдэл, хууль тогтоомжийн шинэчлэлд тусгах шаардлагатай санал, мэдээллийг нэгтгэн ажиллав.
Цуглуулсан мэдээлэл, судалгаа, салбарын оролцогчдын саналыг Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган ажилласан.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Монголын тусламж үйлчилгээг эмнэлэг төвтэй зохион байгуулалтаас хүн төвтэй, нэгдмэл, тасралтгүй тусламжийн тогтолцоо руу шилжүүлэх, анхан шатны тусламжийг бэхжүүлэх, орон нутгийн хүний нөөцөд тусгай хөшүүрэг бий болгох, чанарын хөндлөнгийн үнэлгээ болон магадлан итгэмжлэлийг сайжруулах, санхүүжилтийг тооноос чанар-үр дүн рүү чиглүүлэх, мэргэжлийн зөвшөөрөл–ёс зүй–хариуцлагын холбоог тодорхой болгох, өгөгдөлд суурилсан гүйцэтгэлийн хяналт бий болгох шаардлагатай гэж үзсэн. Эрүүл мэндийн хүний нөөцийн судалгаанд 273 оролцогчоос мэргэжлийн хариуцлагын тогтолцоо бүрдээгүй гэдэгтэй 49.6 хувь санал нийлж, 35.2 хувь “маш их санал нийлнэ” гэж хариулсан нь мэргэжлийн хариуцлагын асуудлыг зөвхөн сахилгын шийтгэл бус тусгай зөвшөөрөл, тасралтгүй сургалт, ёс зүй, өвчтөний аюулгүй байдал, мэргэжлийн алдааны бүртгэлтэй холбох шаардлагыг харуулсан. Стандартын эрх зүйн орчны шинэчлэл мөн энэ системийн ажлын нэг хэсэг болсон. 98 дугаар ажлын хэсгийн материалд эрүүл мэндийн салбарт 768 стандарт хэрэгжиж байснаас өмнөх үнэлгээгээр 18 хувийг хэвээр үлдээх, 28 хувийг шинэчлэх, 11 хувийг шууд хүчингүй болгох, 43 хувийг орлох баримт бичиг гарсны дараа хүчингүй болгох боломжтой гэж ангилсныг ашигласан. Энэ нь стандартын тоо олон байх нь чанарын баталгаа биш, стандарт шинэчлэгдэх, нотолгоонд суурилах, хэрэгжилт нь хэмжигдэх ёстойг харуулсан.
Судалгаа, үнэлгээний үр дүнг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгав
2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт иж бүрэн үнэлгээ хийж, хууль анх тавьсан зорилгодоо хүрсэн эсэх, зохицуулалт нь практикт хэрхэн хэрэгжиж байгаа болон бусад хууль тогтоомжтой уялдаж буй эсэхийг судлав. Хууль тогтоомжийн тухай хуульд хэрэгжилтийн үр дагаврыг таван жил тутам үнэлэхээр заасан боловч тус хуулийн хувьд ийм үнэлгээ цөөн хийгдсэн бөгөөд практикт тулгамдсан асуудал хуримтлагдсан байсан нь судалгааны үр дүнд тодорхой болов.
Үнэлгээгээр анхан шатны тусламж үйлчилгээний зохион байгуулалт, иргэний эмнэлгээ сонгох эрх, шатлал хоорондын илгээх тогтолцоо, төрийн эмнэлгийн засаглал ба удирдлага, ӨЭМТ-ийн сонгон шалгаруулалт, тусгай зөвшөөрөл, санхүүжилт, магадлан итгэмжлэл зэрэг гол зохицуулалтын хэрэгжилт болон тэдгээрийн хоорондын уялдааг дахин боловсронгуй болгох шаардлагатай зэрэг асуудлуудыг тодорхойлов.
Ийнхүү хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн газар дээрх судалгаа, иргэд болон салбарын ажилтнуудын санал, мэргэжлийн байгууллагын байр суурь, олон улсын туршлага, экспертүүдийн зөвлөмжийг нэгтгэн нэмэлт өөрчлөлтөөр бус, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинэчилсэн найруулгаар боловсруулах шаардлагыг тодорхойлж, хуулийн төслийг боловсруулав. Найруулгын хүрээнд хүн төвтэй, нэгдмэл, тасралтгүй тусламж үйлчилгээ, анхан шатны тусламжийн чадавх, шатлал хоорондын уялдаа, эмнэлгийн засаглал, өвчтөний эрх,үүрэг, чанар, аюулгүй байдал, мэдээллийн нэгдмэл байдлыг шинэчлэлийн үндсэн чиглэл болгов.

I. ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ, ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ 523 ДУГААР АЖЛЫН ХЭСГИЙГ АХЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар захирамжийн 10 дугаар хавсралтаар байгуулагдсан “Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.
Тус ажлын хэсэг нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг тогтолцооны түвшинд цогцоор нь авч үзэж, хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалах санхүүгийн эрсдэлийг бууруулах, тусламж, үйлчилгээний шатлал хоорондын уялдаа, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын засаглал, санхүүжилт, тусгай зөвшөөрөл, хяналт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, цахим шилжилт зэрэг асуудлыг судалж, бодлогын санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэгтэй.
Тайлант хугацаанд ажлын хэсгийг 4 удаа хуралдуулж, үйл ажиллагааны удирдамж, хөтөлбөрийг батлан, судалгаа, хэлэлцүүлэг, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үндсэн чиглэлийг тодорхойлов. Энэ хүрээнд салбарын бодлого, эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтолцоо, тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, хүний нөөцийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн оролцоог хангах чиглэлээр ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын эрх зүйн цогц шинэчлэлийн хүрээнд хуулийн төслүүдийн танилцуулгыг сонсож, санал солилцов.
2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд боловсруулж буй дөрвөн хуулийн төслийн танилцуулгыг сонсож, хууль санаачлагчид болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцов.
Тухайлбал, Улсын Их Хурлаар хэлэлцэхийг үзэл баримтлалын хүрээнд дэмжсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, боловсруулж буй Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн танилцуулгыг хэлэлцэв.
Хурлаар эрүүл мэндийн тогтолцооны засаглал, санхүүжилт, тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, хүний нөөц, цахим шилжилтийн эрх зүйн зохицуулалтыг харилцан уялдаатай шинэчлэх асуудлыг авч үзэж, хууль санаачлагч талуудын байр суурь, саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгах чиглэлээр ажиллав.
Гишүүнээр ажилласан бусад ажлын хэсэг
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх дэгийн асуудлаар санал боловсруулах ажлын үүрэг бүхий;
Улсын Их Хурлын даргын 263 дугаар захирамжаар байгуулагдсан дунд хугацаабы төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсвийн төслийг боловсруулах болон төсвийн гүйцэтгэлийг Улсын Их хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий;
Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Ниигмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2025 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо,чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах үүрэх бүхий;
Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий;
Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий; Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг;
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг;
Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
“Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг;
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг;
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, хүчирхийллийн “байнгын” гэх шинжийг төслөөс хасуулах санал гаргав; Монгол Улсын Их Хурлын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг;
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх, зөв дадал төлөвшүүлэх чиглэлийн ажлын хэсэг;
УИХ-ын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг. Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны хэлэлцүүлгийг хариуцан зохион байгуулсан;
Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг;
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг
ДӨРӨВ. ТОМИЛОЛТ, ГАДААД ХАРИЛЦАА
Дотоод томилолт, орон нутагт ажилласан байдал
Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймаг: Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг болон Өмнөговь, Дорноговь аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмнэлгийн хүний нөөц, тоног төхөөрөмж, санхүүжилт, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй санал солилцов. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын бодит нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг оршин суугаа газарт нь чанартай, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн бодлогын шийдэл боловсруулахад анхаарч ажиллав.
“Говийн бүсийн хөгжил” зөвлөлийн анхдугаар хуралдаанд зочин илтгэгчээр оролцож “Амьдралын чанар, тулгамдсан асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үнэлгээний хүрээнд тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, өвчтөний замнал, тусламж үйлчилгээний урсгал, бодит нөхцөл байдлыг газар дээр нь судалж, үнэлгээ хийв. Мөн дотоод сүлжээндээ Medsoft програмыг хэрхэн нэвтрүүлж амжилттай ашиглаж буй нөхцөлтэй танилцав.
Дундговь аймгийн 8 сумын 1000 гаруй иргэдэд Цэргийн төв эмнэлгийн эмч нарын хамт Элэгний В,С вирусийн шинжилгээ, чихрийн шижингийн эрт илрүүлэг, дотор, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд, уушигны рентген оношилгоо, лабораторын шинжилгээ зэрэг 8 төрлийн тусламж үйлчилгээг хүргэв.

ГАДААД ТОМИЛОЛТ, ГАДААД ХАРИЛЦАА
ПАРЛАМЕНТЫН БҮЛГЭМ
Монгол–Америкийн парламентын бүлгийн дарга;
Монгол–Нидерландын парламентын бүлгийн дэд дарга;
Монгол–Польш парламентын бүлгийн гишүүн;
Монгол–Хятад парламентын бүлгийн гишүүн;
Монгол–Япон парламентын бүлгийн гишүүн;
Монгол–Финланд парламентын бүлгийн гишүүн.
АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы хүрээнд зохион байгуулагдсан өндөр түвшний уулзалт, арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд орж ажиллав. Ажлын айлчлалын үеэр Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын гишүүн Jonathan L.Jackson-той АНУ-д ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн визний асуудлын талаар уулзаж ярилцав.

ХБНГУ: УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны урилгаар Берлин хотод ажлын айлчлал
БНСУ: Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хүрээнд эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн тогтолцоо, үйл ажиллагааны чиглэлээр туршлага судалсан.
БНСУ: Global TB Caucus-ийн санхүүжилтээр “Азийн орнуудад сүрьеэг устгах гарц, шийдлийг эрэлхийлэх” 8 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд урилгаар оролцoв.
БНПУ: Монгол–Польшийн парламентын бүлгийн төлөөлөгчдийн айлчлалд оролцож, уламжлалт анагаах ухааны эмч нартай уулзсан; “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал” сэдвээр илтгэл тавьж, Шлонскийн Анагаах ухааны их сургуулийн оюутнуудад Д аминдэмийн нэмэлт хэрэглээний талаар лекц уншсан.

• Япон Улс: парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын чиглэлээр туршлага солилцох уулзалтад оролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах айлчлал.
Камбож Улс, Пномпень: Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази–Номхон далайн бүсийн парламентчдын 9 дэх удаагийн чуулга уулзалт (APPFGH)-д оролцсон.
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал
ГАДААД ХАРИЛЦАА, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Д.Ганмаа гишүүн парламентын бүлэг, эрүүл мэндийн салбарын олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, их сургууль, хөгжлийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг хийж, эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, дижитал эрүүл мэнд, сүрьеэ, хоол тэжээл, хөрс ус, цөлжилт зэрэг чиглэлээр хамтран ажилладаг.
Монгол–Америкийн парламентын бүлгийн даргын хувиар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны байнгын хорооны Зүүн Ази, Номхон далайн дэд хорооны ажлын албаны дарга Томас Хилл бараалхав.

Монгол–Америкийн парламентын бүлгийн даргын хувьд ИНЕГ-ын удирдлага болон АНУ-ын The Wicks Group-ийн төлөөлөлтэй уулзаж, хоёр улсын хооронд шууд нислэг нээх бэлтгэл ажил, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Монгол–АНУ-ын шууд нислэгийг бодит ажил болгохын тулд Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчлэлийг дэмжинэ.

Монголын Мянганы сорилтын II компакт хөтөлбөр, ус хангамж, иргэдийн эрүүл мэнд, ариун цэврийн нөхцөлтэй холбоотой асуудлыг Монгол–Америкийн хамтын ажиллагааны хүрээнд хөндсөн.
ДЭМБ-ын Баруун Номхон далайн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хэлтсийн удирдлагатай эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаар уулзсан.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй хөдөө аж ахуй, хоол хүнс, шим тэжээлийн чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон.
БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэг болон холбогдох байгууллагуудтай сүрьеэг устгах олон улсын эрдэм шинжилгээний хурал, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй, нийгмийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны форумыг Монгол Улсад зохион байгуулах талаар санал солилцсон.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо, анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэлт, өгөгдөлд суурилсан бодлого, Монголын онцлогт нийцсэн эрүүл мэндийн загварын чиглэлээр хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн.
KOICA-ийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагаа, дэмжлэгийн талаар; Сөүлийн Үндэсний их сургуулийн төлөөлөлтэй health informatics/digital health чиглэлийн сургалт, хамтарсан судалгаа, боломжит санхүүжилтийн талаар уулзсан.

АНУ-ын Элчин сайдын яамны эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтантай Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааны талаар уулзсан.
“Европын Холбоо–Монгол Улсын Бизнес ба Хөрөнгө оруулалтын форум”-ын эрүүл мэндийн салбарын хэлэлцүүлэгт панелистаар оролцсон.
AmCham-ийн “Food Supplement vs. Drugs in Mongolia” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалтад оролцож, нээлтийн үг хэлсэн.
Эмнэлгийн менежментийн олон улсын IV хуралд оролцож, нээлтийн үг хэлсэн.
2025 оны 6 дугаар сарын 17–18-ны олон улсын экспертүүдийн уулзалтыг ажлын хэсгийн хүрээнд зохион байгуулж, Эстони, Казахстан, ДЭМБ, БНСУ, АНУ-ын эксперт, мэргэжилтнүүдийн туршлага, санал зөвлөмжийг Монгол Улсын хуулийн шинэчлэлийн хэлэлцүүлэгтэй уялдуулсан.

ТАВ. ТАЙЛАНТ ХУГАЦААНД ХИЙГДСЭН БУСАД ОНЦЛОХ АЖЛУУД
Тайлант хугацаанд Д аминдэм ба амьсгалын замын хурц халдвар, сүрьеэ, хүүхдийн анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD), хоол тэжээл ба гэдэсний бичил биетэн, Д аминдэмийн нэмэлт хэрэглээ, эмэгтэйчүүдийн эстроген дааврын солилцоо, ясны хугаралын эрсдэл зэрэг чиглэлээр олон улсын сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний нийт 12 өгүүлэл хамтран болон ахлан хэвлүүлсэн.
Улсын Их Хурлын гишүүний хувьд хуулийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах, ажлын хэсгүүдэд оролцохдоо шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурлан ажиллахыг чухалчилж байна. Судалгааны ажлаа хууль тогтоох үйл ажиллагаатай уялдуулснаар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг бодит мэдээлэлд үндэслэн тодорхойлох, бодлогын шийдвэрийн чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,