Хил хязгаар улс орны газар нутгийг зааглаж болох ч хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндлэл, нөхөрлөлийг зааглаж чаддаггүй.Монгол, Герман хэмээх хоёр улс газар зүйн хувьд алс хол оршдог ч ард түмний чин сэтгэлийн нөхөрлөл, харилцан ойлголцлоороо улам ойртон дотносож, цаг хугацааны уртад эрхэм нандин харилцаагаа үеийн үед бэхжүүлэн хөгжүүлсээр ирсэн билээ.Европын зүрхэнд орших Герман, Төв Азийн уудам талд орших Монгол. Биднийг зургаан мянга гаруй километрийн зай тусгаарладаг ч нэгэн зууны тэртээгээс эхтэй оюун санааны гүүр холбодог.
Энэхүү гүүр өнөөдөр стратегийн түншлэлийн бат бөх суурь болон өргөжжээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын утга учрыг чухам энэ өнцгөөс харах нь зүйтэй болов уу. Учир нь энэ айлчлал нь өнгөрсөн зууны түүхийг өнөө цагтай холбож, ирэх зууны хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой юм.
Нэгэн зууны тэртээ...
1926 он. Монголын шинэ үеийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын түүхэнд шинэ хуудас нээгдсэн цаг. Эх орныхоо ирээдүйг эрдэм мэдлэгээр гэрэлтүүлэх хүсэл өвөрлөсөн монгол залуус алсын Германыг зорьж, дэлхийн дэвшилтэт мэдлэг, шинэ үзэл санаатай танилцах түүхэн замналын эхлэлийг тавьжээ. Тэдний дунд хожмын их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй, шинэ Монголын оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан залуус байлаа.Тэр үеийн залуусын эхлүүлсэн мэдлэг боловсролын замнал өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Нэгэн цагт холын орны хэл, соёлыг сурахаар мордож байсан монголчуудын мөрөөр өнөөдөр олон мянган хүн Германд суралцаж, мэргэжил дээшлүүлж, ажиллаж амьдарч байна. ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны 2026 оны мэдээлэлд герман хэлээр ярьдаг монголчуудын тоог 30 мянга орчим хэмээн дурдсан нь хоёр орны хооронд үеэс үед бэхэжсэн боловсрол, соёлын хэлхээ холбоог илтгэх нэгэн үзүүлэлт юм.Хоёр орны хамтарсан шинжлэх ухааны өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний хурал, боловсрол, соёлын арга хэмжээнүүд нь нэгэн зууны өмнө эхэлсэн оюуны солилцоог шинэ цагийн шаардлагад нийцүүлэн үргэлжлүүлэх зорилготой. Лайпциг хотноо Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх нь ч мөн ийм утга учиртай.
Стратегийн түншлэл: Итгэлцлээс бодит үр дүнд
2024 онд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхацсан энэхүү шийдвэр нь олон жилийн найрсаг харилцааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал байв. Харин энэ удаагийн айлчлалын гол зорилго нь стратегийн түншлэлийн хүрээнд бий болсон улс төрийн итгэлцлийг бодит ажил хэрэг, харилцан ашигтай үр дүнгээр баяжуулахад оршино.Монгол Улсын хувьд Герман бол Европ дахь итгэлт түнш, гуравдагч хөршийн бодлогын чухал түшиц юм. Харин Германы хувьд Монгол Улс ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, олон улсын хамтын ажиллагааг эрхэмлэдэг түнш билээ. Энэ нийтлэг үнэт зүйлс нь хоёр орны харилцааг зөвхөн эдийн засгийн ашиг сонирхлоор хязгаарлахгүй, урт хугацааны итгэлцэлд тулгуурлан хөгжүүлэх боломжийг олгодог. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлэлцээний үр дүнд хамтарсан тунхаглал гаргаж, стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон нь айлчлалын чухал үр дүн байлаа.
Хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, банк санхүү, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагааны баримт бичгүүд байгуулж байгаа нь улс төрийн түвшинд бий болсон итгэлцлийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өдөр тутмын амьдралд бодитой хүргэх алхам юм.
Хамтын ирээдүй...
Германыг дэлхийд танигдуулдаг гол давуу талын нэг нь үйлдвэрлэлийн соёл, инженерчлэлийн өндөр чадамж, технологийн мэдлэг, чанарын нарийн стандарт юм. Харин Монгол Улс ашигт малтмалын арвин нөөц, сэргээгдэх эрчим хүчний асар их боломж, өргөн уудам газар нутаг, бүс нутгийн стратегийн байршлаараа онцлог. Эдгээр давуу талуудыг хэрхэн уялдуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх вэ гэдэг нь эдийн засгийн түншлэлийн гол асуудлуудын нэг.Монгол Улс байгалийн баялгаа түүхийгээр экспортлохоос илүүтэй нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, орчин үеийн технологи нутагшуулах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхийг зорьж байна. Энэ зорилгод Германы технологийн туршлага, мэргэжлийн боловсролын тогтолцоо, санхүүжилтийн боломж чухал хувь нэмэр оруулж чадна. Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай 2011 оны Засгийн газар хоорондын хэлэлцээр нь энэ чиглэлийн хамтын ажиллагааны суурь болж ирсэн. Харин өнөөдөр уг харилцааг тогтвортой хөгжил, хариуцлагатай хөрөнгө оруулалт, ногоон шилжилтийн зорилтуудтай уялдуулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль болон хосолмол мэргэжлийн боловсролын тогтолцоо нь хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх хүрээгээр хязгаарлагдахгүйг харуулж буй. Технологийг амжилттай нэвтрүүлэхийн тулд түүнийг эзэмшиж, хөгжүүлж, үр ашигтай ашиглах чадвартай хүний нөөц нэн чухал.Нөгөө талаас, Германы эдийн засаг ч үйлдвэрлэлийн салбар, жижиг, дунд бизнесийн технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаан, дижитал дэд бүтэц, эрчим хүчний хангамж зэрэг асуудалд онцгой анхаарч байна.
ХБНГУ-ын 2026 оны эдийн засгийн тайланд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, шинэ технологи нэвтрүүлэх, эрчим хүчний зардлыг бууруулах асуудлыг онцолсон нь эдийн засгийн шинэ орчинд дасан зохицох шаардлага хоёр орны өмнө өөр өөр хэлбэрээр тулгарч байгааг харуулж буй.Ашигт малтмалын салбараас гадна сэргээгдэх эрчим хүч, инженерчлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, байгаль орчны технологи, дижитал шийдлийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий.Берлин хотноо зохион байгуулагдах Монгол, Германы бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь эдийн засгийн харилцааг өргөжүүлэх сонирхол, боломж байгааг илтгэж байна.
Франкфуртад нээгдэх шинэ хаалга...
Энэ удаагийн айлчлалын чухал үр дүнгийн нэг нь Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болсон явдал юм. Франкфурт бол Германы санхүү, бизнес, тээвэр логистикийн томоохон төвүүдийн нэг.

Тус хотод Монгол Улсын консулын газар нээгдэх нь иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын харилцааг ойртуулж, хамтын ажиллагааны шинэ боломж нээх ач холбогдолтой.Хилийн чанадад ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн хувьд консулын үйлчилгээний хүртээмж чухал. Харин бизнес эрхлэгчдийн хувьд шинэ зах зээл, боломжит түншүүд, шаардлагатай мэдээлэлд хүрэх нөхцөл эрхэм. Эдгээр хэрэгцээг холбож, иргэдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн харилцааг дэмжих нь дипломат төлөөлөгчийн газрын бодит үүрэг юм.Үүнтэй уялдан тээвэр, логистикийн асуудал ч онцгой ач холбогдолтой. Монгол, Германы худалдааг өргөжүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүнийг шуурхай, найдвартай, өрсөлдөхүйц зардлаар тээвэрлэх нөхцөл бүрдэх шаардлагатай. Улаанбаатар-Франкфуртын чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Берлин рүү шууд нислэг үйлдэх боломжийг судлах, тээврийн зардал болон татварын орчныг сайжруулах зэрэг асуудалд хоёр тал анхаарч байгаа нь эдийн засгийн харилцааг бодит хэрэгцээтэй холбох зорилготой.Олон улсын харилцааны том зорилго заримдаа хамгийн энгийн хэрэгцээнээс эхэлдэг. Бараа бүтээгдэхүүнээ цагт нь хүргэх, бизнесийн түнштэйгээ биечлэн уулзах, гэр бүлтэйгээ ойр байх, шинэ боломж эрэлхийлж буй залууст зам нээх зэрэг өдөр тутмын хэрэгцээний цаана улс орнуудын хамтын ажиллагааны бодит үнэ цэн оршдог.
Берлинд нээгдэх түүхийн цонх...
Төрийн айлчлалын соёлын онцлох үйл явдлын нэг нь “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлт байлаа.
Тус үзэсгэлэнг аравдугаар сарын 21-нээс 2027 оны дөрөвдүгээр сарын 18 хүртэл Берлин хотын Жеймс-Саймон галерейд дэлгэхээр төлөвлөжээ.Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхээр дамжуулан Европын олон нийт монголчуудын түүх, ахуй соёл, дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийн талаар илүү өргөн хүрээнд танин мэдэх боломжтой. Ийнхүү Монголын түүх, соёлын өвийг олон улсын үзэгчдэд хүргэх нь хоёр орны харилцааг улс төр, эдийн засгийн хүрээнээс давуулан, оюун санаа, соёлын түвшинд гүнзгийрүүлэх ач холбогдолтой.Соёлын дипломат ажиллагааны үнэ цэн нь өөрийн түүх, соёлыг бусдад таниулахын зэрэгцээ бусдын ертөнцийг ойлгох боломж бүрдүүлдэгт оршино.
Үзэсгэлэнгийн танхимд Монголын түүхийг сонирхон зогсох герман үзэгч, шинэ баримттай танилцах судлаач, Монголын тухай урьд нь мэддэггүй байсан зүйлээ олж мэдэх хүүхэд гээд хүн бүрийн хувьд энэхүү үзэсгэлэн өөр өөрийн утга учиртай. Музейн танхимд төрсөн сонирхол цаашлаад улс орнуудын харилцан ойлголцлын эхлэл болох нь дамжиггүй.Берлин хотноо эгшиглэх “Монголын сайхан орон” тоглолт ч мөн адил үүрэгтэй. Тал нутгийн аялгуу, үндэсний урлагийн өв, монгол хүний ертөнцийг үзэх үзэл урлагаар дамжин хэлний саадыг давж, бусдын сэтгэлд хүрэх буй.
Дэм дэмэндээ, дээс эрчиндээ...
Ерөнхийлөгч Штайнмайэр өнөөдөр хэвлэлд хийсэн мэдээлэлдээ Монгол Улсад айлчлах үеэрээ “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хэмээх зүйр үгийг сурсан тухайгаа дурдсан. Эртний энэ үгэнд хамтын ажиллагааны мөн чанар, харилцан дэмжлэгийн үнэ цэн бүхэлдээ багтжээ.

Монгол, Германы харилцааны ирээдүй ч энэ зарчимд тулгуурлах учиртай. Улс төрийн яриа хэлэлцээ эдийн засгийн шинэ боломж нээнэ. Эдийн засгийн хамтын ажиллагаа ажлын байр бий болгож, технологи, мэдлэгийн солилцоог эрчимжүүлнэ. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа харин ард түмний хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлнэ. Эдгээр салбар тус тусдаа хөгжихөөс гадна нэгнийхээ ололт амжилтыг тэтгэж, харилцан бэхжүүлж чадвал стратегийн түншлэл жинхэнэ утгаараа өргөжих билээ.
Ирээдүйг холбох зам...
Монгол төрийн тэргүүний айлчлалын бодит үр дүн ирэх өдрүүд, сар, жилүүдэд улам тодорхой болно. Тохиролцсон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэхэд, Германд эзэмшсэн мэдлэгээ монгол залуус эх орныхоо хөгжилд ашиглахад, хоёр улсын бизнес эрхлэгчид хамтран шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, эрдэмтэд судалгааны шинэ үр дүн бүтээхэд дипломат харилцааны үнэ цэнэ бодит амьдралд илэрнэ.

Мэдлэг, итгэлцэл, нөхөрлөл цаг хугацааны шалгуурыг даван үлддэг. Өнөөдөр эхлүүлсэн хамтын ажиллагаа маргаашийн залууст шинэ боломж нээж, өнөөдөр гаргасан шийдвэр ирээдүйн хөгжлийн суурь болж чадна.Иймээс бидний өмнө буй зорилго бол өмнө тавигдсан бат бөх суурийг улам бэхжүүлж, Монгол, Германы нөхөрлөлийг шинэ санаа, шинэ мэдлэг, шинэ боломж, хамтын бүтээлээр баяжуулах явдал юм. Үүний тулд түүхэн уламжлалаа хүндэтгэхийн зэрэгцээ өнөөгийн сорилт, ирээдүйн хэрэгцээг бодитоор харж, улс төрийн түвшинд хүрсэн тохиролцоог иргэд, аж ахуйн нэгж, боловсрол, шинжлэх ухааны салбарт бодит үр дүн болгон хэрэгжүүлэх шаардлагатай.Учир нь жинхэнэ стратегийн түншлэл гэдэг нь газар зүйн алслагдмал байдлыг хамтын зорилгоор ойртуулж, өнөөдрийн итгэлцлийг маргаашийн хамтын амжилт болгон хувиргахын нэр билээ.
З.Бямбасүрэн 2026.10.21