Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.05/ хуралдаан 14 цаг 43 минутад 30 гишүүний 20 нь буюу ирц 66.7 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан.
Хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн Төсвийн байнгын хороонд буцаасныг Байнгын хорооны дарга энэ үеэр тодотгоод, уг хэлэлцүүлгийг дахин явуулж байгааг танилцуулсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Ганбаатар, Да.Цогтбаатар, Л.Мөнхбаясгалан, П.Ганзориг, С.Цэнгүүн, Ж.Энхбаяр, Б.Жаргалан, Ч.Номин, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, 3500 оюутны сургалтын төлбөрийг төлөх О.Батнайрамдал гишүүний гаргасан саналыг дэмжиж байна. Гэхдээ үүнийг иргэдийн орлогыг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөцийн зарим барааны хангамжийг тогтворжуулах хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад төсөвлөсөн 150 тэрбум төгрөгөөс бус өөр эх үүсвэрээс шийдвэрлэх боломж байсан эсэхийг тодруулсан.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн санал гаргахдаа эх үүсвэрээ өөрөө тавьдаг гэдгийг тайлбарлав.

Харин Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, Инфляцад нөлөөлж байгаа гурван том хүчин зүйл нь мах, гурил, төмс, хүнсний ногоо байдаг. Үүний нэг хувийн инфляцын нөлөөллөөр тэтгэврийн зардал 30 тэрбум төгрөгөөр нэмэгддэг. Өнөөдөр инфляц 10 хувьтай байхад ирэх онд 300-гаад тэрбум төгрөг зөвхөн тэтгэвэрт ачааллах жишээтэй. Засгийн газар инфляцыг багасгах зорилгоор мах, төмс, хүнсний ногоо, гурил, улаан буудайн нөөц бүрдүүлэх хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр зэхсэн атал, уг зохицуулалтыг нь багасгахаар инфляц өснө гэдгийг онцлов. Иймд төсвийн тодотголын төсөлд туссан бодлогыг өөрчлөхгүй байхыг хүсье гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг Боловсролын зээлийн сангийн 13 тэрбум төгрөгийн асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос дэмжсэн санал чуулганы нэгдсэн хуралдаанд олонхын санал аваагүйг эргэн харж, 3500 оюутны сургалтын төлбөрийг шилжүүлэхгүй бол үүний цаана энэ тооны айл, өрхийн амьдрал ахуйд тодорхой хэмжээний дарамт учирна гэдгийг анхааруулж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналыг дэмжиж байгаагаа дурдаад, хамгийн гол нь асуудлаа эрэмбэлж, төсвийнхөө хуваарилалтыг оновчтой, зөв хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Улсын Их Хурлаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн асуудлын хүрээнд ярилцаж, Боловсролын зээлийн сантай холбоотой 13 тэрбум гаруй төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн дөрвөн арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх 30 тэрбум төгрөгтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар шууд санал хураах горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Иймд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу боловсруулсан саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Ж.Галбадрах, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нараас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтворжуулахад олгох 150.000.0 сая төгрөгийн татаасыг 13,223,9 сая төгрөгөөр бууруулж, Боловсролын сайдын багц дахь Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг 13,223,9 сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжив.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалангаас Эрчим хүчний сайдын төсвийн багц дахь эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд тусгагдсан 92,700.0 сая төгрөгийг 4,206.8 сая төгрөгөөр бууруулж, Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 478.0 мянган төгрөгийг 122.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэж 600.0 мянган төгрөг болгоход зориулж /17241 хүн/ Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 4,206.8 сая төгрөг нэмэгдүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,