Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн бодит нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг хэлэлцэж, цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох бодлогын үндэслэл боловсруулах, олон улсын туршлагыг харьцуулан судлах (Японы туршлага), судлаач, шүүгч, хуульчдын нэгдсэн санал, дүгнэлтийг авах “Хувийн эрх зүйн зохион байгуулагдах шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг өнөөдөр (2026.03.03) Төрийн ордонд болж байна.
Улсын Их Хурлын дарга Н.Учралын ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцүүлэг “Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй” сэдвээр эхэлж, “Баяр энд Ока партнерс” ХХК-ийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр хэлэлцүүлгийн чиглүүлэгч ажиллав.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа “Иргэний хууль дахь эдийн болон эдийн бус баялгийн эрх зүйн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл танилцуулав. Тэрбээр, өмчийн эрх зүйн сэдвээр тулгамдаж байгаа асуудлуудыг салбар, чиглэл бүрийн академик түвшний найман судлаач түүвэрлэн, богино хугацаанд судалгаа хийсэн болохыг тэмдэглэв. Судалгааны ажил нийтдээ 150-160 орчим хуудас хэдий ч өнөөдрийн хэлэлцүүлэгт хүмүүсийн хамгийн их анхаарал татаж байгаа өмчийн эрх зүйн хүрээний сэдвүүдийг онцолж буйгаа дурдсан.
Илтгэлийнхээ эхэнд Н.Баярмаа шүүгч өмчийн эрх зүйн шинэтгэх чиглэлээр Монголд өрнөсөн үйл явцын талаар товчхон танилцуулав. 1990-ээд оны үед Монгол зах зээлийн эдийн засагт хэрхэн шилжих вэ, өмчийн эрх зүйтэй холбоотой асуудлаар судалгаа, шинжилгээний ажилтнуудад лекц уншдаг байсан Япон Улсын профессор Хироно Рёокүчигийн шилжилтийн эдийн засагтай улс орнуудад хөндөгдөх ёстой есөн гол асуудлыг тодорхойлсон байдаг талаар дурдав. Өмчийн, аж ахуйн удирдлагын, гадаадын өмчийн, санхүүжилтийн, үнэ бүрдүүлэлтийн, цалингийн, газар эзэмшлийн, ажилгүйдэл ба дампуурлын асуудал болон гадаад эдийн засгийн харилцаа зэрэг эдгээр есөн асуудлаас эдийн засгийн шилжилтийн үед хамгийн эхэнд өмчөө зөв зохицуулах, шилжилтийн үед гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэг болдог тул гадаадын өмчийн асуудлаа тодорхой болгох, үл хөдлөх эд хөрөнгийн хамгийн чухал хэсэг болох газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэрэгслээ зөв тогтоох асуудалд онцгой анхаарахыг профессор Хироно Рёокүчи тухайн үедээ онцлон захиж байжээ.
Энэ үед дээрх хүрээнд авсан эрх зүйн арга хэмжээний талаар илтгэгч танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийг батлахын өмнө 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зарчим гэхээсээ илүүтэй арга зүй, аргачлал бүхий Өмч хувьчлалын тухай БНМАУ-ын хуулийг баталсан бол дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийг батлахдаа маш том зарчмын заалт буюу “шилжилтийн ялалт” гэж тодотгож болохуйц газрыг өмчлөх заалтыг тусгасан байдаг байна. Үүний дараа 1994 онд Иргэний болон Газрын тухай хууль гэсэн хоёр том хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Гэхдээ 1960 онд батлагдсан Иргэний хууль болон 1994 онд батлагдсан Иргэний хуулийг харьцуулахад зөвхөн үүргийн эрх зүйн хэсэгт л концепцын өөрчлөлтүүд орж, өмчийн хэсэгт зарчмын өөрчлөлт ороогүй гэдгийг тодотгов. Улмаар цаг үе, нөхцөл байдлын шаардлагаар өмчийн анхны хөдөлгөөн өрнөж, 1996 онд Орон сууц хувьчлах тухай, Дундын өмчлөлийн орон сууцны тухай хууль батлагдсан байдаг аж. Үүнээс хойш зургаан жилийн дараа, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас 10 жилийн дараа өмчийн цоо шинэ концепцыг тодорхойлсон Иргэний болон Газрын тухай хоёр хууль батлагджээ. Энэ хуулиудад эдийн баялгийн эрх зүйн өөрчлөлтүүд жинхэнэ утгаараа тусгагдсан байдгийг илтгэгч тэмдэглэв.
Үргэлжлүүлэн тэрбээр шилжилтийн эдийн засгийн үеийн өмчийн харилцааны шилжилтийн талаарх Эстони Улс, Монгол Улсын ялгаа, онцлогийг дэлгэрэнгүй тайлбарлаж, баримтууд дурдсан юм. Баримт, олон улсын жишээ, нөхцөл байдал дээр тулгуурлан холбогдох дүн шинжилгээг судлаачийн зүгээс танилцуулсны дараа “Өнөөдөр бид ийнхүү хамтдаа Иргэний хуулийн өнөөгийн нөхцөл, хэрэгжилт, шинэчлэлийн талаар хэлэлцэж байгаа нь маш том дэвшил. Хуульчид, судлаачид бид дор бүрнээ ажиллах тохиолдолд энэ бүхнийг хийж чадахгүй. Асуудлаа, багаа зөв хуваарилж, энэ ажлыг манлайлан эхлүүлсэн нь маш чухал. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Иргэний хуулийн асуудлаарх ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг болон зөвлөхүүд, Улсын Их Хурлын Тамгын газарт талархал илэрхийлье” хэмээлээ.
Цаашид хамтдаа нэн тэргүүнд газар ашиглалтын хэлбэрийг зөв тодорхойлох, үүнд суурилан үл хөдлөх эд хөрөнгийн концепцыг зөв болгоод, холбогдох эрхийг зөв хамгаалах, системчлэлийг зөв тогтоох зэргээр олон чухал шийдэл гаргах шаардлагатай хэмээсэн.
Н.Баярмаа шүүгчийн “Иргэний хууль дахь эдийн болон эдийн бус баялгийн эрх зүйн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл өмчлөх эрхийг хамгаалах, хязгаарлахтай холбоотой онолын үндэслэл, өмчлөх эрх шилждэг зарчмууд, эд хөрөнгийн эрх зүйн харилцаанд хөндөгддөг суурь ойлголтууд, дундын өмчийн эрх зүйн асуудал, ипотек буюу дуусаагүй барилгатай холбоотой асуудлын талаар үргэлжилсэн.
Илтгэлийнхээ төгсгөлд дүгнэлтээ танилцуулахын өмнө Н.Баярмаа шүүгч “Манай судалгааны баг ердөө өмчийн эрх зүйн асуудлын хязгаарлагдмал хүрээнд үнэлгээ хийсэн. Тун жаахан хэсэг учраас цаашаа илүү нарийвчлан дэлгэрүүлэх шаардлага бий шүү” хэмээн тодотгож байлаа. “Иргэний хууль дахь эдийн болон эдийн бус баялгийн эрх зүйн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт судалгааг хийсэн баг Жам ёсны эрхийн онол, Ардчиллын онол, өмчийн стандартчиллын талаарх Архитектурын онол, Зохицлын онолтой манай Иргэний хууль нийцэж буй эсэхэд дүгнэлт өгсөн гэдгийг дурдсан.
Ийнхүү дээрх илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн юм. Нөмэрис Клаусус (Numerus Clausus)-ын ба өмчийн эрхийн төрөл, эзэмшилд чиглэсэн эрхийг хуулиар тогтоох зарчим Монгол Улсын Иргэний хуульд хэрхэн тусгагдсан талаар болон хөрөнгө, шаардлага, өмч, эзэмшил зэрэг суурь ойлголтуудыг манай Иргэний хуульд хэр тусгасан байдаг талаар, үүнээс үүдэлтэй ямар асуудлууд үүсэж байгаа талаар, судалгааны дүгнэлт хэрхэн гарсан болохыг хэлэлцүүлгийн чиглүүлэгч, өмгөөлөгч Г.Цагаанбаяр асууж, илтгэгчээс дэлгэрэнгүй хариулт авсан. Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч н.Оюунбилиг илтгэлд дурдагдсан ипотек буюу дуусаагүй барилгатай холбоотой асуудлын хүрээнд асуулт асууж, хариулт авсан.
“Үүргийн ба гэрээний эрх зүй” сэдвээр Улсын Их Хурлын дарга Н.Учралын ивээл дор зохион байгуулагдаж буй өнөөдрийн хэлэлцүүлэг үргэлжилж, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор Б.Амарсанаа энэ хэсгийн чиглүүлэгчээр ажилласан.
Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Батбаяр дээрх сэдвийн хүрээнд “Үүргийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт, тулгамдсан асуудал” илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлээр Монгол Улсын Иргэний хуулийн үүрэг эрх зүйн ерөнхий ангид тулгамдаж буй онол, практикийн асуудлыг харьцуулсан эрх зүйн болон эрх зүйн догматик аргачлалаар авч үзэж, асуудлын шалтгаан, илрэл, бодит үр дагаврыг тодруулан тайлбарлахыг зорьсон болохыг тодотгов. Үүргийн эрх зүйн ерөнхий анги системчлэлийн хувьд сул байх тусмаа шүүхийн тайлбарын ачааллыг нэмэгдүүлж, шүүхийн шийдвэрийн зөрүү үүсгэх, улмаар гэрээний эрх зүйн тодорхойгүй байдал нэмэгдэх, шүүхийн шийдвэрийг таамаглалгүй, таамаглах боломжгүй болгодог учрыг Иргэний хуулийн үүргийн эрх зүйн ерөнхий ангийн хэрэгжилтийн хүрээнд тайлбарлахыг зорьсноо мөн илтгэгч онцоллоо.
Үүргийн эрх зүй нь иргэний эрх зүйн за үндсэн суурь араг яс гэж хэлж болох суурь салбар аж. Өөрөөр хэлбэл, үүргийн эрх зүйд гэрээний эрх зүй, гэрээний бус үүрэг болон гэм хорын эрх зүй гэх мэт олон төрлийн институтүүдийг нэгэн логик хэлхээгээр холбож, нэг дүрмийн дотор ажилладаг үндсэн суурь юм байна. Үүнийг эрх зүйн онолын тулгуур бүтэц буюу “араг яс” гэж нэрлэдэг болохыг тэрбээр дурдсан.
Монгол Улсын хувьд Иргэний хууль нь 2002 онд батлагдсан байна. Пост социалист шилжилтийн нөхцөлд хувийн эрх зүйн тогтолцоог цоо шинэ суурин дээр байгуулсан томоохон кодчилол болсон гэв. Тухайн үеийн сонголт нь ихэвчлэн эх газрын эрх зүйн уламжлал болох Герман, Орос мөн пост-социалист орнуудын хувийн эрх зүйн нөлөөгөөр тодорхойлогдсон манай улсын хувийн эрх зүйн суурь харилцааг сүүлийн 20 гаруй жил тогтвортой зохицуулж ирсэн сайн хууль гэдгийг тэмдэглэсэн.
Гэвч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхий дахины гэрээний эрх зүй эрчимтэй өөрчлөгдөж байгаа аж. Ялангуяа дижитал гэрээ, цахим орчинд байгуулагдах хэлцэл, платформын эдийн засаг, хэрэглэгчийн эрхийн хамгаалалт гэх зэрэг гэсэн олон улсын шинжтэй гэрээний эрх зүйн шинэ чиг хандлагууд бий болж байгааг дурдсан. Эх газрын эрх зүйн тогтолцооны гол төлөөлөл болох Герман, Япон зэрэг улс нь сүүлийн 100 жилийн турш өөрчлөгдөөгүй Иргэний хууль буюу иргэний кодекс дахь үүргийн эрх зүйн томоохон шинэчлэл хийсэн нь үүний тод илрэл гэж хэлж болох юм байна.
Манай улсын одоогийн үүргийн эрх зүйн болон гэрээний эрх зүйн зохицуулалтууд нь энэ нөхцөлд асуудлуудыг шийдвэрлэж чадаж байгаа эсэх, Монголын шүүхийн практик олон төрөлт байдлаар баяжиж, зарим төрлийн институт нь хуульд байгаагаасаа өөр утга, агуулгаар хөгжиж эхэлж байгаа учраас эдгээрийг цогцоор нь дүгнэх шаардлага үүссэн хэмээн танилцууллаа.
Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Батбаяр илтгэлийнхээ үеэр “Энэ цаг үед Улсын Их Хурлаас иргэний эрх зүйн буюу Иргэний хуулийн шинэчлэлийн асуудалд анхаарал хандуулж, энэ хэлэлцүүлгийг туйлын оновчтой цаг хугацаанд зохион байгуулж байна хэмээн үзэж буйгаа тэмдэглэх хэлмээр байна” хэмээсэн. Үргэлжлүүлэн тэрбээр үүргийн эрх зүйн зохицуулалтуудыг гурван шалгуур үзүүлэлтээр үнэлэх боломжтой гэж үзэж байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлаад, илтгэлийн хүрээнд бол Иргэний хуулийн үүргийн эрх зүйн зохицуулалт нь холбогдох шалгуураар үнэлэхэд хуулийн зохицуулалт буюу эрх зүйн тогтолцоондоо асуудал үүсэж байна гэдэг нөхцөлөөр шинжилгээ хийсэн байна.
Тэрбээр үргэлжлүүлэн холбогдох асуудлууд нь нэг хуулийн зохицуулалтын харилцаа биш концепцын шинжтэй буюу тогтолцооны шалтгаантай гэдгийг товч байдлаар тайлбарласан юм. Энэ хүрээнд тэрбээр үүргийн эрх зүйн харилцааны оролцогч, гэрээнээс татгалзах ба гэрээ цуцлах, цахим гэрээ ба хэлцэл, шинэ тутам үүсэж буй харилцааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Орчин үеийн дижитал гэрээ ба шинэ төрлийн сорилтууд үүсэж байгаа аж. Цахим гэрээнд нэг тал нь товч дарж зөвшөөрөх, тухайн сайтад нэвтэрснээр гэрээ байгуулагдсанд тооцох нөхцөл, платформын гэрээ, хиймэл оюун ухаанд суурилсан гэрээ зэрэгт манай одоогийн үүргийн эрх зүйн ерөнхий ангийн зохицуулалтууд хэрхэн, яаж шийдвэрлэх, манай зохицуулалтууд хангалттай юу гэдгийг бид нар анхаарах шаардлагатай байгааг дурдсан. Манай улсын хувьд үүргийн эрх зүйн ерөнхий ангийн одоогийн хүрээнд зайнаас байгуулах гэрээ, цахим хэлцлийг бие даасан хэлцлийн хэлбэр гэж үзэх эсэх, эсвэл бичгээр байгуулах гэрээ, хэлцлийн хэлбэрийн нэг хэсэг гэж үзэх үү гэдэг дээр эрх зүйн одоогийн хэм хэмжээ тодорхойгүй байгаа нь нэн яаралтай залруулах, нийцүүлэх шаардлагатай нөхцөл гэж үзэж байгаа гэв.
“Үүргийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт, тулгамдсан асуудал” илтгэлийн төгсгөлд Иргэний хуулийн үүргийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд Арилжааны төрөлжсөн хуулийг батлах, субьектийн ялгамжтай зохицуулах, хэрэглэгчийн гэрээний зохицуулалтыг нэмж тусгах, үүргийн эрх зүйн системчлэл (гэрээ цуцлах, хохирол, эрх зүйн хамгаалалт, бэлтгэл үе шатанд үүсэх үүргийн харилцаа г.м) болон шинэ тутам үүсэж буй гэрээний эрх зүйн харилцааг анхаарах шаардлагатай гэдгийг дурдсан.
Эдгээр нь зөвхөн онолын биш, практик үр дагавартай болохыг дурдаад үүргийн ерөнхий ангийн системчлэл сул байх тусам шүүхийн тайлбарын ачаалал нэмэгдэж, арилжааны орчны эрх зүйн тогтвортой байдал буурдаг болохыг тайлбарласан. Иймээс цаашдын шинэчлэл нь зөвхөн норм нэмэх биш, харин концепцын шинэчлэл байх шаардлагатай. Үүнд хэрэглэгч төвтэй хандлага, remedies системчлэл, глобал contract law-той уялдуулах бодлого чухал гэлээ.
“Үүргийн ба гэрээний эрх зүй” сэдвийн хүрээнд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, (Ph.D) Б.Буянхишиг “Гэрээний эрх зүй дэх тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэл танилцуулсан юм. Иргэний хуулийн одоо бодит хэрэгжилтийн агуулгыг судлах үүрэг бүхий энэхүү судалгааны баг онол, практикийн асуудлыг хамруулан Иргэний хуулийн Тусгай ангид заасан 30 гаруй гэрээний агуулгаар судалгаа хийсэн ч өнөөдрийн илтгэлдээ худалдах-худалдан авах гэрээ; арилжааны болон хэрэглээний зээлийн гэрээ; ажил гүйцэтгэх гэрээ; барааны агуулахад эд хөрөнгө хадгалах зэрэг гэрээний хүрээний талаарх судалгаа, үүсээд буй асуудал, шийдлийн талаарх судалгааны багийн саналуудыг танилцуулсан.
Ийнхүү Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Батбаяр, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, (Ph.D) Б.Буянхишиг нарын танилцуулсан дээрх хоёр илтгэлийн хүрээнд “Хувийн эрх зүйн зохион байгуулагдах шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлгийн оролцогчид асуулт асууж, дэлгэрэнгүй хариулт авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Улсын Их Хурлын дарга Н.Учралын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хувийн эрх зүйн зохион байгуулагдах шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг “Өв залгамжлал, олон улсын иргэний эрх зүй” сэдвээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557
EUR | 4104
CNY | 514
RUB | 41.63
JPY | 22.3
KRW | 2.38
