МАН-ын ХХХI Их Хурал өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 204 хорооны нийт 2,255 төлөөлөгч оролцож байна.

Хурлаар: 

- Намын дүрмийн өөрчлөлт

- Ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр

- Хяналтын хороо болон Бага хурлаа шинээр байгуулах

- Шинэ дарга сонгох асуудлууд зэргийг хэлэлцэнэ.

Гэрэл зургийг MPA.mn

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

21:50, 2025-11-15

МАН-ын даргаар Н.Учрал сонгогдлоо

Гэрэл зургийг MPA.mn

 Монгол Ардын намын XXXI Их хурлаар намын даргын санал хураалтаа явуулж дууслаа. 1974 буюу 94,95 хувийн саналаар МАН-ын даргаар Н.Учрал сонгогдлоо. 

21:30, 2025-11-15

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Өнөөдрийн хуралд шинэ ч зүйл алга, хуучин ч зүйл алга

Монгол Ардын намын XXXI Их хурал үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээлэл өглөө.

20:24, 2025-11-15

Н.Учрал: МАН-ын дарга болвол намын гишүүдээ сонсохоос ажлаа эхэлнэ

Монгол Ардын намын XXXI Их хурал үргэлжилж байна. МАН-ын даргад нэр дэвшигч Н.Учрал мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
20:07, 2025-11-15

Монгол Ардын намын XXXI Их хурал: Эмэгтэй төлөөлөгчдийн байр суурь

Монгол Ардын намын XXXI Их хурал намын даргыг сонгох санал хуралтаар үргэлжилж байна. Энэ үеэр эмэгтэй төлөөлөгчдийн байр суурийг сонслоо. 

Гэрэл зургийг MPA.mn

19:53, 2025-11-15

Нэр дэвшигчдийн мэтгэлцээн өндөрлөж, санал хураалт эхэллээ

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал намын даргад нэр дэвшүүлэх ажиллагаагаар үргэлжилж байна. Намын даргад Монгол Ардын намаас УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын нэрийг албан ёсоор дэвшүүлсэн бол заалнаас МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн юм. Намын даргад нэр дэвшигчид Их хурлын төлөөлөгчдөд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараагаар мэтгэлцээн өрнүүлэв. 

Их хурлын төлөөлөгчид хоёр нэр дэвшигчдэд асуулт тавьж, санал хэллээ. Тухайлбал, намын даргаар сонгогдсон тохиолдолд анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд анхаарах, Бага хуралд хариуцлагатай, итгэлтэй гишүүдийг сонгох зэргээр төлөөлөгчид саналаа хэлж байв.

Дараагаар нь нэр дэвшигчид төлөөлөгчдийн тавьсан асуултад хариулав.Монгол Ардын намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Хэрвээ би сонгогдвол 317 мянган гишүүд, дэмжигчидтэйгээ уулзахаас ажлаа эхэлнэ. Аймаг, орон нутагт ажиллаж жирийн гишүүдийнхээ үгийг сонсоно. Цаашдаа бүс болгон дээр мөрийн хөтөлбөрийн тайлан, бодлогоо хэлэлцүүлнэ. Намын дэргэдэх сургалтын байгууллагыг судалгаанаас салгаж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Надад итгэл хүлээлгэж, намын даргаар сонговол гишүүн төвтэй стратегиа хэрэгжүүлж, гишүүдээ сонсдог нам болохын төлөө ажиллах болно” гэв.

Харин Монгол Ардын намын даргад нэр дэвшигч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Би намын дарга болвол эхний ээлжинд философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон гуайтай уулзана. Б.Даш-Ёндон дарга бол коммунизмын онолыг судлаад, дараа нь социал демократ онол руу явахад юу хэрэгтэй талаар судалсан философич хүн. Би өнөөдөр намын гишүүний хувьд нэр дэвшиж байгаа. Би намын гишүүдээ төлөөлж, иргэний эр зориг гаргаж нэр дэвшиж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид намын даргыг сонгохоор саналаа өгч эхлээд байна.

18:30, 2025-11-15

Б.Лхагважав: Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын үдээс хойших хуралдаан намын даргад нэр дэвшүүлэх ажиллагаагаар үргэлжилж байна. Монгол Ардын Намын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын нэрийг албан ёсоор дэвшүүлснийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар зарласан юм. Нэр дэвшигч Н.Учрал Их хурлын төлөөлөгчдөд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 

Харин заалнаас Монгол Ардын Намын даргад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлэв. Тэрбээр “Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой. Намыг цэгцэлж, намын санхүүг ил болгож , намын гишүүн бүрийн итгэл үнэмшлийг бий болгож байж нийгэм, улс төр ариун болохыг би олж харсан. Тийм учраас би намд элссэн. Надад маш олон нам санал тавьсан. Гэвч бусад нам улс төрийн институцын хэлбэрт очиж чадаагүй байлаа.” гэдгийг танилцуулгынхаа эхэнд онцлов. Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Үндсэн хууль дахь иргэдийн өөрөө удирдах ёсны “амилж” чадаагүй. Иргэдийн хуралд намууд орохоо болъё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье” гэдэг бодлогоо дурдлаа. Цаашлаад “Намын гишүүн хүн соён гэгээрүүлэгч, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэгч байх хэрэгтэй .Тусгаар тогтнолын багана бол 176 малчин өрх. Тэдэнд бэлчээрийг нь эзэмшин эрхийг өгье. Малчнаасаа асуугаагүй байж малаас нь гаргаж байгаа түүхий эдийг зарна, боловсруулна гэдэг. Малчин хүний өмч рүү дайрч болохгүй” гэсэн юм. Эдүгээ Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал намын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээнээр үргэлжилж байна.

18:21, 2025-11-15

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Монгол Ардын намын даргад нэр дэвшүүлж буйгаа зарлалаа. 

Монгол Ардын намын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал Их хурлын төлөөлөгчдөд хандан “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” сэдэвт улс төрийн илтгэлээ танилцуулав. Илтгэлийнхээ эхэнд “Арван зургаан жилийн өмнө Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Ням-Осорын Учрал би энэ танхимд олон арваараа суугаа намын анхан шатны байгууллагын төлөөлөл, журмын нөхөд та бүхэндээ мэндчилж байна. Би тантай адил анхан шатанд гишүүдтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж, амьдралын бодит үнэнийг танин мэдэж, ажиллаж эхэлснээрээ бахархаж явдаг. Би, та, бид бүхэн цахилгаан шатанд суугаагүй, шат шатаар ахиж, шалгарч манлайлахын төлөө зүтгэсэн Ардын намын олон мянган гишүүдийн нэгээхэн хэсэг” хэмээн өөрийгөө тодорхойлов. Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч Н.Учрал “Авлига, ашиг сонирхлын гэмт хэргүүд намын нэр хүндийг унагааж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг цөхрүүлж Ардын нам ард түмний дэмжлэгээс алсарч байна. Монгол Ардын намын оршин тогтнохуйн, эх орон, ард түмэндээ зүтгэхүйн баталгаа нь ард түмний итгэл найдвар. Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй. Энэ удаагийн ээлжит Их хурал бол эрх мэдлийн төлөө бус, харин алдарч буй итгэлийг эргүүлэн авах намын журмын нөхдийн ээлжит улс төрийн дээд зөвшилцөл байх болно. Монгол ардын нам ардынхаа итгэл дээр тогтсон ёс зүйн өндөрлөг дээрээ байх ёстой. Ард түмэн шударга ёсыг нэхэж байна. Шударга ёс биднээс эхлэх ёстой. Та бид энэ Их хурлаараа монгол төрийн нэр хүнд, ард түмний итгэл, ууган намын үнэт зүйлсийг сэргээх Шинэ цагийг эхлүүлэх учиртай” гэснээр илтгэлээ өндөрлүүлсэн юм. Төгсгөлд нь “Та бүхэн надад бүтэн итгэж, бүрэн хариуцлага үүрүүлбэл хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн нь байж улс эх орныхоо нэгдмэл үнэт зүйл, нийтлэг эрх ашгийн төлөө цуцалтгүй зүтгэх болно. Өнөөдөр бид үүнийг баталгаажуулж, 31 дүгээр Их хурлаараа итгэлцлийн шинэ гэрээ байгуулж байна. Итгэлцэл бол хариуцлага. Хариуцлага бол эрх үүргийн нэгдэл. Эрхээ эдэлж үүргээ хүлээдэг хариуцлагатай, ёс зүйтэй гишүүдийн итгэл, дэмжлэг, үзэл санаа, үнэт зүйл дор Монгол Ардын нам ард түмэндээ дахин эргэн ирэх болно” хэмээн цохон тэмдэглэлээ.

18:14, 2025-11-15

Ж.Бат-Эрдэнэ: Монгол Ардын нам улс төрийн манлайллыг бүхий л шатанд үзүүлж ажиллах ёстой

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. 

Мэндчилгээндээ Монгол Ардын нам үзэл баримтлалдаа “Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам” хэмээн тодорхойлсон гэдгийг онцлов. Тэрбээр Монгол Ардын нам улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо хүний хөгжлийг гол болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, Монгол хүнээ эрүүл, боловсролтой, ажил, орлоготой болгох бодлогыг улс төрийнхөө гол чиглэл болгон ажиллаж ирсэн. Хууль тогтоох дээд байгууллага УИХ нь Монголын ард түмний засаглах эрх, Үндсэн хуулиар олгогдсон төлөөллийн ардчиллын баталгаа юм. Парламентын тогтолцоог төгөлдөршүүлж, сонгодог парламентыг бий болгох, шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, баялгийн хуваарилалтыг шударга болгох хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нөр их ажил нь Монгол Ардын нам, УИХ дахь намын бүлгийн гишүүд манлайлал үзүүлж ажилласны тод илрэл байдаг. Бидний өмнө нийгмийн олон сорилт, шийдэл хүлээж байгаа. Монгол Ардын нам улс төрийн манлайллыг бүхий л шатанд үзүүлж ажиллах ёстой” хэмээгээд эв нэгдэл, шийдэл, хөгжлийн төлөө ард түмний засаглах эрхийг тууштай хангахын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

15:56, 2025-11-15

Б.Баярбаатар: Төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдох гишүүдийн шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Хяналтын ерөнхий хорооны тайлан илтгэлийг Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар танилцууллаа. 

Илтгэлийн эхэнд Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий хороо 30 дугаар Их хурлаар тодорхойлсон дотоод хяналт, ёс зүй, сахилга, ил тод байдлыг хангах зорилгоор боловсруулсан “Дөрвөн тулгуурт бодлого”-оо тууштай хэрэгжүүлсээр энэхүү 31 дүгээр Их хурлыг угтаж буйгаа мэдэгдлээ. 

Монгол Ардын намын Үндсэн дүрэм, намын гишүүдийн ёс зүйн болон соён гэгээрүүлэх ажил, сонгуулийн үеийн хяналт, намын санхүүгийн үйл ажиллагаа, бага хурлын гишүүдийн татвар хураалтын талаар танилцуулж, улмаар хоёр зүйлийг онцлон тодотголоо.

Нэгдүгээрт, улс төрийн ууган намын хувьд Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоонд эзлэх байр суурь, манлайлан ажиллах үүргээ ухамсарлаж, энэ хүрээнд намын гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудал нэн өндрөөр тавигдах нь зүйн хэрэг мөн гэдгийг тодотгов.

Хоёрдугаарт, улс орны маргаашийн хувь заяаг үүрч явах ирээдүй хойч үеийнхэн, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд манай намын дотор ч, гадна ч өсөн бойжиж буй бөгөөд төр улсын ирээдүйн эздэд ёс суртахууны цэвэр ариун хөрс суурийг өнөөгийн бид бий болгож өгөх ёстойг онцлов.

Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар “Өнөөдөр Монгол ардын намын эв нэгдэл, үнэт зүйлс, Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болж байгаа асуудлууд, түүнээс гарах гарц, арга замын тухай тун нухацтай авч үзэж, оновчтой шийдлийг хэлэлцэн, түүнийгээ хэрэгжүүлэх явдал чухал байна. Учир нь эдгээр хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт цаасан дээр царцаж үлдэх эрсдэлтэй байна. Намын эв нэгдэл, үнэт зүйлс ус агаар, хөрс мэт шүтэн барилдлагатайг харууллаа. Энэ удаагийн Их хурлын хэлэлцэх асуудлын эрэмбэд намын эв нэгдэл, үнэт зүйлийг цаашид хэрхэн хамгаалах асуудал дээгүүр байр эзлэх ёстой. Намын эв нэгдлийг хангахад намын дотоод хяналтын байгууллагаас ихээхэн идэвх чармайлт шаардана. Бий болоод байгаа зөрчил, хүндрэлтэй асуудал нь тогтолцооны хийгээд бусад шалтгаантай хэдий ч хувь хүний үйл ажиллагаатай шууд холбогдож байна. Иймээс намын бүх шатны удирдах бүрэлдэхүүнд сонгогдож томилогдож байгаа, намаас сонгуульд нэр дэвшиж байгаа, намын нэрийн өмнөөс төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдох гишүүдийн шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй. Энэ нь бидний хүсэл гэхээс илүүтэй цаг үеийн шаардлага гэж хүлээж авах ёстой. Ил тод, тодорхой, шударга зарчим дээр тулгуурласан энэхүү өндөрсгөсөн шалгуурыг нэн даруй намын дүрэмд тусгах нь зөв байна. Шинээр байгуулагдах Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо нь энэ удаагийн их хурлаас дэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, намын үнэт зүйл, нэр төрийг хамгаалах, эв нэгдлийг хангахад бүхий л анхаарлаа хандуулж, намын үндсэн дүрмээр хүлээсэн үүргээ нам, түүний гишүүдийн язгуур эрх ашгийн төлөө шударгаар биелүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Ардын намын үндсэн дүрмийн хийгээд ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, цаашлаад намын гишүүд, ялангуяа намаас нэр дэвшиж төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож томилогдсон гишүүд авлигаас ангид, албан тушаалын гэм хэрэг үйлдэхгүй байх ёс суртахууны хэм хэмжээ, эрүүл орчныг бүрдүүлэх нь Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо, намын бүх шатны хяналтын байгууллагын нэн тэргүүний зорилт, хариуцах ажлын салшгүй хэсэг байх ёстойг Та бүхэндээ энэхүү индрээс дахин сануулъя” хэмээн төлөөлөгч нарт анхааруулж байсан юм. Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо тайлангийн хугацаанд 26 удаа хуралдаж, нийт 139 тогтоол гаргахын зэрэгцээ шаардлагатай дүрэм, журам, зөвлөмжүүдийг шинэчлэн боловсруулж батлан мөрдүүлжээ. Мөн намын гишүүд, дэмжигч нараас ирүүлсэн нийт 90 өргөдөл гомдлыг судлан үзэж, хариу өгөх, дүгнэлт гаргах зэргээр шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

15:36, 2025-11-15

Г.Занданшатар: “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, ирэх таван жилд хэрэгжүүлэх ““Шинэ итгэл – Эрс шинэтгэл” хөтөлбөрөө танилцууллаа. 

Тэрээр “Эх орныхоо өнцөг булан бүрээс 317 мянган гишүүдээ төлөөлөн улсынхаа, намынхаа ирээдүйн төлөөх сэтгэл итгэл, хүсэл эрмэлзлийг нь тээж ирсэн эрхэм хүндэт Төлөөлөгчид та бүхэндээ гүн талархал илэрхийлж баяр хүргэе. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, хөгжлийн хөдөлгөгч хүч, тулах багана болсон улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 39-р Их хурлын мэндийг өргөн дэвшүүлье. Ази тивийн анхны улс төрийн хүчин — Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, хөгжүүлэн бэхжүүлсэн, Монгол төр, Монгол улсыг цогцлоон байгуулсан үе үеийн эх орончид, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн эрэлхэг баатрууд, хөгжлийн их бүтээн байгуулалтын эзэд өвөг дээдсийнхээ алдар гавьяаг алдаршуулж, гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсъя. Улс төрийн ууган хүчнийг бүх цаг үед манлайлан удирдаж, Монгол Улсыг урагшлуулан хөгжүүлэх нэн хариуцлагыг үүрч ирсэн үе үеийн Манай намын дарга нар, удирдлагууд, идэвхтэн сонгуультан, намын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Монгол Ардын намын гишүүд, эрхэм төлөөлөгчид та бүхэн МАН-ын нэр хүнд, нандин чанар, үйл хэргийг тээгчид, хамгаалагчид төдийгүй шинэ ялалт руу манлайлагчид юм. МАН-ын тулгуур нь та нар, МАН-ын туг нь ч та нар юм. Ийм ч учраас та бид өнөөдөр бид намынхаа ирээдүйн ялалтын төлөө Монгол Улсынхаа ирээдүйд хүлээж буй түүхэн хариуцлагын өмнө хамтдаа хуран цуглараад бна. Энэ бол таны, миний, бидний хамтын үүрэг. Энэ бол хамтын тангараг юм. Шударга ёс, эрх чөлөө, эв санааны нэгдэл гэсэн намын үзэл санааны зарчмыг удирдлага болгон ажилласнаар манай Засгийн газар богино хугацаанд түүхэн амжилтуудыг бүтээж байгааг эрхэм журмын нөхөддөө бахархалтайгаар мэдээлэхэд таатай байна. Зарим бодит үр дүнг та бүхэндээ тайлагнан илтгэе. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ огцом унаж, экспорт хумигдаж, төсвийн орлого тасарч, валютын нөөц багасч, төгрөгийн ханш сулран, инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт 2.4 хувьд хүрч саарсан — эдийн засгийн бодит эрсдэлтэй үнэнтэй нүүр тулсан. Иймд ЗГ байгуулагдсан өдрөө л эргэлзэж тээнэглзэлгүй шуурхай шийдвэр гаргасан, 2025 оны төсвийн үрэлгэн зардлыг танаж, төсвийн зарлагыг түүхэндээ анх удаа 2.2 их наядаар бууруулах “Хэмнэлтийн тодотгол” ын хуулийг өргөн барьж батлуулсан . Энэ бол зүгээр нэг тоо биш, төр өөртөө хатуу шаардлага тавьсан бодит үйлдэл байлаа. Хэрэв тодотгол хийгээгүй бол инфляц 15 хувь хүрэх, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасалдах, төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.долларт хүрэх бодит эрсдэл нүүрлэсэн байлаа. Энэ бүхэн нь эдийн засгийг хямрал руу хөтөлж ядууралд нэрвэгдэх, ажлын байр бизнес хумигдах бодит эрсдлийг нөхцөлдүүлж байлаа Тиймээс шинэ Засгийн газар энэ хүнд сорилтыг даван туулахдаа ачааны хүндийг ард түмэн, аж ахуйн нэгжид үүрүүлэх бус, төр өөрөө бүсээ чангалсан. Үр дүнд нь үнийн өсөлт саарч, инфляц тогтворжиж, эдийн засгийн өсөлт 2.4 хувиас 5.6 хувь болж, бараг хоёр дахин нэмэгдлээ. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоож, ердөө гурван сарын дотор олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт богино хугацаанд сэргэж, орлого, ашиг бодитоор нэмэгдлээ. Үр дүнд нь нийт экспорт даган сэргэж, валютын нөөц түүхэн дээд түвшин буюу 5.9 тэрбум ам.долларт хүрлээ. Монголбанкнаас Хятадын ардын банкинд төлөх өр төлбөрийг 845 сая ам.доллароор бууруулж, жил бүр гадагш урсаж байсан 35 сая ам.долларын урсгалыг зогсоож, гадаад өрийн дарамт багаслаа. Баялгийн өгөөж ард түмэндээ бүрэн очиход хаана, хэрхэн замхарч байсан, баялаг монгол хүндээ хүрэхэд тээг болж байсан бодлого, зохион байгуулалтын алдаа, саадыг шат дараатай арилгаж эхэллээ. Төрийн данхар бүтцийг цомхотгон, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг тоо, чанараар нь хэмнэж эхэллээ. Яамдын газар, хэлтсийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр бууруулж, зөвхөн 16 яаманд 168 орон тоо цомхотгов. Уялдаа холбоогүй 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар данхайсан бүтэц агшиж, үргүй зардал хумьж, төрийн алба илүү чадварлаг, бүтээмжтэй болох бодит өөрчлөлтийг эхлүүллээ. Төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлж, баруун бүсийн эрчим хүчний 9 компанийг 4 болгон нэгтгэж, хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиар бууруулан, бизнесийг боож байсан 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болголоо. Оюу толгой ордоос Монголын ард түмэнд очих өгөөжийг бодитоор нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээр бодит үр дүнтэй үргэлжилж байна. Эхний байдлаар зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах урьдчилсан тохиролцоонд хүрлээ. Дараагийн алхам бол “Оюутолгой”-н гүйцэтгэх захирлыг Монголын тал санал болгодог, монгол иргэн удирддаг шинэ зарчмыг тогтоох болно. Монголын баялаг бол Монголын ард түмний өмч. Бид энэ зарчмыг хэлэлцээрээрээ, хууль тогтоолоороо, бодит үр дүнгээрээ баталгаажуулна. Төрийн өмчит компаниудын засаглалыг шинэчилж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ий байгуулсан гэрээнүүдийг ил болгож, удирдлагын багийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгож, олон улсын аудит орууллаа. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, Эрчим хүчний 11 компани, МИАТ, Төрийн банк зэрэг аж ахуйн нэгжүүдийн 10–66 хувийг биржээр арилжаалах ажлыг эхлүүллээ. Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилгыг үг биш бодит үр дүнгээр нотолж, Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрдөө буцаан авч, өгөөжийг нь өргөн олонд хүртээх ажлыг эхлүүллээ. “Оюут” ордоос илэрсэн 357 сая тонн зэсийн нөөц Эрдэнэт үйлдвэрийг ирэх зуун дамнан ажиллах боломжийг бүрдүүлж, Зэс хайлуулах үйлдвэрийн ажлыг эхлүүлж байна. Бэрхшээл нэгэн зэрэг арилдаггүй. Гэвч эхний 4 сар хагасын дотор эрсдэлийг даваад зогсохгүй эдийн засгаа бодитоор сэргээж, чадлаа. Монгол Улсын эдийн засагт хийсэн эдгээр өөрчлөлт, шинэчлэлийг дэлхий үнэлж байна. Олон улсын тэргүүлэх зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Монгол Улсын эдийн засгийн чадавх, нэр хүндийг түүхэндээ хамгийн өндөр түвшинд үнэлж, зээлжих зэрэглэлийг дээдэх ангилал руу нь ахиуллаа. Ингэснээр Монгол Улс 13 жилийн өмнө түр хугацаанд хүрээд буусан тэр түвшиндээ дахин хүрч чадлаа. Бид “өрийн өндөр эрсдэлтэй улс ангиллаас өрийн эрсдэл багатай, илүү найдвартай эдийн засагтай улс гэсэн” ангилал руу шилжив. Энэ бол зүгээр нэг тоо биш. Энэ бол Монголын эдийн засгийн нэр хүндийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргэлт, Монголын иргэн бүрийн боломж юм. Өнөөдөр дэлхий дахинд геополитикийн зөрчил мөргөлдөөн хурцадсан, түүхий эдийн үнэ унасан, шатахууны хангамж тасалдсан, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, дотоодод багш, эмч нар цалингаа нэмэхийг шаардаж жагсаал цуглаантай ийм хүнд цаг үед 4-хөн сар ажиллаж буй Засгийн газар бүхий л боломж, нөөцөө дайчлан ажиллаж бүхнийг зохицуулж даван туулж чадлаа.

Ард түмнийхээ татварын ачааллыг хөнгөлөх, данхар төрийн оролцоог бууруулах, багш, эмч нарынхаа цалинг түүхэн өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх ХҮН ЧАНАРТАЙ 2026 оны төсвийг баталлаа.

Эрүүл мэнд - Монгол хүний амь нас, эрүүл мэнд нэгдүгээрт. 2026 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 75 хувиар нэмнэ. Энэ бол салбарын түүхэнд байгаагүй өсөлт. Эмчилгээ, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн хүртээмжийг 5 дахин нэмэгдүүлнэ. Үр дүнд нь 3 жилийн дотор нас баралтаас аврагдах боломжтой монгол хүний тоо 40 хувиар өснө.

Боловсрол - Багшийн цалин 2026 оны эцэст 2.8 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болно. 2025 онд 225 айлын орон сууц, 2026 онд 1000 багшийн орон сууц шийдэх хөтөлбөр эхлүүллээ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 2026 онд 5 дахин нэмэгдүүлнэ. Энэ бол багшийн цалинг анх удаа 75 хувиар нэмсэн, хот хөдөөгийн тэгш боломжийг нэмэгдүүлсэн түүхэн шинэтгэл.

Тэтгэвэр - Ахмадуудын тэтгэвэр инфляцад идэгдэх учиргүй. Тэдний амьдрал тооцооллын алдаанд бус, төрийн бодлогын баталгаанд байх ёстой. Тиймээс бид 2026 онд тэтгэврийг нэмнэ. 538 мянган ахмад тэтгэврийн бодит өсөлт өгөөж хүртэнэ. Тэтгэврийн дундаж хэмжээ 923 мянган төгрөг болно.

Татвар - Бид ард иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж, татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр хөнгөлөх эрс шинэчлэлийг эхлүүллээ. 2026 оноос эхний бодит алхам хийнэ. НӨАТ-ын буцаан олголт 10-р сараас 2-иас 5 хувь болно. Монголчуудын 80 хувь буюу 10 хүн тутмын 8 нь 2.5 дахин их буцаан авна.

 Өмнөх 30-р Их хурлаар Та бид 100 жилийн ойгоо дүгнээд ирэх шинэ зууны бодлогоо тов тодорхой тунхагласан. МАН шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолын хувьсгал хийж, аюулгүй байдлаа баталгаажуулсан Монгол улс болгох түүхэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ бол бидний нийтлэг үнэт зүйл, стратегийн зорилт гэж зарлан тунхагласан. Гэвч өнөөдөр бодит үнэн бидний өмнө хатуугаар зогсож байна. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол туйлын эмзэг болсон байна. Тиймээс би өнөөдөр энэ индрээс Монголын ард түмэн, МАН-ын нийт гишүүд, Их хурлын хүндэт төлөөлөгчдөдөө хандан уриалж байна. Ард түмний итгэлийг сэргээх “ШИНЭ ИТГЭЛ”-ийг хамтдаа бий болгоё! Монголын хөгжлийн бүх салбарт эргэлт гаргах “ЭРС ШИНЭТГЭЛ”-ийг бодитоор хэрэгжүүлье! Ирэх таван жилд эдийн засгийн бүтцийг өөрчилж, өсөлтөө тогтвортой хадгалж, үр өгөөжийг өрх бүрийн амьдралд хүргэх “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг манай Засгийн газар дэвшүүлэн ажиллаж байна. Хүний хөгжлийг тэргүүнд тавьж хүртээмжтэй өгөөжтэй үр дүнтэй засаглал эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Энэ бодлогын хүрээнд дараах бодлогын 8 шинэтгэлийг хэрэгжүүлнэ.

• “Хүний хөгжлийн шинэтгэл”

• “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйлийн шинэтгэл”

• “Эдийн засгийн бүтцийн шинэтгэл” • “Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл”

• “Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл”

• “Бүсийн хөгжлийн шинэтгэл”

• “Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл”

• “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун шинэтгэл” Монголын ирээдүйг баталгаажуулах суурь реформ одоо эхэлж байна.

Энэ бодлого бол Засгийн газрын бодлого төдийгүй, МАН-ын шинэ үеийн үнэт зүйл юм. Энэ бүхэн бол зүгээр нэг чиглэл бус, Монголын хөгжлийн шинэ үеийн хөдөлгүүр юм. Шинэ итгэл Эрс шинэтгэл бол монгол хүний хүсэл эрмэлзлийг шингээсэн, Монгол улсаа сэргээн мандуулж хүчирхэг гүрэн болгох Монголын мөрөөдөл юм.

МОНГОЛЫН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ГУРВАН ТОМ АЛХАМ ХИЙХ ЁСТОЙ. АЛХАМ

1: ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ – ХАРААТ БУС МОНГОЛ Хийх хамгийн эхний алхам бол эхэлснээ дуусгаж, эдийн засгийн тусгаар тогтнолыг бүрэн хангах явдал.

Шатахууны хараат байдлаас бүрэн гарна: Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орсноор Монгол Улс шатахуунаа өөрөө үйлдвэрлэдэг болно. Ингэснээр жил бүр гадагш урсаж буй 1 тэрбум ам.доллар дотооддоо үлдэнэ. Энэ бол зөвхөн эдийн засаг бус тусгаар тогтнолын баталгаа.

2. Эрчим хүчний хараат байдлыг арилгана: Тавантолгой, Багануурын ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг том төслүүдийг дуусгаснаар “айлаас гэрэл гуйдаг” үе түүх болно.

3. Аж үйлдвэржилтийн шинэтгэл хийж ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг 2 дахин бууруулна. Тээвэр, логистикийн шинэчлэл — экспортыг 40 хувиар өсгөнө. Зэс хайлуулах үйлдвэрийг эхлүүлж бна Гангийн үйлдвэр гацаанаас гарч эхэлж бна Эдгээр гурван багана бол эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс. Хүний хөгжил, баялгийн шударга хуваарилалт гээд бүх бодлогын суурь нь эдгээрт тулгуурлана.

 АЛХАМ 2: БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ — ШУДАРГА ХУВААРИЛАЛТ Баялаг Монголынх бол Монголын ард түмнийх. Энэ зарчмыг бодитоор хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бид бүрдүүлнэ.

1. Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг дахин тогтооно: Төгрөг нуур, Төмөртэйн овоо ордуудыг төрдөө буцаан авсан. Цаашид уран, зэсийн шинэ ордуудыг шударга, ил тод нөхцөлөөр эдийн засгийн эргэлтэд оруулна. 

2. Иргэн бүр баялгийн хөрөнгийн эзэн болно: Иргэн бүр хувьцаа эзэмших, баялгийн өгөөжийг хүртэх шинэ зарчмыг хэрэгжүүлнэ. Баялгийн өгөөж иргэндээ бодитоор очдог тогтолцоо бүрдэнэ.

3. Оюутолгой — Монголын үр өгөөжийг нэмэгдүүлнэ: Зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулж, Монголын талын бодитоор хүртэх үр өгөөжийг 53 хувьд хүргэнэ.

4. Боловсруулах үйлдвэрлэл — үнэ цэн бүтээж хөгжих шинэ үе: Монгол Улс түүхий эдийн орон байхаа больж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс болно. Катодын зэс, дизель, бензин, кокс, баяжуулсан нүүрс зэрэг үйлдвэрүүд газар доорх баялгийг газар дээрх бодит баялаг болгож, өндөр орлого, олон ажлын байр бий болгоно.

АЛХАМ 3: ХҮНИЙ ХӨГЖИЛ — ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТЭЛЖ, АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХ Эдийн засгийн үр өгөөж эцэстээ Монгол хүнд очих ёстой. Дундаж давхарга хүчтэй бол Монгол Улс хүчтэй болно. Нийгмийн салбарын түүхэн хөрөнгө оруулалт (2026 он): Эрүүл мэндийн салбарт 1.3 их наяд төгрөг, боловсролын салбарт 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ бол зардал биш, ирээдүйн Монголд хийж буй түүхэн хөрөнгө оруулалт юм.

2. Дундаж давхаргын гол төлөөлөл болох багш, эмч нарыг бодитоор дэмжинэ: 2026 онд багш нарын цалинг 2.8 сая төгрөгт хүргэнэ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулна.

3. Орон сууц — Монгол хүн бүрийн боломж: Орон сууцны банк байгуулж, ипотекийн шинэ тогтолцоог нэвтрүүлэн, утаа, түгжрэлийг бууруулсан шинэ хорооллуудыг босгоно.

4. Бүсчилсэн хөгжил — төвлөрлийг сааруулна: Аймаг, сум өөрийн хөгжлөө өөрөө төлөвлөж, өөрөө санхүүжүүлэх эрх бүхий болох замыг нээнэ. Орон нутагт ажлын байр, үйлдвэрлэл бий болгох бодит суурь нөхцөлийг бүрдүүлнэ. Монголынхоо төлөө хамтдаа зүтгэж ард түмэндээ шинэ итгэлийг би болгож Эрс шинэтгэлийг эхлүүлж Эх орноо хөгжүүлье Монголын төлөө — Монгол хүний төлөө — Монгол улсын төлөө Ардын нам ард түмэнтэйгээ хамтдаа!

15:19, 2025-11-15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ. Тус илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээнд "Эрхэм хүндэт Монгол Ардын намын гишүүд ээ, МАН-ын 31 дүгээр Их хурлын эрхэм төлөөлөгч, журмын нөхөд та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Ардын нам бол XX зуунд харийн дарлалаас ард түмнээ чөлөөлж, туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулж, Бүгд Найрамдах засаглалаа тунхаглан зарлаж, улс орныхоо аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүн ардаа соён гэгээрүүлж, НҮБ-ын гишүүн орон болгосон улс төрийн ууган хүчин билээ. Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм. Монгол Ардын нам өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйл, дүрэм журамтай, ахмад-дунд-залуу үеийн алтан хэлхээн дээр оршин байж улс орныхоо өмнө тулгарсан бүхий л сорилтыг оновчтой бодлого зөв шийдвэрээр даван туулж, улс орон ард түмнийхээ хөгжил дэвшлийг манлайлан удирдаж ирсэн бахдам түүхтэй. Тиймээс ард түмэн Монгол Ардын намд өндөр итгэл хариуцлага хүлээлгэж, ард түмнийхээ аж амьдрал, улс орныхоо хувь заяа, хөгжил дэвшлийг хариуцуулсаар ирсэн билээ. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойр байх тусмаа хүчирхэгжин бэхжиж, алсрах тусмаа уруудан бөхдөг жамтайг та бүхэн огт мартах учиргүй. Шударга ёс тогтсон нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйтэй итгэлтэй сэтгэл хангалуун амьдардаг жамтай. Ийм нийгмийг бүрдүүлэхийг Монголын ард түмэн хүсэмжилж, шахан шаардаж байна. Иймээс аливаа улс төрийн хүчин төр улсдаа хүчин зүтгэж буй хүн бүхэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төр түмнийхээ төлөө үнэнч шударгаар хүчин зүтгэх учиртайг цохон тэмдэглэж байна. Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн геополитик, геостратегийн зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд ч улс орны эдийн засаг, улс орны амьдралд хүндээр тусаж байна. Энэхүү эгзэгтэй цаг үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал үнэт зүйл бол үндэсний эв нэгдэл юм. Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан билээ. Энэ билэг сургаалийг ямагт санаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь монголчууд бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно. Иймд ууган хүчин МАН хуулийг дээдэлж, улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн ард түмний итгэл найдварыг дааж, алдаа оноогоо засаж, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монголын өнцөг булан бүрээс ирсэн эрхэм хүндэт төлөөлөгч та бүхний хэлэлцэж буй асуудал, гаргасан шийдвэрийг монголчууд чих тавин хүлээж, дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж буйг онцлохыг хүсэж байна. Тиймээс Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улс эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэл дүүрэн байна. Цаашид төр засгийн бодлогод шударга ёсыг эрхэмлэж, улс орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээхэд чиглэх учиртай. Үүнд улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам онцгой анхаарч, манлайлан ажиллах ёстой. Монголчууд бид нэг Монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, эвээ зангидан улсынхаа төлөө хүчээ нэгтгэн ажиллах ёстой. Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Их хурлын төлөөлөгч, эрхэм журмын нөхөддөө аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай" хэмээжээ.

14:32, 2025-11-15

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын Намын олон удаагийн сонгуулийн ялалтад онцгой үүрэгтэй ажиллаж, Монгол Ардын Намаас нэр дэвшигчдээ ялуулахад мэдлэг чадвар, улс төрийн туршлагаараа манлайлан оролцож, ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭСЭН НАМЫН АНХАН БОЛОН ДУНД ШАТНЫ ГИШҮҮДДЭЭ гүн талархал дэвшүүлье. Та бүхний хичээл зүтгэлийг дааж, иргэд сонгогчдын итгэлийг авч сонгогдсон нөхөд маань үүнийг мартах ёсгүй.  Монгол Ардын Нам уламжлалт ойлголтын “нам” биш, харин үр дүнд суурилсан, нээлттэй, оролцоотой, тэгш боломжийг хангаж чаддаг, технологид тулгуурласан шинэ цагийн нам байх шаардлагатай. Үүний тулд дараах 8 зорилгыг дэвшүүллээ.  

МАН илүү бодитой, үр дүнд суурилсан бодлогоор ажиллах ёстой. Үүний тулд намын удирдах зөвлөл болон түүний ажлын алба анхан шатны байгууллагын санаа бодлыг тогтмол сонсож, ойлгож, хамтран ажилладаг орчин үеийн улс төрийн соёлыг бүрэн төлөвшүүлэх шаардлагатай.  

2. Намын бага хурал, удирдах дээд байгууллагад анхан шатны төлөөллөөс сонгон оруулж ажиллуулах ёстой. Намын удирдлага зохион байгуулалтад дарга төвтэй тогтолцоог халж, мерит зарчмыг хэрэгжүүлж, шат шатны гишүүдийн үзэл бодол, дуу хоолойг тогтмол тусгах, бодит оролцоог хангах нь бүх гишүүдийнхээ хүлээлтэд нийцсэн, шударга тогтолцоо бүрдүүлэх үндэс юм.  

3. Бүх шатны намын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг 40%-иас доошгүй болгон бодитой нэмэгдүүлэх шаардлагатай. Намынхаа шат шатны улс төрийн үйл ажиллагаа, ээлжит бүх сонгуульд идэвхтэй оролцдог, намын нэр хүнд, улс орны хөгжил дэвшилд томоохон үүрэг гүйцэтгэдэг намын гишүүдийн төлөөлөл бол эмэгтэйчүүд байдаг гэдгийг онцлон хэлье.  

4. Залуус, эмэгтэйчүүд болон нийгмийн олон бүлгүүдийг улс төрд системтэй бэлтгэх институцийг дахин байгуулах ёстой. Улс төрийн боловсрол, эдийн засаг, технологийн мэдлэгийг хослуулсан шинэ үеийн улс төрчдийг бэлтгэх институт зайлшгүй хэрэгтэй болж байгааг анхаарч ажиллах ёстой.  

5. Намын удирдах тогтолцоонд мерит зарчмыг бүрэн нэвтрүүлэх ёстой. Томилгоо, үнэлгээ, шийдвэр гаргалт үзэмж бус, гүйцэтгэл үр дүнд тулгуурлах ёстой. Мөн намын жагсаалтад нэр дэвшигчдийг тодруулахдаа цахим системээр гишүүдийн олонхийн саналаар тодруулдаг байх нь шударга зарчимд нийцнэ.  

6. Судалгаанд тулгуурласан бодлого, мэтгэлцээний соёлтой нам болох зорилтоо орхигдуулж болохгүй. Цаашид Тинк Танк байгууллагын чиглэлийг төрөлжүүлж, тоог нь нэмэгдүүлж, нам дотор хөгжлийн бодлого хэлэлцдэг, мэтгэлцдэг орчин үеийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.  

7. Хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлж, намыг жинхэнэ мэргэжлийн институц болгох учиртай. Аймаг, нийслэл, дүүргийн бага хурлын гишүүд анхан шатны байгууллагатайгаа тогтмол холбоотой байж, тэдний саналыг шийдвэр гаргалтад тусгаж ажиллах зарчмыг баримтлах ёстой.  

8. Сонгуулийн ялалт – судалгаа, тооцоо, төлөвлөгөөнд тулгуурлах ёстой. Бид олон ялалтуудыг үргэлж судалгаа, туршлага, төлөвлөгөөтэй хослуулан хийж ирсэн. Ирэх сонгуулиудыг ч тооцоотой, нийгмийн хүлээлт, бодит судалгааны үр дүнд тулгуурлан хийх ёстой.

13:53, 2025-11-15

ЕНБД Я.Содбаатар: МАН-ын даргыг өнөөдөр сонгоно

Монгол Ардын намын XXXI Их хурал үргэлжилж байна. ЕНБД Я.Содбаатар сэтгүүлчдэд хандан мэдээлэл өгч байна. 

Гэрэл зургийг MPA.mn
13:28, 2025-11-15

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2025.11.15/ үргэлжилж байна. Түүхэндээ хамгийн олон буюу 2247 төлөөлөгч оролцож байгаа тус Их хурлын эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын Нам тайлан, илтгэл” тавилаа. Дараа нь Монгол Ардын Намын дарга асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэрбээр, “Та бид хамтдаа 2024 оны УИХ-ын сонгуульд бүсчилж томгосон тойрог, холимог тогтолцоогоор өрсөлдөж, 126 гишүүнтэй анхны парламентад олонхийн суудал авч, тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болсон 100 жилийн түүхтэй Монгол Ардын Намаа нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар хамтдаа түүчээлж чадлаа. Энэ нь 2024 онд дэлхийн 70 гаруй улсад улс төрийн сонгууль болсноос ардчилсан тогтолцоотой улсад эрх баригч нам ялалт байгуулсан цорын ганц тохиолдол бол Монгол Ардын Намын ялалт байсан. Тийм учраас 2024 оны сонгууль олон улсад туйлын өрсөлдөөн өндөр болсны тод илэрхийлэл юм. Мөн орон нутгийн 14 аймагт ялалт байгуулж, нийслэл Улаанбаатар хотод үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ ялалт бол ард түмний сонголт бөгөөд намын 30 дугаар их хурлаас сонгогдсон намын удирдлага, бага хурал, Удирдах зөвлөл, намын анхан шатны байгууллагын бодит үр, намын Их хурлаас дэвшүүлсэн хэрэгжүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэн ард түмний итгэл юм” хэмээн онцлов. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 21 жилийн хугацаанд талцан маргасан Гашуунсухайт-Ганц модны төмөр замын боомтын хил холболтын асуудал эцэслэн шийдвэрлэж, 1964 оноос хойш судалгааг нь эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээ эцэслэн батлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэлж, 1997 онд анхны судалгаа нь хийгдсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийг УИХ-аар батлуулан хэлэлцүүлж, гурав дахь хөрш оронтой “Оюутолгой”-н төслөөс хойш байгуулсан хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж чадсан билээ. Боомтын сэргэлтийн хүрээнд Замын Үүд-Боомтын хүчин чадал дөрөв дахин, Гашуунсухайт боомтын хүчин чадал хоёр дахин, Алтанбулаг боомтын хүчин чадал дөрөв дахин, Сүхбаатар-Боршоо боомтын хүчин чадал 3.5 дахин нэмэгдсэнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээндээ дурдлаа. Тэрбээр “Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой. Тийм ч учраас Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой. Монгол Ардын Нам эв нэгдлээ олж, цааш цаашдын сорилтыг даван туулж чадна гэдэгт миний хувьд итгэл төгс байна. Цаг хугацаа өнгөрөх тусах бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол тодорч чадна гэдэгт би итгэдэг. Ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Шинэ намын дарга намын түүхт 31 дүгээр Их хурлаас сонгогдох удирдлагын баг Монгол Ардын намаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ажиллахын ерөөл дэвшүүлье. Би бүх талаар дэмжиж ажиллах болно” хэмээв.

12:54, 2025-11-15

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Тус хуралд “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын нам” тайлан илтгэлийг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа. 

Илтгэлдээ Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Ардын намын үйл хэрэг ямагт хамт явж ирсэн гэдгийг онцлон тодотгож, цаашид Монгол Ардын нам ойрын жилүүдэд дараах гурван бодлогод онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа мэдэгдлээ. Нэгдүгээрт, “Хүмүүн капитал хөгжлийн үндэс” бодлого. Тодруулбал, Монгол хүн эндэгдэлгүй төрж, эрүүл өсөж, чанартай боловсролтой, дэлхийд өрсөлдөхүйц дээд боловсролыг дотоод, гадаадад эзэмшиж, хөдөлмөрийн зах зээл дээр өндрөөр үнэлэгдэх ажил, мэргэжилтэй болж чанартай, аз жаргалтай амьдрах ёстой гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Эх орныхоо өнцөг булан бүрд амьдран суугаа Монголын ард түмэн зөвхөн амьд явах эрхтэй бус сэтгэл хангалуун ирээдүйдээ итгэлтэй сурч, хөдөлмөрлөх, ажиллаж амьдрах эрхтэй. Монгол төрийн бодлогын цөм Монгол хүн, Монгол айл өрх байх ёстой гэж манай нам үзэж ирсэн. Монгол Улсын хөгжил дэвшлийн үндэс нь эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй, ажил орлоготой, өрсөлдөх чадвартай Монгол хүн байна. Монгол Ардын нам зүүн төвийн социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна. Манай нам нийгмийн чинээлэг, дундаж давхаргыг нийт хүн амын дийлэнх олонх болгох зорилт дэвшүүлж ирсэн. Энэ зорилт цаашдаа өргөжин дэвшиж, хөгжих ёстой” хэмээлээ. Хоёрдугаарт, “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх” бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Энэ тухайд тэрбээр Монгол Улсын хөгжлийн гарц үйлдвэржилт бөгөөд аж үйлдвэржсэн улс гадаад улс орноос хараат бус байж эдийн засгийн аюулгүй байдлаа ханган хэрэгжүүлэх боломж бүрддэг. Тиймээс аж үйлдвэр хөгжиж байгаа улс оронд ажлын байр бий болж, шинэ техник техонологи нэвтэрч, үндэсний бүтээмж сайжирдаг гэдгийг онцоллоо. Гуравдугаарт, “Хиймэл оюун ухаан-дижилтал шилжилт, хөгжлийн ирээдүй” бодлогыг танилцуулав. Ойрын ирээдүйд хиймэл оюун ухааны дэвшил эрс өөрчлөлтийг авч ирж, эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөх нь гарцаагүй тул өртөг шингэсэн үйлдвэрлэлийн сүлжээнд ач холбогдол бүхий байр суурь өгөх нь улс орнуудын чухал зорилт болон дэвшигдэж буйг дурдав. Тэрбээр “Бодлогын шийдлийн төвд хүний эрх, шударга ёс, хүртээмж, ил тод байдлын шийдэл байх ёстойг дурдлаа. Мөн боловсрол, эрүүл мэнд, байгаль хамгаалал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбарт хиймэл оюун ухааныг ухаалгаар нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлж, судалгаа хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Ингэснээр төрийн үйлчилгээ илүү чанартай, илүү хүртээмжтэй, илүү үр дүнтэй болно” хэмээн онцлов.

12:28, 2025-11-15

Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын Намын үндсэн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5.9 дэх заалтыг үндэслэн Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын Мандатын комиссын гишүүдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгож баталлаа.

Комиссын даргаар: Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар,

Нарийн бичгийн даргаар: Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Баттүшиг,

гишүүдээр: Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан,Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга М.Цэнд-Аюуш нар сонгогдлоо.

12:19, 2025-11-15

Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын Мандатын комиссын дарга, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа. 

Монгол Ардын Нам өнөөдрийн байдлаар 314.961 гишүүнтэй бөгөөд энэ удаагийн Их хуралд сонгогдсон нэг төлөөлөгч намын 140 гишүүнийг төлөөлж байгаа юм. Монгол Улсын засаг захиргааны 2212 нэгжид Монгол Ардын Намын 2810 анхан, дунд шатны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 338 сум, тосгон, нийслэлийн 204 хорооны намын хороо, 21 аймгийн төвийн сумын намын үүрүүд тус бүрээс нэг эрэгтэй, нэг эмэгтэй төлөөлөгч сонгогдон иржээ. 

Нийт төлөөлөгчдийн 57.9 хувь нь анх удаа Их хуралд сонгогдон оролцож байгаа бол 17.4 хувь нь хоёр, 10.1 хувь нь гурав, 6.7 хувь нь дөрөв, 4.9 хувь нь тав дахь удаагаа сонгогдсон байна. Их хурлын төлөөлөгчдийн 916 буюу 40.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаагаараа онцлогтой. 104 жилийн түүхэнд хамгийн олон төлөөлөгчтэй, тэр дундаа хамгийн олон эмэгтэй төлөөлөлтэй Их хурал болж байна. Их хурлын төлөөлөгчдийн насны ангиллыг авч үзвэл 292 буюу 13 хувь нь 21-35, 914 буюу 40.7 хувь нь 36-45, 794 буюу 35.3 хувь нь 46-60, 247 буюу 11 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа нь намын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл бүрэн хангагдсаны илэрхийлэл бөгөөд нийт төлөөлөгчдийн дундаж нас 46 байгаа юм.

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн ахмад нь Монгол Ардын Намын дарга асан 100 насыг зооглож байгаа Гомбожавын Очирбат, Монгол Улсын гавьяат багш, 85 настай Доржийн Амар нар байгаа бол хамгийн залуу төлөөлөгч Дорноговь аймгийн СДМОХ-ны тэргүүн 21 настай Батсүхийн Билгүүн байна.

12:12, 2025-11-15

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаа

Гэрэл зургийг MPA.mn

“Эв нэгдэл-шийдэл-хөгжил ” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэлсэн Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын үйл ажиллагааг Монгол Ардын Намын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар нээж, төлөөлөгчдөд хурлын дарга, тэргүүлэгчдийг танилцуулж батлууллаа. 

Монгол Ардын Намын Үндсэн дүрмийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг үндэслэн 31 дүгээр Их хурлын даргалагчаар Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал, орлогч даргаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анаргуль, Хэнтий аймгийн Биндэр сумын намын хорооны дарга, Засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан, Сүхбаатар аймгийн Халзан сумын ИТХ-ын төлөөлөгч, Монгол Улсын гавьяат малчин Ж.Мөнхсүрэн, Социал демократ ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, Нийслэлийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нарыг сонгож, баталлаа.

#онцолсон, #live, #livetext, #Монгол Ардын намын XXXI Их хурал,