УИХ

Л.ХАЛТАР: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явц 36 хувийн гүйцэтгэлтэй байна

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.10.08/ үдээс хойших нэгдсэн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас уул уурхайн салбарт нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож танилцлаа.

Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу гишүүний асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Сайдын танилцуулгыг товчлон толилуулж байна.

Харин Тяньжин, Эрээний боомтын ачааны тухайд Тяньжин боомтоос Замын-Үүдээр 2021 оны зургадугаар сарын 09-ээс хойш импортын 154 галт тэрэг, 8926 чингэлэг орж ирсэн. Бусад өртөөдөөс нийт 31 галт тэрэг, 1953 чингэлэг ирсэн. Нийтдээ 120 хоногт 185 галт тэрэг, 10879 чингэлэг орж ирээд байна.

Тяньжин боомт дээр энэ сарын эхний 7 хоногт 9 галт тэрэг, 530 чингэлэг ачигдсан. Өнөөдрийн байдлаарТяньжин боомт дээр Монгол Улсын импортын ачаатай 4400 чингэлэг зогсож байна. Эрээн өртөөнд 2021 оны зургадугаар сараас хойш нийт 2243 вагон ачигдсан байна гэсэн мэдээлэл өглөө.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ш.Адъшаа, Т.Доржханд, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Н.Ганибал, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг, Х.Булгантуяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Т.Аубакир, М.Оюунчимэг, Ж.Батсуурь нар Зам, тээврийн хөгжлийн сайд тэргүүтэй ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Гашуунсухайт, Цагаан хаданд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, халдварын тархалт идэвжсэн учраас шинжилгээний цэгийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Гол нь шинжилгээний арга, тоног төхөөрөмж адил атлаа манай талд шинжилгээ өгөхөд сөрөг гарсан атлаа хятадын талд өгөхөд эерэг гардаг. Ийм асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн яаманд асуудал тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан.

Энэ чиглэлээр хоёр гол арга хэмжээ авч байгаа. Нэгд, хятадын талаас тавьсан саналын дагуу битүүмжилсэн баг буюу бөмбөлгийн системийг хэрэгжүүлж байна. Жолооч нарыг бөөнд нь байлгах их эрсдэлтэй. Тиймээс төвлөрлийг сааруулах ийм арга хэмжээ авсан. Одоогоор мэргэжлийн хяналтаас тавьсан шаардлагыг хангасан 26 бөмбөлөг үүссэн байгаа. Цагаан хаданд гаднаас оруулах, дотроос гарахаа ч цэгцлэх шаардлагын үүднээс эмнэлгийн байр түрээслээд, вирусийн шинжилгээний лабаоратори ажиллуулж эхлээд байна. Цаашдаа цагаан хадын боомтыг чанд харуул  хамгаалалттай болгож, хөдөлгөөн, дэг журмыг цэгцлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Боомтыг нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргааг шинээр байгуулсан. Цар тахлын эсрэг хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болох учраас боомтын захиргааны асуудлыг эргэж харах шаардлага үүсэх байх. Тиймээс цаашдаа хэрхэх вэ гэдэг дээр шийдлээ гаргахаар ярилцаж байна. Чингэлэг тээврийн терминал байгуулсан нь үр дүнтэй чухал арга хэмжээ болсон. Яриа хэлэлцээ явагдаад, ойрын үед эерэг үр дүн гарах байх гэж найдаж байна.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явц 36 хувийн гүйцэтгэлтэй байна. Барих-шилжүүлэх концессоор баригдаж байгаа 256 км энэ төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулна. Иймээс үүнтэй зэрэгцүүлээд төмөр замын огтолцлын цэг хаагуур байх вэ, аль талдаа шилжүүлэлт хийх вэ гэдэг асуудлаар  хоёр тал яриа хэлцэл хийж байгаа, өнөөдөр ч хэлцэл явагдаж байна гэдгийг хэллээ.

Харин нүүрс тээвэртэй холбоотойгоор маргаан шүүмж, хэл ам дагуулдаг “С” зөвшөөрлийн талаарх гишүүдийн асуултад Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон хариулахдаа, “С” зөвшөөрөл нь хил нэвтрэх зөвшөөрөл. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу жил бүр улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрлийн бичгийн тоог тохирч, тохирсон тоогоор зөвшөөрлийн бичгийг бэлтгэн харилцан солилцдог. Эдгээр зөвшөөрлийн бичгийг БНХАУ-тай хиллэдэг хилийн бүх боомтод ашигладаг.

Одоогоор нүүрс тээврийн 19 мянган машин бүртгэлтэй байдаг, даац нь хэтэрчихсэн. Уурхайнуудаас өгсөн саналын дагуу “С” зөвшөөрлийг олгодог. Зөвшөөрлийн бичгийг хяналттай болгох, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах үүднээс тээврийн нэгдсэн систем гэсэн томоохон мэдээллийн сан бүрдүүлсэн.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн дагуу олгож байгаа “С’ төрлийн зөвшөөрлийн бичгийн олголтыг татвар, нийгмийн даатгалын мэдээллийн сантай холбох ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дүнд нүүрс тээврийн компаниудын татвар төлөлт нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалттай олон автомашинтай компаниудын орлогын албан татвар төлөлтийг хугацаанд нь төлүүлж, татвар төлөлтийг харгалзан үзэж тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичгийг олгож байгаа гэлээ.

Мөн нэгдсэн хуралдаанд оролцсон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгсөн юм. Тэрбээр хариултдаа, нэгд, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын асуудлаар нэгдсэн ойлголттой явахгүй бол болохгүй. 2014 онд нарийн царигын төмөр зам барина гээд хоёр улсын дээд түвшинд тохиролцсон. Гэтэл манайхан сүүлд нь өргөн царигын төмөр зам тавьчихсан, хятадын талаас нарийн цариг тулаад ирчихсэн. Үүнээс болоод  царигын зөрүүний асуудал өнөөдөр яригдаж байна. Энэ нь 13 км зам тавих асуудал. Огтлолцох цэг Ганц мод дээр байх уу, Гашуунсухайтад уу гэдэг дээр ярилцаж байгаа.

Хоёрт, Гашуунсухайтын асуудлыг Засгийн газраас Сангийн сайдад хариуцуулсан. Цаашид Сангийн сайд энэ асуудлыг хариуцаад явна. Гашуунсухайтыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө гаргаж байж, ойрын ирээдүйд ямар түвшинд гаргах вэ гэдгээ тогтох шаардлагатай. Чингэлэг тээврийн терминал байгуулчихсан, ирэх жилээс тэнд төмөр замаар нүүрс бууна. Хамгийн ихээр тооцвол 35 сая тонн нүүрсний асуудал байгаа юм билээ. Жолоочгүй агаарын тээврийн асуудал ч яригдаж байгаа. Энэ бүх асуудлыг цогцоор нь авч үзэж, нэг мөр шийдэх шаардлага тулгарч байна гэсэн хариулт өгөв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet