COVID-19

Улсын хэмжээнд 600 орчим эмч, ажилтан шаардлагатай байна гэв

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр “Ковид-19” цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсэний дээр иргэд халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх сонирхолтой, халдвар  авсан иргэн болгоныг хэвтүүлэн эмчлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцээгүй байгаа зэргийг онцолж байлаа. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь, нийслэлийн хэмжээнд 19 хувь нь хөнгөн, хөнгөвтөр өвчтөнүүд байгаа юм. Халдварын тохиолдлыг хороодоор нь нягтлан, цаашид авах арга хэмжээг нарийвчилж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж онцлов.

Нэг хороонд  коронавирусийн 300-аас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж буй аж.  Ийм хороо нийслэлийн хэмжээнд  35 байна. Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа  хийхэд  167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Үүнээс үүдэн 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа юм байна.

Ж.ГАНТУЛГА: Цэцэрлэгийн 716, ЕБС-ийн 618 багш, сурагч коронавирусээр өвчилсөн

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг  зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж буй аж. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна. Ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115  бүлэг  зайны сургалтад шилжсэн байна. Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618  сурагч, багш халдвар авчээ. Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад “Ковид-19” цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд  илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet