БАЙГАЛЬ ОРЧИН

Канарын арлуудын галт уулын дэлбэрэлт гурван сар үргэлжилж магадгүй гэв

Испанийн Канарын арлууд дахь галт уулын дэлбэрэлт гурван сар үргэлжилж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Канарын арлуудын галт уул судлалын хүрээлэн Ла Пальма арал дээрх дэлбэрэлт ба түүний үр дагавар 84 хүртэл хоног үргэлжлэх боломжтой гэж лхагва гарагт мэдэгджээ. Өнгөрсөн ням гарагт болсон дэлбэрэлтээс хойш их хэмжээний хайлмагийн урсгал орон нутгийн 185 барилгыг залгиж, одоогоор 154 га талбайг эзэлсэн байна.

Тус хүрээлэн Канарын арлууд дахь өмнөх дэлбэрэлтүүдийн урт хугацааны тооцоог судалж үзсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэлбэрэлтүүдийн дараа галт уулын хайлмаг урсаж, газар хөдлөлтийн байнгын идэвхжил мэдрэгдсэн гэжээ. Энэ нь газар хөдлөлт, хайлмагийн урсгал, хорт хий, галт уулын үнс, хүчиллэг борооны эрсдэл одоо ч байгаа гэсэн үг юм.

Мягмар гарагийн шөнө жижиг дэлбэрэлтүүдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд энэ нь Ла Пальма галт уулнаас чулуулаг, нурам зэргийг агаарт шидэх хүчтэй гэж хүрээлэнгээс мэдээлэв. Мөн галт уулын хайлмаг арлын хүн ам шигүү суурьшсан эрэг рүү уруудсан бөгөөд арлын Онцгой байдлын албаныхан хайлсан чулуулгийг байшин барилгуудаас холдуулж, чиглэлийг өөрчлөх зорилгоор урдаа хутгууртай трактор ашигласан байна. Гэхдээ энэ нь үр дүнгээ өгөх эсэхийг мэдэхгүй гэж албаны хүмүүс хэллээ.

Мягмар гарагт Тодокко орчмоос 1,000 хүнийг нүүлгэн шилжүүлснээр нийт нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 6,000 орчим болжээ. Байшин, дэд бүтэц, тариалангийн талбайд ихээхэн хохирол учирсан боловч яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн ачаар дэлбэрэлтийн улмаас хүн амь насаа алдахаас сэргийлж чадсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Цельсийн 1,000 градусаас халуун галт уулын хайлмаг устай нийлснээр дэлбэрэлт болж, хорт хийн үүл үүсгэж болзошгүй юм. Түүнчлэн галт уул өдөр бүр 8,000-10,500 тонн хүхэрлэг хий ялгаруулдаг бөгөөд энэ нь уушгинд нөлөөлдөг гэж хүрээлэнгээс нэмж хэлэв.

Эх сурвалж: SKY

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet