ДЭЛХИЙН МЭДЭЭ

Литвийн Засгийн газар иргэддээ хятад гар утас авахгүй байхыг анхаарууллаа

Литвийн засгийн газар Хятадын гар утаснууд цензур тавих чадвартай гэдгийг тогтоосны дараа хэрэглэгчдэд хятад гар утас худалдаж авахаас зайлсхийх, байгаа утсаа хаяхыг зөвлөжээ.

Хятадын ухаалаг гар утасны “Xiaomi Corp”-ийн Европт зарж буй тэргүүлэх утаснууд “эрх чөлөөт Төвөд”, “Тайванийн тусгаар тогтнол мандтугай”, “ардчилсан хөдөлгөөн” гэх мэт хэллэгийг илрүүлэх, цензур тавих чадвартай гэж Литвийн кибер аюулгүй байдлын төрийн байгууллага мягмар гарагт мэдээлсэн байна.

Мөн Европын Холбооны бүс нутагт “Xiaomi”-ийн “Mi 10T 5G” утасны програм хангамжийг унтраасан боловч алсаас асаах боломжтой гэж тус яам мэдээлэв.

Reuters агентлаг тайлбар авахыг хүссэн боловч “Xiaomi” хариу өгөөгүй байна.

Литва болон Хятад улсуудын дипломат харилцаа сүүлийн үед муудсан. Тайвань улс Литва дахь төлөөлөгчийн газраа “Тайванийн Төлөөлөгчийн газар” гэж нэрлэсний дараа Хятад өнгөрсөн сард Бээжинд суугаа Литвийн элчин сайдыг эргүүлэн татахыг шаардаж, Вильнюс дахь дипломат төлөөлөгчөө эргүүлэн татахаа мэдэгдсэн. Хятад улс арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг учраас Европ, АНУ дахь Тайвань улсын төлөөлөгчийн газрууд улсынхаа нэрийг дурдахаас зайлсхийж, оронд нь Тайпей хотын нэрийг ашигладаг байсан юм.

Үндэсний кибер төвийн тайланд “Xiaomi” утас нь шифрлэгдсэн утасны хэрэглээний мэдээллийг Сингапур дахь сервер рүү илгээж байгааг мөн дурджээ. Мөн Хятадын “Huawei” компанийн “P40 5G” утсан дээр аюулгүй байдлын алдаа гарсан боловч өөр нэг хятад үйлдвэрлэгч “OnePlus”-ийн утас ямар ч алдаа гаргаагүй гэж мэдэгдэв.

Энэхүү тайланд “Xiaomi” утасны интернет хөтөч зэрэг системийн аппликэйшнуудын цензур тавьдаг үг хэллэгийн жагсаалтад одоогоор хятад хэлний 449 хэллэг орсон бөгөөд энэ нь байнга шинэчлэгддэг байна.

Түүнчлэн “Энэ нь зөвхөн Литвад төдийгүй “Xiaomi”-ийн тоног төхөөрөмж ашигладаг бүх оронд чухал ач холбогдолтой” гэж тус тайланд дурджээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet