ХҮҮХЭД

С.БИШРЭЛ, О.ЭГШИГЛЭНТ-ОД: “Том тоглоом” киноноос хүүхэд багачууд маань нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгоосой

Гэрэл зургийг MPA.mn

“Brosis pictures”-ийн уран бүтээлчид 2017 оноос эхлэн “Том толгойтын адал явдал” хүүхдийн киног үзэгчдийн хүртээл болгож, найман цуврал гаргахаар ханцуй шамлаад байгаа. Тэд энэхүү цувралаа үргэлжлүүлэн “Том тоглоом” киног “Мэгүүн медиа”-тай хамтран бүтээсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Уг киноны гол дүрийн жүжигчин болох С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од нартай ярилцлаа. Тэд цар тахлын улмаас киноныхоо нээлтийг нэг жилээр хойшлуулсан бөгөөд хэдхэн хоногийн дараа үзэгчдийн хүртээл болгох гэж буй учир өндөр хүлээлттэй байгаа аж.

-“Том тоглоом-Гурван эрдэнийн эрэлд” кино ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Гол дүрийн хоёр жүжигчний хувьд хэр хүлээлттэй байна вэ?

С.БИШРЭЛ: Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байгаа. Том тоглоом-Гурван эрдэнийн эрэлд кино маань өмнөх кинонуудаас хийцийн хувьд болон бусад зүйлээрээ огт өөр учир өндөр хүлээлттэй байна. Нээлтийн бэлтгэл ажлаа хангаж дууссан. Продюсерууд маань завгүй гүйгээд л байна.

Гэрэл зургийг MPA.mn

О.ЭГШИГЛЭНТ-ОД: Энэ кино бол бид хоёрын оролцон тоглосон бүрэн хэмжээний дөрөв дэх кино. Үлгэрийн сэдэвтэй гэдгээрээ өмнөх кино бүтээлүүдээс онцлог. Хүүхэд, багачууд маань энэ киног үзээд найз нөхөрлөлийн үнэ цэн, мөн чанарыг ойлгоосой гэж хүсч байгаа.

-Киноны зураг авалт хэзээнээс эхэлж, хаана хийгдсэн бэ. Хэр их хугацааг зарцуулав. Ер нь зураг авалтын адал явдлаасаа хуваалцахгүй юу?

С.БИШРЭЛ: Киноны зураг авалтыг Улаанбаатар хотод болон Өмнөговь, Хөвсгөл амагт хийсэн. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Хорьдол сарьдагт зураг авалтаа эхлүүлж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Хэрмэн цав болон Хонгорын элс, Дүнгэнээгийн хавцал, Толь хад зэрэг үзэсгэлэнт газруудад.

Ёлын аман дээр киноны нэг хэсэг болох хаднаас унадаг хэсгийн зураг авалтыг хийхэд би 3-4 метр өндрөөс үсрэх хэрэгтэй болсон. Уг нь намайг үсрэхэд доороос хүн барьж авна шүү дээ. Хэдий тийм ч гэлээ айсандаа уйлаад байж байтал нүүр будалт хийдэг эгч гар утсаар бичлэг хийсэн байна лээ. Тэр бичлэг кино багийн групп чатанд тавигдаж, инээдэм болсон. Ээж намайг “Чи ичээч. Аав нь хажууд чинь байна. Кино багийнхан байсаар байхад уйллаа” гэж зэмлэсэн.

О.ЭГШИГЛЭНТ-ОД: Миний хувьд агуйд хийсэн зураг авалт хамгийн сонирхолтой байсан. Агуй руу ороход сарьсан багваахай нисэлдэж, дуу цуурайтаад их сонирхолтой.

Гэрэл зургийг MPA.mn

С.БИШРЭЛ: Намар цаг байсан. Агуйн гүн рүү явж зураг авах гээд нэлээн цааш явтал газар нь мөстөөд дээрээ цастай байсан. Хамгийн аймшигтай зүйл нь ёроол нь харагдахгүй маш том ангал байсан. О.Эгшиглэнт-Одын араас хөөж явж байгаад мөсөн дээр унаад, нүдээ хөхрүүлсэн. Сүүлд тэр агуйгаас гарч байхдаа толгой эргээд, ухаан алдсан. Ер нь л тэр агуйд хийсэн зураг авалт их айдастай байсан.

-Уг киноноос нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгоосой гэлээ. Та хоёрын хувьд нөхөрлөл гэдэг хэр үнэ цэнтэй санагддаг вэ. Кинонд хамтарч дүр бүтээгээд багагүй хугацаа өнгөрч буй байх?

С.БИШРЭЛ: О.Эгшиглэнт-Од бид хоёр есөн жил хамтарч кинонд дүр бүтээж байна. Миний хувьд нөхөрлөл гэдэг биесээ ойлгодог, үзэл бодол гээд бүх зүйл нь таарч тохирдог хүмүүсийг хэлэх болов уу. Бид хоёр цаанаасаа л найз нөхөд байхаар заяагдсан мэт тийм л найзууд.

О.ЭГШИГЛЭНТ-ОД: Миний хувьд нэг нэгнийхээ алдаа дутагдлыг нөхөж чаддаг, ойлгодог байвал нөхөрлөл бат тогтдог шиг санагддаг. С.Бишрэл бид хоёр тийм л найзууд.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

С.БИШРЭЛ: Тун удахгүй хоёр дахь цомгийнхоо нээлтийг хийх гэж байна. Цомогт маань 11 дуу багтсан. Мөн Боловсрол телевизийн “Хүмүүн бичиг” гэх нэвтрүүлэгт оролцсон. Энэ нэвтрүүлэгт оролцсоноор миний монгол бичгийн мэдлэг нэлээн сайжирсан.

О.ЭГШИГЛЭНТ-ОД: Энэ цомогт нэг гоё дуу байгаа нь “Хөгтэй аялал” киноны дуу “Тэнэг зүрх” юм. Уг дууны үг, аяыг С.Бишрэл өөрөө зохиосон. “Карантины хүүхдүүд” киноны үгийг мөн бид хоёр зохиосон байгаа.

Гэрэл зургийг MPA.mn

-Та хоёрын мөрөөдөл юу вэ. Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?

О.ЭГШИГЛЭНТ-ОД: Ирээдүйд чадварлаг найруулагч болохыг хүсдэг. Ер нь урлагийн зам мөрөөр явах сонирхолтой. Мөрөөдлийнхөө төлөө бага багаар туршлага хуримтлуулаад л явж байна даа. Кинонд тоглосныхоо дараа бүтээсэн дүрээ хараад энэ үед ингэх байсан байна гэх мэт алдаа дутагдлаа сайн олж хардаг.

С.БИШРЭЛ: “Том толгойтын адал явдал” цувралын хамгийн эхний ангид дүр бүтээж байсан үеэ бодвол бид хоёрын ур чадвар чамгүй сайжирсан. Анх тавдугаар ангид суралцдаг, найман настай байхдаа кинонд дүр бүтээж байлаа. Цаашид жүжигчин мэргэжлээр сайн суралцаж гадаадын их дээд сургуульд хамт мэргэжил дээшлүүлэхийг хүсдэг.

May be an image of 3 people and text

1 сэтгэгдэл

  1. Дашцэрэнгийн Анужин

    2021-09-27

    Үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа киногийг чинь бүр үзмээр баына

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet