ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Оросын эсрэг 30 жилийн хүйтэн дайнаа зогсоо!

Төмөр замаас оросуудыг шахан зайлуулах гэж байна уу гэлтэй авирлах болсны дараахан ОХУ шатахуун нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн гэж уншиж байсан. Тэр нь бүр баталгаажлаа. Үнэхээр л боломжгүй гэсэн юм байна. Дэлхийн улсуудад асар их шатахуун нийлүүлдэг ОХУ манайд өгөх жаахан шатахуун олохгүй байна ч гэж юу байхав.

Сүүлдээ, иргэд их шатахуун авснаас болж, нөөц хомсодлоо гэж элийрч сууна. Оросын талыг торгоно гэж бүлт үсэрч сууна. Үүний зэрэгцээ олон хүн бензиний хомсдол дээр жигтэйхэн жижигхэн шалтгаан бодож олж хэлцгээх юм, 7 буудлын Долзод авгайгаас боллоо гэх нь халаг…

Манайх шатахууныхаа 90 гаруй %-ийг ОХУ-аас, үлдсэн жаахан хувийг Хятадаас авдаг. Хятад өөрөө шатахууны хомсдолтой орон. Хятадаас авна гэж горьдолтгүй.

Төмөр замд хамтран ажиллана гэсэн Монгол Орос улсуудын ЗГ-уудын гэрээ хэлцэл байдаг. Тэр тусмаа энэ нь хамтарсан УБТЗ-тай холбоотой бол хамтрах зөвшилцөх л ёстой.

Урьд манай хил орчмын уурхайнуудаас Хятад руу гарах боомтууд руу 8 төмөр зам барина гэж баахан шуугиан дэгдээд намжсан. Энэ бол Орос-Хятадын зөрчил Монгол улс дээр илэрсэн ээлжит хэрэг байв. Хятад Монголыг улам чанга атгахыг хүсдэг, ОХУ Монголд байр суурь, ашиг сонирхолтой байхыг хүсдэг, ингээд зөрчил үүсдэг.

Хүрэлсүхийн ЗГ Тавантолгой-Зүүнбаяны төмөр зам барихдаа оросын талтай ярилцаагүй, оросын нэг албан тушаалтантай хувийн журмаар тохироод УБТЗ-тай холбох болчихсон. Тэр албан тушаалтныг ОХУ халсан. Ноднин “оросын төмөр замчид корона тараасан” гэж цуу дэгдээсэн.

Саяхан “УБТЗ-ын Рашаант, Мааньт өртөөдийг Богд уулын урдуур холбох төмөр зам барина” гэж зарласан, УБТЗ-ын оросын талд ямар ч мэдээлэл өгөөгүй байж. ТЭЗҮ, зураг төсөлгүй байж, хэн ч түүгээр ачаа тээвэрлэхгүй, параллель төмөр замыг зарласан нь гайхалтай.

Бас манай сайд хоёр төлбөрийг цайруул, тарифаа нэм гэхчилэн үл гүйцэлдэх шаардлагыг оросын талд тавьж, тухайн ажилд тэнцэхгүй хань хамсаатнаа төмөр замын албан тушаалд тавих гэж зүтгэн оросуудтай зөрчилдсөн гэж мэдээлэгдсэн. Ханги-Мандалын төмөр замын талаар оросуудтай зөвшилцөөгүй, мэдээлэл өгөөгүй, санал солилцоогүй.

Оросын төмөр замын том босс С.Павлов энэ асуудлыг дээд төвшинд ярихад Оросын шатахууны боссууд цочирдолд орж, эгдүүцсэн гэнэм. Удахгүй л ОХУ шатахуун нийлүүлнэ нийлүүлэхгүй гэх яриа гараад эхэлсэн дээ.

Зарим хүн манайх нефтийн үйлдвэр барих гэж байгаа гэж хөөрөх. 15-16 үйлдвэр барих мөнгөөр нэг ажиллахгүй үйлдвэр бариад, зээл өгсөн Энэтхэгийг үзэн ядуулах төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Яагаад ажиллахгүй вэ гэвэл түүхий эдгүй. Хятад манай хамаг нефтийг ховх сорж, түүхийгээр гаргадаг, манайд өгөхгүй. Ийм л шүү дээ.

Үүний өмнө Орос-Хятадын бас нэг зөрчилт асуудлаар манайх сайдаа илгээж, Оросын талыг зад загнуулсан. Баруун солгойгүй нүүр тулан загнаж, хэвлэлүүдээр нь бас загнасан. Манайд Оросыг ялсан дайчин баатар гэж хөөрцөглөсөн. Тэр ялалтын зарим үр шимээс одоо амсаж байна. Хоёр улсын харилцаа хүйтэн хөндий болсон.

Тэр зөрчилт асуудал бол УЦС юм. Энийг манайд нэг ч хүн хэзээ ч ойлгодоггүй ч гэсэн хэлээд үзье. Улс дамнасан голын асуудлыг улсууд зөвшилцөж шийддэг дэлхийн жишиг бий, конвенцид нь манайх нэгдсэн. Манай бүх гол дээр БНХАУ УЦС-иудаа барина гэсэн, нөхцөл нь Багануурын концесс шиг. Хятадын талыг баримтлагчид улайран энэ асуудлыг дэмжсэн, ОХУ-тай зөвшилцөхийн оронд салаавч өгсөөр өдий хүрсэн. ОХУ уг конвенцийн дагуу л зөвшилцөх, мэдээлэл авах, БОННҮ хамт хийхийг хүссэн, УЦС битгий барь гэж хэзээ ч хэлээгүй. Голуудын усыг хэдэн жил боосноор ОХУ-ын хил залгаа нутгуудад буюу буриад ахан дүүсэд их нөлөөлнө. Тиймээс ОХУ сонирхох нь ойлгомжтой асуудал. Гэтэл манай талаас 20 гаруй жил зөвхөн салаавч өгөх, Оросын эсрэг суртал ухуулга хийх л хариу барьсан. Оросыг улс гүрэн биш, нохойн баас гэж үзэж хандаж ирсэн.

ОХУ уяаны нохдын эзэн Бээжинтэй энэ асуудлыг ярьж , 2015 онд БНХАУ-ын манай гол бүрд УЦС-иа барих асуудлыг болиулсан юм. Арав хорин чайнатаун үүсэхийг болиулсан хэрэг шүү дээ. Гэхдээ манай удирдлага хятадын тэр ажлыг нууцаар ахиулж байгаа. Дорнод дахи хятадуудын уул уурхайг тэтгэх гэж Улз голын усыг боож, ОХУ дахи ЮНЕСКО-д бүртгэлтэй Дагуурын дархан цаазтай газрыг хатааж байгаа.

Түүнээс өмнө юу болов? “Эрдэнэт”-ээс оросуудыг хөөж явуулсан. “Монросцветмет”-ээс оросуудыг хөөж явуулсан. Оросын бизнесменүүдийг гүтгэж гүжирдээд л, шорон оронд суулгах гээд л, өмч хөрөнгийг нь булаагаад л хөөгөөд явуулчихдаг байсан. 90-ээд оноос л ийм хүйтэн дайн эхэлсэн. 30 жилийн ой нь энэ жил гэж болно.

30 гаруй жилийн өмнө төрийн эрхийг өдгөө 100 дахи жилдээ барьж байгаа манай коммунистууд өөрчлөн байгуулалтанд дургүйцэж, Зөвлөлтийн хяналт сулрангуут л Хятадыг түшиглэх болсон. ЗХУ дахи 1991 оны коммунист төрийн эргэлт ГКЧП-г МАХН талархан дэмжсэн, гэтэл ГКЧП дарагдаад, ОХУ үүсэж, социал-демократ Ельцин нар удирдах болсон юм. Иймээс МАХН ОХУ-ыг эхнээсээ дайсны тал гэж харсан гэж болно. Тэрхүү төрийн эргэлт хийсэн хуучинсаг коммунистуудтай манай коммунистууд бараг ах дүү, амраг садан байсан. Тэгээд улам хятадын коммунистуудыг налсан.

Ингэж 30 жил Оростой хүйтэн дайн хийчихээд, эрх баригчид оросууд л биднийг зүв зүгээр байхад хаалаа боолоо, татвар хураамж нэмлээ, бүтээн байгуулалт хийлгэхгүй байна гэж 30 жил гүтгэж гүжирдэж тархи угаасан. Оросын хийсэн тэдгээр алхам манай зүгээс оросуудыг бүрмөсөн шахан зайлуулах гэж хийсэн 30 жилийн хүйтэн дайн, өдөөн хатгалт, дорд үзэлт, доромжлолтын л үр дүн байсан.

Дээр доргүй Оросод хайртай дуртай гэж хэтэртэл улиглах нь чихэнд чийртэй, утга учиргүй, тээртэй санагддаг. “Монгол маягийн хайр” харин бодит байдал дээр илрэхээрээ иймэрхүү л байдаг юм байна. Нэгэнд нь хайртай гээд, нөгөөгөөс салахгүй явалдаад байх садар чанартай “хайр” биш, жинхэнэ эрх тэгш, түс тас, эрүүл ухаантай найрамдал нөхөрлөл хэрэгтэй гэж түм хэлж ирсэн. Нөгөө садар “хайр”-ыг нь л хаа сайгүй эрхэмлээд байна уу даа, эрүүл найрамдал нөхөрлөлийг бол биш.

Хятад Монголыг улам чанга атгахыг хүсдэг, ОХУ Монголд байр суурь, ашиг сонирхолтой байхыг хүсдэг. Ухаалаг удирдлага бол үүссэн энэ нөхцөл байдлаас хожоо гаргах байсан, ухаанд нь ухна ишиг үхсэн манай урвагч хулгайч нар Хятадын л улыг долоодог. Ард Хятад ах байна гэж аархан Оросын өөдөөс хуцаж боргодог. Оросоос бусад бүх орныг үзэн ядуулж, хөөж явуулсан. Хятадтай л харьцаатай, хятадын л атганд байдаг болсон.

Манай иргэд оросууд, Орос оронд үнэн голоосоо хайртай, бүр тахин шүтдэг, улсаа умартталаа шүтдэг, зарим хүн өөрийгөө орос ч гэж андуурдаг байх. Гэхдээ Орос, Хятад хоёр зөрчилдөхөөр Хятадын талд орчихдог уу, үгүй юу? УЦС дээр лав тэгдэг. Төмөр зам дээр тэгэх юм шиг байгаа юм. Нууц хятад чанар цухалздаг уу үгүй юу.

Хоёр улсын найрамдлыг бүрмөсөн устгах гэж байгаа урвагч хулгайчдыг дэмжээд л, дархлаад л, хоёр улсын эрүүл найрамдлын төлөө зүтгэдэг цөөхөн хүний нэг болох намайг ОХУ-д чөлөөтэй яригддаг энгийн зүйл болох зөвлөлтийн үнэн түүхийг жаахан дурдсаны төлөө л “оросыг үзэн ядагч” гэж хялайна. 1937 он шиг л зөв хүмүүсээ хилсээр ардын дайсан болгоно. Ингэлээ гээд найрамдал бэхжих үү?

Оростой зөрчилдөөд л бай, зөрчилдөөд л бай. Хятадын концлагерь буюу хүний махкомбинат хүлээж байна.

Хүн байя, амьд байя, хайртай бүхэн минь амьд байг хэмээн сэрэх аваас Оростой найрамдаж нөхөрлөхийн төлөө дуугар, шаард, юм хий, битгий хий хоосон “хайртай дуртай” гээд Монголоо умартаад ой гутам нялганаад бай. Битгий араас нь хятадуудтай нийлж хутга шаагаад бай. Монголынхоо төлөө Оростой эрх тэгш, харилцан ач тустай нөхөрлөе. Тэгэхдээ монголоороо байх ёстой шүү, бүү март. Найрамдлыг шаард.

Манайх шиг улс оронд, удирдагчид нь тэнэгтээд, Оросыг хөөгөөд байхын оронд Оросын эрх ашгийг уриад залаад, Эрдэнэт, Монросцветмет, төмөр зам, Тавантолгой юу юу ч байдгийн газрууд дээр дархлаад, найрамдлаа дээд зэргээр хөгжүүлээд Монголд өнгөлзнө гээч нь Оросод өнгөлзөхтэй адил болгоод, тусгаар тогтнолоо хамгаалуулаад сууж байх байсан юм. Одоо яаж шатахуунтай золгоно? Хятадаас гуйхаар манайд нэгд л гэнэ биз дээ, бараг?

Өнөөдөр бензингүй болж байна. Ганц харилцаатай улс Хятад бүх юман дээр боож хааж байна. Ерөөсөө бүх юм таг, тэг болж байна. МАРГААШ ЮУГҮЙ БОЛОХ ВЭ?

via Munkhbayar Ch

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet