ХҮҮХЭД

Хүүхдийн сэтгэлзүйч Б.БАТБОЛОР: Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ дотно яриа өрнүүлэхэд та ямар гайхалтай хүүхэдтэй вэ гэдгээ мэдрэх болно

Хүүхдийн сэтгэлзүйч Б.БАТБОЛОР.

Өсвөр үеийнхний сэтгэлзүй, хүмүүжил нийгэм, өрх гэрийн тулгамдсан асуудлын нэг. Цаг үеийн шилжилтээ дагаад хүүхдүүдийн сэтгэлзүй, сэтгэлгээ, хандлага аравхан жилийн өмнөхтэй харьцуулшгүй өөр болсон. Тэгвэл эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг аль өнцгөөс ойлгох ёстой вэ. Энэ талаар хүүхдийн сэтгэлзүйч Б.Батболортой онлайнаар холбогдож ярилцлаа.

-Тархи судлаачид хүний амьдралын эхний 1000 хоног нь түүний хөгжлийн хамгийн чухал үе гэдгийг нотолж байна-

-Хүүхдийн сэтгэлзүй хамгийн эмзэг. Тэдэнтэй ажиллахад дадлага туршлага, мэдрэмж их шаарддаг болов уу. Таны хувьд хүүхдийн сэтгэлзүйчээр ажиллаад хэчнээн жил болж байна вэ?

-Би багш мэргэжлээр 14 ажилласан. Энэ хугацаанд хүүхэд нэг бүрийн сэтгэлзүйг оношилж, сэтгэлзүйн заслуудыг хийж, үр дүнг нь хараад өөрийн эрхгүй баярладаг байлаа. Ингээд сүүлийн хоёр жил яг энэ чиглэлд дагнан сэтгэлзүйчээр ажиллаж байна.

-Хүүхдүүдтэй ойр ажиллаж байхад эцэг эхчүүдийн зүгээс гаргаж байгаа нийтлэг алдаа юу байна гэж танд ажиглагдсан бэ?

-Хүн бүр хүүхдээ маш сайн хүн болгох хүсэлтэй байдаг. Харин түүнийгээ буруу илэрхийлж, хүүхдүүдээсээ дэндүү олон зүйлийг шаардах, өөр айлын хүүхдүүдтэй харьцуулах, өөрсдийнх нь хүсэл сонирхолд тулгуурласан дугуйлан секц гэхээсээ илүү аав ээж бага насандаа сурахыг хүсч байсан дугуйландаа хамруулах нь элбэг ажиглагддаг. Энэ мэт хүүхдээ өсгөх арга нь буруу байдаг. 1961-1981 оны аав ээж нар X үеийнхэн. Тэд нийгмийн эрин үеийнхэн бөгөөд хийх ёстой, хийвэл чин сэтгэлээсээ хий гэсэн уриатай ба эцэг эхийн дүрэм журамд өссөн хүмүүс байдаг. Харин 1996-2012 оны хүүхдүүд бол Z үеийнхэн. Тэд дижитал эрин үеийнх бөгөөд сонирхолтой ашигтай зүйлийг хийдэг, аав ээжтэйгээ нөхөрлөлийн үндсэн дээр харилцаа үүсгэх хүсэлтэй, даяаршсан сэтгэлгээтэй хүүхдүүд юм. Ийм хоёр өөр төрлийн хүмүүс нэг гэрт амьдарч байгаагаа эхлээд аав ээж нар ойлгоод хүүхэдтэйгээ харилцаа үүсгэхдээ тэдний онцлогийг харгалзан үзэж, харилцан ярилцаж шийдвэр гаргаж байвал гэр бүлийн харилцаанд ямар нэгэн асуудал гарахгүй.

-Хүүхдийн хэдэн насанд эцэг эх онцгой анхаарч, илүү дотносож, дотор хүнд нь хүрч эхлэх ёстой вэ?

-Хүүхдийн хамгийн их анхаарах ёстой нас бол 0-7 нас. Энэ үед хүүхэд хүрээлэн буй орчноо таньж, дасан зохицож, шинэ зүйлийг сурч, мэдэхийн хэрээр эрхтэн тогтолцоо нь боловсронгуй болж хөгждөг. Мөн өөртөө үйлчлэх, бусадтай харилцах, асуудлыг шийдэх туршлага хуримтлуулж улмаар олон талаар өөрийгөө таньж, нээдэг. Хүүхдийн бага насны туршлага, хөгжлийн шинж байдал нь түүний ирээдүйн амжилттай суралцах, чанартай амьдрах эх үндэс болдог.

Тархи судлаачид хүний амьдралын эхний 1000 хоног нь түүний хөгжлийн хамгийн чухал үе гэдгийг нотолж байна. Тухайлбал, хүүхдийн амьдралын эхний 1000 хоногийн туршлага нь түүний ирээдүйн амьдралын байр суурь, нийгэм-сэтгэл зүйн хөгжил болон амжилттай суралцах, хөдөлмөрлөх үйл явцад онцгой нөлөөг үзүүлдэг

-Хүүхдийн сэтгэлзүй гэмтсэн тохиолдолд хэр урт хугацаа зарцуулж байж эмчлэгдэх вэ. Хэн хамгийн их үүрэг оролцоотой байх ёстой юм бол?

-Хүүхэд бүрийн сэтгэл зүйн гэмтэл нь өөр, өөр учир шалтгаантай байдаг. Миний хувьд эхлээд проектив аргаар хүүхдээ оношлоод, ямар учир шалтгаанаас болоод хүүхдийн сэтгэл зүйд гэмтэл үүссэнийг тодорхойлоод сэтгэл зүйн заслаа хийдэг. Энэ үед хүүхэд өөрөө хамгийн их өөрчлөгдөх хүсэлтэй байх хэрэгтэй ба аав ээж хүүхдийнхээ нөхцөл байдлыг ойлгоод хүүхэдтэйгээ ойлголцож, эелдэг харилцаа үүсгэх нь чухал байдаг.

-Эцэг эхчүүд ажлыг нэгдүгээрт тавих нь бий. Хүүхэддээ цаг гаргахгүй байхын сөрөг тал, хожмын уршиг…?

-Аав ээж нар хүүхэддээ цаг гаргадаггүйн улмаас хүүхдийн хувьд гэр бүлийн дотно харилцаа байхгүй, сэтгэл зүйн нээлттэй харилцаа дутмаг, харилцааны хувьд ихэнх хүүхдүүд дотогшоо чиглэсэн, өөртөө итгэлгүй, өөрийгөө доогуур үнэлсэн бусдад амархан уруу татагддаг хүн болж төлөвших аюултай. Иймд аав ээж нар долоо хоногт тогтмол гэр бүлдээ зориулсан гэр бүлийн цаг гаргах шаардлагатай байна.

-Хүүхдийн сэтгэлзүйгээр мэргэшсэн хүний хувьд энэ чиглэлийн нарийн судалгаа манайд ямар түвшинд байдаг гэж боддог вэ. Энэ судалгааг хэн хийх ёстой вэ?

-Мэргэжлийн хүмүүс дор бүрнээ маш олон судалгаа хийж байгаа. Миний хувьд Z үеийн хүүхдийн онцлог дээр тулгуурлан одоогоор 10,000 хүүхдийн дата мэдээлэл дээр суурилсан судалгааны ажил хийж байна. Гэтэл 2012 оноош хойш альфа үеийн хүүхдүүд шинээр мэндэлснээр судалгааны ажил маань дараагийн үе шат руугаа орж байна. Манай улс нэгдсэн бодлогоор хүүхдүүдээ судлаад тэдний сурах, амьдрах, харилцах, нийгэмших онцлогийг нь олж илрүүлээд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарт мэдээлэх нь манай улсын хөгжлийг хэд дахин хурдасгах боломжтой гэж хардаг. 

-Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг хүмүүжүүлэхэд хэр их ялгаатай вэ. Зарим эцэг эхчүүдийг харж байхад үүнд их ач холбогдол өгдөг?

-Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хоорондоо нэлээд ялгаатай. Эрэгтэй хүүхэд бол хожмын цагт өрх гэрээ толгойлох, улс орныг удирдах, нийгмийн бүтээн байгуулалт, хатуу ширүүн үйл, гал ус, цэргийн албанд эх орныхоо төлөө хамгийн түрүүнд явдаг. Гэвч эрэгтэй хүүхдийг хаа хаанаа бага анхаарч байна. Жишээ нь цэцэрлэг, сургуульд дуу, хөгжим, янз бүрийн тоглолт болоход голдуу охид оролцсон, ганц нэгхэн хөвгүүд байх бөгөөд, бусад нь идэвх муутай ард нь үлддэг. Эрэгтэй хүүхдийн хувьд хэл ярианы хөгжил сул байж болох боловч анхнаас нь эхлэн аливаа тоглолтын ард хоцруулснаар тэднийг хүний өмнө дуу, шүлэг хэлүүлж сургах, нүүр хагаруулах үйл ажиллагаанд сул сургаж байгаа нь цаашдын хөгжилд нь муугаар нөлөөлж ирсэн. Эрэгтэй хүүхдийн идэвх суларснаар уйдах, үймүүлэн сахилгагүйтах, охидоос илүү гэдгээ харуулах эрмэлзэл төрөн, бяр чадал, хүчээр дарамтлах, шоглох зэрэг байдал үүсч, бие биедээ дургүйцэх хандлага гардаг.

Аливаа үйл ажиллагаанд хөвгүүдийг татан оролцуулахад тэд бага хугацаанд их зүйлийг амжуулж сурдаг бөгөөд, хийж гүйцэтгэж байгаа ажил үүрэг нь чанар сайтай, алсын хараатай болдог сайн талтай. Эрэгтэй хүүхдийг эхийг нь их хайрлуулж өсгөхөд, хожмын цагт эхнэрээ, бусад эмэгтэйчүүдийг ч ээж шигээ нэгэн адил хүндлэн хайрлаж сурдаг. Мөн аав нь эхийг нь хэрхэн хайрлаж хүндэлнэ, өсвөр насандаа тэрхүү хүмүүжлийг өвлөн авдаг. Эрэгтэй хүүхэд физиологийн шинж чанараараа эмэгтэй хүүхдээс ч эмзэг байдаг. Иймд эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхдийн нэгэн адил хайрлан хамгаалж, зөв өсгөж хүмүүжүүлэх, мэдлэг чадвар олгох, амьдралд бэлтгэх асуудал айл бүрийн эрхэм зорилго байх ёстой. 

Мөн айл өрх бүр эмэгтэй хүүхдийнхээ хүмүүжил, мэдлэг боловсролд илүү их анхаарч байгаа хэдий ч тэдний сэтгэл зүйд болж буй өөрчлөлтүүдийг анзаарахгүй байгаа нь охидыг сул дорой, бусдын үгэнд хэтэрхий их автдаг, өөрийгөө удирдах чадваргүй болгож байгаа нь ажиглагддаг.  Иймд би дээр дурдсан хүүхдийнхээ онцлогийг танин мэдэж тэдэнтэй нөхөрлөлийн хувиар харилцаа үүсгэж, чин сэтгэлээсээ ярилцаж байх нь тэднийг зөв хүмүүнжүүлэхэд тусалдаг.

-Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт ихэссэн. Салалтын дараах хүүхдийн сэтгэлзүйн хямралыг бодит явдал дээр тулгуурлан уншигчдад хүргэх боломж бий болов уу?

-Гэр бүл салах шалтгааныг аваад үзэхээр хэтэрхий бага насандаа буюу сайн төлөвшиж гүйцээгүй байх үедээ хүүхэд гаргаж амьдралаа холбосонтой мөн хууралт, архидалт, бие биентэйгээ халуун дотно харилцаа үүсгэдэггүйтэй холбоотой байна. Энэ нь бага балчир наснаас нь хүүхэддээ эхнэр хүн, эцэг хүн ямар үүрэгтэйг ухамсарлуулаагүй, гэр бүлээ хэрхэн төлөвлөх талаар огт ярилцаж байгаагүйтэй холбоотой. Тиймээс гэр бүл салалтыг ярихаас өмнө гэр бүл төлөвлөлтийн тухай хүүхдүүд маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Монгол суу ухаанд хүүхдийг бага наснаас нь ямар хүнтэй ханилах, хэдэн хүүхэд төрүүлэх тухай бодол өгч бодлын чигийг нь гаргадаг байсан. Энэ нь нэг ёсондоо өөрийн дотор бүтээсэн тэр хүнтэйгээ суух, мөн замд таарсан өөр бусадтай ханилахгүй байх гэсэн чиг шугамыг гаргаж өгдөг байсан.

Аав ээж нь салсан хүүхдүүдийн сэтгэл зүй бол маш хүнд байдаг. Аавтайгаа амьдрах уу, ээжтэйгээ амьдрах уу? гэсэн сонголттой нүүр тулна. Дараа нь аав ээжийн талын ах дүүс, хамаатан садангууд нөгөө талдаа буруу өгч хүүхдийн сэтгэл зүйг анхаарахгүйгээр хажууд нь ярилцдаг. Надад ийм кейсүүд маш их байдаг. Гэхдээ миний баримталдаг зарчим бол үйлчлүүлэгийнхээ тухай мэдээллүүдийг маш сайн нууцалдаг. Цахим орчин болон бусад мэдээллийн сувгаар дамжуулан ярих их дургүй. Энэ бол мэргэжлийн ёс зүй гэж ойлгодог. Хэрэв гэр бүл салах тухай шийдвэрт хүрсэн бол хамгийн түрүүнд хүүхдээ мэргэжлийн сэтгэл зүйч дээр аваачиж, сэтгэл зүйн заслуудыг хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж хэлмээр байна. Энэ нь хүүхдээ цааш амьдрах игэлтэй болгох хамгийн сайн арга юм.

-Z болон Альфа үеийн хүүхдүүд өөрсдийгөө дижитал хэрэгсэлгүйгээр төсөөлдөггүй. Тэд маш ухаалаг, хүнлэг сэтгэлтэй-

-Цахим орчин, цахим хэрэглээ хүүхдийн сэтгэхүйд хэр нөлөөлж, ямар өөрчлөлт авчирч байна вэ?

-Z болон альфа үеийн хүүхдүүд өөрсдийгөө дижитал хэрэгсэлгүйгээр төсөөлдөггүй. Тэд маш ухаалаг, хүнлэг сэтгэлтэй. Харин бид тэдний онцлогийг мэдэхгүйн улмаас өөрсдийн хүмүүжлийн аргаараа хүмүүжүүлэх гээд хатуу ширүүн үг хэлэх, цохиж авах мөн гар утсыг нь хурааж авах хүртэл арга хэмжээ авдаг. Энэ үеийн хүүхдүүд цахим орчинд амьдрах нь нэгэнт ойлгомжтой болсон нийгэмд бид бүхэн амьдарч байна. Харин цахим хэрэглээг зөв хэрэглэж сурах дадлыг бид багаас нь хүүхдүүддээ суулгах шаардлагатай байна. Ингэхийн тулд хүүхдийн сэтгэл зүйн таатай уур амьсгалыг гэр бүлдээ бүрдүүлж, түүнийг ямарч зүйлд өөрийгөө удирдах, хянах чадвартай болгож төлөвшүүлэх нь эцэг эх бидний үүрэг болоод байна. Цахим хэрэглээ мэдээж маш олон аюулыг дагуулж байна. Хүүхдийн нүдийг тойрсон булчингуудын сулрал хүчтэй явагдаж хараа маш хурдан муудаж, тархины үйл ажиллагаа удааширч, харилцааны чадваргүй, ганцаардсан, виртуал ертөнцдөө амьдарч бодит амьдралыг ойлгох чадваргүй олон хүүхдүүдийг бий болгож байна. Үүнээс сэргийлэх ганц арга бол аав, ээж нар хүүхэдтэйгээ бага наснаас нь нээлттэй, чин сэтгэлээсээ харилцаа үүсгэж, хүүхдийнхээ сэтгэлийн савыг дүүрэн байлгаснаар цахим хэрэглээг хүүхдүүд зохист хэмжээнд хэрэглэх чадвартай болно.

-Хүнийг боловсролоор биш хүмүүжлээр хэн бэ гэдгийг танина. Та энэ үгтэй санал нийлэх үү?

-Хүмүүжил гэдэг үгийг би хүмүүнжүүлэх гэж хэлэх дуртай. Хүн бүтээх гэсэн утгатай. Физикийн эрдэмтэд ингэж ярьдаг. Маш их боловсролтой хэрнээ хүмүүнжилгүй тэр хүнд физикийн шинжлэх ухааныг бүү заа яагаад гэвэл тэр хүн цөмийн бөмбөг зохиогоод дэлхийг ч сөнөөх аюултай. Миний бодлоор суурь хүмүүжил маш чухал, хүнийг хүндлэх хүндлэл, эелдэг найрсаг харилцаа, хүнд хэцүүг даван туулах чадвар гээд амьдралын бүхий л зүйлд суурь хүмүүжил харагддаг. Тиймээс одоо цагт IQ (оюуны чадвар)  гэхээс илүү EQ (сэтгэл хөдлөлөө удирдах чадвар)-ыг чухалчилж үздэг болсон.

-Монголчууд хүүхэд хүмүүжүүлэх өөрсдийн арга ухаантай ард түмэн. Уламжлалаас гадна орчин үед тохирох шинэлэг арга юу байна?

-Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх ухаан үнэхээр гайхалтай байсан. Хүүхдээ бага балчир наснаас нь эхлээд маш сайн ажиглаж түүнд тохирох мэргэжлийг нь тодорхойлдог байсан. Жишээ нь бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, гарын эв дүйтэй, ухаалаг тэр хүүхдийг домч болоход нь бодлын чигийг нь чиглүүлж, амьдралынх нь өдөр тутмын хэв маягт бүрэн шингээж ирээдүйн сайн домчийг бүтээдэг байсан. Эндээс үзвэл хүүхдийн мэргэжлийг багаас нь сонгож, түүнд нь дур сонирхолтой болгож өгснөөр мэргэжил сонгох хэцүү биш.

Миний бодлоор аав ээж нар ажил, гэр бүлээ тэжээх мөнгөний төлөө хэтэрхий их цаг хугацаагаа зориулаад өөрсдийн амьдралын үнэт зүйл болох үр хүүхэддээ маш бага цаг хугацааг зориулж байгаа ажиглагддаг.

Биеэ (би) засаад гэрээ (бид) зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг байдагдаа. Үүнийг манай монголчууд эрт үеэсээ хүүхдүүддээ хэлж, биеэрээ үлгэрлэж байсан ард түмэн.

Би гэдэг дээр гурван зүйлийг хүүхдүүддээ багаас нь ойлгуулах хэрэгтэй.

1-рт таны хүүхдийн эрүүл мэнд ямар байх ёстой вэ, хэрхэн анхаарах вэ?

2-рт таны хүүхэд ямар эрдэм боловсролыг эзэмших вэ, юу юу сурч мэдэх юэ?  

3-рт таны хүүхэд ямар эд хөрөнгийг бүтээх вэ?

Харин Бид гэдэг дээр Хүүхдийн тань хань ижил, үр хүүхэд, анд нөхөд ямар байх талаар хүртэл бодлын чигийг багаас нь олгох хэрэгтэй байна. Бодлын чиг бага наснаас нь зөв тодорхойлогдсон бол буруу замаар алхагүй өөрийн замаараа алхдаг юм шиг санагддаг.

Эцэст нь хэлэхэд аав ээж нар хүүхдээ алдаа гаргахвий гэхээс айх биш алдсан алдаагаа хэрхэн давтахгүй түүний эерэг аргаар шийдвэрлэх чадварт суралцуулах нь хамгийн чухал байна. Энэ хорвоо ертөнц дээр төгс хүн байхгүйг үргэлж санаж яваарай. Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ халуун дотно яриа өрнүүлэх тэр үед та ямар гайхалтай хүүхэдтэй вэ гэдгээ мэдэрч, бахархах болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet