Алжир: Санаатайгаар ой хээрийн түймэр тавьсан гэж сэжиглэгдсэн залуу амь насаа алджээ

Наймдугаар сарын есөнд Алжир улсад түүхэн дэх хамгийн аймшигтай түймэр гарсан. 18 мужид 71 түймэр тархаж, гурван өдрийн турш үргэлжилсэн бөгөөд 90 хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. Нийслэл Алжираас зүүн зүгт орших Кабили муж хамгийн их хохирол амссан байна.
Гал түймэр гарснаас хоёр хоногийн дараа уран бүтээлч Джамел Бен Исмаил твиттер хуудсандаа гэрээс нь 322 км-ийн зайд болж буй түймэртэй тэмцэхэд тусална гэж жиргээд, Алжирын Кабилие мужийн Тизи Оузоу руу явжээ. Харин наймдугаар сарын 11-нд Бен Исмаил руу дайрч буй дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээнд цацагдаж эхлэв. Түүнийг гал тавьсан гэж сэжиглэсэн нутгийн иргэд Бен Исмаилыг тарчлааж шатаасан байна.
Эрх баригчид түймрийг санаатай тавьсан гэж мэдэгдсэн нь Тизи Оузоугийн зарим хэсэгт цуу яриа тархахад нөлөөлсөн бөгөөд зарим оршин суугчид өөр мужийн улсын дугаартай машины жолоочдийг хардах болсон байна.
Түймэр гарсан долоо хоногт Алжирын агаарын хэм Цельсийн 46 хэмд хүрснээс үл хамааран Бен Исмаилыг нас барахын өмнөх орой Ерөнхий сайд Аймен Бенабдеррахман гал түймрийг гэмт хэргийн шалтгаантай гэж тайлбарлажээ. Түүнчлэн тэр өдөр Дотоод хэргийн сайд Камел Белджуд Тизи Оузоу хотод очиж, гал түймэр гэмт хэрэгтнүүдээс үүдэлтэй гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн. Мөн тус улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түймрийн талаар мэдээлэхдээ цаг уурын өөрчлөлтийг дурдаагүй байна.
Бен Исмаилын хэрэг тэр даруй үндэсний дургүйцлийг төрүүлэв. Нийгмийн сүлжээний зарим хэрэглэгчид сэжигтнүүдийн зургийг тарааж, хэн болохыг нь тогтоохыг оролдож, олон хүн нэгдэж, шударга ёсыг тогтоохыг уриалжээ.
Бен Исмаилыг нас барсны дараа 61 хүнийг баривчилсан бөгөөд Кабилийн өөрийгөө тодорхойлох хөдөлгөөн (MAK)-ий гишүүдийг энэ хэрэгт холбоотой гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: BBC

Хариулах