Исламын хуулийн хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэнэ гэж мэдэгдэв

Ням гарагт улс орныг хяналтандаа авснаас хойш Талибаны эрх баригчид анх удаа хэвлэлийн бага хурал хийж, гадны хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуултад хариу өгсөн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид хэлэхдээ “Талибаны засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг “Исламын хуулийн хүрээнд хүндэтгэнэ” гэж мэдэгдэв.
Зэвсэгт бүлэглэл 1996-2001 оны хооронд Афганистаныг хяналтандаа байлгаж байхдаа лалын шашны хууль тогтоомж болох шариатын хуулийг мөрдөж, үүний дагуу хатуу шийтгэлийг нэвтрүүлж, дэмжиж байжээ. Энэ үед эмэгтэйчүүд биеэ халхалсан бурка өмсөх ёстой бөгөөд 10 ба түүнээс дээш насны охидын сургуульд явах нь хориотой байв.
Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Забихулла Муджахид Талибаны засгийн газрын үед эмэгтэйчүүдийн эрх ямар байх талаар хэлэхдээ, эмэгтэйчүүдийн суралцах, ажиллах боломжийг олгоно гээд “Эмэгтэйчүүд манай нийгэмд маш идэвхтэй байх болно” гэжээ. Гэхдээ хувцаслалтын дүрэм, тус улсын ажиллах хүчний хүрээнд эмэгтэйчүүд ямар ажил хийж болох талаар асуухад тэрээр нэмж хариулт өгөөгүй байна.
Забихулла Муджахид хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хараат бус ажиллах боломжийг хангана, гэхдээ сэтгүүлчид үндэсний үнэт зүйлсийн эсрэг ажиллахгүй байх ёстойг сануулжээ. Мөн Талибаны удирдлага Афганистан даяар өршөөлийн хууль зарлаж өмнөх засгийн газарт ажиллаж байсан хүмүүст өршөөл үзүүлэх бөгөөд эмэгтэйчүүдийг засгийн газарт элсүүлэхийг хүсч байгаагаа мэдэгджээ.
Тус мэдэгдлийг Афганистанчууд янз бүрээр хүлээж авсан бөгөөд Талибуудын үед эмэгтэйчүүдийн эрх чөлөө хөндөгдөж магадгүй талаар хүний эрхийн байгууллагууд эмээсээр байна.
Эх сурвалж: BBC

Хариулах