Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Б.Заяабал нар өнөөдөр (2024.08.02) Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллалаа. Хүний эрхийн Үндэсний Комисс УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Ийнхүү УИХ-ын дарга ХЭҮК-оос эхлэн харьяа байгууллагуудаараа ажиллаж эхэллээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлээ танилцууллаа.
1) Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх,
2) Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болох,
3) Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох зэрэг хууль эрх зүйн “Гурван төгөлдөржилт”-ийг онцлов.
Судалгаагаар 2021 онд 318 хуулийн 810 заалт нь хүний эрхийн зөрчилтэй гэж дүгнэсэн бол өнөөдрийн байдлаар 400 орчим заалт хүний эрхийн зөрчил агуулж буй талаар УИХ-ын дарга дурдаж, цаашид хууль эрх зүйн шинэчлэл хийх замаар эдгээр зөрчлүүдийг УИХ арилгана гэв. Өөрөөр хэлбэл хүний эрхийг дээдэлсэн, 21-р зууны хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтай болно гэлээ. Түүнчлэн, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 880 хууль, 2768 журам байгааг дурдаад, хуулиас давсан журмууд үйлчилж буй эсэхэд анхаарлаа хандуулж, журмын зохицуулалтыг УИХ хийхээр төлөвлөж буй талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах, хүний эрхийг хязгаарлах ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй учир журмын зохицуулалт хийнэ гэв. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-аас 60 орчим ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Б.Сүнжид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дурдаж, ирэх хоёр жилийн хугацаанд:
- Иргэн, улс төрийн эрхийн орон зайг хамгаалах
- Эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд ахиц гаргах
- Зорилтот бүлгийн эрхийг хангах, хамгаалах
- Бүс нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг зорилго тавин ажиллаж буйгаа мэдээллээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Боловсролын хөтөлбөрийн агуулгын шинэчлэл явагдаж байгаа энэ цаг үед ХЭҮК-оос санал өгч, идэвхтэй ажиллах, хүний эрхийн зөрчлүүд тогтолцооны шинж чанартай болсон учраас хууль тогтоомждоо шинэчлэл хийх нь зүйтэй гэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хүний жам ёсны эрхийг эдлүүлэхийн тулд УИХ хууль эрх зүйн шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан аймаг бүрд орон тооны нэг ажилтан хүний эрхийн асуудлыг хариуцан ажиллаж байгааг бүсчлэх, эсвэл зохион байгуулалт, чиг үүргийн хувьд оновчтой хувилбар гаргах замаар орон нутгийн түвшинд хүний эрхийн нөхцөл байдалд анхаарах шаардлагататай хэмээгээд, УИХ-д сонгогдон ажиллаж буй 126 гишүүн нийгмийн олон салбарын төлөөлөл учир парламентын танхимд тэд дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн нь хүний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлж буйг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.