Тайланд шүрийг гэмтээх найрлагатай нарны тос хэрэглэхийг хоригложээ

Тайланд үндэсний далайн паркуудын шүрийг гэмтээх химийн найрлага бүхий нарны тос хэрэглэхийг хоригложээ.
Жуулчдын арьсаа нарнаас хамгаалахын тулд түрхэж буй тос нь удаан ургадаг шүрнүүдийг гэмтээж байгаад олон нийт ихэд санаа зовних болоод байсан юм.
Тайландын Байгаль хамгаалах газрын мэдээлснээр, нарны тосонд түгээмэл агуулагддаг дөрвөн орц найрлага нь шүрийг гэмтээж, ургалтад нь сөргөөр нөлөөлж, хадан хясааг цайрахад хүргэж байгааг тогтоожээ.
Ийнхүү хоригийг зөрчсөн тохиолдолд 100 мянга хүртэлх батын /2100 евро/ торгууль ногдуулахаар болжээ. Гэвч эрх баригчид шинэ журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар талаар мэдээлээгүй байна.
Ингэснээр оксибензон, октиноксат, 4-метилбензилиден камфор, бутилпарабен агуулсан тоснуудыг хэрэглэхийг хоригложээ. Үүнтэй ижил шийдвэрийг Номхон далайн Палау арал, АНУ-ын Хавай муж улс мөн танилцуулаад байгаа ажээ.
Тайландын Засгийн газрын хувьд, шүрээ аялал жуулчлалын салбарын нөлөөнөөс хамгаалах чиглэлд гаргасан хамгийн сүүлийн үеийн шийдвэр нь энэ юм.
Ташрамд дурдахад, “The Beach” уран сайхны киноны зураг авалтыг хийснээр олонд танигдсан Пхи Пхи Лех арлын “Майя” эргийн эргэн тойрон дахь шүрнийх нь ихэнх хэсэг сүйдсэнтэй холбоотойгоор 2018 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа билээ.

Хариулах