Гэрэл зургийг MPA.mn
Бүгд Найрамдах Улс тунхагласны ойд зориулав!
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурал хүлээн авлаа. Энэ бол бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө Ерөнхийлөгч чөлөөлөгдөх хүсэлт гаргасан анхны тохиолдол. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон бол түүний бүрэн эрхийг дуусгавар болгож болохоор заасан. Бүх зүйл хуулийн дагуу болж байна. Гэвч…
Бидний дээдсийн тэртээ 100 гаруй жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласан түүхт үйл явдлын ойн өдрөөс яг 7 хоногийн өмнө энэ бүхэн болж байна. Хүн төрөлхтний улс төр, нийгмийн хөгжлийн явцад бий болсон төрийн удирдлагын хамгийн дэвшилтэт хэлбэр бол ард түмний засаглах эрх, нийтийн эрх ашигт суурилсан Бүгд Найрамдах засаглал юм.
1924 оны Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн…” хэмээж, эрх мэдлийн эх ундаргыг тов тодорхой зааж өгсөн юм. Энэ заалт эдүгээ дөрөв дэх Үндсэн хуульдаа ямар ч хэлбэрэлт, өөрчлөлтгүй залгамжлагдан мөрдөгдөж байна.
Улс төрчдийн урдаа барьдаг энэ “ард түмэн” гэж чухам хэн бэ?
Намайг, чамайг, найман настай бяцхан хүүг, ная гарсан өвөө, эмээг ард түмэн гэдэг. Энэ бол Монгол Улсын нийт хүн ам. Ажилтай, ажилгүй, анхиатай, арчаагүйгээсээ үл шалтгаалан хэн бүхэн ард түмэнд хамаарна. Биднийг бүгдийг багтаадаг энэ ард түмэн гэдэг ойлголтод хүм амыг тоолсон статистик агуулгаас гадна философийн, улс төрийн, Үндсэн хуулийн утгууд бий.
Манай улс төрчид ард түмнийг төрийн бодлогын обьект гэж андуу ташаа ойлгодог. Энэ төөрөгдлөөсөө болоод иргэд, сонгогчдынхоо энэрэгч, ивээгч нь мэт аашилна. Сурган хүмүүжүүлэгч аятай аав шигээ, ээж шигээ хүмүүст амьдрал заагаад таахалзах нь тэднийг улам тэнэг харагдуулдгийг мэддэггүй. Эвэр нь цухуйсан ишиг эхийгээ мөргөхийн үлгэрийг санагдуулан нүүрнийхээ хамаг арьсыг хамар дээрээ зангидах нь “Ховдгийн гай” киноны хомхой баяны дүртэй.
Үзэгдэх дүр, өнгө төрх ч яахав. Өнгөц зүйл гээд орхиё. Өмнө нь гарч зогсоод хүүхдүүд шиг загнаж байгаа тэр хүмүүс энэ улс орны тусгаар тогтнол, эрх ашиг, ирээдүйн хувь заяанд зангидагддаг улс төрийн олонлог гэдгийг огт ойлгоогүй байдаг нь хамгийн харамсалтай. Энэ олонлогийн дотор энгийн олонхийн үзэл суртлаар сэтгэх нь ч бий, этгээд өөр индивидуалаар амьдрах нь ч бий. Зуу зуун үзэл бодол, мянга түмэн хүсэл тэмүүлэлтэй энэ хүчирхэг олонлог төрийн удирдлагыг томлон бүрдүүлж, нийтлэг эрх ашгаа хангах хөрс сууриа бүтээнэ.
Онолын үгээр хэлбэл, Бүгд Найрамдах засаглал гэж зөвхөн төрийн байгууллыг хэлэхгүй, иргэдийн эрх мэдэл, эрх чөлөө, оролцооны механизмыг хэлнэ. Ард түмнээс олгосон эрхийн хүрээнд төрийн байгуулал ажиллана гэсэн үг. Улам нарийсгах юм бол аливаа албан тушаалтан энэ л эрхийн хүрээнд ажиллахаас бус намын даргадаа ч юм уу, тушаал гаргаж томилсон хүндээ үйлчилдэг юм биш ээ гэсэн үг.
Ард түмэн эрх олгосон учир хариуцлагаа нэхэх эрх бас тэр хүмүүст бий. Учир нь улс төрийн утгаар ард түмэн гэдэг нэгдмэл субьект. Парламентын гишүүд дан дангаараа ард түмнийг төлөөлж чадахгүй гээд байдаг чинь ийм учиртай.
Монгол Улсад бүх ард түмний сонголтоор томилогддог ганцхан албан тушаал, ганцхан хүн байдаг нь Ерөнхийлөгч. Бүгдийн хүсэл зоригоор олгогдсон ажил, үүргийг зөвхөн өөрийнхөө эрх ашгийн эрхээр өгчихөж болох уу, үгүй юү гэх асуулт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн гадна үлдчихсэн байгааг өнөөдрийн үйл явдал харуулж байна.
Албан тушаалаас чөлөөлөгдөх болсн шалтгаанаа тэрбээр “зарим гэмт бүлэглэлийн гүтгэлэг дайралт” хэмээн тодорхойлж байгаа. Албан ёсоор өргөдөл хүсэлтээ өгөхийн өмнө тэрбээр хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж мэдэгдэл хийхдээ ингэж хэлсэн. Харин өргөдөл бичигтээ зөвхөн хуулийн заалтыг үндэслэл болгосон байна.
Харин парламент дахь МАН-ын бүлгийн хуралд энэ шийдвэрээ танилцуулахдаа, ажлаа өгөөд хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ. Ах, дүү мэт санаж явсан хүмүүст гүтгүүлж байна. Нам дээрээ уулзъя гэжээ.
Хууль зүйн сайд, Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар Канад Улсаас цувралаар хийж буй шууд дамжуулалтаараа Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төсөл зориулж "Бодь Интернэшнл" компанид төрийн өмчит компаниас шилжүүлсэн зардлын 110 сая ам.долларыг нэр бүхий улс төрчдөд авлигыг зорилгоор тараасан тухай өгүүлж, үүнээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая ам.доллар оногдсон гэж ярьсан. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараар дамжуулан сонгуульд 22 сая ам.доллар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, “Таван толгой төмөрзам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал нарт тус бүр 15 сая ам.доллар, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр болон Б.Баярсайхан, Р.Мэргэн, дэд сайдаар ажиллаж байгаад чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа Д.Мөнх-Эрдэнэ нарт 10 сая ам.доллар өгсөн хэмээн нэг бүрчлэн нэр цохон дурдсан. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа! Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ! Орлуулж болохгүй! Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ...!” гэсэн постыг нийгмийн сүлжээнд нийтэлж, давхар нотолгоо болгосон.
Асар өндөр дүнтэй, ноцтой авилгын хэрэгт Монголын бүх ард түмнийг төлөөлдөг цорын ганц албан тушаалтан, Монгол төрийн тэргүүн нэр холбогдож яавч болохгүй. Үүнийг хугацаа сунжруулалгүй шалгаж, үнэн, худлыг тогтоох нь гарцаагүй агаад зайлшгүй хийх төрийн үүрэг, ард түмний нэхэл яах аргагүй мөн. Ажлаа өгч, шалгуулах гэх нь ч түүний зөв. Өөр гарц шийдэл үгүй. Харин…
Төрийн тэргүүний эрхэм алба, эрх мэдлийг тэр өөрөө олж аваагүй. Бурханаас ч юм уу, Ертөнцийн эзэн түүнд өгсөн юм биш. Өнөө “муу” ард түмэн өгсөн юм. Сонгуулийн саналын хуудсанд үзэгний үзүүрээр зурсан саналаараа ард түмэн эрх мэдлийг төдийгүй үүрэг, хариуцлагыг бас давхар өгсөн. Итгэл даах, зөв байх, эрхэм хүндтэй нэр төрийг цэвэр ариунаар авч явах үүрэг, хариуцлага. Үүнийг бүрэн эрхийнхээ эхний өдрөөс, тангараг өргөх торгон агшнаас, тамга гардах төрийн ёслолоос чандлан сахиж, хичээн эрхэмлэх учиртай байсан.
Харамсалтай нь Монгол төрийн тэргүүний нэр хүндийг 25 сая ам.долларын авлигын асуудалд хутгасан нь түүний уучилж боломгүй алдаа байлаа. Анхнаасаа чандлах учиртай байсан үүрэг, хариуцлагаа тэр нэр төртэй гүйцэтгэж чадсангүй. Өнөөдөр Монголын нийгэмд төр, ард түмний хооронд үл ойлголцол үүсэж, итгэлцлийн хямрал бий болсон нь ганцхан түүнээс хамаараагүй ч Төрийн тэргүүний хувьд тэр хамгийн их нөлөөлсөн гэвэл хилсдүүлсэн болохгүй.
Түүнд эрх олгосон иргэд өнөөдөр амьдралын олон сорилттой нүүр тулж байна. Улаанбаатар хотын утаа, түгжрэл, агаарын бохирдол, орон нутгийн хөгжлийн ялгаатай байдал, боловсрол, эрүүл мэндийн хүрэлцээ хүртээмж, ажилгүйдэл, үнийн өсөлт монголчуудыг туйлдуулж, модыг нь бариулж буйг худлаа гэх үгүй л болов уу. Хямрал, сорилтыг илэрхийлсэн эдгээр үгсийн цаана ханиадтай хүүхдээ тэврээд утаан дундуур уухилан гүйж яваа эцэг эх, орон сууцны зээлээ төлөх өдөр, шөнөгүй махран зүтгэх залуу гэр бүл, ганцын төдий ч ажлын байргүй сумандаа ажил хайж яваа малчин, эмчид үзүүлэхийн тулд нийслэлийг зорьж, аргаа бараад гадаад улс руу явж хөдөөгийн хүний амьдрал бий.
Төрийн бодлого иргэдийнхээ амьдралаас тасрах үед ард түмэн хөсөр хаягдаж, төр үүрэг, хариуцлагаа мартдаг. Иргэдэд гэх хаягтай төсөл, хөтөлбөрүүд цаасан дээр гайхамшигтай үр дүнтэй хэрэгжсэн мэт бичигдэвч айлын хаалгаар ороогүй, иргэний амьдралд наалдаагүй бол түүнийг амжилт гэж нэрлэх нь харин гүтгэлэг юм.
Ард түмнээс олгосон эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэдэг бусдаас дээгүүр байна гэсэн үг биш. Харин бусдаас илүү хариуцлага хүлээнэ гэсэн утгатай. Иргэдийн татвар төлж бүрдүүлсэн төсөв, ард түмний мэдэлд байдаг өмч, хөрөнгийг захиран зарцуулж олсон орлого бол хэн нэгэн дарга, сайд, албан тушаалтны хувийн хөрөнгө биш учир ил тод, хяналттай, үр ашигтай байх ёстой.
Манай улс 2025 онд Авлигын төсөөллийн индексээр 100 онооноос 31 оноо авч, дэлхийн 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Энэ индексийг авлигын бодит тохиолдлоор бус мэргэжлийн шинжээчид, бизнесийн байгууллагуудын төсөөллөөр буюу ард иргэдийн итгэлээр гаргадаг үзүүлэлт. Нарийндаа бол, төрдөө итгэх иргэд, олон нийтийн итгэлийг илэрхийлнэ. Энэ дүнгээр авч үзвэл монголчууд төрдөө итгэхгүй байна. Ерөнхийлөгчдөө, парламентдаа, Засгийн газартаа итгэхгүй байна гэсэн үг. Ийм их итгэлгүйдэл чухам яаж бий болчихов оо?
Хугарч, халтардаж буй Төрийн тэргүүний нэр төрийг цэвэрлэх гэх Ерөнхийлөгчийн зөв ч иргэдийн итгэлийг алдаж шавхайтай хутгасан нь түүний буруу. Төрийг ард түмнээс тасалж, том том дүнтэй мөнгөний цүнхэнд чихэхэд нэр холбогдсон нь л албан тушаалаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл болно.
Гэхдээ тэр бүх монголчуудын итгэж хүлээлгэсэн бүрэн эрхийг “үнэнээсээ” өгч байгаа эсэхэд хүмүүс төрд итгэхгүй байгаа шигээ итгэхгүй байна. Бүгд Найрамдах Улс тунхагласны ойд зориулан ард түмэндээ барьж буй энэ бэлэгнийх нь цаана аль хуруу гозойж буй бол хэмээн эргэлзэцгээж байна. “Нам дээрээ уулзъя” гэсэн түүний үг чангаар зуусан арааны завсраар сийгсэн салхи адил хилэнтэй сонсогдох. Ерөнхийлөгчөө өгнө гэх мэдэгдлийнхээ араас илэрхийлсэн анхны шийдвэр нь “МАН-ын гишүүнчлэлээ сэргээх” гэдгийг нь илтгэсэн энэ үг төрөөр тоглох далд санаархлыг нь ил гаргах мэт.
Монголын түүхэнд огт байгаагүй, гайхалтай агаад нэр төртэй огцролтыг “тоглохынхоо” араас тэр ямар “эргэн ирэлт” хийх юм бол?
...Тийм ээ, уншигч таны бодож байгаа яг зөв!
Б.Манлай

#онцолсон, #нийтлэлч, #нийтлэл,