Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.24/ хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжид төсвийн үзүүлэлтүүдэд тодорхой өөрчлөлт оруулах, тэр дундаа нэгдсэн төсвийн зарлага, тэнцвэрүүлсэн тэнцлийг өөрчлөх саналд салбарын яам, Засгийн газрын баримталж буй байр суурийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа, өнөөдрийн баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг өөрчлөх эсэх талаар тодруулав.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яам анх удаа боловсруулж, Сангийн яамтай хамтран ажилласны дараа өргөн мэдүүлж буй тул төслийг энэ хэвээр нь баталж өгөхийг хүсэв. Мөн тэрбээр “Төсвийн тухай хуульд зарчмын томоохон хоёр өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, төсвийн хүрээний мэдэгдлийг Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулдаг болсон. Хоёрдугаарт, Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилдөг байдлыг хуулиар хориглосон” хэмээн хариулсан.  

Гишүүдээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэсний дагуу Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн санал гаргасныг, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулсан. Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг хангуулах, төсвийн холбогдох шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны 7 гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөл Улсын Их Хурлаас томилогдсон. Одоогоор Зөвлөлийн төрийн албаны статус болон Зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл тодорхойгүй учир Улсын Их Хурлаас томилогддог зөвлөл, хороо ижил түвшний төрийн байгууллагуудтай адилтгаж төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн захиргааны адилтгах албан тушаалд хамааруулах юм. Иймд Зөвлөлийн дарга, гишүүний эрх зүйн байдал, үйл ажиллагааны болон нийгмийн баталгааны асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нарийвчлан хуульчилж өгөх бодит хэрэгцээ шаардлага бий болсон. Ингэснээр Зөвлөл үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус, ил тод, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 4 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн зорилго нь Төсвийн тогтвортой байдлын төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл зэрэг эрх зүйн байдлыг нарийвчлан тогтоох, үйл ажиллагааны баталгаа болон баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэгдэнэ гэж төслийн танилцуулгад дурдсан байв.

Хууль батлагдсанаар төсвийн ил тод байдлыг хангах, хөндлөнгийн хяналтыг сайжруулах, төрийн аудитын хяналтыг бэхжүүлэх, төсвийн хяналтыг сайжруулах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж төсвөө боловсруулдаг болох, төсөв санхүүгийн үр ашиг, гадаад зээл, тусламжийн үр өгөөж дээшилж, төсвийн үргүй зардал багасах зэрэг ач холбогдолтой аж. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 63 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, “Төсвийн тогтвортой байдлын дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөн өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс хууль хоорондын нийцлийг хангах үүднээс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, батлуулах нь зүйтэй гэж үзсэнийг онцлоод тогтоолын төслийг боловсруулсан гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.       

Тогтоолын төсөлд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Монгол Улс 1996 онд нэгдэн орсон, Дэлхийн худалдааны байгууллагын "Тариф, худалдааны тухай” 1994 оны ерөнхий хэлэлцээрийн 1А хавсралтын “Бараа худалдааны тухай" олон талт хэлэлцээрүүдийн “Сүлжмэл, нэхмэл эдлэл болон оёмол бүтээгдэхүүний тухай" хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн /с/-д заасантай нийцүүлэн Улсын Их Хурлаас 2008 онд баталсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийн 1/ дэх хэсэгт заасан төсөлтэй хамтатган 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Ингээд дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдаан Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг 2028 онд хүчингүй болгохоор баталсан тул энэхүү хуулийн төслийн үйлчлэх хугацааг хэрхэн зохицуулахыг лавлахад Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Хуулийн төслийн зохицуулалтын хугацаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаатай адил тул үүнтэй холбогдсон цогц харилцааг 2028 онд дахин ярилцах шаардлага үүснэ” хэмээн хариулав.

Ингээд  зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ талаар Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллага жилд дунджаар 4900 орчим аудит гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээрт давхардсан тоогоор 12 мянган байгууллага хамрагдаж байна. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасан цаглаврын дагуу санхүүгийн аудитад зарцуулж буй хугацааг сүүлийн 3 жилийн дунджаар үзэхэд нэг санхүүгийн аудитад 2.2 хүн өдөрт зарцуулж байгаа нь хэт богино хугацаа бөгөөд энэ нь аудитын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн хүний нөөцийн дутмаг байдлаас шалтгаалж цаг хугацаандаа аудит хийгдэхгүй, аудитын эрсдэл өндөр байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитаар жилд дунджаар 90-130 автомашины байгууламж, гүүр, зам, засварын ажлууд болон концессын 2-3 ажилд аудит хийж, дүгнэлт өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна гэв.

Мөн төрийн аудитын байгууллага нь санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн зэрэг аудит хийхийн зэрэгцээ гүйцэтгэлийн аудитад зайлшгүй мэргэшсэн инженер, төсөв санхүүгийн тусгайлсан мэргэжилтэн, хүний нөөц, олон улсын чанартай гэрээ хэлцэл, төсөл, хөтөлбөрт ажиллах олон улсын эрх зүйн шинжээч шаардлагатай байдаг тул Төрийн аудитын тухай хуулийн дагуу зөвлөх шинжээчээр авч ажиллуулж байна. Төсвийн тухай хуулийн цаглаварт хугацааны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд аудит хийхэд орон нутаг дахь төрийн аудитын байгууллага 10-12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа нь тухайн орон нутагт аудит хийхэд хүндрэлтэй байгаа юм. Иймд бид төрийн аудитын байгууллагын орон тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харгалзан үзэж, орон тооны дээд хязгаарыг 130 албан хаагчаар нэмэгдүүлэх саналыг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсвийн жилийн дундуур бүтэц, орон тоо төсөв нэмэгдүүлэх асуудал оруулж ирэх нь зохистой эсэх, 130 хүний цалин, хөлсний нийт зардал хэд болох талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн энэ нь яаралтай хэлэлцэн шийдвэрлэх асуудал биш тул дараагийн Засгийн газар бүрэлдэх, төсөв тодотгоход ярилцах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ингээд “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#УИХ, #ТБХ,