Токиогийн олимпын нээлтийн ёслолын найруулагчийг ажлаас нь халжээ

Олимпын нээлтийн ёслолын найруулагчийг нээлтээс нэг өдрийн өмнө ажлаас нь халжээ. Кентаро Кобаяшигийн Холокост (фашистууд еврей хүмүүсийг олноор устгасан явдал)-ын талаар хошигнол хийж байсан 1990-ээд оны үеийн бичлэг саяхан цацагдсан юм.
Энэхүү явдал нь наадмын үеэр гарсан хамгийн сүүлийн шуугиан. Хэд хоногийн өмнө нь Олимпын хөгжмийн найруулагч хөгжлийн бэрхшээлтэй ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхэж байсан нь ил болсны дараа зохион байгуулах багийг орхисон. Мөн гуравдугаар сард бүтээлч ахлагч Хироши Сасаки хошин урлагийн том жүжигчин Наоми Ватанабег “Olympig” буюу гахай болгох санал гаргасныхаа дараа ажлаасаа гарсан. Түүнчлэн хоёрдугаар сард Ёширо Мори эмэгтэйчүүдийн талаар зохисгүй үг хэлснийхээ дараа зохион байгуулах хорооны даргын албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүйд хүрсэн билээ.
Ноён Кобаяаши ажлаасаа халагдсаны дараа хариу мэдэгдэл гаргаж “Зугаа цэнгэл нь хүмүүст таагүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Тэр үеийн миний үгний сонголт буруу байсныг ойлгож, харамсаж байна” гэж бичсэн байна.
Цар тахлын улмаас өнгөрсөн жил хойшлогдсон наадмын талаарх таагүй сэтгэгдэл иргэдийн дунд их байсаар байна. Саяхан явуулсан санал асуулгаар Японы иргэдийн 55 орчим хувь нь энэхүү наадам цар тахлыг улам дэлгэрүүлж магадгүй гэж болгоомжилж, эсэргүүцэж байгааг “Ройтерс” агентлаг мэдээлсэн.
Одоогоор наадамд оролцох тамирчид болон ажилчдаас халдварын 91 тохиолдол илрээд байгаа бөгөөд Японы хүн амын дунд өвчлөл нэмэгдэж, зөвхөн гуравны нэг нь вакцин хийлгэсэн нь наадмын үеэр онц байдал зарлахад хүргээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC

Хариулах