ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадад зочид буудал нурж, 17 хүн амиа алджээ

Даваа гарагт Хятадын зүүн хэсгийн Сучжоу хотод зочид буудал нурсны улмаас 17 хүн нас баржээ. Ослын газарт 600 гаруй аврах ангийн албан хаагчид ажиллаж, 36 цагийн аврах ажиллагааны дараа нурангаас 23 хүнийг олсон бөгөөд тэдний зургаа нь эсэн мэнд олдсон байна. Эсэн мэнд олдсон зургаан хүнээс тав нь шархадсан ч биеийн байдал нь тогтвортой байгаа. Нэг хүн гэмтэл бэртэл аваагүй байна.

Урьдчилсан шалгалтын явцад буудлын эзэн барилгын бүтцийг өөрчилснөөс болж нурсан болохыг тогтоожээ. “Энэ барилга урьд нь ердөө гурван давхар л байсан, гэхдээ олон жилийн турш тэд нэмэлт давхар нэмж байгаа” гэж нэг оршин суугч Red Star News мэдээллийн агентлагт ярьжээ. Жиангсу мужийн захиргаанаас ослын талаар мөрдөн байцаах баг ажиллаж байгаа гэж мэдэгдээд холбогдох хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно гэжээ.

Өнгөрсөн жил Фужиан муж дахь зочид буудал нурсны улмаас 29 хүн нас барсан бөгөөд мөрдөн байцаагчид дараа нь зочид буудлын барилгын ажил алдаатай байсныг тогтоосон гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet