Дөрвөлжин сум тэмээг өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч тэмээний тоо толгойд татвар ногдуулаагүй байна.

Тус сум энэ жил аймагтаа хамгийн олон буюу 2553 тэмээ тоолуулжээ. Сумын зургаан багаас Онц баг 876, Тавантолгой баг 877 тэмээ тоолуулж хамгийн олон тэмээтэй багууд болжээ. Говь нутгийн нэрийн хуудас болсон тэнгэрийн амьтан тэмээгээрээ нүүдлийн соёл иргэншлээ хадгалж хамгаалахын тулд тус сумаас тэмээчидтэйгээ хамтран олон үр дүнтэй ажлыг хийдэг.

Монгол малын генийг хадгалах, авч үлдэх, удмын санг бүрдүүлж баяжуулж байх, түүнчлэн үүлдэр угсааг сайжруулах нь мал аж ахуйн салбарын хөгжилд хамгийн чухал асуудал. Манай аймгийн  хэмжээнд тэмээн сүргийн тоо толгой 6600 хүрч, тооны хувьд өссөн ч тэмээн сүрэг ерөнхийдөө давжаарч, ноосны гарц муудаж байгаа нь харамсалтай.

Тиймээс нутгийн тэмээг мах сүү, ноосны чанараар улсдаа тэргүүлдэг, баталгаажсан омгийн үүлдэр угсаагаар сайжруулах үржил селекцийн ажил хийгдэх боломжийг бид мэргэжлийн байгууллагуудтай хийхээр төлөвлөж байна.

Тэмээний үүлдэр сайжирснаар сүү, ноосны гарц нэмэгдэх, улмаар малчдын орлого ч сайжрах боломж бүрдэнэ.

Манай суманд монгол үүлдрийн тэмээ бий. Монгол үүлдрийн нас гүйцсэн ингэ буурын амьдын жин 450-600 кг, ноосны гарц 5.2-8.1 кг, хоногийн саам 500 грамм орчим байдаг. Харин Галбын говийн улаан тэмээний амьдын жин 560-660 кг, ноосны гарц 5.6-10.8 кг, хоногийн саам 600-800 грамм байдаг байна. Ханын хэцийн хүрэн тэмээний амьдын жин 540-620 кг, ноосны гарц 5.6-8.8 кг, хоногийн саам 900-1000 кг байдаг. Тиймээс тэмээнийхээ үүлдрийг сайжруулах нь зүйтэй талаар бид мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна гэж Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Хомын талын тэмээн сүргийг өсгөхөд дэмжлэг үзүүлж байна

-"Бидний зэрлэг адуу нутагшуулж байгаа газар нь хоёр бөхтэй тэмээ зонхилон нутагшсан бүс нутаг юм. Тахийн уугуул нутаг Хомын тал нь Дөрвөлжин сумын хамгийн олон тэмээтэй Онц, Тавантолгой багийн нутагт оршдог.

Тэмээ нь говь цөлд дасан зохицож амьдрах чадвартай амьтан. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж өл даах чадвар сайтай, хатуу ширүүн өвлийн цаг агаарт дасан зохицон амьдрах өндөр чадвартай.

Түүнчлэн бэлчээрлэн явахдаа хол зайг туулан өвс тэжээлээ олж иддэг нь бэлчээрийн талбайг бага сүйтгэдэг байна. Сүү нь илчлэг тэжээллэг сайтай, идшинд хэрэглэхэд мах ихтэй ба тансаг хэрэглээний ноостой.

Дулаан ба торгомсог зөөлөн чанараараа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн торомны ноос нь тансаг хэрэглээнд тооцогддог ба гадаад улс оронд өндөр үнээр зарагддаг эдлэл юм. Ийм учраас торомны ноос нь Хомын талын ирээдүй юм. Тиймээс Европын Холбооноос бидэнд олгосон хандивын ачаар бид Онц багийн малчин эмэгтэйчүүдийн "Эвсэг эмэгтэйчүүд" ТББ-ын гишүүдэд ингэ худалдан авч өгч Хомын талын тэмээн сүргийг нэлээд хэмжээгээр өсгөх боломжийг бүрдүүлсэн.

Одоогоор бид бага хэмжээгээр торомны ноосыг гадаадад гаргах худалдаа эрхэлж буйн зэрэгцээ бусад боломжит тэмээнд тулгуурласан эдийн засгийн сонирхолтой үйл ажиллагааг хөгжүүлэхээр шинэ санааг эрэн хайж байна хэмээн Хомын талын тахь ТББ-аас мэдээлэв. 

Улсын аварга малчин, тэмээчин Ж.Мандахнар тэмээгээ магтан ерөөх дуртай

Аймгийн хамгийн олон буюу 400 гаруй тэмээтэй Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин Ж.Мандахнар энэ жил Монгол Улсын аварга малчны шагналаа гардан авсан.

Тэрээр аймгийн аварга малчин, “Алтан ботгоны эзэн” бөгөөд тэмээгээ хэрхэн өсгөж үржүүлэх, тэмээний талаарх уламжлалт малч ухаанаа залуу малчдад зааж, үлгэрлэдгээрээ алдартай. Тэрээр тэмээний уралдаанд тунчиг дуртай бөгөөд хурдан морины уяач шиг л догдолдог. Гэхдээ тэмээний уралдаан тэр бүр манай аймагт болдоггүй нь харамсалтай хэмээн ярина.

Тэмээ гэдэг амьтныг хэрхэн яаж сургаж, тэмээний мах, сүү, ноосоор юу хийдгийг харуулсан уламжлалт ёс зан заншил, тэмээчин хүний ур чадвар, авхаалж самбаа, эр зориг, хурд хүч чадлыг харуулсан тэмээний уралдаан морины уралдаанаас онцлог болдог.

Учир нь тэмээний уралдааныг бага нас буюу торомны, дунд нас буюу тайлгын, дээд нас буюу атны хэмээн гурав ангилан уралдуулдаг бөгөөд уралдах тэмээний уяа сойлгыг хурдан морины нэгэн адил уяаг нь тааруулдаг. Тэмээний уралдаанд заавал хүүхэд гэхгүй насанд хүрэгчид унадгаараа морины уралдаанаас өвөрмөц байдаг.

Уралдаанд түрүүлж айрагдсан тэмээний цолыг морины цолны нэгэн адил дууддаг ёстой. Тухайлбал ...аймгийн...сумын...багийн ард...ийн тэмээн сүргийн дотроос...баяр наадамд түрүүлэн ирсэн энэ хурдан тэмээнүүдийн алдар цолыг өргөн дуудъя.

Наадмын асрын өмнө     

Нарийн сайхан

Бурантаг юугаа өргүүлж

Алдар цолоо дуудуулсан

Энэ тэмээний эрхэм шинж нь гэвэл

Арванхоёр жилийн шинжийг

Алдалгүй өөртөө хадгалсан

Атан сайхан тэмээгээ       

Уралдааны замд нь гаргаад

Гарааны зурхайгаас эргүүлэхэд

Хулгана чихийг хулмалзуулан

Хөнгөн сайхан тэшин гарав

Хонин ноосыг сагсалзуулан

Хоолой хөндийг туулан гарав

Могой нүдийг тормолзуулан

Морин зогдорыг сугсалзуулан гэхчлэн дууддаг ёстой хэмээн Дөрвөлжин сумын тэмээчин, Улсын аварга малчин Ж.Мандахнар ярилаа.

Сонирхуулахад, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн баатар тэмээчин Хүрээт гуай 1970-аад оны үед тэмээний цолыг дууддаг байжээ. Мөн Мандал-Овоо сумын тэмээчин ардын авьяастан Г.Оргой гуай 1980-аад оны үед тэмээний цолыг зохиож хэлсэн байдаг ажээ.

#ЗАВХАН,