Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.01.15/ 11 цаг 17 минутад гишүүдийн ирц 52.6 хувьд хүрснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд “хэмнэлтийн горим баримталж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагавар нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байхаар, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй" байхаар тус тус заасан хэдий ч орон нутаг дахь төсвийн байгууллагууд нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдсан байдал, газар нутгийн онцлог, хүн амын тархмал суурьшил зэргээс шалтгаалан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд харилцан адилгүй хүндрэл үүсч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж хязгаарлагдаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж буурах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсээд байгаа талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас удаа дараа санал, хүсэлт ирүүлээд байгааг Шадар сайд танилцуулгадаа онцлоод иймд орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байв.
Хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж, эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар болон төрийн аудитын байгууллага хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд эдгээр байгууллага автомашин ашиглах, худалдан авах, албан ажлын онцлогийг харгалзан шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн албан хаагчийн албаны гар утасны зардлыг санхүүжүүлэх, сургалт, семинар, хурал, зөвлөгөөний үр ашгийг нэмэгдүүлэх, оновчтой болгох зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3-т “сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр, шатахуун, дотоод албан томилолтын зардал”-ыг хориглосон зохицуулалтыг хуулиас хасахаар төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хуулийн төслийн нийслэлээс алслагдсан гэдэгт 21 аймаг бүгд хамрагдах эсэх, хуулийн төсөлд эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын ажлын дүрэмт хувцсыг хасах болсон зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, төслийн алслагдсан гэдэгт нийслэлийн гурван дүүргийг хамааруулж буй эсэх, Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжсэнээс хойших хоёр жилийн хугацаанд гарсан үр ашгийг тооцсон талаар тодруулж байлаа.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Төрийн хэмнэлтийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Байгууллагын нэрийн дор Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллага гэж нэмсэн байгаа. Гэхдээ үүнийг хэт задгай тавихгүйн тулд ямар хэмжээний байгууллагад ямар машиныг хамруулах, алслалтын байдлыг Ажлын хэсэг тооцож гаргана. Тухайлбал, Төв аймгийн хувьд нийслэлээс холдсон алслалт, сумдын тоо, сумдуудтай засмал замаар холбогдсон хэмжээ, төрийн үйлчилгээ хүргэх иргэдийн тоо зэргийг харгалзан томьёолон бодож, автомашиных нь тоог гаргаж ирнэ. Мөн төвийн бүх аймаг хамрагдаж байгаа гэж хариулав.
Харин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж хариултдаа, Төрийн хэмнэлтийн хуулиас эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудыг хасаж өгснөөр эдгээр хүмүүсийн асуудлыг нээж өгч байгаа юм. Товчоор хэлбэл, Төрийн хэмнэлтийн хуулийн хязгаарлалтад орохгүй, тусгай хувцас хэрэглэх асуудлыг нээлттэй болгож зохицуулсан гэж байлаа.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, хуулийн төслийн “6.5.21.нийслэлээс алслагдсан аймаг, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар" гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргахаа мэдэгдэв.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.