Гэрэл зургийг MPA.mn

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх аюулыг таниулдаг  олон улсын өдөрт дэлхий нийтээр дуу хоолойгоо хүргээд 10 гаруй жил болж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-нд АНУ-ын Вашингтон хот болоод дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээлэл, хүний эрхийн тэмцэгчид, иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хөндөж анхаарлаа хандуулах акц өрнүүлсний нэгээхэн хэсэг нь Монгол Улсад НҮБ-ын төв байранд болсон юм.

Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг, аюулгүй байдлыг таслан зогсоох нь энэ цаг үед томоохон сорилт болж байгаа. Энэ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээллээ нээлттэй, эрч хүчтэй солилцох эрхээ бүрэн эдлэхийг баталгаажуулах суурь асуудал гэдгийг Глоб интернэшнл төв хөндлөө. ЮНЕСКО-гийн өнгөрсөн жилийн судалгаанаас харахад Латин Америк, Карибын тэнгисийн 10 орны 69 сэтгүүлч амиа алджээ. Сэтгүүлчид бие махбодын халдлагад өртөх, хоригдох, цахим сүрдүүлэг, тагнан турших, заналхийлэл, доромжлолд өртөж буй юм. Гэтэл энэ мэтээр сэтгүүлчдийн аюулгүй байдалтай холбоотой төрөл бүрийн халдлага, заналхийлэл Монголд түгээмэл тохиолдож байгаа бөгөөд бодит эрсдэл учруулсныг Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Нээлттэй нийгэм форум хамтран "Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг" сэдвээр хэлэлцүүлэв.

Хуульч, судлаач Л.Галбаатарын илтгэлд дурдсанаар Монгол Улс сэтгүүлчдийн аюулгүй байдлаараа олон улсад 79.3 оноотой, 180 улсаас 71 дүгээр байрт жагсчээ. Хэдийгээр энэ нь чамлахааргүй үзүүлэлт мэт боловч сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдлага, дарамт, олон нийтийн доромжлол, гадуурхалд  өртөх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Ялангуяа, төрийн байгууллага, улстөрчид, хууль хүчний байгууллагаас сэтгүүлчдийг хорьж цагдах, айлган сүрдүүлэх байдлаар жил дамжин байцаалт мэдүүлэг авч залхаан цээрлүүлж эр зоригийг нь мохоож байна гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд бодит кейсээр гаргаж тавилаа. Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө зөрчигдсөн кейс хэлэлцүүлгийн хэсэгт МСНЭ-ийн, Мэргэжлийн ёс зүйн хороо хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, “Гэрэл ньюс” агентлагийн эрхлэгч Г.Гэрэлмаа, "Өрөг" сайтын эрх зүйч Э.Тамир нар өөрсдийн редакцид тулгарсан кейс болоод гарц шийдэл ярив. Ялангуяа сонгуулийн үеэр сэтгүүлчдийн эрх зөрчигддөг. Улс төр, мөнгө төгрөгтэй холбож харлуулдаг, төрийн албан хаагчид буруутгах явдал эрчимждэг гэдгийг З.Боргилмаа хэлсэн. “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Өдөр тутмын сонин баталгаатай, үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл бэлтгэн хүргэдэг учраас хууль хяналтын байгууллагад дуудагдах нь харьцангуй цөөн. Ихэнхдээ улстөрчидтэй холбоотой авлига, албан тушаалын томоохон асуудлаар гомдол гаргадаг. Ямар нэг гомдол, хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудал гарлаа гэхэд редакц бүх талаар сэтгүүлчдээ хамгаалдаг. Өдөр тутам ажиллаж байгаа сэтгүүлчдээ хууль хяналтын байгууллагын үүд  сахиулаад байх юм бол шантарна, эр зориг нь мохно” гэдгийг онцлов. Харин “Гэрэл ньюс” агентлагийн эрхлэгч Г.Гэрэлмаа “Ажлаа хийж олон нийтийг мэдэх эрхээр хангах үүргээ биелүүлснийхээ төлөө халдлагад өртсөн, хоригдсон. Цагдаагийн албан хаагчид гар утасны бүх мэдээллийг устгасан. 2-3 жил шалгагдаж дарамтлуулаад аргагүйн эрхэнд АНУ-ын Элчин сайдын яаманд хандсан. Төрийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг ялгаварлан гадуурхаж, мэдээлэл өгөхөөс татгалзаж илт доромжилж харьцдаг байдал газар авсан” гэсэн. Харин цагдаагийн байгууллагын зүгээс “Сэтгүүлч гэлтгүй жирийн иргэн аюул заналхийлэлд өртсөн бол цагдаад хандах боломжтой. Гэрч хохирогчийг хамгаалах хуулиар асуудлыг шалгаж шийдвэрлэнэ” гэсэн юм.

Энэ үеэр Глоб Интернэшнл төвөөс сэтгүүлчийн аюулгүй байдлын судалгааг танилцуулав.  Үр дүнг харвал хувийн аюулгүй байдлын эрсдэл 69 хувь, мэдээллийн аюулгүй байдал 66, эх сурвалжийн аюулгүй байдал 34, гэр бүлийн аюулгүй байдал 37 хувийн эрсдэлтэй байна гэж гарчээ. Харин үйл ажиллагаанд тулгардаг асуудлыг эрэмбэлбэл мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзах нь хамгийн өндөр буюу 58, шүүх 38, мэдээлэл хулгайлах 24, имэйл болон утасны мессежээр заналхийлэх 14, хувийн орон зайд халдах 11, нэгжлэх 10, хууль бусаар баривчлах есөн хувьтай байгаа. Мөн сэтгүүлчийн эсрэг гэмт хэргийн улмаас 12 сэтгүүлч хохирсон. Нэр хүндэд халдсан хоёр, хэвлэн нийлэх эрх чөлөөнд заналхийлсэн нэг, хулгайд эд зүйлээ алдсан гурав, ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон дөрөв байна гэсэн тоог цагдаагийн байгууллагаас гаргажээ.

“Энэ бүхнээс харахад сэтгүүлчдийн биед халдах, айлган сүрдүүлэх, заналхийлэх үйлдэл нь зөвхөн сэтгүүлч биш хэвлэн нийтлэх, иргэний мэдэх эрхийг зөрчиж боомилж буй үйлдэл болж байна” гэдгийг хуульч Л.Галбаатар хэллээ. Тиймээс сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахын тулд эрх зүйн орчин, цалин хангамжийг сайжруулах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн талаарх олон нийтийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг оролцогчид тэмдэглэлээ.

Сүрнээгийн УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 219, 220 (7204, 7205)

#онцолсон, #сэтгүүл зүй,