НИЙТЛЭЛЧ

Улс төрийн “БОСОО ОРООЛОН”

Монгол хэлний Их тайлбар тольд бичсэнээр “Босоо ороолон” гэх үгийг шилжсэн утгаар гурван өөр янзаар тайлбарлажээ. Нэгдүгээрт, дүрсгүй хүүхдийг муушаасан, хоёрдугаарт, маш элдэвтэй, дийлдэшгүй зальхай этгээд, гуравдугаарт, зүс буруулан оргосон хүнийг хэлнэ гэжээ.

Нэрт зохиолч эрхмийн романд “Хүн биш ороолон хүмүүжүүлж байна гэж хүн бүр Цамбыг зэмлэв” хэмээн бичсэн нь бий. Үүн шиг Монголын улс төр нэгэн “Босоо ороолон”-той болж эхэлсэн нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Өчигдөрхөн тэр МАХН-ын дэд дарга байснаа төрөл арилжиж өнөөдөр АН-ын, гэхдээ О.Цогтгэрэлийн талд тугаа өргөж, хүч нэмэв. Хуучин намын дарга Н.Энхбаяр нь МАН-тай нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн сонгуульд цул болж оролцохоо мэдэгдсэн нь Төрийн тэргүүний сунгаанд дахин хүч үзэх С.Ганбаатарын сонирхлыг унтрааж, нэгмөсөн хааснаас ийм үйлдэл хийжээ. Тэр хэлнэ лээ, “Бид хамтдаа ялна” гэж. Бид гэдэг нь АН-ыг хэлж байгаа хэрэг.

С.Эрдэнэ, Ц.Туваан нарын зөрчил эцэстээ М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн нэн шинэ хоёр даргыг тодруулснаар дуусгавар болсон ч Улсын Дээд шүүх хоёуланг нь бүртгэхээс татгалзсан. Өнөөдөртөө тэдний аль нь ч албан ёсны дарга биш атал С.Ганбаатар Ерөнхийлөгч Х.Баттулгаас дэмжлэгтэй О.Цогтгэрэлийн талд сайн дураараа очоод, бууриа засав. Ингэхэд С.Ганбаатар гэж хэн бэ? Үнэхээр ард түмний талд зогсдог шударга нь дэндсэн хүн үү? эсвэл хэн нэгний эрх ашгийн луужинд хөтлөгдөж явдаг улс төрийн өрөг дээрх шатрын хүү юу? Бүр дийлдэшгүй зальхай этгээд үү?

Үүх түүхийг нь сөхвөл шударга ёсыг элэрхийлсэн нийгмийн дуу хоолой, итгэл дээгүүр гишгэж танигдсан улстөрч. Төрийн ордон, Төв талбайг гороолж, тэмцэж, жагсаж, шаардаж, шаардлага хүргүүлж, өлсгөлөн зарлаж явсан он жилүүд намтрынх нь жин дарах хэсэг. Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн сэнтий рүү шат ахин алсрахад гудамжны тэмцэгчийн дүрээр тодорсон хүн нь тэр. Монголын нөлөө бүхий улстөрчид Н.Энхбаярын урдаас үг сөрөхөөс цэрвэж, “цээрлэж” явахад С.Ганбаатар Эрс шинэчлэл, Үндэсний “Соёмбо” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, удирдагч, тэргүүнээр ажиллахын зэрэгцээ О.Магнай, Ж.Батзандан, Б.Лхагважав нарын хамт тогтоосон дэглэмийнх нь эсрэг ордны гаднаас тэмцэж, өлсөж байв.

Тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдын тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын сайд, “Эх орон” намын төлөөлөл Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нарыг огцруулахыг шаардсан жагсаалыг тэр удирдаж, тэд л зохион байгуулж байлаа. Удалгүй М.Энхболдыг Ерөнхий сайдаас нь огцорсон, иргэний хөдөлгөөний С.Ганбаатар Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч болж дэвшсэн түүхтэй. О.Магнай, Ж.Батзандан нар Иргэний хөдөлгөөний намыг байгуулж, улс төрд орох гэж мунгинаж байхад С.Ганбаатар 600 гаруй мянган гишүүнтэй гэх Үйлдвэрчний эвлэлийн толгойд хэдийнэ суучихаад Засгийн газартай шууд хэлэлцээний ширээнд суудаг том эрхтэй болчихсон байв.

Гэрэл зургийг MPA.mn

“Үйлдвэрчнийхний “ерөнхий зарц” нь байх болно” хэмээгээд ерөнхийлөгч болсон тэрбээр таван жил уг албанд зүтгэсний эцэст Дархан-Уул аймагт бие дааж, УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдсон нь 2012 он. Тухайн үед Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-даа “гомдож”, бие дааж өрсөлдөөд ялалт байгуулсан нь С.Ганбаатарын хувьд аз болж таарсан юм. Нэгдэж, нягтарсан тэд “Бие даагчдын зөвлөл” гээчийг байгуулж, долоо хоног бүр мэдээлэл хийдэг болов. Н.Алтанхуягийн тэргүүлж асан Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа “Шударга ёс” эвслээс бүрэн хамаарч, хараат байсан учраас ИНЕГ, “Монросцветмет”-д албан тушаалын хуваарилалт хүртээх замаар бие даагч гурван гишүүнтэй хэсэгтээ “сүжирсэн”.

Хэдийгээр Засгийн газар нь С.Ганбаатар нарт ийн тал зассан ч, парламентын танхимд тэрбээр хэтэрхий жулдсан. Хэлэлцэж байгаа асуудлаас халих, хадуурах, мэдэн будилах бүрд нь парламентын спикер З.Энхболд сануулга өгч, микрофон хааж байсан нь протоколд хадгалаатай үлдсэн байх. Үүнд эгдүүцсэн С.Ганбаатар “З.Энхболд бол заал зохион байгуулагч болохоос УИХ-ын эзэн биш. Тийм учраас бидний хийж, хэлэхийг минь заах эрхгүй” хэмээн хэвлэлийн хурлаар дамжуулан гомдоллохоос өөрийг хийж чаддаггүй байлаа. Санаачилж, батлуулсан гэх ганц хуульгүй мөртлөө сэдэв бүрийг шүүрэн авч савчихаас хэтрээгүй С.Ганбаатар 2016 оны эхээр ХҮН-ын дарга болов. Сонгуулиар олонхийн суудлыг авахаас гадна өөрөө Ерөнхийлөгч болохоо зарлан, тунхагласан нь түүнийг даргаар томилсон “За андгай”-ны үеэр хэлсэн хамгийн оргил хэсэг нь.

Гэвч сар хүрэхгүй хугацааны дараа ХҮН-ынхан хоёр дарга, хоёр генсектэй болчихов. Яг л одоогийн АН шиг. Парламентад олонх болж, өөрөө Ерөнхийлөгч болох С.Ганбаатарын амбийц цагийн эрхэнд дарагдаж, жирийн гишүүнээс ч гавихгүй нэгэн болгосон юм. Нэгдүгээр сард нь Монголын улс төрийн гуравдагч хүчин болж мэдэх хамгийн өндөр магадлалтай ХҮН-ын даргаар сонгосон С.Ганбаатар таван сарын хугацаанд төрхөмдөө буцаж, бие даагчийн статустайгаар Дарханд дахин нэр дэвшээд унаж байв. Гэхдээ түүний улс төрийн карьер ингээд дуусгавар болсон уу гэвэл үгүй. МАХН-ын дарга Н.Энхбаярыг түшсэн, тэр нь ч оносон.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярын дэмжлэг, О.Баасанхүүгийн авчирсан квотоор нэр дэвшиж өрсөлдөж, урьдчилан тооцоолоогүй саналыг авсан юм. Нэг тойрог бус улс даяар нэгдсэн байдлаар саналын дүнг багцалдаг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог учраас Дарханаас дэмжлэг хүлээхгүйгээ мэдэрсэн С.Ганбаатар Орхон руу буурь сэлгэсэн, дахин сонгогдсон. Гэвч “Та бидний эвсэл” тэр дундаа МАХН-д цорын ганц суудлыг нь авчирсан С.Ганбаатарын тэргүүн зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуульд дахин тоосоо өргөх байсныг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явц хангалттай харуулдаг. Өнөөдөр түүнд тэгэх шалтгаан, эрхзүйн боломж нь хаагдсан учир АН-ыг, Ерөнхийлөгчөөс дэмжлэгтэй О.Цогтгэрэлийг түшив.

Н.Энхбаяр МАН-тай нэгдэх замаар төрхөмдөө буцаж байгаа нь С.Ганбаатар шиг том амбийц тээсэн улстөрчид хайран, харамсалтай санагдсан нь мэдээж. Үзэл бодлын зөрүүгээс эхлээд өөр хэд хэдэн асуудал нь түүнийг МАХН-ын гишүүнчлэлээс татгалзахад хүргэсэн байж мэднэ. Гэвч “Сахил хүртээд шал дордов” МАХН-аас гарсан даруйдаа яаран АН-д элссэн нь С.Ганбаатарыг муухай харагдуулав. Өнгөрсөн өнөөдрийг хүртэл хугацаанд бий болгосон үнэт зүйл гээч зүйл нь шалаар нэг тарлаа. Үндсэндээ тэр үзэл баримтлал, үнэт зүйлгүй улс төрийн “БОСОО ОРООЛОН” болж хувирлаа.

Угтаа бол МАХН-аас түдгэлзсэн шигээ бусад намаас ч татгалзаад ганцаараа, ядаж л тойргийнхоо сонгогчдын хүндэлсэн бол С.Ганбаатар шиг мэдрэмжтэй улстөрч гарахгүй л байлаа. Хясаж явсан намдаа хүсэж очоод тэрбээр нэг малгайнд хэр удаан багтахыг харах л үлдлээ. Магадгүй улстөрчид загасны ой санамжтай байдаг шиг С.Ганбаатарын энэ удаагийн улс төр Ерөнхийлөгчийн сонгуулийн настай байж мэднэ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet