БОЛОВСРОЛ

ТАНИЛЦААРАЙ: Шинэ үеийн хамгийн авьяаслаг хүүхдүүдийн төлөөлөл

Найман настайдаа НАСА-гаас зохион байгуулсан хуралд оролцох, 10 насандаа коллеж төгсөх, таван настайдаа дэлхийгээр аялан тоглох, гурван настайдаа зургийн үзэсгэлэнгээ гаргах…Маргаашийн дүр төрхийг тэс өөрөөр бүтээлцэх, дэлхийг, хүн төрөлхтнийг өөрчлөх, гоц авьяасаараа нэрд гарсан хүүхдүүдийг бид энэ удаад онцолж байна. Танилц, тэд бол шинэ үеийн хамгийн авьяаслаг хүүхдүүд!

Малакай Сэмди

Өдгөө 17 нас хүрч буй Малакай Сэмди хөлд орохоосоо ч өмнө хөгжмийн зэмсэг барьсан. “Эргэн тойронд байгаа бүх л зүйлийг товшиж, цохиж явдаг байсан түүнийг эхнэр минь “бөмбөрчин болох нь” гэдэг байлаа” гэж аав Нассер Сэмди нь ярьж байна.

Түүнийг хоёр ойтой байхад нь анхны бөмбөрийг нь бэлэглэсэн гэдэг. АНУ-ын Нью-Жерси мужийн хөгжмийн сургуулийн босгоор дөрвөн настайдаа алхсан Малакай анхны тоглолтоо таван настайдаа хийсэн. Асрамжийн газар, урлагийн тоглолт төдийлэн хүрэхээргүй алслагдсан тосгон сууринд очиж хөгжим тоглон, хүүхдүүдэд бөмбөрийн хичээл заадаг Малакайг АНУ-ын Сенат, НҮБ-ын Ерөнхий ассамблей зэрэг байгууллагаас онцолж шагнаж байв.

Отом де Форест

2001 оны “Дисковери” сувгаар түүнийг “Гайхалтай зураач” хэмээн онцолж байв. Тэр үед долоон настай байсан зураачийг хэвлэлийнхэн онцолж, бүтээлүүдийг нь урлагийн суутнуудынхыг санагдуулам гэж магтаж ч байлаа.

Отом таван настайгаасаа будаг, бийр барьж, модон тавилга дээрээ зурдаг охин байв. Охиныхоо авьяастайг анзаарсан эцэг эх нь будаг, бийр, зотон худалдан авч, урлан хүртэл гарган тохижуулж өгсөн гэдэг. 2001 онд Отомын анхны үзэсгэлэн гарч, төдөлгүй зургуудыг нь 100 мянган ам.доллароор дуудлагаар худалджээ.

Онафүжири Ремет

Онафүжири Реметийн авсан анхны гэрэл зургууд Нигерийн Лагос хотод болсон үзэсгэлэнд анх тавигдах үед тэрбээр гурван настай байв.

Хөлд орсон цагаасаа л гэрэл зургийн аппаратнаас салаагүй хүүгийн бүтээлүүд эд юмсыг хэт ойроос, харин хүмүүсийг доороос нь дээш чиглэлтэйгээр авснаараа ялгардаг. “Хүүгээ мэдээж гэрэл зурагчин, эсвэл фото сэтгүүлч болоосой гэж боддог” гэж түүний аав ярьж байна. Урын сандаа 3000 орчим зурагтай хүү удахгүй бие даасан үзэсгэлэнгээ гаргана.

Данат Плюшинуэтанви

Данат Вии нэртэй тайланд хүү хийл хөгжим дарж, зураг зурдгаараа дэлхийд танигдаж байлаа. Гурван настайд нь түүний анхны үзэсгэлэн Бангкокт гарсан бөгөөд абстракт чиглэлээр 2000 гаруй бүтээл одоогоор туурвисны заримыг нь чамгүй өндөр үнээр худалдсан.

Данат гурван ой гарантайдаа хийл тоглож эхэлсэн агаад гаднын орнуудад ганцаарчилсан тоглолтоо хийдэг.

Аэлита Андре

Австралийн зураач охин Аэлите Андрегийн зурсан зургууд өндөр үнээр зарагддаг. Есөн сартайдаа анх бийр будаг гартаа барьсан охин хоёр настайдаа зурж эхэлжээ. Зураач аав нь түүнийг анхандаа зүгээр л бийрээр тоглож байна гэж боддог байсан бөгөөд анхны бүтээлийг нь хараад нүдэндээ итгээгүй гэж ярьж байв.

ВВС сувгаар түүний  тухай баримтат кино гарахаас ч өмнө Аэлите зургийн үзэсгэлэнгээ гаргаж амжсан байлаа. Орчин үеийн хамгийн залуу зураачдын нэг тэрбээр 30 орчим бүтээлээ худалдаж, 800 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө олж, Хонгконг, Лондон, Нью-Йорк, Ютад үзэсгэлэнд оролцсон.

Элис Тэн-Робертс

Альберт Эйнштейнийн оюуны илтгэцүүр 160 байсан. Элис Тэн-Робертс нэртэй охины оюуны чадамж хоёр настайдаа 156 байв. Таван сартайдаа хэлд орж, ой хагастайдаа дэлхийн бүх орны  нийслэлийг цээжээр мэддэг болж, хоёр настайдаа бичиж сурсан Элис “Менса” байгууллагын хамгийн “залуу” гишүүн болж байлаа.

Оюун ухааны коэффициент өндөртэй, өөрөөр хэлбэл суутнуудын байгууллага гэгддэг “Менса”-д ийм багаасаа элссэн хүүхэд одоогоор түүнээс өөр алга.

Клеопатра Стратан

Молдавын дуучин Павел Стратаны гэр бүлд мэндэлсэн Клеопатра охин гурван настайдаа авьяасаараа мөнгө олж эхэлсэн гэдэг. “Гурван настайдаа” нэртэй анхны цомгоо бичүүлжээ. Ямар нэгэн тусгай сургалт, сургуульд яваагүй, “зүгээр л, гэнэт дуулж эхэлсэн” Клеопатрагийн зарим дуунуудыг англи, испани хэл рүү орчуулсан нь ч бий.

МТВ-гийн “Хамгийн залуу дуучин” шагнал хүртсэн Клеопатра Азийн орнуудад, тухайлбал, Японд ч нэрд гарч буй.

Таниш Мэттью Авраам

Таван настайдаа Стэндфордын их сургуулийн залуу математикчдын онлайн хөтөлбөрт хамрагдаж, долоон настайдаа АНУ-ын Ривер коллежийн Геологийн факультетэд элссэн Таниш хүү 2013 онд ТЭД илтгэлд оролцохдоо “Хүмүүс наснаасаа үл хамааран бэлэн болсон, хангалттай мэдлэг хуримтлуулсан үедээ их сургууль, коллежид элсэн хэрэгтэй” гэж онцолж байсан билээ.

Найман настайдаа тэрбээр НАСА-гаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож, одон орон судлалын төсөлд ажилласан. Мөн Берклигийн их сургуулийн химийн онлайн хөтөлбөрийг судалж, төгөлдөр хуур, шатар тоглож сурсан байна.

Таксин

Камбожид бэлэг дурсгалын зүйлс худалдаалдаг Таксин хүүг Хятадын сэтгүүлчийн хийсэн бичлэгээр нь олон нийтийн сүлжээнд хүмүүс таньдаг болсон билээ. Сэтгүүлчийн хийсэн гурван минутын бичлэгт хүү хятадын мандарин болон  кантон аялгаар, тайланд, англи, япон, солонгос, франц, малай, филиппин, испани, германаар ярьж байгааг харж болно.

Хэлний авьяастай хүү сургуульд сурах хүсэлтэй ч санхүүгийн боломжгүй учир жуулчдад бэлэг дурсгалын зүйл худалддаг байжээ. Одоо түүний мөрөөдөл биелж, Хятадын нэгэн сургуульд суралцаж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet