ДЭЛХИЙН МЭДЭЭ

Вашингтоныг муж болгох санал гаргав

АНУ-ын Колумбын тойрог буюу нийслэл Вашингтоныг мужийн статустай болгох хуулийн төслийг Конгресст өргөн барилаа. Төлөөлөгчдийн танхим болон Сенат дахь Ардчилсан намынхны санаачилсан энэхүү төслөөр тус тойргийг АНУ-ын 51 дэх муж болгох санал дэвшүүлжээ.

Санаачлагыг анхлан гаргагчдын нэг, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Элеанор Холмс Нортоны үзэж буйгаар хуулийн төсөл дэмжигдэх магадлал тун өндөр гэнэ. Гэвч энэ саналыг Бүгд найрамдах намын гишүүд дэмжих, эсэх нь эргэлзээтэй байна.

1790 онд байгуулагдсан, АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэсэн Колумбын тойрог буюу Вашингтон хот нь Потомак голын хойд эрэг дээр орших бөгөөд баруун өмнөд талаараа Виржини, баруун хойд, зүүн хойд, зүүн өмнөд талаараа Мэрилэнд мужуудтай хиллэдэг агаад Холбооны засгийн газрын гурван салбарын төвүүд нь гурвуулаа тэнд  байрладаг билээ.

Ташрамд,  АНУ-ын Конгресс нь Вашингтоныг шууд, бүрэн захирдаг бөгөөд ард иргэд нь мужуудаас өөрсдийгөө удирдах эрх багатай бөгөөд Конгресст төлөөлөгчтэй боловч сенатчгүй байдаг.

Эх сурвалж: NBC news

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet