ОЛИМП

Саид Моллай АЛТАН медалийн төлөө барилдана

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам- 

Монголын баг ээлжит медалиа авах нь Саид Моллайгийн барилдааны дараа тодорхой боллоо. Тэрбээр 81 кг-ын хагас шигшээд Австрийн бөх Шамил Борчашвилиг цэвэр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр болов. Манай бөх барилдаан эхлээд удаагүй байхад сэжиж унагах мэхээрээ вазари үнэлгээ авч, давуу байдлыг бий болгосон. Улмаар цаг дуусахаас минутын өмнө дархан өмсөх мэхээрээ дахин вазари авч, иппон буулгалаа.

Одоо тэрбээр олимпын наадмын алтан медалийн төлөө Японы Т.Нагасе, Бельгийн М.Кассе нарын ялсантай барилдана.

Саид Моллай гэх хэн бэ?

Саид Моллай (1992 оны нэгдүгээр сарын 5-нд төрсөн) нь Иранд төрж өсөөд, 2019 онд иргэншлээ сольсон Монгол Улсын жүдоч. 2018 оны дэлхийн аварга.

Ираны засгийн газар түүнийг 2019 оны Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд, тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг тушаасан. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны наймдугаар сард Германд очиж, хоёр жилийн дүрвэгчийн визтэй орогнож байгаад 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet