Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.02) нэгдсэн хуралдаан 14.00 цагт Улсын Их Хурлын 77 гишүүн хүрэлцэн ирснээр 61 хувийн ирцтэйгээр эхэлж, есөн асуудал хэлэлцэхээр товлов. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн нарын 30 гишүүн боловсруулж, 9 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд хуваарилсныг нэгдсэн хуралдаанд мэдээллээ.

Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад залуу нас мэдлэг ур чадвараа зориулсан ахмадуудад Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нийт гишүүдийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүллээ. “Та бүгдийн мэдлэг, боловсрол, чадвар туршлага Монголын өнөө цагийн хөгжил дэвшлийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан. Ахмадууд Та бүгдээсээ бид суралцаж, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө хичээж, зүтгэж ажиллаж байна. Улсын Их Хурал энэ намрын чуулганаар улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцэх хүрээндээ ахмадуудынхаа тэтгэврийг энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Түүнчлэн Улсын Их Хурлаас тэтгэвэрт гарсан ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд боловсрол, эрүүл мэнд тэргүүтэй хүний нөөцийн дутагдалтай байгаа салбарт ажиллах бололцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг шийдвэрлэсэн. Тэтгэврээ аваад, дээрээс нь мэргэжлийн чиглэлээр ажилласан хөдөлмөрийн хөлс, цалингаа авах боломж нээгдсэн. Цаашдаа ахмадуудын ажил хөдөлмөр эрхлээд авсан цалингаас нь нийгмийн даатгалын шимтгэл авахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг энэ ташрамд ахмадуудадаа дуулгахад таатай байна” хэмээсэн.
Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас энэ 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл танилцуулав.

“Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод 151 улс орон нэгдэж орсон нь хүний эрх ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүргүүд, ажилтныг сонгон авахад тавигдах шаардлага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын нөөц боломж, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэх, эрх мэдэл, хариуцлага, бие даасан болон тэгш шударга байдал зэргийг хамарсан зохицуулалтууд тусгагдсан байна. Конвенцод нэгдэн орсноор Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулж, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангуулахад онцгой ач холбогдолтой болохыг Т.Аубакир танилцууллаа. Хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ оны 9 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаар Х.Жангабыл гишүүн танилцуулаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус конвенцод нэгдэн орохыг зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Ганхүлэг, П.Наранбаяр нар асуулт асууж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.
Гишүүдийн асуултад ажлын хэсгээс дараах мэдээллийг тодруулж, хариулт өгсөн. Хөдөө аж ахуйн салбарт 337 мянга орчим иргэн ажиллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн байдлаар ойн аж ахуй, газар тариалангийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам зөрчсөнтэй холбоотой 17 осол, амь насаа алдсан хоёр тохиолдол гарсан байна. Мөн бүртэгддэггүй тохиолдол цөөнгүй байдаг гэв. Хэлэлцэж буй конвенцын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн хяналтыг сайжруулах, ялангуяа хяналтын байцаагчдын чадавхыг энэ чиглэлээр бэхжүүлэх нөхцөл бүрдэх аж. Энэ салбарт байдаг туслах малчин тэргүүтэй улирлын болон түр ажлын байранд хөдөлмөрийн харилцаа тодорхойгүй, гэрээ байгуулдаггүй нөхцөлийг энэ конвенцод нэгдсэнээр сайжрах эсэхийг лавлахад “Монгол Улс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй хоёр конвенцод нэгдэхээр олон жил ажиллаж, хууль эрх зүйн орчноо конвенцод нийцүүлэх ажлуудыг хийсэн. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчны талаарх хөдөлмөрийн харилцааны асуудлыг албажуулах чиглэлээр зарчмын өөрчлөлтүүд орсон. Одоогийн байдлаар энэ хөдөлмөрийн харилцаанд туслах малчдын асуудлаар хөдөлмөрийн гэрээний загварыг гаргах, малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг сайжруулах чиглэлээр сургалт, арга зүйн талаар мэдээлэл өгөх ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Энэхүү конвенцод нэгдэн орсноор хөдөө аж ахуйн салбарт албан бусаар ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарах, мөн салбарын ажиллагсад хөдөлмөрийн байцаагч нараас зөвлөгөө, мэдээлэл авахаас эхлээд олон талаар хамтарч ажиллах боломж нэмэгдэх юм” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Ажиллах хүчний хомсдлын чиглэлээрх салбарын яамны бодлогын талаарх асуултад мөн хариулт өгсөн. Энэ нь зөвхөн Монгол Улсад тулгамдаад байгаа асуудал биш гэдгийг ажлын хэсгээс тодотгоод “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 34 мянга орчим гадаадын иргэд ажиллаж байгаа. Гадаад иргэнийг ажиллуулахдаа аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөр төлдөг. Эрх зүйн орчныг шинэчлээд аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг таван салбарын ажиллах хүчнийг дээрх төлбөрөөс чөлөөлсөн. Салбарын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэм сан хөдөлмөр эрхэлдэггүй иргэдтэйгээ тулж ажиллан, 5000 өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, мэргэжилтэй болгох, ажлыг байранд зуучлах бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Гадны ажиллах хүчтэй холбоотой асуудлаар бол хуульдаа нийцүүлээд нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна” гэлээ. Үүний сацуу гадаадад ажиллаж буй Монгол Улсын иргэдийн асуудлыг анхаарах хүрээнд найман улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан, одоо Япон Улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг салбарын яамнаас өгсөн.
Ийнхүү гишүүд төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа холбогдох санал хураалтыг 17.00 цагт явуулахаар товлосон.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг дараа нь хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир төслийн талаар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл танилцуулсан.
Хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийг хангах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, үр дүнтэй хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, засаглалыг бэхжүүлэх энэхүү конвенцод 58 улс нэгдэн орсон байдаг байна. Энэхүү конвенц нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81 дүгээр конвенцын нэгэн адил “Засаглалын конвенц” гэж тодорхойлогддог байна. Тус конвенцод газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт зэрэг үйл ажиллагаа хамаарах аж. Улсын хэмжээнд 531.5 мянган хүн албан бус хөдөмөр эрхэлж байгаагаас 337 мянга буюу 63.4 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байна. Иймд энэ салбарын ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч шаардлагатайг Т.Аубакир сайд танилцуулсан.
Энэхүү конвенц нь хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад үйлдвэр, худалдааны салбарт хэрэглэгддэг нийтлэг хяналтын арга барилаас гадна салбарын онцлогт тохирсон хөдөлмөрийн хяналтын зохицуулалтын хэм хэмжээг тогтоосон байдаг аж. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод нэгдэн орсноор хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах хяналтын тогтолцоог олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн бэхжүүлж, салбарын онцлогт тохирсон хөдөлмөрийн хяналтыг хэрэгжүүлэх ач холбогдолтойг төсөл санаачлагч танилцуулав. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинж чанар болон ажлын байрны онцлогт нийцүүлэн хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин болон хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналтыг төлөвшүүлэх юм байна. Ажил олгогч, ажилтанд хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн байцаагчийг тогтвортой ажиллуулах, төрийн болон ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурласан үр дүнтэй хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2026 оны 09 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн хуулийн төслийг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн хяналтын тогтолцоо нь Монгол Улсын уламжлалт мал аж ахуйн салбар дахь хөдөлмөрийн харилцаанд тохирох эсэхийг, хөдөлмөр эрхэлж буй иргэдээс гадна өөрсдөө аж ахуйгаа эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн хяналтыг хэрхэн хамруулах талаар тодруулсан гишүүний асуултад салбарын сайд хариулахдаа “Нэн тэргүүнд энэ конвенцод нэгдсэнээр манай улсын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнүүд зохистой хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдэг агуулгаараа экспортод ач холбогдолтой. Хөдөө аж ахуйн салбарын мэргэшсэн байцаагч нь зөвлөн туслах үйлчилгээ, дэмжлэг үзүүлж ажиллах юм. Хөдөлмөрийн харилцаа тогтмол шинэчлэгддэг онцлогтой. Өөрийн аж ахуйгаа эрхэлж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ төр хамгаалах үүрэгтэй учраас өөрийн орны онцлогт тохирсон хяналтыг зохих хэлбэрээр хэрэгжүүлэх болно” гэв. Конвенцын 4, 5 дугаар заалтаар хөдөлмөрийн харилцаанд орж буй нөхцөлд үндэслэн хяналтын обьект болно гэдгийг ажлын хэсгээс тодруулсан. Давуу тал нь өөрийн орны онцлогт нийцсэн, зөөлөн хяналтын тогтолцоог бэхжүүлэх боломжтой гэдгийг мөн тэмдэглэж байв. Холбогдох тодорхойлолтод үндэслэн төсвийг тодорхой төлөвлөх учраас судалгааг нухацтай, үндэслэлтэйгээр хийх шаардлагатай гэдгийг М.Мандхай гишүүн хэлж байв. Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, С.Ганбаатар, С.Эрдэнэбат нар ийнхүү асуулт асууж, салбарын сайд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсны дараа төслийн талаарх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар товлолоо.
Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүний энэ оны 7 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. П.Сайнзориг гишүүн төсөл санаачлагчийн илтгэлийг, Б.Заяабал гишүүн Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг танилцуулав.

Монгол Улсын урт хугацааны урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д төрийн худалдан авалтаар бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, төрийн худалдан авалтыг ногоон худалдан авалтад үе шаттайгаар шилжүүлэхээр тусгасан гэдгийг дурдав. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжих, худалдан авах ажиллагааны тогтолцоог оновчтой болгох, хиймэл оюуныг ашиглах, том төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн гэв. Гэвч худалдан авах ажиллагааны өнөөдрийн бодит нөхцөл байдал нь оролцогчдод тавих шаардлага, тендерийн баталгаа, татвар, нийгмийн даатгалын өр төлбөртэй холбоотой шалгуур нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тендерт оролцох боломжийг хязгаарлах нөхцөл болж байгаа гэв. Сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн тоо буурч, оролцогчгүй тендерийн тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд 2024 онд нийт тендер шалгаруулалтын 44 хувь нь амжилтгүй болж дахин зарлагдсан гэх баримтыг танилцуулав. Тендер шалгаруулалтад оролцох болон зохион байгуулахад зардал, цаг хугацаа их шаардагдаж, тендерийг давтан зохион байгуулж байгаа нь төлөвлөсөн ажлыг хугацаанд нь хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгааг ч дурдсан. Үүний зэрэгцээ цахим дэлгүүр дэх бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, захиалагчийн хэрэгцээг бүрэн хангахгүй, том төслүүдийн тендер шалгаруулалт гэрээ байгуулах зохицуулалт уян хатан бус байгааг танилцуулгадаа онцолжээ. Түүнчлэн худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт болон гомдол, маргаан хянан шийдвэрлэх тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүссэн хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Эдгээр хэрэгцээ, шаардлагад үндэслэн холбогдох зохицуулалтыг тусгахад хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орох болсон тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Энэхүү төслөөр төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компани төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн худалдан авах ажиллагааг зохицуулж байгааг харгалзан “Төрийн худалдан авах ажиллагааны тухай” хэмээн нэрийг нь өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болохоо танилцуулав.

Хуулийн төслөөр худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, оролцогчдын санхүүгийн болон захиргааны ачааллыг бууруулахын зэрэгцээ эх оронч худалдан авалтыг дэмжиж, дотоодын болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтыг түлхүү тусгажээ. Тухайлбал, 10 тэрбум төгрөг хүртэлх тендерт баталгаа шаардахгүй байх, татвар, нийгмийн даатгалын төлбөрийг тендерээс шууд татгалзах үндэс үндэслэл болохгүй байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санал болгосон дотоодын бараанд давуу нөхцөлөөр үнэлгээ хийх, орон нутгийн үйлдвэрлэл, ажлын байрыг төрийн худалдан авалтаар дэмжих боломжийг нэмэгдүүлэх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, нийгмийн оролцоог дэмжих хүрээнд тэдний үйлдвэрлэсэн чанар стандартын шаардлага хангасан барааг шууд худалдан авах, бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт, хүртээмжийн шалгуурыг тусгах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн аж ахуй эрхлэгчид худалдан авах ажиллагааны давуу эрх эдлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ худалдан авах ажиллагаанд чанар, үнийн хосол хослолыг харгалзан гүйцэтгэгчийг сонгох, хиймэл оюун болон технологийн дэвшлийг нэвтрүүлэх, тендер шалгаруулалтыг шуурхай хэлбэр цахим хэлбэрээр зохион байгуулах, том төслийн худалдан авах ажиллагаанд чадавхад суурилсан хэлэлцээний аргаар хэрэглэх, гомдол, маргааныг байнгын ажиллагаатай зөвлөлөөр шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан болохоо П.Сайнзориг гишүүн танилцууллаа.

Төсвийн байнгын хороо 9 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авч байгааг Б.Заяабал гишүүн танилцуулсан юм.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Л.Соронзонболд, М.Мандхай, Б.Бат-Эрдэнэ, Б.Пунсалмаа, С.Ганбаатар, О.Саранчулуун нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буй эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ө.Шижир нар индрээс илэрхийллээ.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа О.Саранчулуун гишүүн илэрхийлээд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалагчдыг дэмжих зохицуулалтыг тодорхой тусгах, төрийн болон нийтийн зориулалттай бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтад хүртээмж, түгээмэл загварын шаардлагыг хуульчлахаар тусгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулсны үндсэн дээр давуу нөхцөл эдэлсэн аж ахуйн нэгж тухайн иргэнийг бодитоор, тогтвортой, мэргэжил ур чадварт нь нийцүүлэн ажиллуулж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих зохицуулалтыг тусгах санал хэлэв.

Төрийн нэрээр буюу төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан үйл ажиллагааны ил тод байдал, хяналт, хариуцлагыг сайжруулах, шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн буюу жижиг компаниудад тендерт оролцох боломжийг бүрдүүлэх шаардлагын талаар Ө.Шижир гишүүн байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн шинэ буюу гарааны бизнес эрхлэгчдийг хязгаарласан туршлага, борлуулалтын босго, тодорхой нийлүүлэгчид нийцүүлсэн техникийн шаардлагыг халж, шударга өрсөлдөөнийг хангах, тендерийн гэрээ байгуулсны дараа үнэ, ажлын хэмжээ, хамрах хүрээг өөрчлөх нөхцөл, дээд хязгаарыг хуульд тодорхой тогтоож, захиалагчийн хариуцлагыг чангатгах асуудлыг тусгах талаар анхаарал хандуулах шаардлагын талаар үг хэлэх ташрамдаа төрийн худалдан авалттай холбоотой төрийн өмчит компаниудын зарлага, урсгал зардал, хөрөнгө оруулалттай холбоотой Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулахаар 44 гишүүн гарын үсгээ зураад байгааг дуулгасан. Барилгын салбарт онцгой анхаарч, төрийн худалдан авалтад зохицсон иж бүрэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэдэг саналыг Б.Пүрэвдорж гишүүн илэрхийлсэн юм.
Ингээд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг товлосон цагт явуулахаар шийдвэрлэснээр дараагийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас энэ оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 9 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа тус тус хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26-д “нэг асуудлаар 2 ба түүнээс дээш хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн 1 төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцэх үед Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс дагаж мөрдөх хугацааг хасах, нэгтгэсэн хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй уялдуулан холбогдох зүйл, заалтын дугаарлалтыг нийцүүлэх, мөн хууль санаачлагчдын өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаж нэгтгэсэн хуулийн төсөлд давхардсан зохицуулалтыг нэг зүйл болгон нэгтгэж, техникийн засварыг хийхтэй холбоотой зарчмын зөрүүтэй 3 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Мөн хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нэгтгэсэн хуулийн төслийн 6.1.2 дахь заалтын “Дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас илүүгүй алдагдалтай” гэснийг “Дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиас илүүгүй алдагдалтай” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц нэгтгэсэн хуулийн төслийн 6.1.2 дахь заалтаас тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь гэснийг хасаж өөрчлөн найруулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Г.Лувсанцамц нараас хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсгийг” гэснийг хасаж өөрчлөн найруулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хэвээр үлдээх зэрэг зарчмын зөрүүтэй 3 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, О.Батнайрамдал, Л.Соронзонболд нар асуулт асууж, Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг төсөв даган удаа дараа өөрчлөхийг хязгаарласан зохицуулалтыг тусгахтай холбоотой асуудлаарх гишүүдийн асуултад Ж.Энхбаяр сайд хариулахдаа “Монгол Улсын эдийн засаг эрдэс баялгийн орлого, экспорт болон гадаад орчны хэлбэлзлээс өндөр хамааралтай тул гэнэтийн нөхцөлд шуурхай хариу арга хэмжээ авах шаардлагаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлтүүдийг оруулж ирсэн. Эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайн хамаарлыг бууруулах хүртэл уян хатан ийм зохицуулалт шаардлагатай” хэмээн хариулсан. Суурь тэнцлийн ашгийг Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт зарцуулах заалтыг хасаж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашгийг ДНБ-ий 2 хувиас илүүгүй байхаар хязгаарлаж байгаа үндэслэлийн талаарх асуултад “суурь тэнцэл” гэсэн ойлголтыг хасаж байгаатай холбогдуулан өр төлөхтэй холбоотой заалтыг хассан, бодлогын хувьд өөрчлөгдөөгүй, 2024 оны зохицуулалтыг эргэн сэргээж байгаа гэх хариултыг ажлын хэсгээс өгсөн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дэмжсэн болон дэмжээгүй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод шилжүүлэв. Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дэмжсэн болон дэмжээгүй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод шилжүүлэв.

Ингээд санал хураалт явуулахаар товлосон цаг болсон тул эхлээд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 66 гишүүн дэмжиж, конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. Дараа нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүн дэмжснээр хуулийн төсөл батлагдлаа.

Дараа нь Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсний дараа төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг шинэчлэх батлах шаардлагын талаар, Улсын Их Хурал энэ чиглэлээр багагүй ажиллаж байсныг С.Бямбацогт дарга тэмдэглээд “Төслийг энэ намрын ээлжит чуулганаар эцэслэн батлах нь зүйтэй. Төрийн худалдан авалтыг үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнесийг дэмжих бодит хөшүүрэг болгож, тэдний оролцоог дэмжин, өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Төрийн худалдан авалтад зөвхөн хямд үнийг бус чанар, үр дүн, өгөөжийг гол шалгуур болгож, чанаргүй бараа, ажил үйлчилгээ, тендерийн маргаан болон төсөвт өртөг үндэслэлгүй өсдөг асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Төрийн худалдан авалтын төгрөг бүрийг юу худалдаж авснаар бус, ямар үр дүн бий болгосноор үнэлдэг ил тод, хариуцлагатай тогтолцоог шинэ хуулиар бүрдүүлэх нь зохистой” хэмээгээд дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, иргэдэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг ажлын хэсэгт чиглэл болгосон юм. Ингээд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон дараагийн асуудал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Засгийн газраас энэ оны 8 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Засгийн газраас 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 9 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн юм.
Байнгын хорооны энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулжээ.

Улсын Их Хурлын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Н.Наранбаатар гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Ажлын хэсгийн гишүүд тодорхой салбар, чиглэлийг хуваан хариуцаж, тухайн салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн тодотголд тусгагдсан төсвийн төслийн тооцооллыг судалж, дэд ажлын хэсэг бүрийн гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж, дэмжигдсэн саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.
Дээрх ажлын хэсгээс Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах бүрэн эрхтэй байх тул Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд”-ийг нэрлэн заасан зохицуулалт буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэснийг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан үнэт цаасыг анхдагч зах зээлийн үе шатыг дамжуулахгүйгээр шууд хоёрдогч зах зээлд арилжаалах эрх олгох зохицуулалт нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан анхдагч болон хоёрдогч зах зээлийн ойлголт, тэдгээрийн дараалал, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зөвшөөрлийн тогтолцоотой зөрчилдөх нөхцөл байдал үүсгэх бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, мэдээллийн ил тод байдлыг хангах, зах зээлийн оролцогчдод ижил, тэгш түвшний шаардлага тавих, хяналт, хариуцлагын зарчмыг сулруулах эрсдэлтэй тул төслийг санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэн болохыг Б.Мөнхсоёл гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд туссан “Засгийн газрын эзэмшлийн үндэсний хөрөнгө оруулалтын сан”-гийн эрх зүйн статус, түүнийг байгуулах болон төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших эрх зүйн үндэслэл, хувьцаа шилжүүлсний дараах өмчлөл, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх субьект, хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ зэрэг асуудал нь тодорхойгүй байх тул эдгээр харилцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үзэн төслийг хууль санаачлагчид буцаах саналыг мөн гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд цэргийн алба хаасны суурь тэтгэвэр, тэтгэмж олгох хугацааг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслүүдийг, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж нийгмийн баталгааг хангах хүрээнд ахмад настнуудын суурь тэтгэвэр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж олгох хугацааг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслүүдийг, Эдийн засгийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, зах зээлийн үнэлгээг сайжруулж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр болон ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэгбүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, О.Саранчулуун, Л.Энхнасан, Ц.Мөнхтуяа, Б.Жаргалан нар төсвийн сахилга, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн өмчит компаниудын орлого, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлага, нийгмийн салбарын санхүүжилтийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлэн ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав.
Үндэсний баялгийн сангийн хүрээнд Хуримтлалын сангийн хөрөнгийн удирдлага, төрийн өмчит компаниудын ногдол ашиг, хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх болон удирдах тогтолцоог ил тод, хяналттай байлгах шаардлагатайг гишүүд онцолж, төсвийн тодотголтой шууд холбоогүй хуулийн өөрчлөлтийг төсөв дагуулан өргөн мэдүүлдэг хэмээн шүүмжилсэн. Улмаар зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах Байнгын хорооны шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн төрийн өмчит компаниуд уул уурхайн бүтээгдэхүүнээ хуульд заасан шаардлагын дагуу биржээр арилжаалж байгаа эсэх асуудлыг хөндөв. Төрийн өмчит компаниудын нүүрс, зэсийн тодорхой хэсэг биржээс гадуур борлуулагдаж байгаа нь өмнө байгуулсан урт хугацааны гэрээнүүдтэй холбоотой бөгөөд эдгээр гэрээг дууссаны дараа биржийн арилжаанд бүрэн шилжүүлэх чиглэл баримталж байгааг ажлын хэсгээс тайлбарлалаа. Багш, эмч нарын цалин, орон сууц, Боловсролын зээлийн сан болон зорилтот бүлэгт чиглэсэн төсвийн санхүүжилтийг асуудлыг хэлэлцүүлгийн явцад гишүүд хөндөж, төсвийн зардлыг эдийн засаг, нийгэмд бий болгох бодит үр дүнгээр үнэлдэг байх саналыг гишүүд гаргаж байв. Төсвийн төлөвлөлтийг анхаарах, төсвийн сахилга, Засгийн газрын хариуцлага, хууль хэрэгжилтэд Улсын Их Хурлаас тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.
Ийнхүү гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг 20.00 цагт явуулахаар боллоо.
Төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлж, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 22, 23, 10 дугаар сарын 01, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд хийж санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлснийг Н.Наранбаатар гишүүн танилцуулав. Улсын Их Хурлын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар төсвийн тодотголын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Н.Наранбаатар гишүүний ахалсан тус ажлын хэсгээс гаргасан саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Тухайлбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын нийт дүнг нэмэгдүүлэхгүйгээр зардал хооронд зохицуулалт хийх хүрээнд тухайн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд доголдол үүсэх, зардал, санхүүжилт зайлшгүй дутагдах эрсдэл үүсэх магадлалтай зарим салбарын төсвийг нэмэгдүүлэх, тухайн санхүүжилтийн эх үүсвэрийг 2026 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн хөрөнгө оруулалтын зардлаас бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүдээс 2026 оны төсвийн жилд ашиглалтад оруулж дуусгах, гүйцэтгэл нь бүрэн гарах боломжтой хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, мөн гүйцэтгэл удаашралтай, хуулиар батлагдсан санхүүжилтийг бүрэн зарцуулах боломжгүй нөхцөл үүссэн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг бууруулах зохицуулалт хийх саналуудаар санал хураалт явуулан, шийдвэрлэжээ.

Төсвийн тодотголын төслийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг 20.00 цагт явуулахаар товлоод дараагийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг П.Сайнзориг гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Дээрх төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо, бусад Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 22, 23, 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлт гарган Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд ирүүлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал гараагүй хэмээн санал, дүгнэлтэд дурдсаныг П.Сайнзориг гишүүн танилцуулсан юм.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ.

Хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах буюу ердийн журмаар хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой зарчмын зөрүүтэй 1 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь буюу олонх дэмжсэн гэв.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Дав.Цогтбаатар, А.Ариунзаяа, Х.Тэмүүжин, Ц.Туваан, Ө.Шижир, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар нар асуулт асууж, Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан.

Ийнхүү хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр санал хураалт явуулахаар товлосон цаг болсон тул төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т “Байнгын хороо энэ хуулийн 39.25-д заасан үндэслэлээр хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасныг С.Бямбацогт дарга танилцуулсан. Ингээд төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулаад, тодорхой асуудлын хүрээнд хуулийн төслүүдийг 3 дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд буцаахаар шийдвэрлэсэн.

Үргэлжлүүлэн Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахын өмнө ажлын хэсгээс уг саналыг татаж авч буйгаа Н.Наранбаатар гишүүн мэдэгдэв.
Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,