НИЙГЭМ

Б.Одсүрэн: Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зохицуулалтуудыг яаралтай хийх шаардлагатай байна

Өчигдөр Төрийн ордонд болсон  Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдааны үеэр  Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулсан юм.

Тэрбээр “Монгол Улс даяар явагдаж буй дотоодын шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдлаас харахад 2040 он гэхэд улсын хэмжээнд дөрвөн хот л үлдэхээр дүр зураг харагдаж байгаа. Улаанбаатар хотод 2020 онд 31,708 иргэн албан ёсоор шилжиж ирсэн бөгөөд нийслэлийн хүн амын  цэвэр өсөлт 40 мянгыг нэмэхээр Улаанбаатар хотын иргэдийн тоо нэг жилийн хугацаанд 80 мянга гаруйгаар нэмэгдэж байна. Энэ тоонд нийслэлд түр оршин суугчдыг оруулаагүй. Тэгэхээр ойрын 10 жилдээ Улаанбаатар хотын хүн амын тоо 2.5 саяд хүрэх тооцоолол гарч байна.

Улсын хэмжээний их дээд сургуулиудын 96 хувь, худалдаа, үйлчилгээний 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75 хувь, ДНБ-ий 66 хувь, хэвтэж эмчлүүлсэн иргэдийн 56 хувь Улаанбаатарт ногдож байна. Хөдөө орон нутгаас шилжих ирж буй иргэдийн үндсэн зорилго нь ажилтай болох, орлогоо нэмэгдүүлэх, дээд боловсрол эзэмших. Хот доторх төвлөрлийн тухайд зөвхөн Их тойрууд 355 мянган ажлын байр байршиж байна. Энэ нь хэт төвлөрлийг бий болгоод байна.

Замын түгжрэлийн тухайд авто замын сүлжээ 19 хувиар нэмэгдсэн бол автомашины тоо гурав дахин өссөн нөхцөл байдалтай байгаа. Ирэх гурван жилийн хугацаанд жил тутамд машины тоо 80 мянгаар өснө гэж тооцвол Улаанбаатар хотод зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 700 мянгаас нэг саяд хүрэх динамик тооцоо гарсан. Түгжрэлийн өртгийг тооцож үзэхэд, 2020 оны байдлаар 2.7 их наяд төгрөг буюу нэг тэрбум  орчим ам.долларыг шууд болон шууд бусаар бид түгжрэлд зарцуулсан байдаг. Энэ байдлаар, юу ч хийхгүйгээр, ямар ч арга хэмжээ авахгүйгээр  үргэлжлэх юм бол бид таван жилийн дараа 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд зарцуулна гэсэн харамсалтай тооцоо гарсан.

Хоёр хоногийн өмнө ЖАЙКА-аас энэ байдал үргэлжилбэл хоёр жилийн дараа Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн тэг зогсолтод хүрнэ гэж тооцсоноо танилцуулсан.

Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, түгжрэлийг бууруулах хүрээнд гурван үндсэн зорилго, 27 зорилт, 149 арга хэмжээг төлөвлөсөн. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг нэгтгэж, уялдаа холбоог хангах шаардлагатай. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлбэл хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг болох гэхчлэн хийж хэрэгжүүлэх ажил их байгаа. Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, аймаг болон сумдад үйл ажиллагаа явуулбал 50-90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг төлөвлөгөө боловсруулсан.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд дагуул хот, дэд төвүүдийг байгуулах, тэдгээрт ажиллаж амьдрахад давуу байдал бий болгох, ипотекийн бага хувьтай зээлийг илүү олгох гэхчлэн бүлэг арга хэмжээ авах шаардлагатай байгаа.

Улаанбаатар хотын авто замын сүлжээнд  194 км гол гудамж зам байдаг. Үүнийг гурван жилийн хугацаанд 60 км-ээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.  Ингэснээр авто замын түгжрэлийг 15-20 хувь, замын нэвтрүүлэх чадварыг 35 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо судалгаа гарсан. Нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийж, их багтаамжит тээврийн хэрэгслийн эхний шугамыг гурван жилдээ багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоог 25 хувиар нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг 15-20 хувиар бууруулах боломж бүрдэх юм. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зохицуулалтуудыг яаралтай хийх шаардлагатай байна. Тээврийн хэрэгслийн квот тогтоох, татварын бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа” гэв.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдийн зүгээс дээрх мэдээллийг сонссоны дараа иргэд түгжрэл, төвлөрлийг бууруулъя гэсэн хэр нь хийж хэрэгжүүлэх зарим арга хэмжээг огт дэмжихгүй гэж байгаа нь асуудал үүсгэж байгааг онцолсон юм. Тиймээс иргэддээ мэдээлэл өгч, хамтран ажиллах шаардлагатай байгааг хэлж байлаа. Хэрэвзээ иргэд хийж хэрэгжүүлэх ажлыг дэмжихгүй бол асуудал шийдэгдэхгүй гэдгийг УИХ-ын зарим гишүүн онцолсон юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet