Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.28/ хуралдаан 11.34 цагт А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Б.Найдалаа, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, Ц.Туваан, Б.Хэрлэн, Б.Чойжилсүрэн, Д.Энхтуяа нарын гишүүд хүрэлцэн ирж, 56.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулгын төсөл/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Харин гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Дараа нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Их Хурлын 2026 оны 05 дугаар тогтоолыг баталсан билээ.
Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 152 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хуулийн төслийн талаар танилцуулав.
Тэрбээр, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасанд нийцэхгүй байна гэж дүгнэлт гаргасан билээ.
Ажлын хэсэг дээрх асуудлыг судлан үзэж, хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т “хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;” гэж Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагааны талаарх бүрэн эрхийг тогтоосон байх тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ хэмээв.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй. Тиймээс ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
Төрийн албаны зөвлөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайлан, үүн дотроо төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн маргааныг хянан шийдвэрлэсэн дүн, төрийн албаны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны талаар цаашид авах арга хэмжээний саналыг тайлагнах үүрэгтэй юм.
Энэ дагуу Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хяналт шалгалт, хүний нөөцийн удирдлага, аудит, төрийн албаны шалгалт, төрийн албаны судалгаа, шинжилгээ, төрийн албан хаагчийн сургалт, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл, Зөвлөлийн үйл ажиллагаа төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гэсэн агуулгын хүрээнд нэгтгэн тайлагнасан.
Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг нийт 330 сум, 9 тосгоны 671 байгууллагын 3402 албан хаагч, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 61 төрийн байгууллагын 105, нийт 3507 албан хаагчийг хамруулан хийсэн. Хяналт шалгалтаар ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангаагүй, түр орлон болон сэлгэн, шилжин ажиллуулах журам зөрчсөн нийт 287 зөрчил илрүүлсэн байна.
Хуульд заасны дагуу хяналт шалгалтыг төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилгооны үйл ажиллагаанд хийдэг байсныг суманд ажиллах явцдаа боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын буюу төрийн үйлчилгээний 1,579 байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн 205 төсвийн шууд захирагчийг хууль зөрчиж, “түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсныг мөн илрүүлжээ.
Хяналт шалгалтыг зөвхөн хянаж, шалгаад дуусгах бус төрийн байгууллагын удирдлага, 36357 албан хаагчдад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэглэх талаар таниулах, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт, шинэ мэдлэг мэдээлэл өгөх хэлбэрээр зохион байгуулсан нь үр дүнтэй болж дээрх зөрчлүүдээс 176 нь шалгалтын явцад хуульд нийцэн арилсан аж.
Илэрсэн зөрчлөөс хяналт шалгалтын явцад арилгаагүй 187 зөрчлийн асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж 46 тогтоолоор холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг өгч ажилласнаар хэрэгжилт оны төгсгөлд 87.1 хувьтай хэрэгжсэн үр дүн гарсан хэмээлээ.
Өнгөрсөн онд хөдөлмөрлөх зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Төрийн албаны зөвлөлд 590 өргөдөл, гомдол ирснээс, 589-ийг шийдвэрлэсэн бөгөөд 145-д хугацаатай үүрэг даалгавар өгч, захиргааны шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байна.
Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг чанаржуулах, сайжруулах зорилгоор яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журамд "Чадахуйн зарчим"-ын хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг Төрийн албаны зөвлөл үнэлдэг байх талаар Засгийн газарт хүсэлт гарган, тогтоол батлуулсан аж Энэхүү хөндлөнгийн үнэлгээг анх удаа 15 яам, 44 агентлаг, 22 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулан хийжээ. Үнэлгээгээр яамд 80.3, агентлаг 70.7, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 77.5 хувийн дундаж гүйцэтгэлтэй үнэлэгдсэн бөгөөд жил бүр тогтмол үнэлгээ хийдэг эрх зүйн орчин бүрдүүлж чадсан нь үр дүнтэй ажил болж байна хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга танилцуулгадаа дурдсан.
Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох чиг үүргийн хүрээнд тус зөвлөл нь 2025 онд 91 төрийн захиргааны байгууллагаас албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрөл олгох хүсэлт хүлээн авч хянан үзээд 63 төрийн байгууллагын 7,511 албан хаагчид хамаарах 2,411 албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрлийг 144 тогтоолоор олгожээ.
Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, албан тушаалд шаардлага хангасан, ур чадвартай, ёс зүйтэй, иргэн/албан хаагчийг сонгон шалгаруулах удирдлага, зохион байгуулалтыг хангах ажлын хүрээнд төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг 4 зохион байгуулж, нийт шалгалтад орсон 11,029 иргэнээс тэнцсэн 4,547 иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэжээ. 2024 онтой харьцуулахад бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо 12 хувиар, шалгалтад оролцогчдын тоо 16.1 хувиар буурсан хэдий ч шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн тоо 5 хувиар нэмэгдсэн байгаа нь иргэдийн төрийн албанд ажиллах хүсэл сонирхол их байгаагийн илрэл юм гэж Төрийн албаны зөвлөлийн дарга тодотгосон.
Тэрбээр цааш нь төрийн албаны судалгаа, шинжилгээ, төрийн албан хаагчийн сургалт, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл, Зөвлөлийн үйл ажиллагаа болон Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа танилцуулсан. Тэрхүү саналд, Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны чиглэлээр нэгдсэн зохицуулалт хийх, төрийн албаны хүний нөөцийн үндэсний хөтөлбөрийг батлах, төрийн алба, албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргахад мэдээллийн нэг эх сурвалж, суурь бааз нь Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сангийн систем байж, төрийн албаны их өгөгдөл болгон ашигладаг байхыг хуульчлах талаар тусгасан байлаа.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Энхтуяа, Л.Гантөмөр, С.Зулпхар, Б.Хэрлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Төрийн албаны зөвлөл жилдээ нэг удаа тайлангаа танилцуулдаг биш, сар тутамдаа тулгамдаж байгаа асуудлаа танилцуулж, Байнгын хорооноос ямар чиглэл, тогтоол гаргаж болох вэ гэдэг агуулгаар ажиллавал учирч буй хүндрэлүүдийг тодорхой хэмжээнд шийдэх боломж гарна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр төрийн албан хаагчдынхаа өмнөөс дуугарч хамгаалж чадахгүй бол Байнгын хороонд мэдээллээ хүргүүлээд хамтарч ажиллах нь чухал юм гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Төрийн албаны зөвлөл хяналт шалгалтын, тоо бүртгэлийн байгууллага болж хувираад байна уу гэж би хараад байна. Тоо бүртгэл дээрээ дүн шинжилгээ хийгээд цаашид засаж залруулах зүйлээ олж хараад арга хэмжээгээ аваад явдаг байвал сая хэрэг нь гарна. Тэгэхээр энэ талаар цаашид анхаарах хэрэгтэй байна гэлээ. Энэ байгууллагын Төрийн албаны тухай хуульд бичигдсэн гол зарчим нь төрийн бодлого, залгамж чанарыг хадгалах тухай юм гээд, төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах асуудалд онцгой анхаарч ажиллахыг сануулсан.
Хэлэлцүүлгийн төгсгөлд хуралдаан даргалагч Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан төрийн албаны хуулийн тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуульд нийцүүлэх хүрээнд тодорхой үүрэг даалгавар, чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Ингээд Байнгын хорооноос Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврыг үнэлсэн үнэлгээний тайлан, үр дүнд үндэслэн Төрийн албаны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой төсөл боловсруулж 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тогтов.
Мөн Төрийн албаны хөдөлмөр эрхлэлтийн орчин нөхцөлийн нэгдмэл бодлого хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбогдох баримт бичгийн төслийг боловсруулж 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Төрийн албаны хүний нөөцийг бэлтгэх, сургах, мэргэшүүлэх нэгдсэн бодлого, зорилтот хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулж 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг чиглэл болгосон.
Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхээр Төрийн албаны зөвлөлөөс баталсан дүрэм, журмууд Төрийн албаны хуулийн зохицуулалт, үзэл баримтлалаас давсан зохицуулалттай байгаад нэг бүрчлэн үнэлэлт өгч, хуулиас давсан журмын зохицуулалтыг засах ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгасан бөгөөд 213,611 төрийн албан хаагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ажиллах нь Төрийн албаны зөвлөлийн үндсэн чиг үүргийн нэг байхаар Төрийн албаны хуулийн шинэчлэлд тусгахад анхаарахыг чиглэл болгов.
Тус байгууллагад төрийн албаны сургалтын чанар, хөтөлбөрийн агуулга, үр дүнд анхаарч, сайжруулахад хамтран ажиллах, төрийн жинхэнэ албаны шалгалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх, сонгон шалгаруулж томилох, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, сургах, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэх нэгдсэн арга зүйг боловсруулж, хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагуудад мэргэшил, арга зүйн зөвлөгөө үзүүлэхийг даалгасан. Түүнчлэн төрийн албаны хаагчийн ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг боловсруулж, батлуулах ажлыг 2027 онд багтаан зохион байгуулахыг чиглэл болгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567
EUR | 4118
CNY | 519.7
RUB | 42.7
JPY | 22.05
KRW | 2.33
