Олон улсын валютын сан (ОУВС) болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын таамгаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.3 хувь байсан бол 2026 он гэхэд 3.1 хувь хүртэл аажмаар саарах төлөвтэй байна. Тодруулбал, 2025 оны эхний хагаст АНУ-ын худалдааны дайн, татварын тарифын шинэчлэлтэй холбоотойгоор зах зээлд савлаж байсан ч АНУ болон Хятадын хооронд байгуулсан хэлэлцээр, тохиролцооны дүнд нөхцөл байдал харьцангуй тогтворжоод буй. Гэсэн ч 2026 онд дэлхийн эдийн засгийг тодорхойлох гол эрсдэлүүд хэвээр байгааг шинжээчид онцолж байна. Тухайлбал, Украины дайн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн, Тайваньд үүсэж болзошгүй хурцадмал байдал, гадаад худалдааны хязгаарлалт, дэлхийн эдийн засгийн хуваагдал, төрийн өрийн өсөлт зэргээс үүдэн эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй. 

Европын эдийн засаг сул хэвээр

Украины эдийн засгийн хамгийн том түнш Европын холбооны хувьд болзошгүй эрсдэл, одоо тулгарч буй хүндрэлээс үүдэн эдийн засаг чангарах магадлал бага байна. Евро комиссын таамгаар,  тус бүсийн эдийн засаг 2026 онд 1.2 хувиар өсөх төлөвтэй байна. Гэвч ОУВС болон ЭЗХАХБ  өсөлтийг 1–1.1 хувиас хэтрэхгүй хэмээн таамаглаж байгаа юм. ХБНГУ-ын эдийн засгийн удааширсан, эрчим хүчний үнэ эрс өссөн, АНУ-ын импортын тариф нэмэгдсэн зэрэг хэдийн тулгарсан асуудлаас гадна Украины дайны нөхцөл Европын холбооны эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй байгаа юм. 

АНУ-ын эдийн засаг 2.1 хувиар өсөх төлөвтэй

АНУ-ын эдийн засаг 2025 онд худалдааны дайн, дотоодын улс төрийн зөрчлөөс үл хамааран харьцангуй тэсвэртэй байлаа. ОУВС-гийн таамгаар, АНУ-ын эдийн засаг 2026 онд 2.1 хувиар өсөх бололтой. Үүнд хиймэл оюун ухаан, дэд бүтцэд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт голлон нөлөөлөх ч төсөв тэлсэн, Холбооны нөөцийн системийн мөнгөний бодлого зөөлөрсөн зэрэг нөхцөл байдал зарим талаар хүндрэл дагуулах эрсдэлтэй байна. 

Хятад өсөлтөө хадгална

Хятад өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн салбарын хямарч, дотооддоо бараа, бүтээгдэхүүний эрэлт суларсан зэрэг сорилттой тулгарсан ч экспортын өрсөлдөх чадвар, төрийн дэмжлэгийн ачаар эдийн засгийн өсөлтөө 2026 онд хадгалах төлөвтэй байна. ОУВС, Дэлхийн банк болон ЭЗХАХБ-ын таамаглалаар,  Хятадын эдийн засаг 2026 онд 4.2–4.5 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд экспорт, эдийн засгийг дэмжих бодлого, үйлдвэрлэлийн автоматжуулалт уг өсөлтөд голлон нөлөөлөхөөр байна. 

Болзошгүй эрсдэлүүд

Нөгөө талаас, геополитикийн хурцадмал байдал, худалдаа эргэлтийн удаашрал, санхүүгийн зах зээлийн савлагаа, өрийн дарамт зэрэг олон хүчин зүйлсийн улмаас 2026 он хүртэлх дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой эрсдэлүүдтэй тулж магадгүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, худалдаа болон бодлогын тодорхой бус байдал нь дэлхий даяар дарамт учруулах гол хүчин зүйл хэвээр байгаа юм. 
Тухайлбал, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал томоохон эрсдэлд тооцогдож байна. Ялангуяа технологийн компаниудын хувьцаа огцом савлах нь санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтайг шинжээчид анхааруулж байна. Үүнээс гадна зах зээлийн хүүгийн өсөлт, төрийн өрийн дахин санхүүжилтийн эрсдэлтэй нийлээд  хөгжиж буй орнуудад учрах дарамтыг улам нэмэгдүүлж болзошгүй. Улс орнуудын төсөв, төрийн санхүүгийн эмзэг байдал ч дэлхий нийтийн гол асуудал хэвээр. Дэлхийн хэмжээнд төрийн өр өссөөр байгаа бөгөөд стратегийн салбаруудыг дэмжих бодлого, төсөл хөтөлбөрүүд нь төсвийн зардлыг нэмэх, нөөцийг буруу хуваарилах эрсдэл үүсгэж, улмаар Засгийн газрын санхүүд нэмэлт дарамт үүсгэх эрсдэлтэйг шинжээчид анхааруулжээ. 
Түүнчлэн дэлхийн олон оронд тулгамдаж буй хүн амын насжилт, мэргэшсэн ажиллах хүчний хомсдлоос улбаалан зарим бүс, улсад эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц удаашрах эрсдэлтэй. Эдгээр хүчин зүйл 2026 онд дэлхийн эдийн засгийн өсөлт аажмаар саарах үндсэн шалтгаан болно гэж ОУВС болон ЭЗХАХБ дүгнэжээ. 

Эх сурвалж: ОУВС, ЭЗХАХБ

#онцолсон, #оувс, #эдийн засаг,