УЛС ТӨР

Я.СОДБААТАР: Хууль зүй, дотоод хэргийн яамнаас салбарын хуулиудыг чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулганы үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар хууль сахиулах салбарын хууль тогтоомжид хийх шинэчлэл, зөвлөмжийн талаар мэдээллээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шүүр эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний анхдугаар чуулган” болж байна. Энэхүү чуулганд 20 орчим мянган хүн цахим хэлбэрээр оролцож байгаа. Зааланд 500 орчим бие бүрэлдэхүүн байна. Ерөнхийлөгчийн тухай хуулинд зааснаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын тэнцвэрт байдлыг хангах, үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог хангах үүрэг чиглэлийг олгосон байдаг. Тэр ч утгаараа, энэ байгууллагын хамтын ажиллагааг хангах, үйл ажиллагааг уялдуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу эхлүүлж буй шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх шинэ үе эхэлж байна. Өнөөдрийн үндэсний чуулганаар Монгол Улсад хараат бус, бие даасан, шүүх эрх мэдлийг тогтоох ач холбогдолтой.

Иргэдийн дунд шударга ёсны хүсэмжлэл маш өндөр байна. Ялангуяа, иргэдийг алагчлалгүй хуулиа чанга мөрдөж, түүний хүрээнд засаглах шаардлага байгаа. Тийм ч учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуулийн сурталчилгаат хугацаандаа “Хувь хүн засагладаг бус хууль засагладаг тогтолцоог бүрдүүлэх ёстой” гэж олон удаа хэлсэн. Иймд хуулийн засаглал ямар байх юм, засаглалаар хүний эрх яаж хангагдах юм, шударга ёс хэрхэн бий болох юм зэрэг энэ асуудлуудад уг чуулганаас томоохон зөвлөмж гарна.

Цаашлаад, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас салбарын хуулиудыг намрын чуулганаар оруулахаар бэлтгэж байна. Энэ мэт хууль, тогтоомжуудын томоохон шинэчлэл хийгдэж байгаа энэ цаг үед шүүх эрх мэдэл, алба хаагчдын чуулган болж байгаа нь онцлогтой. Түүнчлэн хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын ёс зүйн асуудал маш их яригдаж байна. Эрүүдэн шүүлтэй холбоотой асуудлаас эхлээд хөрөнгө мөнгөтэй хүнд үйлчилдэг хэргийн олон жишээ яригдаж байна. Энэ байдлыг цэвэрлэх зайлшгүй шаардлага байгаа. Тэр ч утгаараа хууль, эрх зүйн хүрээнд дээрх асуудалд шинэтгэлийн ажил хийнэ.

Мөн хууль сахиулах байгууллагуудын материаллаг хангамж, барилга байгууламж, хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий” хэмээн ярив.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet