Live
newswire

МАЛЧИД: Тавантолгойн ордоос Чойр чиглэлд хийж буй шороон тээврийн улмаас байгаль орчин сүйдэж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид Тавантолгойн ордоос Чойр чиглэлд шороон тээвэрлэлт хийхийг эсэргүүцэж буй талаараа мэдээлэл хийлээ.

Тус сумын малчин “Өмнөговь аймгийн Цогтцэций, Мандал-Овоо, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг, Дундговь аймгийн Өлзийт сумдын нутгаар шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа. Үүнийг бид эсэргүүцэж байна. Шороон замаар хийж буй тээвэрлэлтийн улмаас бэлчээр доройтохоос гадна, мал, малчдын эрүүл мэнд, ан амьтан, өвс ургамал гээд бүгд сүйдэж байна.

Улаанбаатар хот утаан дунд байдаг бол урд зүгийн малчид шороо тоосонд байх болчихоод байна. Холын бараа харагдахгүй шахам тоосон тунд малаа буруу зөрүү хариулж байна. Үүнийг дарга, сайд нар нь анхааралдаа авч, бодит байдалтай танилцаж арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Бид долдугаар сарын 6-наас эхлэн эрчимтэй тэмцсэн” гэв.

Өөр нэг малчин “Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Чойрын тээвэрлэлтийг хязгаарлах тогтоол гаргасанд малчид бид их баярлаж байгаа. Цогтцэций сум гэлтгүй говийн гурван аймгийн дамнан хоёр замаар тээвэрлэлт хийж байгаа. Энэ нь байгаль орчин, хүн ард, мал ахуйд маш хортой. Тоос шороонд бид хэцүү байдалд байна. Хойноос салхилсан ч, урдаас салхилсан ч битүү тоос шороо болчихно. Малчдын эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна. Шороон замаар тээвэрлэлт хийлгэмээргүй байна.

Төв талбайд том шалаанзтай жолоочид эсэргүүцлээ илэрхийлсэн. Тийм том шалаанз манай нутгаар өдөрт 100-200-гаараа цувж байна. Дөрвөн тэрбум төгрөгөөр зам тавьж, янзалсан гэж яриаад байгаа. Огтхон ч тийм зүйл байхгүй. Газрын хөрсийг хуссаныгаа зам гээд байна” хэмээн ярилаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet