НИЙГЭМ

Г.ЁНДОН: “Роснефть” компаниас аравдугаар сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн

Гэрэл зургийг MPA.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл болон АМГТГ-аас АИ-92, 95 автобензинийн хомсдолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр “Шатахууны хомсдолтой холбоотой асуудал өчигдрөөс хүчээ авч эхэлсэн. Манай улс нэг сард нийт 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. Уг хэрэглээний 95 орчим хувийг ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-ын Роснефт компанитай байгуулсан гэрээнд “Манай улс тус компаниас АИ-92 автобензинийг сард 28 мянган тонноор авах ёстой” гэх заалт бүхий харилцан үүрэг хүлээсэн байдаг. Энэ бол хамгийн бага хэмжээ. Гэтэл тус улсаас өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр дээрх хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдсэн. Учир нь ОХУ-ын Ангарск хот дахь газрын тосны үйлдвэрт засвар хийгдэж байгаатай холбоотой. Улмаар есдүгээр сард нийлүүлэх шатахууны хэмжээг 17 мянган тонн болгож бууруулсан. Үүссэн нөхцөл байдлаас хамаарч шатахууны хэрэглээг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-тай хэлцэл хийж, тус улсын “China oil” компанитай Шунхлай, Сод Монгол, Магнай трейд зэрэг таван аж ахуйн нэгж байгууллага гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу нэг сар гаруй хугацааны шатахууны хэрэглээг БНХАУ-аас хангахаар болсон. Вагоны код авсан учир одоогийн байдлаар татан авах ажил л үлдээд байна. Иймд өчигдрийг хүртэл шатахууны хомсдол үүсэхгүй гэх байр суурьтай байсан. Гэтэл өчигдөр (2021.09.20) ОХУ-ын Роснефт компаниас аравдугаар сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй талаараа мэдэгдсэн. Тус компани энэ сард нийт 17 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэх ёстойгоос одоогийн байдлаар 7400 тонныг нийлүүлээд байна. Өөрөөр хэлбэл, тус компани энэ сарыг дуустал үлдсэн тооны шатахууныг нийлүүлэх боломжгүй. Иймд манай улсын шатахуун импортлогч компаниуд өчигдрөөс эхлэн борлуулалтдаа хязгаарлалт тогтоосон. Харин БНХАУ-ын Элчин сайд Чай Вэн Руйтай өнөөдөр холбогдож, шатахууны ханган нийлүүлэлтэд анхаарахыг хүсээд байна” гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шатахууны нөөц дуусахаас өмнө буюу ОХУ-ын Роснефть компаниас мэдэгдэл гаргасан даруйд БНХАУ-аас авах шатахууны хэмжээг ихэсгэж  болохгүй байсан уу?

Г.ЁНДОН: ОХУ-ын Роснефть компани өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр “Есдүгээр сард 17 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлнэ” гэж мэдэгдсэн. Угтаа бол хоёр талын гэрээний дагуу хамгийн багадаа 28 мянган тонн шатахуун нийлүүлэх ёстой. Гэтэл 17 мянга бүүхэл 7000 тонн шатахуун л нийлүүлээд байна. Тийм учраас БНХАУ-аас 1037 вагон буюу нийт 51.8 мянган тонн АИ-92 автобензин  авахаар болоод байгаа. Энэ бол нэг сар гаруйн хэрэглээг хангахуйц хэмжээ. Гэрээ байгуулаад мөнгөө төлчихсөн учир зөвхөн вагонд ачигдахыг л хүлээж байна. Түүнээс биш ОХУ-ыг мэдэгдэл гаргаан даруйд бид ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэсэн үг биш.

-Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэд хоногийн нөөцтэй байна вэ?

Ц.ЭРДЭНЭБАЯР: Өнгөрсөн долоо хоногт АМГТГ-аас хэвлэлийн бага хурал хийхдээ шатахууны нөөц буурч 18 хоногийн хэрэглээтэй болсон талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар (2021.09.21) улсын хэмжээнд шатахууны 16 хоногийн нөөцтэй болж буураад байна. Яагаад гэвэл гаднаас орж ирж буй шатахууны импортын хэмжээ багасч, дотоод дахь хэрэглээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Үнийн хувьд БНХАУ-аас нийлүүлж буй шатахуун ОХУ-ынхаас ямар нэгэн зөрүүгүй. Харин стандартын хувьд Хятадаас Евро-5 шатахуун оруулж ирнэ. Төвийн бүсэд ойролцоогоор 4000-5000 орчим тонн буюу 4-5 хоногийн шатахууны нөөцтэй байна. Тодруулбал, Шунхлай компани долоо хоногийн нөөцтэй байгаа бол Магнай трейд компани хоёр хоногийн нөөцтэй байна. Харин баруун болон зүүн бүс буюу орон нутагт шатахууны нөөц хэвийн байгаа.

4 сэтгэгдэл

  1. Ангарск

    2021-09-21

    Гаднаас хамааралгүй биеэн даасан улс гэж цээжээ дэлддэг нөхдүүд хаанаас илүү хараат вэ гэдгийг сайн хараад ав. Нефтийн бүтээгдэхүүн үгүй бол уул уурхай, экспорт, эрчим хүч бүгд зогсоно.

    • hgf

      2021-09-24

      hytadiin horongoor usan tsahilgaan stants barih bolsonoor orosuud hariu akts hiij bga ene.nevtiin uildveree barichaad usan tsahilgaan stantsaa ehluulehgui de oyuka min.ene hund ued ardchilsan namiin yrij bgag haraad bgarai estoi hontsiin setgeltei hogiin golognuud shu

  2. Зочин

    2021-09-22

    Энэ нөхрийг Ангарск руу хөөж явуулаач ээ, албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байна уу, одоо боллоо ажлаа хий, манай 2 АНУ руу юугаа хийж явсан юм бэ? Бензин гуйж явсан юм болов уу?

  3. Зочин

    2021-09-22

    Энэ нөхрийг Ангарск руу хөөж явуулаач ээ, албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байна уу, одоо боллоо ажлаа хий, манай 2 АНУ руу юугаа хийж явсан юм бэ?

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet