Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр /2025.01.27/ АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын “Ардчиллын түншлэл”-ийн хорооны Албаны дарга Дерек Лейтон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хоёр намын төлөөллөөс бүрдсэн хорооны төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, АНУ нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэв.
Тэрбээр, парламент хоорондын хамтын ажиллагаа хоёр улсын улс төрийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд, ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ Улсын Их Хурлын талаар товч танилцуулсан.
Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар “Ардчиллын түншлэл”-ийн хороо, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2006 оноос хойш арга хэмжээ, сургалтууд байгуулж ирснийг талархан тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Конгрессын Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулахын төлөө Америкийн талтай цаашид хамтран ажиллах, тэр дундаа хууль тогтоох үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ хийх чиглэлээр туршлага судлах хамтын ажиллагааны боломж байгааг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.