МЗЭ-ийн гишүүн, зохиолч, яруу найрагч, ерөөлч, магтаалч, морь цоллооч, Монгол Улсын Тэргүүний ардын авьяастан, СТА, Шилдэг өвлөн уламжлагч Дамдинцэвээний Эрдэнэбаттай ерөөл, магтаалын сэдвээр хөөрөлдлөө.

-Та анх яаж ерөөл, магтаал хэлж сурсан бэ?

-Миний бие хэлд орж, ухаан сууж, хөлд орж гүйж эхэлсэн цагаасаа л ааваасаа “үлгэр” хөхөж өссөн азтай хүн. Аав минь амьдрал ядуу, анчин хүн байсан ч ухаанаар баян хүн байлаа. Манайд хүн их цугладаг, тэр үедээ үлгэр домог ярьцгаадаг байсан нь надад нөлөөлсөн болов уу. Арав орчим настайгаасаа үлгэр, оньсого сонирхож, ерөөл, магтаал цээжилж эхэлсэн.

Хүүхэд байхдаа цагаан сараар үеийхэнтэйгээ нийлж, морь унаад айл хэсдэг байлаа. Нэг удаа дөрвүүлээ Доржжанцан гэх өвгөнийд буусан чинь “авьяасаа үзүүлбэл бэлэг өгнө” гэдэг юм. Тэр үеийн бэлэг гэж боорцог, ёотон л байдаг байв. Тэгээд алдарт ерөөлч, магтаалч С.Үржинхандын “Таван хошуу малын магтаал” радиогоор ид явдаг байсан болохоор хэсэгхэнийг цээжилснээ хэллээ. 

Тэгэхэд өвгөн сүрхий таалж, 10 төгрөг, улаан хадагтай надад өгч байсан. Анхны шагнал тэр байв. Албан ёсоор гэвэл 80-аад оноос эхлэн урлагийн үзлэг, язгуур урлагийн наадмууд, аймаг, сумын уралдаануудад оролцсон доо.

-Цээжилж хэлэхээс илүү цээжнээсээ хэлэх нь жинхэнэ ерөөлч хүн гэж боддог. Тэгэхээр удмын билиг авьяас уламжилж ирж байж энэ хосгүй өв соёлыг тээх болов уу?

-Би Хайрхандулаан сумын Гүннарийнд /хуучнаар/ төрсөн хүн. Харин өссөн газар бол Тарагт сумын Чулуутайн бүрд юм. 1950-иад онд говиос хангай явсан нүүдэлчин ардын удам даа. Миний аавын талд ван Найдан гэж ерөөлч хүн байсан. Өндөр өвөө “уран” Бат хэмээх үйлэнд уран, үгэнд цэцэн дуучин хүн байсан гэдэг. Төрүүлсэн ээж минь ч бэлэн цэцэн үгтэй хүн байлаа.

Өвөг дээдсийн минь юмс үзэгдлийг хараад шууд цэцлэн хэлдэг авьяас надад тодорч, ард олондоо ерөөлч Эрдэнээ гэж дуудагддаг болсон. Ингэж урам авч, ерөөлч, магтаалч, цоллооч, зохиолч, яруу найрагч болох зам мөр нээгдсэн юм.

-Ерөөл, магтаал хэлэх нь шүлэг уншихаас өөр үү? 

-За би энэ ялгааг “Унага” гэх шүлгээр хэлж ойлгуулъя. 

Зээ, өндөр дэнж дээр өргөөгөө барьж

Өргөн ширгэн дээр гүүгээ барьж

Сүү ихтэй гүүнийхээ шим ихтэй айргийг

Хул дүүрэн бялхалзуулж, намайг ерөө гэсэн юм биз ээ.

Зэллэсэн унага чинь зээр гөрөөснөөс олон

Ногтолсон унага чинь ногтруу шувуунаас олон болтугай. Энэ бол ерөөл юм. 

 Унага урт сайхан зоотой

Уужим сайхан ташаатай

Хөлдөө жороотой

Хүзүүндээ молцогтой

Чонон хоёр чихтэй

Цолмон хоёр нүдтэй...  

Энэ бол магтаал. Харин шүлэг, яруу найраг гэвэл өөр болно. Жишээ нь:

 Удамт хурдан азарганы

Үндэс залгаж ургасан

Төрийн наадмын түрүү

Түмэн эхийн ирээдүй

Цуутын цагаагч гүүний

Цус бүрэлдсэн эрдэнэ

Туулай зэрэглээтэй талд

Туурай нь эвэршсэн ажнай

Ингэж үгийн утгаараа ялгаатай байдаг. Би энэ чиглэлээр судалгаа хийж, сургууль соёл төгссөн хүн биш. Гэхдээ угсаатан зүйч Х.Нямбуу, урлагийн нэрт зүтгэлтэн Жамцын Бадраа гэх мэтчилэн хүмүүсийн үг яриаг сонсож, ном зохиолыг уншиж нэлээн ойлголт авсан. Миний хувьд энэ гурван төрлийн алийг нь ч дуудна. Улсын уралдаанд хоёр, гурван удаа ч оролцлоо. Соёлын яамны тусгай шагнал, батламжууд авч байсан.

-Таны зохиол, бүтээлийг харахад ерөөл, магтаал, туульс, үлгэр зэргийг олон бичжээ. Уран бүтээлдээ юуг тусгахыг эрхэмлэдэг вэ?

-Дөч шахам жил ерөөл, магтаал туурвилаа. Морь, бөхийг ч олон жил цоллолоо. Ерөөл, магтаал гэдэг чинь монгол үндэсний шүлэг, яруу найраг шүү дээ. Дээхнэ үед хүн бүхэн бичиг үсэгтэй байгаагүй. Гэхдээ авьяас билигтэй хүн асар олон байсан. Тийм учраас ерөөл, магтаал нь амаар дамжиж ирсэн өв юм.

Цаг үеэ дагаад шинэчлэгдэх нь зөв. Жишээ нь, гэрийн ерөөл байлаа гэхэд бургасан ханатай, сөхөж өргөдөг эсгий үүдтэй гэрийн тухай хэлэх нь одооны цаг үед зохимжгүй. Тийм болохоор уламжлалт ерөөлөө хадгалж, шинэчилсэн ерөөлийг зохиож бий болгож байгаа юм.

Би гэхэд гуч гаруй ерөөл, магтаал бичсэн. Ерөөл зохиодог хүн цөөн байна. Уралдаанд 70 хүн ерөөл уншлаа гэхэд 7-8 нь өөрийн зохиосон ерөөлөө хэлдэг. Бусад нь уламжлагдаж ирсэн ерөөлийг цээжилж уншдаг.

Ерөөл, магтаалыг зохиож бичихэд бас учир байна. Үндэсний язгуур санааг заавал авч үлдэх ёстой. “Зээ, хө” гэх авиа дуудлага, үзэл санааг эвдэж болохгүй. Ерөөл, магтаалыг дөрвөн минутаас дээш хэлсэн бол туульс, хэдэн цагаар хэлэхээр бол тууль болно. Бас богино хэлбэрийн цэц байна. Уртын дууг урт, богиноор нь айзам, бэсрэг гэж ангилдагтай адил.  

-Танхай ерөөлч буюу Б.Пүрэвсүх, дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа The Hu хамтлагийн уран бүтээлийн талаар та ямар дүгнэлттэй байдаг вэ? Тэд энэ өв соёлыг хэр эвдэж байгаа бол?

-Ерөөл, магтаалыг ямар ч хэлбэрээр хэлж болно л доо. Ардын дууг ч өөрчилж дуулаад байна. Гэхдээ өв соёлоо авч үлдэх чухал гэдгийг мартаж болохгүй. Уламжилж ирсэн магтаалын үг хэллэгийг өөрчлөхгүй байх хэрэгтэй.

Хар билгийн ерөөл, зөн билиг, ашид тэнгэрийн ерөөлийг ялгаж мэдэхгүй учраас буруу зөрүү ярьдаг. Ерөөл гэдэг бол юмыг сайхан болгож, буяны зүгт урвуулдаг энергитэй үг хэллэгтэй байх ёстой. Айл болгонд ороод

      Үртэй хүний аяга хагархай

     Үрээтэй хүний уурга хугархай гэж ерөөгөөд байж болохгүй. Харин олон хүүхэдтэй айл бужигнаж байгаад аягаа хагалчихвал энэ байдлыг сайжруулахын тулд хэлж болно гэсэн үг. Түүний оронд;

       Үрээ танихгүй өнөр

    Үрээгээ танихгүй баян болоорой гэж ерөөх нь оновчтой. Энэ бол зөн билгийн ерөөлд орно. Мянган адуунаас танихгүй үрээ зөндөө байдаг. Одоо миний аавын эгч 105 настай. Гурав, дөрөв дэх үеийн үр ачаа таньдаггүй. Нэг удаа айлын найран дээр

       Хун галуу шиг эвээ нийлүүлж

       Хулан тахь шиг зүсээ нийлүүлж гэхийг

       Хун галуу шиг зүсээ нийлүүлж

      Хулгайч хүн шиг эвээ нийлүүлж гэж хэлэхийг сонссон. Залуучууд хоолой сайтай, хэл ам хурц, техник хэрэгсэл хөгжсөн учраас сайхан уянгалуулаад хэлэхэд хүмүүс анзаарахгүй өнгөрдөг. Тийм учраас ерөөлийн үгэнд их анхаарах ёстой юм. 

-Аймгийн ерөөлч, магтаалчдын анхны уралдаанд та зээ нартайгаа амжилттай оролцлоо. Сэтгэгдэл ямар байв?

-Анхны уралдаан гэхэд олон оролцогчтой, аятайхан боллоо. Дараа нь хэлэлцүүлэг болж, би өөрийн санал бодлоо хэлсэн. Зээ охин Ц.Очирдагина 8-12 насны ангилалд гуравдугаар байрт шалгарлаа. Миний хувьд 40-өөс дээш насны ангилалд тэргүүллээ.

Хүү Г.Очирдаръяа шавь сургалтын дагуу анги, хамт олноороо оролцсон. Гол нь энэ сайхан уралдааны үнэ цэнийг битгий алдаасай, цаашид уламжлал болгоод хийвэл олон сайн ерөөлч төрнө.

Улсын уралдаанд ихэвчлэн Өмнөговь аймгийнхан түрүүлдэг юм. Ерөөлч, магтаалч нарын төвийн тэргүүн Ц.Цэрэндорж өөрөө Өмнөговь аймгийн хүн. Биет бус соёлын энэ өвийг хадгалж, уламжилж чадсан аймаг л даа. Манай аймаг ч дутахгүй. Дундговийн Б.Эрдэнэбаатар, Өмнөговийн С.Мөнхжаргал гэх хүмүүсийн энтэй олон сайхан ерөөлч манайд байгаа. Залуучууд ч төрж гарч байна.

-Та ерөөлч, магтаалчдын олон уралдаанд оролцсон. Алдаа дутагдал, цаашид засаж залруулахаар зүйл ажиглагддаг уу?

-Шүүгчид өөрсдөө энэ талын мэдлэгтэй байх, уншиж байгаа ерөөл, магтаалын хэл, найруулгыг харах хэрэгтэй санагддаг. Толгой л холбосон бол ерөөл биш шүү дээ. Шүлэг, яруу найргийн уралдаан шиг бичсэн ерөөлийнх нь үгийг харах юм бол нэлээн учир дутагдалтай харагдана.

Эмэгтэй хүнийг ерөөхдөө;

Дун цагаан царайтай         

Дуран хар нүдтэй гээд зогсож байна.

Энэ чинь Д.Нацагдорж гуайн хурганы тухай шүлэг шүү дээ. Дээр нь хүн, хүний ерөөлийг хольж хутгаад бантан шиг юм болгоод унших нь ч байна. Түрүүний хэлсэн шиг хар билгийн ерөөл хэлж байгаа хүн ч зөндөө байдаг.

Бас тайзан дээр гараад таван минут цээжээрээ ерөөж чадахгүй хүн байр эзэлж, шагнал авах нь бас зөв санагдахгүй. Залуучуудыг сургахдаа цэцийн тэмцээн явуулдаг нь зөв. Оюун ухаан бүрэн сэтгэж задарна. Гэхдээ гэрийн ерөөл хэлчихсэн хэрнээ эсгийний ерөөл гээд задраад ороод ирэхээр хэлж чадахгүй байгаад байдаг.

-Энэ өв соёл нэг хэсэг мартагдсан байх гэж боддог. Харин ерөөл, магтаал нь уу, эсвэл ерөөлч, магтаалчид нь уу. Та юу гэж бодож байна вэ?

-Ерөөл, магтаал мартагдаж, алга болоогүй. Ард түмний дунд байсаар ирсэн. Бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн наадам гээд тасрахгүй зохиодог ч оролцдог хүн нь цөөн байсан. Яагаад гэхээр тэр үеийн ерөөл, магтаал богино биш, дор хаяж 2-3 хуудас урт учраас цээжлэх хүн цөөн байсан болов уу гэж боддог юм. Үүний дээр төр засаг анхаарч дэмжилгүй нэг хэсэг явсан. Сүүлийн хэдэн жилд Соёлын яам гэж бий болоод энэ төрөлд анхаардаг болсон байна.

Туулийг баруун аймгийхан өвөг дээдсийнхээ үеэс таслаагүй авч явна. Манай аймагт ч тууль байсан, харин тасарсан.

-Та сумын алдарт уяач хүн болохоор морины цол, ерөөл их бичжээ?

-Голдуу магтаалууд байгаа юм. Морины цол гэдэг чинь нэг ёсондоо магтаал шүү дээ. Бас нэг анхаармаар юм байдаг. Морины цол дуудахад тэр нь морины цол биш хүүхдийн магтаал болж хувираад байна. Урьд бол “уясан эзэн, унасан хүүхэд” л гэж товч хэлдэг байсан. Гэтэл хүүхдийг давамгай магтаад байна. Хүүхдийн магтаал тусдаа байдаг.

-Хэдэн жил морины цол дуудсан бэ?

- Би 16 настайгаасаа морины цол дуудсан.

-Шавь төрүүлж байна уу?

-Улсын засуулч Б.Цогтбаатар, О.Базаррагчаа, сүүлийн үед ерөөл, магтаалыг шавь сургалтаар өвлүүлж байгаа Г.Өнөболд гээд гарын шавь нар олон бий. Миний хүү Э.Очирсүрэн /Их Монгол/ морины цол дуудаж, ерөөл, магтаал хэлнэ. Одоо ач зээ нараа сургаад сууж байна. Авьяас байвал сурна даа. Ерөөл, магтаал, цол хэлж сурахад ой тогтоолт, аливааг хараад дүрслэн бодох чадвар, зөн билгийн авьяас шаардагддаг.

-Дээхнэ үед бэлэн цэцэн үгтэй хүнийг ерөөлч гэдэг байжээ.

-Бэлэн Сэнгэ, Хуульч Сандаг, Жигмэд, Гэлэгбалсан гээд нутаг хошуундаа алдартай, билиг танхай, бэлэн цэцэн үгтэй ерөөөлчид олон байсан. Одоо ч таарсан болгоноо инээлгээд явдаг төвөнхийн таван үгтэй хүн манай хөдөөнийхөнд зөндөө байна. Аман билгийн цэц гэдэг чинь тэр байхгүй юу.

-Та аймгийн шилдэг өвлөн уламжлагч хүн. Ерөөл хэлж байгаа хүн бүр өвлөн уламжлагч байх уу?

-Шүлэг уран уншдаг хүнийг яруу найрагч гэж хэлдэггүй, уран уншигч л гэнэ. Түүн шиг ерөөл өвлөн уламжилж байгаа эсвэл ерөөл сайхан уншдаг хүн хоёр өөр юм. Нэг нь ерөөл, магтаалыг цээжлээд мэргэжлийн урлаг болгоод хөгжүүлж байгаа бол өвлөн уламжлагчид тухайн өвийг төрмөл авьяасаараа, язгуур шинж чанараар нь авч хадгалж, түгээх дэлгэрүүлэхийг хэлэх болов уу. Сайхан цээжилчихээд удахгүй мартчихдаг хүн байдаг бол цэцэрлэгийн хүүхдүүдэд ч цаанаасаа өгөгдөлтэй өвлөн уламжлагчид байна.

-Магтаалын тухай таны бодол?

-Аялгуут магтаал маш ховор. Алдарт ерөөлч, магтаалч Л. Агваанжамбалын “Галшар”, “Хөгнөхан”, Н.Дагийранз гуайн “Уулган шарын домог”, Д.Жанцанчойгийн “Наран тэнгэр Ленин” зэрэг магтаал, одоо цагт гоц авъяастан Д.Ширмэнбаатарын магтаал хамгийн шилдэг нь гэж хэлнэ. Одоогоор тэднийг давсан магтаал төрөхгүй байна.

-Үлгэрийг ардын аман зохиолын нэг төрөл гэж боддог. Гэтэл та үлгэр зохиож бичиж.

-Х.Андерсен, А.С.Пушкин гэхчлэн дэлхийд нэртэй үлгэрийн зохиолчид бий. Тэгэхээр үлгэрийг зохиож болох юм байна гээд “Мөнгөн эвэртэй буга” гэдэг үлгэрийг ардын аман зохиолын дагуу бичсэн. Манай нэг найруулагч энэ үлгэрээр хүүхэлдэйн жүжиг тоглуулна гэж байсан ч тэнгэрт дэвшсэн.

-Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Ардын сайхан өв соёлыг тодруулж, өвгөн ерөөлч намайг гололгүй ярилцлага авсанд баярлалаа. Ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе. 

#Д.Эрдэнэбат, #Ерөөл, #магтаал,