Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар, гоо үзэсгэлэнгээрээ тодрон гарч ирж буй залуу уран бүтээлчдийн нэг бол жүжигчин Н.Сугармаа. Тэрээр “Хэлгүй жим II” буюу Дада киногоор үзэгчтэйгээ уулзаж байгаа билээ. Мөн өмнө нь С.Пүрэвийн “Уулын намар” туужаас сэдэвлэн бүтээсэн “Уулын намар” киноны гол дүрийн Содгэрэл хэмээх эмэгтэйн дүрд чадварлагаар ажилласан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Таны уран бүтээлийн санд “Хэлгүй жим II” буюу Дада киноны Туяамаа хэмээх эмэгтэй дүр нэгээр нэмэгдэж хоёр дахь гол дүр нь үзэгчдэд хүрлээ. Жүжигчний ур чадвараа сорьсон, өөрийгөө шинээр харуулсан цаг үе байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Жүжигчний ур чадвар шаардсан дүр байсан. Буриад аялгыг сурч ярихад хүнд байсан ч маш сонирхолтой байлаа. Буриад аялга маш зөөлөн, ялдам санагдсан. Анх кино зохиолоо уншаад Туяамаагийн дүрийг хайрлахаас аргагүй санагдсан. Учир нь хэчнээн хайр дурлалынхаа төлөө явж байгаа ч эмэгтэй хүний ариун нандин, гэр бүлийнхнээс айж эмээх гээд энхрий ялдам бүхнийг шингээсэн дүр гэж хэлж болно.
-Дүрийн судалгаагаа хийхэд буриад эмэгтэйн онцлог байдлыг та хэрхэн харсан бэ?
-Буриад аялга шигээ энхрий, ялдамхан, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг санагдсан. Дүрийнхээ судалгааны явцад Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул иргэн н.Насаа гэдэг охин дүрийн үр өгч байсан. Тухайн охин маань нэгдүгээр курсийн оюутан. Насаагийн маань аливаа зүйлд хандаж буй хандлага, хүнтэй мэндэлж байгаа байдал зэргээс олон зүйлийг сурсан.
-Мэдээж киноны үйл явдал бүр жүжигчнээс ур чадвар, хөдөлмөр шаардсан байдаг ч Туяамаагийн дүрээр амьдарч байхад таныг хамгийн их догдлуулсан үе нь аль хэсэг байв?
-Дада буюу Даваадалайтай “Би дараа намар сургуульдаа очиж чадахаа больсон” гэж хэлээд гарч явахад Цэдэн хүрч ирдэг. Тэр үед би бие давхар гэдгээ нуусан ч гэсэн намайг хүчээр тэврээд уйлуулдаг хэсэгт яагаад юм эмэгтэй хүний зөн совингоор нулимс асгараад уйлахаа зогсоож чадахгүй байсан. Энэ миний дүрийн хамгийн сэтгэл догдлуулсан хэсэг байсан.
-Таны дэлгэцийн уран бүтээлийн анхны гол дүр “Уулын намар” киноны Содгэрэл. Энэ дүрд хэрхэн ажиллахаар болсон бэ?
-Тэр өдөр миний төрсөн өдөр байсан юм. Нэг дугаараас над руу залгасан. Би хоолойг нь сонсоод жүжигчин Ц.Цэрэнболд ах байна гэж мэдсэн л дээ. Тэгээд “Би Цэрэнболд гэдэг жүжигчин байна. Бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрийн эмэгтэй хайж байгаа юм аа. Чамайг сонгон шалгаруулалтад урьж болох уу” гэж асууж байсан. Тэгээд л би гэрээсээ гарахдаа “Миний төрсөн өдрийн хамгийн гоё бэлэг “Уулын намар” киноны эмэгтэй гол дүр байгаасай. Бурхан минь надад ийм гоё том бэлгийг өгөөч” гэж бодсон. Дүрийнхээ сонгон шалгаруулалтад орчихоод гарч ирээд хариугаа хүлээж гурван цаг догдлолтой байсан. Цагаа хүлээгээд хараад л. Тэгээд гурван цагийн дараа Ц.Цэрэнболд ах залгаад “Эмэгтэй гол дүрд чамайг шалгарууллаа. Баяр хүргэе. Бид зохиолоо задалж эхлэх гэж байна. Студийн байранд бусад жүжигчин чамайг хүлээж байна” гэж хэлж байсан. Ингээд л би төрсөн өдрийнхөө хамгийн том бэлгийг авч Содгэрэлийн дүрд ажиллах боломж олдсон юм.
-“Уулын намар” кинонд Ц.Цэрэнболд, Д.Ганцэцэг зэрэг туршлагатай уран бүтээлчид ажилласан. Олон зүйлийг сурч мэдсэн, туршлага хуримтлуулсан цаг хугацаа байсан болов уу?
-Энэ том зохиол нөгөөтэйгүүр чадварлаг жүжигчний найруулсан, чадварлаг жүжигчдийн ажилласан кино миний анхны гол дүр байсан учраас нэг талаасаа их айдастай байсан. Гэхдээ энэ мундаг хүмүүсийн үнэтэй сургамж, заавар зөвлөмжийн ачаар дүрийнхээ ард гарч чадсан. Ерөнхий найруулагч Ц.Цэрэнболд ахаас найруулагчийн хувьд зөвлөгөө авдаг байсан. Д.Ганцэцэг эгчтэй нэг өрөөнд байрладаг байсан. Тэгээд Д.Ганцэцэг эгч маань “Чиний дүр хурц, эрх танхил эмэгтэй. Эмэгтэй жүжигчин камерын өмнө гараад биеэ бариад аль эсвэл өөрийнхөө хөөрхөн талыг харуулах нь алдаа болдог” гэж хэлж байсан үгийг нь одоо ч камерын өмнө гарах бүртээ санадаг.
-Анхны уран бүтээлдээ ажиллаад киногоо үзэхэд ямар мэдрэмж төрж байв?
-Өөрийгөө дэлгэцээр харж чаддаггүй юм байна лээ. Би чадсан болов уу гэж бодсон, сандрал догдлолтой үе байсан. Кино дуусаад үзэгчдийн алга ташилтыг сонсоход жүжигчдийн хувьд тайвшрал болж чаддаг юм шиг санагдсан. Ер нь анхны уран бүтээл гэлтгүй бүх уран бүтээлийн ард гарахад анх удаа тайзан гарч байгаа юм шиг, дэлгэцээр гарч байгаа юм шиг мэдрэмжийг авдаг.
-Таны хувьд жүжигчин мэргэжлийн үнэ цэн, сайхан юунд оршдог вэ?
-Үзэгчдээс алга ташилт, магтаал авах нь нэгдүгээрт бичигдэх үнэ цэнтэй зүйл. Хоёрдугаарт, би өөрийгөө их шуналтай төрлийн хүн гэж боддог. Ганцхан Н.Сугармаа гэдэг хүний амьдралаар амьдраад дуусгамааргүй байна. Сая “Хэлгүй жим II” Дада киноны 16 настай политехникийн оюутан охин Туяамаагийн дүрээр амьдарч үзлээ. Бас нэгэн өөр амьдралаар тухайн цаг мөчид амьдраад үзсэн гоё цаг хугацаа байлаа. Мөн “Уулын намар” киноны Содгэрэлийнхээ дүрээр амьдарч үзсэн. Энэ бүхэн миний хувьд туршлага, шинэ содон зүйл.
-Жүжигчин хүн бүрт ажиллахыг хүсдэг дүр гэж бий. Таны хувьд ямар дүрээр өөрийгөө сорьж үзмээр байна?
-Эсрэг дүрд ажиллаж үзэхийг хүсдэг.
-Таны уран бүтээл болон амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Цаг барихыг хүсдэг. Ажлыг явуулах гол дүрэм бол цаг барих.
-Цаашид таныг Содгэрэл, Туяамаа шиг олон дүр хүлээж байгаа. Ирээдүйн өөртөө хандаж юу гэж хэлмээр байна?
- Чиний мөрөөдөл бага ч гэсэн нэг нэг алхмаар ойртож байгаа Сугармаа. Баяр хүргэе. Хичээнгүй байгаарай. Цагийг маш сайн бариарай гэж хэлье.
-Алтан үеийн жүжигчдээс хүндэлж явдаг уран бүтээлч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Би Ардын жүжигчин, Төрийн шагналт Цагааны Цэгмид гуайн хүү гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягийн шавь нь. Дипломын ажлаа Цагааны Цэгмид гуайн намтраар хамгаалж байсан учраас жүжигчнийхээ хувьд хүндэлж биширдэг. “Сэрэлт” кинонд маш чадварлагаар ажилласан байдаг. Дүрийн урыг авдаг мундаг жүжигчин. Ажилласан бүх киног нь үзэх дуртай.
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 231 (7475)

#онцолсон, #Н.Сугармаа,