УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.23/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр танилцуулагадаа, 2025 оны төсөвт боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг дэмжих чиглэлээр тусгасан онцлог арга хэмжээг дурдлаа. Тухайлбал, нийт ажиллах хүчинд эзлэх төрийн албан хаагчдын тоог жил тутам тодорхой хувиар бууруулах зорилтын хүрээнд улсын хэмжээнд шинээр ашиглалтад орох 50 ерөнхий боловсролын сургуулийн нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж, холбогдох зардлыг төсвийн төсөлд тусгасан байна. Хоёрдугаарт, сургуулийн хүртээмж, бүлэг дүүргэлтийн зохистой түвшнийг үр ашигтай байдлаар зохион байгуулах нэг хэлбэр гэж үзэн хувийн хэвшлийн эзэмшиж байгаа шаардлага хангасан байрыг боловсролын сургалтын үйл ажиллагааны зориулалтаар түрээслэхээр төлөвлөсөн талаар танилцуулав. Түүний дараа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 /гучин гурван их наяд, найман зуун жаран дөрөв, аравны долоон/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 /гучин таван их наяд, долоон зуун ерэн тав, аравны хоёр/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 /нэг их наяд, есөн зуун ес, аравны таван/ тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 /нэг их наяд, есөн зуун гуч, аравны таван/ тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус байнгын хороонд хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг танилцууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төвлөрүүлэх орлогын төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Боловсролын сайдын багцын харьяа байгууллагын өөрийн орлогыг 0.32 тэрбум төгрөгөөр бууруулж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орлогыг 0.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 469.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн шалтгааныг онцлов. Тухайлбал, Боловсролын сайдын урсгал зардлын төсвийг 663.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 4,090.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшлын зардлыг 294.2 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг 26.0 тэрбум төгрөг, нормативт зардлыг 67.7 тэрбум төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамжийг 92.5 тэрбум төгрөг, засгийн газрын урсгал шилжүүлгийг 32.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөнтэй холбоотой байна. Хөрөнгө оруулалтын төсвийг 198 төсөл, арга хэмжээнд нийт 506.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 7 төсөл, арга хэмжээнд 85.6 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын урсгал зардлын төсвийг 101.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 432.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшлын зардлыг 31.1 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг 1.9 тэрбум төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамжийг 6.3 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасыг 33.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөнтэй холбоотой байна. Хөрөнгө оруулалтын төсвийг 53 төсөл, арга хэмжээнд нийт 165.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 3 төсөл, арга хэмжээнд 30.0 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэж байна хэмээв. Түүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар, биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтад ямар бодлого баримталж байгаа талаар, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, сургууль, цэцэрлэгүүд түрээсийн байшинд бус өөрийн байранд хэзээ үйл ажиллагаагаа явуулдаг болох вэ, дээд боловсролын салбарт хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөсөн талаар тус тус асуув. Соёлын сайд Ч.Номин асуултад хариулахдаа, өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсад биеийн тамир, спорттой холбоотой 80 гаруй бүтээн байгуулалт хийжээ. Спорт болон соёлын салбарт ашиглалтад орсон барилга, байгууламжийг тогтмол үйл ажиллагаатай болгох буюу тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтад анхаарч байна. Энэ жил 27 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөж байна. Биеийн тамир, спортын нэгдсэн бодлогогүй явж ирснийг хүлээн зөвшөөрч байна. Мэргэжлийн холбоод, клубуудын зарчимд тулгуурлан бодлогоо боловсруулж байна. Тун удахгүй танилцуулна гэв. Дараагийн асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.
Тэрбээр, өнгөрсөн жил нийтдээ 32 сургууль, 99 цэцэрлэгийн барилгыг 23,6 тэрбум төгрөгөөр түрээсэлж ажилласан байна. Өөрөөр хэлбэл, 17800 гаруй суудал бүхий сургууль, 11980 ортой цэцэрлэг ажилласан гэсэн үг. Энэ тоог харахад олон хүүхдийг хамарсан гэдгээрээ давуу талтай юм. Харин 23,6 тэрбум төгрөгөөр 4 сургууль, цэцэрлэг барих учраас хүртээмжийг нь чухалчлах нь зөв гэж үзэж байна. Богино хугацаандаа түрээслэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ч дунд хугацаандаа шийдэгдэх асуудал юм. Энэ жил 90 сургууль, 62 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар сургуулийн 40610 суудал, цэцэрлэгийн 9540 ор нэмэгдэж байна. Дээд боловсролын салбарын урсгал зардалд энэ жил 164,1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардалд 14,5 тэрбум төгрөгийг тусгасан гэв.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Соёлын төв, соёлын ордон, соёлын цогцолбор гэдэгт олон төрлийн нэршилд ямар стандарт байна вэ, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 5 мянган хүн амтай. Тэнд 300 хүний суудалтай соёлын төв барьж байна. Гэтэл Хэнтий аймгийн Норовлин сум 2900 хүн амтай атал 400 хүний суудалтай соёлын төв барихаар төсөвлөжээ. Энэ ямар тооцоогоор барьж байна вэ гэсэн асуултад Соёлын сайд Б.Номин хариуллаа.
Тэрбээр, Соёлын төв, ордон, цогцолбор гэдэг бол үйл ажиллагааны цар хүрээгээсээ шалтгаалан нэрлэдэг. Соёлын яам эдгээр төв, ордон, цогцолборын стандартыг боловсруулж байгаа. Орон нутагт нэг хүнд ногдох соёлын хүртээмжийн стандартыг тогтоож, барилга байгууламжийг төсөвлөдөг. Нэг суманд дунджаар 300-400 хүний суудалтай соёлын төв баригдахаар төсөвлөгддөг. Баяндэлгэр, Норовлин сумын асуудлыг эргэж нягтлаад мэдээлэл өгье гэв.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, эдийн засаг өсч, төсөв тэлж байхад боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр улсын хэмжээнд бүлэг дүүргэлт 40 хүүхдээс давсан 4860 ангид 214 мянган хүүхэд суралцаж байна. Харин 60 давсан хүүхэдтэй бүлэг 8 байна. Улсын хэмжээнд 6000 гаруй хүүхэдтэй хоёр сургууль байна. 1800-аас дээш хүүхэдтэй 124 сургуульд 3680 хүүхэд суралцаж байна. Энэхүү нөхцөлийг хэвийн болгохын тулд 150 сургууль барих зайлшгүй шаардлагатай. Тиймээс сургуулийн хүртээмжийг хэзээ нэмэгдүүлэх вэ, боловсролын салбарт өнгөрсөн жил 700 тэрбумыг төсөвлөж байсан. Энэ жил 500 тэрбум болгож буурууллаа, хөрөнгө оруулалт буурсан шалтгаан юу вэ, багшийн хомсдолыг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ хэмээн асуув. Боловсролын сайд П.Наранбаяр, өнөөдөр 1800 дээш хүүхэдтэй сургуулийн тоо орон нутагт 39, нийслэлд 87 сургууль байна. Хүүхдийн тоо 1800 дээш давсан нөхцөлд үнэхээр сургалтын үйл ажиллагаа явуулах амаргүй. Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлдөө чиглэж байна. Хөгжлийн суурь болох эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд эхний ээлжинд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх бодлого баримталж буй. Эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлсний үндсэн дээр сургууль, цэцэрлэг шинээр барих бодлого баримтлах нь зайлшгүй. Багшийн хомсдлыг бууруулах талаар 6 багц арга хэмжээг зарлаж байна. Тухайлбал, багшийн мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарыг татах, тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулах, шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургуульд 80-аас дээш үнэлгээтэй суралцаж буй оюутнуудыг багшлуулах, сургалтын цагийн норм 19 цагтаа хүрээгүй бол зарим багш нарт ижил төстэй хичээл заалгах, багш бэлтгэх их, дээд сургуулийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах, цахим сургалтыг хичээл сургалтад илүү эрчимтэй хэрэгжүүлэх гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх 2026 оны төсөв өнөөгийн боловсролын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэнэ гэдэгт итгэж байна гэв.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.