Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Баттөмөрийг урьж ярилцлаа. Тэрээр Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Орфей” театрын “Амьдрахуй” жүжгийн гол дүрд тоглож байгаа юм. Түүнтэй шинэхэн уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.
-Та “Амьдрахуй” жүжгийн Фу Гүйгийн дүрээр тайзнаа эргэн ирж байна. Найруулагч яагаад таныг энэ дүрд сонгосон гэж бодож байна вэ?
-Өнгөрсөн зун наадмын дараахан надтай “Орфей” театрын найруулагч М.Батболд, захирал Т.Ариунчимэг нар зорьж уулзсан. Ингээд аравдугаар сард бид “Амьдрахуй” зохиолоор жүжиг тавих гэж байгаа. Таныг гол дүрд буюу Фу Гүйгийн дүрд тоглуулмаар байна гэсэн. Тухайн үед би Жан Имоугийн хийсэн “Амьдрахуй” киногоор нь л төсөөлж байлаа. Тиймээс “Яагаад намайг сонгож байгаа юм бэ” гэж асуусан. Тэгтэл М.Батболд найруулагч “Та 2006 онд Ц.Балдорж зохиолчийн “Хориотой” жүжигт Дэмбээгийн дүрийг бүтээж байсан. Тэр үед жүжигчин Д.Баттөмөр гэх хүний авьяас чадварыг харж, мэдэрсэн. Дараа нь “Аянгын бороо” жүжгээр тайзнаас харж байсан. Манай “Амьдрахуй” жүжгийн Фу Гүй бол та мөн” гэсэн. Харин би эхлээд эх зохиолоо уншъя. Дараа нь номоос нь сэдэвлэсэн жүжгийн зохиолыг уншаад шийдвэрээ гаргая, таалагдвал тоглоно гэж хэлсэн юм. Миний хувьд энэхүү зохиолыг тэд хэрхэн жүжгийн зохиол болгож өөрчлөх бол гэдэг нь сонирхол татаж байсан л даа. Удалгүй жүжгийн зохиолоо уншихад их сайн уран бүтээл болох нь мэдрэгдсэн. Тэр үеэс энэ дүр дээр ажиллая гэж шийдсэн юм. Ингээд маргааш үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болоод байна.
-Дүрийн санал авсны дараа “Амьдрахуй” зохиолыг уншихад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Эх зохиолыг уншихад их гүн сэтгэгдэл төрсөн. Хэд хоногийн турш цээжин дээр бул хар чулуугаар дарсан мэт хүнд мэдрэмжтэй явсан. М.Батболд найруулагч яаж жүжиг болгох юм бол гэж их гайхсан л даа. Дараа нь жүжгийн зохиол бэлэн болоод уншихад Фу Гүйгийн дүрд ажиллаж болмоор мэдрэмж төрсөн.
-Жүжигчин хүн дүрээ сайн судалж бүтээдэг шүү дээ. Та Фу Гүйгийн дүр дээр хэрхэн ажилласан бэ?
-Үй Хуа бол дэлхийд алдартай зохиолч. Тиймээс түүний зохиолоор бүтэж буй энэхүү жүжигт тоглохын тулд мэдээж судалгаа хамгийн чухал. Миний хувьд зохиолтойгоо танилцсаны дараа жүжгийн ерөнхий найруулагч, зураач, уран бүтээлчидтэй жүжгийн зохиолын задаргааг удаан хугацаанд, нарийн хийсэн гэж бодож байна. Үндсэндээ хоёр сар гаруй хугацаанд тасралтгүй жүжгийн судалбар дээр ажилласан байна. Ингээд бусад уран бүтээлч, найруулагч нартайгаа зөвлөлдөж, хэлэлцсэний хүчинд Фу Гүйгийн дүрийг босгосон гэж хэлж болно.
-Фу Гүйгийн дүр Д.Баттөмөр гэх хувь хүнээс хэр хол байв?
-“Амьдрахуй” зохиолыг сонирхсон, жүжгийг үзье гэж бодож байгаа хүмүүст энэ асуулт их сонирхолтой санагдаж байгаа байх. Учир нь хошин шогийн жүжигчин Батаа Фу Гүйгийн дүрд хэрхэн тоглох бол гэсэн хүлээлт байж магадгүй. Мэдээж жүжигчин хүн бүх төрлийн дүрд тоглож, түүгээрээ амьсгалж, амьдрах ёстой. Энэ бол бидний үндсэн ажил. Хэдийгээр энэ жүжигт Фу Гүй үр хүүхэд, ижий аав, хань ижил, эд хөрөнгө, нэр хүндээ алдаж байгаа нь Д.Баттөмөр гэх хувь хүнээс эрс ялгаатай. Гэвч дүрийн дотоод ертөнцийг гаргахад надтай ойр, төхөм зүйлүүд бий. Мэдээж найруулагч анх намайг сонгохдоо уг жүжигчний дотоод ертөнц, хандлага, зан ааш, төлөв байдалтай нийцэж байсан болохоор санал тавьсан болов уу.
-Фу Гүй бол үйлийн үрээ эдэлж буй их өрөвдөлтэй дүр санагддаг. Дүрийнхээ дотоод ертөнцийг та хэрхэн мэдэрч байна?
-Энэ асуултын хариултыг үзэгчдэд үлдээсэн нь дээр болов уу. Фу Гүйгийн амьдралаар жүжигчин Батаа хэрхэн амьдарч, тэр цаг үеэр наадахыг мэргэн үзэгч, шүүмжлэгч та бүхэн мэдэрч, өөрсдийн үзэл бодлоо тунхаглана байх гэж бодож байна.
-Та тайзны уран бүтээлд тоглоогүй чамгүй хугацаа өнгөрсөн байна. Эргээд тайзнаа гарахад ямар байна?
-Манай “Х Түц” хамтлаг инээдмийн төрлөөр уран бүтээл туурвидаг ч хоёроос гурван жилдээ бүрэн хэмжээний нэг эмгэнэлт, драмын жүжиг дээр ажиллах бодлогыг баримталдаг байсан. “Мөрөөдлийн театр” ч ялгаагүй. Нэг, хоёр бүлэгт болон бүрэн хэмжээний дотоод, гадаадын уран бүтээл дээр тогтмол ажилладаг. Миний хувьд тэдгээр уран бүтээлүүдэд орж, ажилласаар ирсэн. Харин 2017 оноос хойш тайзны уран бүтээлд тоглоогүй юм байна. Энэ удаа тайзан дээр гарахад надаас шалтгаалах олон зүйл гарлаа. Сарын хугацаанд өөрийнхөө гадаад төрх, биеийн байдалдаа анхаарал хандуулж, 18 кг хаслаа. Жүжигчин хүн тухайн дүрийг бүтээхийн тулд таргалж, турахаас эхлээд янз бүрийн шаардлага тулгардаг. Миний хувьд таван тивийн 17 улсаас 22 шагнал хүртсэн “Трио” киноны дауны синдромтой хүний дүрд тоглосон. Энэ киноныхоо зохиолыг өөрөө бичиж, найрууллаа. Магадгүй өөрийгөө найруулагч гэж бодоод нэлээн жин нэмсэн байсан. Харин энэ жүжигт эргээд жүжигчнээрээ ажиллаж байгаа тул жингээ хасах шаардлага тулгарсан гээд миний хувьд дүр дээрээ ажиллахын тулд өөрөөс шалтгаалах бүхий л өөрчлөлтүүдийг хийж байна.
-Та дэлгэцийн бүтээлээрээ нэлээдгүй амжилт гаргаж яваа. Гэхдээ тайз болон дэлгэцийн уран бүтээлийн аль нь таныг илүү хөглөж, хөгжүүлдэг вэ?
-Жүжигчин хүн нэг талд хүлэгдэж болохгүй. Тайз, дэлгэц аль алийг нь хослуулж уран бүтээлээ туурвих ёстой. Тайз бол амьд харилцаа нэхдэг. Үүгээрээ дэлгэцээс илүү ур чадвар шаарддаг. Тиймээс аль алинд нь бодож, төлөвлөж, сууж, сэтгэж, урлаж ажиллах ёстой. Үүнийг л биднээс жүжигчний мэргэжил шаарддаг.
-“Амьдрахуй” жүжгийг тайзнаа тавих цаг нь болсон гэж бодож байна уу. Үзэгчид энэ жүжгээс юуг ойлгож, ухаараасай гэж та хүсэж байна?
-Өвөг дээдсийнхээ хэдэн үеэрээ хураасан эд баялгийг мөрийтэй тоглоомд алдаж байгаа Фу Гүйгийн амьдралаар зохиол эхэлдэг. Жүжиг ч мөн адил энэ үйл явдлаар эхэлнэ. Өнөөгийн нийгэмд казино, койн зэргээс болж алдаж, онож яваа олон залуучууд, гэр бүл байна. Тэд хялбар замаар мөнгөтэй болох хүсэлдээ автаж, буруу зам руу тэмүүлж, амьдралаа үрэн таран хийж байгаа нийгмийн давлагаа өнөөдөр оршин тогтносоор байгаа. Тиймээс найруулагч М.Батболд нэгийг бодож, хоёрыг тунгаасан нь лавтай. Тиймээс ч цаг нь болсон гэж үзээд тайзнаа тавьж байгаа болов уу. Уран бүтээлчдийн баг мөн тэр өнцгөөс харж, ажиллаж байна. “Амьдрахуй” бол дэлхийн алдартай зохиол. Сайн зохиол бол нийгмийн аль ч цаг үед үнэт чанараа хадгалж, зуун дамжин амьдарсаар байдаг. Үүгээрээ сонгодог болж байгаа юм. Энэ гайхалтай сонгодог зохиолд миний хувьд өчүүхэн хувь нэмрээ оруулж, жүжгийн гол дүрийг бүтээх завшаан олдсонд баярлаж, олзуурхаж явна.
-Таны хувьд М.Батболд найруулагчтай анх удаа уран бүтээлд оролцож байна. Хамтран ажиллахад хэр түшигтэй байв?
-М.Батболд бол ОХУ-д мэргэжлийн театрын найруулагчийн мэргэжлийг эзэмшсэн. Мөн энэ мэргэжлээр суралцахаасаа өмнө сэтгэл зүйн чиглэлийн эмч байсан. Монголын театрын урлаг ийм мэдрэмжтэй, шинэ, залуу найруулагчтай болсонд баярлаж, бахархаж байна. Үүнийгээ танай “Зууны мэдээ” сонины дугаараар дамжуулан илэрхийлье. Хамтарч ажиллахад урамтай сайхан байна. Зохиол дээр хийж байгаа задаргаа, дүр хоорондын зөрчил, дотоод ертөнц, уялдаа холбоо, зан төлөв зэрэг бүхий л зүйл дээр уран бүтээлчидтэйгээ нарийн нягт тулж ажилладаг. Өргөн цар хүрээнд задгай сэтгэдэг хүн гэж хэлж болно.
-Д.Ганцэцэг жүжигчин таны эхнэрийн дүрд тоглож байгаа. Хэрхэн хамтран ажиллаж, биесээ ойлголцож байна вэ?
-Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгтэй анх удаа нэг тайзан дээр гарна. Бидний хувьд нүдээрээ харалцаж, чихээрээ сонсолцож, сайхан хамтран ажиллаж байгаа. Энэ авьяаслаг уран бүтээлч бүсгүйтэй эхнэр, нөхөр болж, тайзан дээр тоглоход үнэхээр таатай мэдрэмж төрж байна. Үүнээс цаашаа биднийг хэрхэн хамтарсныг үзэгч та бүхэн ирж, өөрийн мэлмийгээр харж, тунгаана биз дээ.
-Та “Амьдрахуй” жүжгийг үзэгчид хэрхэн хүлээж авна гэж бодож байна. Маргааш нээлтээ хийх нь мэдээж догдлол байгаа байх?
-Жүжигт хайртай монголчууд маань хүрэлцэн ирж оюуны цангаагаа тайлж, дэлхийн алдарт зохиолтой танилцаарай. Хэрэв та Үй Хуагийн эх зохиол, Жан Имоугийн хийсэн киног шимтэн үзэж байсан бол энэ удаад хэрхэн тайзны жүжиг болон “амьдрахыг” тольдох бүрэн боломж нээгдлээ. Маргааш жүжиг маань нээлтээ хийх гэж байна. Баярлаж, догдолж, эмээж байна. Гэхдээ сайн бүтээл болно гэдгийг нүүр бардам амлая. Үзэгч түмэн олон маань амьдралын утга учир, хүн байхын мөн чанарыг энэ жүжгээр дамжуулан ойлгож, өөрсдийн ертөнцөд нэгээхэн том гэрлийг тусгах болов уу. Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм. Эцэст нь халуун дулаан амьд харилцаанд ухаарал бодрол, уянга, хайр бүгдийг өгүүлсэн “Амьдрахуй” жүжгийг хүрэлцэн ирж үзээрэй гэж хэлье.
Пүрэв-Очирын Лхагважаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 189 (7433)

#онцолсон, #Д.Баттөмөр,