Агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын хилээс зайлсхийж байна

Барууны орнууд иргэдээ нүүлгэн шилжүүлж, босогчид Кабул дахь ерөнхийлөгчийн ордныг эзлэн авсны дараа томоохон агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын орон зайгаас зайлсхийхийн тулд нислэгийн чиглэлээ өөрчилж байна.
Агаарын тээврийн компаниуд болон засгийн газрууд мөргөлдөөний бүс дээгүүр нислэг үйлдэхгүй байх тал дээр анхаарал хандуулж байгаа шалтгаан нь сүүлийн жилүүдэд нисэх онгоцыг пуужингаар дэлбэлсэн хоёр томоохон осол гарсан билээ. Малайзын агаарын тээврийн онгоцыг 2014 онд Украины зүүн хэсэгт буудаж, онгоцонд байсан 298 хүн бүгд амиа алдсан бол Украины олон улсын агаарын тээврийн компанийн нисэх онгоцыг Ираны цэргийнхэн 2020 онд унагаж, 176 зорчигч, багийн гишүүд бүгд амиа алдсан юм. АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа, Канад, Их Британи, Герман, Франц зэрэг улсууд агаарын тээврийн компаниудад Афганистаны дээгүүр дор хаяж 7,000 метрийн өндөрт нислэг үйлдэхийг зөвлөсөн болохыг Safe Airspace вебсайт мэдээлжээ.
United Airlines, British Airways, Virgin Atlantic компаниуд тус улсын агаарын орон зайг ашиглахгүй гэж мэдэгдсэн бол Korean Air Lines Афганистаны агаарын орон зайг ашиглаж зорчигч тээврийн нислэг үйлдээгүй ч ачаа тээврийн нислэг үйлдэж байгаа гэжээ.
Тайванийн China Airlines компани нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай бол АНУ, Европын холбооны агаарын орон зайн зааврын дагуу нислэгийн замыг өөрчилнө гэж мэдэгджээ.
Мөн Афганистанд газардах арилжааны нислэгүүд бүс нутгийн эмх замбараагүй байдлын улмаас зогссон байна. Emirates компани Афганистаны нийслэл Кабул руу хийх нислэгээ түр зогсоосон гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters

Хариулах