Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр (2024.08.28) Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска болон Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой санхүүжилтийн төвийн эдийн засагч Номан Иштиак нарыг албаны бусад зочдын хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хүндэт зочидтой байнгын хорооны гишүүдийн хамт уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, НҮБ болон түүний системийн байгууллагуудтай олон талт, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг цохон тэмдэглэв.
Тэрбээр үргэлжлүүлэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд байгуулагдсан парламент дахь Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагаа нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын биелэлтийг хурдасгахад хэрхэн уялдаж, дэмжин ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн юм. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска, Улсын Их Хурлаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж буй энэ чухал үед хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн сацуу байнгын хорооны гишүүд хүний эрх, жендэрийн тэгш байдал, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч гэхчилэн хамтын ажиллагааны онцлох чиглэлүүдэд өөр өөрсдийн оролцоо, туршлагаар дамжуулан үлэмж хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн үндсэн гурван хүрээг хамарч төр, хувийн хэвшил, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжих учиртай тул хоорондын нягт уялдаа бүхий салбар дамнасан асуудлуудыг цогцоор нь харж, шийдэл гаргах нь зүйтэй гэдэгт уулзалтад оролцогч талууд санал нэгдлээ. Хатагтай Матилда Димовска хэлэхдээ, дэлхийн улс орнуудад Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хурдасгахын тулд төсвийн шинэчлэлээр дамжуулан үр дүнд суурилсан төсөвлөлт, түүний зарцуулалт, сахилга батыг нэмэгдүүлэх үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байгааг тодотгов. Түүнчлэн Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээг төлөвлөх, түүнд хүрэх замын зураглалыг тодорхойлох, бодлогын уялдааг хангах чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаа.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой санхүүжилтийн төвийн эдийн засагч Номан Иштиак, төсвийн сахилга батыг хэвшүүлэхэд дунд хугацааны төсвийн хүрээ, түүний гүйцэтгэл нь чухал үүрэгтэйг тэмдэглээд, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг оновчтой тодорхойлох асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэлээ. Тэрбээр энэ сэдвээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс олон талт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй талаар мэдэгдээд, байнгын хорооны гишүүдийг оролцохыг урьсан юм. Уулзалтын төгсгөлд, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, төсөв санхүүгийн ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.