“Pfizer” компани гурав дахь тунгийн зөвшөөрлийг АНУ болон бусад орноос хүсэв

“Pfizer” компани, ирэх сард багтаан Ковид-19 вакцины нэмэлт буюу гурав дахь тунг хийх зөвшөөрлөө АНУ-ын эрх баригчдаас хүсжээ. Тарилга хийснээс хойш зургаан сарын дараа вирусээр халдварлах эрсдэл өндөр болдог. Мөн коронавирусийн “Делта” хувилбарын тархалт нэмэгдэж байгаа нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.
АНУ-ын эмийн үйлдвэр болон Герман дахь түнш “BioNTech” компаниуд халдварлах өндөр чадвартай “Делта” хувилбартай тэмцэх зорилгоор вакциныхаа хувилбарыг тусгайлан боловсруулж эхэлсэн гэж “Pfizer”-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Микаэль Долстен хэллээ.
Иргэдээ “Pfizer” компанийн вакцинаар дархлаажуулсан Израиль улсад коронавирусийн “Делта” хувилбар хурдацтай тархаж байгаа бөгөөд тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэхдээ “Ковидын халдвар, түүний шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх вакцины үр нөлөө зургадугаар сард 64 хувь болж буурсан” гэжээ.
“Pfizer” компани Европын болон бусад орнуудтай вакцины тунг нэмж хийх талаар хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалж: www.theguardian.com

Хариулах