Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс 18-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 1446 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүллээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 8 мэдэгдэл хүргүүлсэн байна. Тухайлбал:
- Увс аймгийн прокурорын газраас 2023 онд гэмт хэрэг, зөрчил хамгийн их бүртгэгдсэн Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Давст, Бөхмөрөн, Тариалан сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил, арга хэмжээ зохион байгуулах, шалтгаан нөхцөлийг ариулгах талаар,
- Архангай аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангийн ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх зөрчилтэй холбоотойгоор алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах талаар ангийн захирагчид тус тус мэдэгдэл бичсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.