НИЙТЛЭЛЧ

Хясаж, хаясан “Х” үсгийг У.Хүрэлсүх өөрөө л эвлүүлэх байж

Гэрэл зургийг MPA.mn

“Хэрвээ Монгол Ардын Нам нэртэй болсноороо 2012 оны сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг би хүлээнэ” хэмээн бат итгэлтэйгээр өгүүлээд Бага хурлын танхим руу явж орохдоо У.Хүрэлсүх ерөнхий нарийн бичгийн даргын албатай байлаа, одоогоос 11 жилийн өмнө, 2010 онд. Эрх баригч намын генсекийн үг хоёр сарын дараа биеллээ олсон, МАХН-ын ХХVI Их хурлын төлөөлөгчөөр ирсэн 800 төлөөлөгч уугуул нэрээ сэргээх шийдвэрт хүрснээр “Х” үсгийг халж МАН болов. Шийдлээ олж, шийдвэрт хүрсэн даруйд Намын дарга С.Батболд, генсек У.Хүрэлсүх нар “Эцэг, эхийн анхлан хайрласан уугуул нэрээ сүүлийн 20 жил санагалзаж явсан манай гишүүд сэргээж авлаа” хэмээн индрээс гурвантаа хурайлж, гишүүдийнхээ алга ташилтад бялуурч байсан нь одоо ч заримынх нь ой тоонд явдаг байх.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн сэнтийгээс буугаад жил гаруйн хугацааг үдсэн санал өгөх эрхтэй Их хурлын төлөөлөгч Н.Энхбаяр тэргүүтэй зургаан хүн эл шийдвэрийг эсэргүүцсэн ч 774 хүний дэргэд хумхын тоос төдийхөн байсан нь мэдээж. Гэвч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшээд унасан үеэс Н.Энхбаярын орон зайг хумиж, МАН-д аалзны тор мэт хэлхсэн эрх мэдлийн мутрыг мухарлах ажиллагаа нэр солихоор эрчимжиж, эцэстээ зорилгодоо хүрсэн У.Хүрэлсүх нарын үйлдэл амжилт олоогүй.

Шинэ МАХН…

Төрийн тэргүүнээр улирах чин хүсэлд нь цэг хатгаж, /2009 оны сонгуулиар зориуд МАН түүний эсрэг ажилласан гэж мэдэгдсэн, одоо ч ярьдаг/ бүр хэн ч биш болгосны хариуд Н.Энхбаяр хясаж, хаясан “Х” үсгийг шүүрэн авч, Улсын Дээд шүүхийн шийдвэрээр МАХН-ыг шинээр эмхлэн байгуулсан түүхтэй. Уг нь МАН-ын дүрмийн 1.1-д “МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл” гэж заасан ч МАХН-ыг өөрийн болгож өмчилсөн нь Н.Энхбаярын хувьд зүй ёсны жинхэнэ ялалт байв. Учир нь, уугуул нэрээ сэргээсэн нь МАН-д гавьяа биш гай болохыг тэр үед хэн ч урьдчилан тооцоолж, төсөөлсөнгүй. Эрдэж, бярдаж явсаар 2012 оны сонгуульд ялагдлаа. 45 суудалтай МАН 26 гишүүнтэй үлдэж сөрөг хүчний төвшинд очив.

Олонхи болоогүй ч олуулаа болсон Ардчилсан Нам МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг төвөггүйхэн хамтрагчаараа сонгож, Засгийн газраа байгуулсан, нэр нь Шинэчлэлийнх. Парламентын түүхэнд анх удаагаа гуравдагч хүчний төлөөлөл сонгогдсон нь бодит үнэн ч, Эвслийн бүлгийн ард Н.Энхбаяр ганцаараа зогсож байсан нь маргашгүй үнэн. Одоогийнхоор Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат шоронгоос УИХ-ын гишүүнээр сонгогдож, тангарагаа өргөсөн шиг тэр үед Н.Энхбаяр хорих ангиас парламентад гуравдагч хүчнийг гаргаж, Засгийн газрыг байгуулахад гар бие оролцсон хэрэг.

Үүнд Н.Энхбаяр гэсэн хувь улстөрчийн рейтинг, МАХН гэх брэнд нэрийн нөлөө байсан уу гэвэл мэдээж байсан. Магадгүй У.Хүрэлсүх тангараг өргөөд дөрөв хүрэхгүй сарын дараа сонгуулийн ялагдлын хор шар, хамаг бухимдлаа гишүүн Г.Баярсайханд чуулганы танхимын үүдэнд гаргачихаад халдашгүй бүрэн эрхээсээ татгалзан холын Австралийг зорьсон нь үүнээс үүдэлтэй байж мэднэ. Гэхдээ Авлигатай тэмцэх газрын комиссаруудад гэрээсээ оймсоо гололзуулаад цагдан хорих 461 дүгээр анги руу ачигдахаас эхэлсэн Н.Энхбаярын уур хилэнд хөтлөгдсөн улс төр 2012 оны парламентын сонгуулиар дуусгавар болсонгүй.

Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гарцаагүй ялж, улирах Ц.Элбэгдоржийн хүсэл Н.Энхбаяртай гар барихаас аргагүйд хүргэсэн юм. Тэдний тохиролцооны үр дүнд МАХН-аас сул хүнийг, тэгэхдээ эмэгтэй улстөрчийг дэвшүүлж, өрсөлдүүлснээр МАН хоёр дахиа ялагдлаа. Ц.Элбэгдорж дахин тангараг өргөөд төд удалгүй анхны зарлигаараа Н.Энхбаярт уучлал үзүүлсэн нь тохиолдол биш байв. Хөшигний ард ямар процесс өрнөж, түүнийг хэрхэн ялаас мулталсан талаар УИХ-ын гишүүн асан, тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан Д.Тэрбишдагва хожим өөрийн тэрлэсэн номондоо гарын үсэг зурсан баримтаа шигтгэн өгүүлсэн удаатай.

2016 оны сонгуулиар МАХН цорын ганц суудлыг авсан ч Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломж Н.Энхбаярт дахин ирлээ. Тэгэхэд түүний сонголт бие даагч гишүүний статусаас ХҮН-ын дарга болж томорсон ч эцэстээ нам ч үгүй хоцорч, сонгогдсон Дархан-Уул аймгаасаа хүртэл дэмжлэг хүлээж чадаагүй С.Ганбаатар байв. Гэхдээ тэр алдаагүй. Дэргэдээ авчирч дэмжсэн шороотой бөх нь “бүхний дарга” явсан М.Энхболдыг унагах эхлэлийг тавьж, Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаагаа хоёр үе шаттай явуулах суурийг засчихаад одсон юм. 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй олонхиороо улирсан ч парламентад ганц С.Ганбаатар хэмээх төлөөлөлтэй МАХН, Н.Энхбаяр дахиад л тэдний том зорилгын өмнө хөндөлсөөд зогссон нь саяхан.

Монгол Улс парламентын засаглалтай ч сүүлийн 12 жилийн хугацаанд Төрийн тэргүүний бараа огт хараагүй МАН-ын өмнөх туйлын хүсэл, зорилго нь удахгүй болох сонгуульд ялах. Алдвал дахиад зургаан жилээр алсрах учраас ямар ч хамаагүй аргаар ялах МАН-ын эхний бөгөөд эцсийн алхам нь өнөөх л Н.Энхбаяр болов. Эцэстээ тэд нэгдэж сонгуульд оролцохоор болжээ. Хоёр намын генсек Д.Амарбаясгалан, Б.Тулгат нар ч мэдэгдэл хийж үүнийг батлав. Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хүнийг дэвшүүлж, нэг мөрийн хөтөлбөрийг тугаа болгоно гэсэн үг. Саяхан гэж тодотгосон шалтгаан нь энэ. “МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл” хэмээх МАН-ын Үндсэн дүрмийн 1.1 дэх заалт баталгаажиж нэг ойлголтоор уншигдах нь МАХН-ыг татан буулгах Дээд шүүхийн албан ёсны шийдвэрээс хамаарах болохоор одоохондоо дүгнэхэд эрт.

У.Хүрэлсүх

Гагцхүү 2009 оны сонгуулийн ялагдлаас хойш уугуул нэрээ сэргээх хүртлээ зөвхөн Н.Энхбаярыг нүд үзүүрлэх, улс төрөөс бүрмөсөн явуулах, тойргийн гадна үлдээх ажиллагааны гол автор явсан У.Хүрэлсүхэд эргээд хадаг барих өдөр ирдэг юм байжээ. Харин ацаг шүдний зөрүүтэй гэдэг шиг зөвхөн “Х” үсэг, Н.Энхбаяр гэсэн улстөрчөөс бусдаар үзэл баримтлал, үүх түүхээ адил хэмжээнд өмчилж ирсэн МАН, МАХН нэгдэхээр болсны гол тохироо нь юу байв? гэдэг нь энэ өдрүүд, ирэх сонгууль, түүний дараа өрнөх үйл явдлаас бүрэн тодорхой болох нь.

“Тамирын голын мөсийг долоох шахам” хэмээн Итгэлт баян өгүүлдэгтэй агаар нэг Ерөнхийлөгчийн сонгуулийн энтэй ганц суудлаа тийм ч амархан наймаалцчихгүйгээ Н.Энхбаяр шиг улс төрд унаж, босч, ялалт, ялагдлын амтыг хангалттай мэдэрч, амссан фигур хэнээр ч заалгаж, зөвлүүлэхгүйгээр мэднэ. Тэр нь Засгийн газарт өөрийн төлөөний сайдыг шургуулах, нийслэлийн удирдлагын аппаратад хэн нэгнийг зүтгүүлэх, хамгийн гол нь төрсөн хүүгээ парламентын босгоор алхуулах уу? гэдгээс хамаарна. Засгийн газрынхаа сайд нарыг УИХ, Ерөнхийлөгчөөс асууж, зөвшөөрөл авахгүйгээр томилж, огцруулж, чөлөөлөх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх учраас гишүүдийн эсэргүүцэл, эгдүүцэлд тушигдахын зовлон үгүй. Мэдээж энэ бүхний эхний хэмжүүр нь МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан байх ёстой. Тэгэхийн тулд хясаж, хаясан “Х” үсгийг эргээд өөрөө эвлүүлэх хувь зөвхөн У.Хүрэлсүхэд байжээ. Цаг хугацаа өөрөө бүхний үнэний хэмжүүр гэдэг нь энэ.

Нэгэн арваны турш улс төрийн өрөг дээрх цусгүй тулаан, үзэн ядалт, өширхөлд цэг тавьж, түүнийг тойрсон галыг цурманд оруулж, дарга, үзэл бодол, туг далбаа, бэлгэ тэмдэг, Үндсэн дүрэм зэргээр ерөөс МАН, МАХН амь нэгтэй болж байгаа нь тэдний хувьд зол юм. Гэхдээ аз байх уу, эз болох уу гэдгийг улс төрд өрнөх үйл явдлууд гэрчилнэ. 

1 сэтгэгдэл

  1. Энхтүвшин

    2021-04-29

    Энэ үйл явдал жирийн иргэдийн хувьд нэг их ашигтай харагдахгүй байна. Нөгөө л хэдэн цөөврүүдийн төрд хэрхэн үлдэх амиа хэрхэн хоохойлох, түүний тулд хэнтэй ч хамаагүй нөхцөх эмийн шинжтэй л үйлдэлүүд харагдаж байна даа. Сэрдэг болоосой ухаж ойлгодог ч болоосой иргэд минь.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet