“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. Түүнд улс төр хөөх сонирхол төрдөггүй. Яагаад гэвэл тэр ЭТТ-г дэлхийд гаргаж, өрсөлдүүлэх маш том амбицтай.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК жил бүр "ETT Events" арга хэмжээг зохион байгуулахаа зарлалаа. Энэ жилийн хувьд “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гэсэн тодотголтойгоор нээлтээ хийж буй нь анхаарал татаж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг бид цахим шилжилт, дижиталчлал гэж ойлгох болсон ч дижитал уул уурхайн талаар төсөөлөл алга. "ETT Events" олон нийтэд юуг мэдүүлэхээр ажиллав?

-Орчин цагт аливаа хувьсгал, шинэчлэлт нийгэм, эдийн засгийн үйл явц олон хүчин зүйлээс хамаарч эрс өөрчлөгдсөөр байна. Сүүлийн хоёр жилд л ковид цар тахлын улмаас энгийн хүн хоорондын харилцаа хүртэл өөрчлөгдөж, аль ч түвшний бизнесийг дижитал моделд суурилж төлөвлөх шаардлага үүссэн. Тэр тусмаа онлайн орчин, хиймэл оюун ухаан, үйлдлийн систем, программ хангамжийн эрин зуун дэргэд ирснийг мэдрүүллээ. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг бид араас нь дагаж биш, дэргэдээс нь дөтөлж, хамтдаа төлөвлөж, үр дүнд хүрч, ашиг олох ёстой. Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал 1766 оноос эхэлж, уурын галт тэрэг дэлхийд морилж байхад бид юун хөгжилтэй манатай гаднын дарлалд байсан бол, хоёрдугаар хувьсгалаар дэлхий ган, төмрийн эрин зуунтай золгон хүчээ авч, хот, тосгод сүндэрлэж байв. Тэгэхэд бид соёлын хувьсгал эхлүүлж байсан даа. Харин гуравдугаар хувьсгал буюу интернэт, комьютер, технологийн хэрэглээ эрчимжиж байхад монголчууд бид чөлөөт зах зээлтэй дөнгөж танилцаж бизнес гэх ухагдахууныг анхлан сонсож байсан. Одоо харин аж үйлдвэрийн шинэ хувьсгалыг манлайлдаггүй юм гэхэд хөл нийлүүлж, үр шимээс нь хүртэх ёстой. Монгол орны хөгжлийг тодорхой төлөвлөсөн “Алсын хараа-2050” хөтөлбөр ч энэ зорилтыг агуулж чадсан, бодит төлөвлөлт, сайн концепци. “Алсын хараа-2050” бодлогын урт хугацааны баримт бичгийн хэрэгжилтийг хангах олон төсөл, хөтөлбөр байгаагаас Хөгжлийн суурь тавцан нь Эрдэнэс Тавантолгойн багц төслүүд мөн. Яг үнэндээ бүрэн хэмжээнд судлагдсан, хэрэгжүүлэх төслүүд ТЭЗҮ-(ТТ-ГС ТЗ, ТТ-ЗБ ТЗ, НБҮ, Ус, ТТ-ДЦС) батлагдчихсан, нарийвчилсан зураг, хяналтын төсвүүд нь боловсруулагдчихсан, төмөр замуудын санхүүжилт нь хийгдээд, бүтээн байгуулалт нь дуусаад ашиглалтад орж эхэлсэн мега төсөл бол ЭТТ юм. Дараагийн 15 жилийн Монгол Улсын эдийн засаг,нийгэм, бизнесийн хөгжлийн тулгуур чулуу болох Тавантолгойн орд дагасан цогц бизнесийг дагалдаж 26.000 гаруй ажлын байр бий болж, зайлшгүй 80 мянган иргэн суурьших шинэ хотыг хүртэл төлөвлөөд явж байна. Иймээс л “Эрдэнэс Тавантолгой” аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлж, эрчимжүүлж, үр дүнд хүргэх юм. Хувьцаа эзэмшигч хоёр сая 513 мянган иргэн хоёр дахь зах зээл, бизнесийн жам ёсны хөгжлөө дагаад энэ төсөлд яах аргагүй татагдан орж байгаагийн хувьд “ETT Events”-ийг анхааралтай ажиглаж, бий болсон эдийн засгийн бодит платформд өөрсдийг нь хэрхэн оролцуулах, аварга том төслийн эхлэл яаж хөдлөхийг энэ удаа болж өнгөрсөн арга хэмжээ танилцуулж чадсан.

-Дэлхийн хүмүүс мэдээллийг ижил технологиор хүлээн авч, өөрсдийн оршихуйг харах адил хэмжүүртэй болж байна. Байгаль орчны бохирдол, дулаарлын эсрэг дэлхий хөгжихийг эрмэлзэж байхад Тавантолгойн нүүрсийг ямар ирээдүй угтах бол?

-Хүлэмжийн хий, карбон, дэлхийн дулаарал бол хүн төрөлхтний ирээдүйн гамшиг мөнөөс мөн. Бид орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гол зорилготой төсөл гэдгээ юуны өмнө онцолж байна. Дэлхийн дулаарлын эсрэг, байгальд хамгийн ээлтэй байх технологийн шийдлээр олборлолт, үйлдвэрлэл явуулах цогц бодлого, аварга том аж үйлдвэрлэлийн парк болно. Нүүрс олборлох, ачиж буулгах, бутлах зэрэг дамжлагуудын явцад үүсдэг тоосжилтоос хамгаалах дэлхийн хамгийн дэвшилт технологийг нэвтрүүлж, жолоочгүй техникүүд ашиглана. Ойрын 10-15 жилд нүүрс дагасан цахилгаан эрчим хүч, ган төмөрлөг, бетон зэрэг үйлдвэрлэлд Монголын “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж байгаа бүтээгдэхүүн буюу хатуу коксжих нүүрс, хагас коксжих болон эрчим хүчний нүүрсний хэрэглээ огцом буурахгүй, харин үнэ цэнтэй хэвээр байлгах эсэх нь бид яаж бизнесийн зөв модель бүхий бодлого явуулах, дижитал орчинд хурдан шилжих, бохирдолгүй технологийг нэвтрүүлэх, хор багатай боловсруулах үйлдвэрлэл явуулах, байгалийн болон хүний аюулгүй байдлыг хэрхэн хангах зэргээс шууд хамаарч дэлхийн санхүүгийн гигантуудын хөрөнгө оруулахд тулгуурлан хөгжих болно. Энэ хөгжлийн зорилтыг бид “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тодорхой тусгасан байгаа. Таван толгойн ордыг олон нийт зөвхөн нүүрсний орд гэж мэддэг шүү дээ. Гэтэл нүүрсийг гүн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой, метан хийн хөгжил ч биднийг хүлээж байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордод агуулагддаг метан хийн нөөцийг 50 орчим тэрбум куб метр гэж тооцдог бол, агууламжийн чанар нь өндөр гэдгийг мэргэжлийн байгууллагууд судалж тогтоосон. Үүнээс улбаалан метан цахилгаан станц, үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээг бүрэн хангах төсөл боловсруулагдаад явж байна.

-Тээвэр логистикийн ач холбогдлыг хил гаалийн гацаа тээгтэй учирсан цар тахлын үеэр бид илүү гүн ойлголоо шүү дээ. Таван толгойн ордод тавьж байгаа төмөр зам хэдийд ашиглалтад орох вэ?

-Дэд бүтэц логистикийн сүлжээг бүрэн шийдэж байж Таван толгойг бүтэн ашиглана. Байгалийн баялагийг аль болох өндөр ашигтай борлуулах, зүй зохистой хэрэглэх боломжийг бүрдүүлэх гол нөхцөл бол энэ хоёр төмөр зам. Төмөр замаа хоёр чиглэлд хийдэг нь эдийн засаг болон стратегийн хувьд өндөр ач холбогдолтой. Таван толгой-Гашуун сухайт чиглэлээр нэг тонн нүүрсийг экспортолж байгаа тээврийн өртөг өдгөө 32-36 ам.доллар байгааг дөрөв дахин буюу 8.4-9.2 орчим болгож дөрөв дахин бууруулна. ТТ-ГС төмөр зам энэ оны долдугаар сард ашиглалтад орно. Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр зам төв магистральтай холбоотой учраас зам дагуух хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, нүүрсний болон газрын ховор элемент, алт, зэс, молибденийн зэрэг 20 шахам уурхайн тээвэр хөгжих, цаашилбал иргэд, ААН-үүдийн үйлдвэрлэлтэй холбоотой олон бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжсэн зам болно. Үүнээс харахад төмөр зам дагаад манай болон бусад уурхайн хагас болон бүтэн боловсруулах үйлдвэрүүдийн ашиг орлого нэмэгдэх, ажлын байр бий болох, нэмүү өртөг шингэх гээд Монгол Улсын эдийн засагт асар өндөр өгөөжтэй төмөр зам болж байна. Энэ төмөр замууд гадаадаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүн импортлох тээврийн боломж, эдийн засгийн том судас юм. Гашуун сухайт, Ханги мандал руу авто замын сүлжээнүүдийг манай хувийн хэвшлийнхэн концесс болон бусад хэлбэрээр тавьж байгаа нь ч эдийн засгийн хувьд өгөөжөө өгнө.

-Таван толгойд одоо ажил нь эхэлсэн бүтээн байгуулалтын ямар төслүүд байна вэ, эдгээрийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Нүүрс баяжуулах үйлдвэрээс эхэлье. Бид заавал нүүрсээ боловсруулж гаргах ёстой. Хэн нэгэн улс, ямар нэгэн компани, бүлэглэлд таалагдах, үгүй нь огт хамаагүй. Монгол Улс бол бие даасан тусгаар улс, өөрийн хууль, тогтоомж, эдийн засагтай. Тиймээс ч эхний алхам бол боловруулах үйлдвэр. Бид жилд 30 сая тонн хүчин чадал бүхий нүүрс баяжуулах үйлдвэрийг төлөвлөөд, олон улсын туршлагатай компаниудтай хамтран ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн эхний блок 10 сая тоннын хүчин чадалтай бөгөөд бүх судалгаа, ТЭЗҮ, нарийвчилсан зураг, санхүүжилт бэлэн болсон. Барилгын ажлыг 2022 оны тавдугаар сараас эхлүүлж, 2024 оны хоёрдугаар улирал гэхэд ашиглалтад оруулна. НБҮ нь төслийн өөрийн өгөөж 20.2 хувь байгаа нь асар өндөр үр ашигтай төсөлд тооцогддог. Мөн олон зуун ажлын байр шинээр бий болохоос гадна боловсруулсан 5-7 төрлийн шинэ үнэ цэн бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, компанийн орлого 2.2 дахин нэмэгдэнэ. Хоёрдугаарт, Таван толгойн дулааны цахилгаан станц. Энэ станцыг барих ажлыг үе үеийн Засгийн газар олон ч жил ярьсан даа. Манай цахилгаан станц тэр орчмынхоо цахилгааныг бүтэн хангах ёстой. Оюутолгойг цахилгаанаар хангах үүрэгтэй. Цахилгаан станцын төслийн сонгон шалгаруулалт олон улсын гэрээгээр энэ хоёрдугаар сард багтаан явагдаж, барилгын ажил 2022 оноос эхэлж, 2025 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Мөн л олон зуун ажлын байр нэмэгдэнэ. Хамгийн чухал нь цаашид 500 МгВТ хүртэл метан цахилгаан станц байгуулагдан өргөжих, нийт 950МгВТ-ын эрчим хүч үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортлох ч боломж бүрдэнэ. Гуравдугаарт, усан хангамж. Усгүй бол олборлолт, баяжуулалт, цахилгаан станцын тухай яриа байхгүйтэй адил шүү дээ. Усан хангамжийн системийг хийхэд Орхоны хоргын усны томоохон төсөл түшиц болно. Загийн усны хоолойгоос Дорноговийн Мандал сумын Цагаан цав, тэгээд Хэрлэн Тоонот гэсэн маршрут зохион байгуулсан төсөл бий. Эхний ээлжинд бид Өмнөговь, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудтай хамтран Хэрлэнт, Тоонот гээд баруун, зүүнээс ус татах төслийг хэрэгжүүлж байна. Цогтцэций суманд байгаа Загийн усны хоолойноос 71 км татах гэрээ байгуулж, дотоодын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхээр ажиллаж байна. Усан хангамжийг татсанаар Тавантолгойд хот ч байгуулна. Хүн ам, ан амьтан, байгаль орчны тэнцвэрт харилцаанд усан хангамжийн систем нэгдүгээр асуудал шүү дээ, мэдээж. Хувийн хэвшлийн томоохон компаниудтай хамтарч зохион байгуулах ажил юм. Усны нөөцөөсөө хамаараад байршлын хувьд хэд хэдэн газар төлөвлөөд явж байгаа. Ингээд Таван толгойн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд 70-80 мянган хүний төвлөрөл бүхий маш том бүтээн байгуулалтын ажлууд Өмнөговь аймгийн Цогтцэций сум, түүний орчимд бий болно гэж ойлгож болно. Үүний тулд мэдээж суурин газар хэрэгтэй. Шинэ суурьшлын бүс буюу Эрдэнэсийн хот байгуулахаар төлөвлөж байгаа. Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулсан ажлын хэсэг уг хотыг байгуулах зураг төслийн ажлаа эхлүүлсэн. Ер нь өнөөдрийг хүртэл монголчууд бие даан хотын зураг төсөл гаргаж, бүтээн байгуулалт явуулж, томоохон үйлдвэр барьж, эрхлэн явуулж байгаагүй. Эрдэнэт, Дархан гэхэд социализмын үеийн Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн ЗХУ, Румын, Куб гээд социалист улсуудын оролцоотойгоор барьж байгуулсан хотууд. Төмөр замаа ч мөн гаднын төлөвлөгөө, оролцоотой тавьсан. Одоо энэ төмөр замыг монголчууд зураг төслөө өөрсдөө хийгээд, цэрэг армийнхаа хүчээр, аж ахуйн нэгжүүд маань бүтээн байгуулсан монгол инженерүүдийн ажил боллоо шүү дээ. Үүн шиг монголчууд өөрсдөө хот байгуулах боломжтой. Тийм учраас аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал албан ёсоор зүй ёсны дагуу Таван толгойн орд дээр эхэлж байна.

-Ганхуяг захирал аа, томоохон бүтээн байгуулалтын төсөлд оролцох ажиллах хүчнийг та зоригтойгоор төсөөлжээ. Эрдэнэт, Дарханыг барьж байгуулах үед залуучууд нам, эвлэлийн даалгавраар эх орны аль хэрэгцээт газар руу томилолт өвөрлөн очдог байсан. Одоо цагт ажиллах хүчийг говьд нэг фронт болгож төвлөрүүлнэ гэдэг бүтэшгүй санаа мэт. Гэтэл та энэ төслийг удирдах гээд байна шүү дээ, аймшигтай биш байна уу?

-Санаа зовох олон юм гарч ирэх байх. Монголчууд өөрсдөө төлөвлөөд, хэрэгжүүлээд, сайн муу аль аль үр дүнг өөрсдөө хардаг, хариуцлага хүлээдэг, амжилтаа ч гаргадаг зарчмаар явж л байгаа шүү дээ. Мэдээж хүндрэл бэрхшээл гарна. Нэг нь л боловсон хүчний, ажиллах хүчний асуудал юм. Би 2018 оноос хүмүүсийнхээ хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх бодлого барьж, сүүлийн хоёр жилийн дотор ажилтан, ажилчдынхаа цалинг 45.1 хувиар нэмэгдүүлээд, илүү цагаар, шөнийн цагаар, хүнд нөхцөлд ажиллах гээд цалин хөлстэй холбоотой бүх асуудлыг бүрэн шийдвэрлэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цалин урамшууллыг бусад компанитай өрсөлдөхүйц болгож чадсан. Нэг талаараа монгол хүний үнэлэмжийг өндөр болгож байгаа нь сайн боловч хувийн аж ахуйн нэгжүүдийг чирээд, тэдний ашиг орлого хүндэрсэн нөхцөлд байдлыг хүндрүүлэх шалтгаан болсон байж магадгүй. Монгол хүний үнэлэмжийг өсгөнө гэдэг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд татан оролцуулах суурь нөхцөл гэж ойлгож болно. Таван толгойн орд руу очвол өндөр цалин авдаг юм байна гэдэг хандлага нийгэмд аль хэдийн болсон. Бид мөн Барилгын коллеж, Төмөр замын коллеж гээд боловсролын хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллах бэлтгэлээ хангаж байгаа. 2020 оноос манай компани инженер, техникийн мэргэжлээр суралцдаг оюутнуудад тэтгэлэг олгох, дадлагажигчдыг ажлын байран дээр сургах зэргээр залууст үйл ажиллагаагаа танилцуулж ирлээ. Таван толгойн Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Усан хангамжийн системийн барилга байгууламж гэдэг бол асар том төсөл, эдгээрт ажиллах барилгын болон бусад нарийн мэргэжилтнүүд, ажилчдын цалин урамшуулал Улаанбаатарт ажиллахаас харьцангуй өндөр байхаар бид төлөвлөх нь гарцаагүй. Тэгэхээр цалин урамшуулал, сэтгэл зүйн хувьд огт харамсахааргүйгээр шинэ хот, шинэ бүтээн байгуулалт руу орно гэдэгт итгэлтэй байж болно.

-Дэлхийн санхүүгийн зах зээлээс хэр хөрөнгө босгож чадахаас Тавантолгойн бүтээн байгуулалт шууд хамаарна. Таны төслүүдийг боловсруулсан, эдийн засгийн үр ашгийг тооцоолсон, хянаж нягталсан газрууд дэлхийн топууд байж гэмээнэ хөрөнгө оруулагч анхаарна, итгэнэ. Тавантолгойд хөрөнгө ороод ирнэ ээ гэх ямар шалтгаан танд байгаа вэ?

-“Эрдэнэс Тавантолгой”-г УИХ-ын шийдвэрийн дагуу Засгийн газрын тогтоолуудаар дэмжиж, дэлхийд өрсөлдөх том төсөл болгохоор байгуулахдаа олон улсад IPO гаргах чиглэл тавигдсаныг монголчууд санаж байгаа байх. Бид IPO гаргах бэлтгэлээ 2019 оноос хангаж, дэлхийн санхүүгийн шилдэг шинжээч, шүүмжлэгч, мэргэжилтнүүдтэй холбоотой ажиллаж байна. Дэлхийн хөрөнгийн бүх биржээр орж танилцлаа. Адил төрлийн компаниудын алдсан, оносон туршлагыг ч хангалттай судаллаа. Манай төслүүдийн ТЭЗҮ, бизнесийн бүх судалгаа, шинжилгээ, тайлан олон улсын нэр хүнд бүхий хөндлөнгийн байгууллагуудаар баталгаажсан. IPO гаргах бэлтгэлийн хүрээнд бид төслөө олон улсын түвшинд танилцууллаа. Бид энэ хугацаанд алхам тутамдаа төслийн баримт бичгүүдийг засаж сайжруулахаар эрчимтэй ажилласан. "Би Ди Өү" гэж нэр хүндтэй компани манай санхүүгийн үйл ажиллагааг өдөр тутам явуулж байна. Big four гэгддэг дэлхийн аудитын томоохон дөрвөлөөс Пи Дабл Юу Си, Эрнест Янг хоёр нь мөн манай дээр ажилласан. Америкийн "Жи Ти Бойд" гэж уул уурхайн технологийн акул компани Тавантолгойн төслүүдийн ITR буюу техник үзүүлэлт, төлөвлөгөөг бэлтгэлээ. Ингээд санхүүгийн байгууллагуудаар хөрөнгө босгохоор явсан. Таван толгойн хувьцааг хэдээр борлуулж эхлэх вэ гэдэгт олон улсын санхүүгийн мэргэжилтнүүд ажилласан. Нью-Йорк, Хонконг, Лондон, Австрали, Япон, Шанхайн хөрөнгийн биржүүдэд очиж бид танилцуулга хийхдээ хөрөнгийн хоёр дахь зах зээлийн судлаачдаар бизнесийн олон талын үнэлгээ хийлгэсэн. Өмнө нь Засгийн газрын тогтоолоор нэг хувьцаа нь 933 төгрөгийн үнэлгээтэй, эдийн засгийн бус, бизнесийн бус үнэлгээтэй компани байсан. Энэ бол тухайн үед 1072 хувьцаагаа гаргах гэж л гаргасан үнэлгээ байлаа шүү дээ. Бид газар доорх баялагийг үнэлдэг олон улсын аргачлалаар хоёр ч үнэлгээ хийлгэсэн. Австралийн компани, мөн "Би Ди Өү" Таван толгойн 15 тэрбум хувьцааны нэг ширхэг нь 1040 төгрөг гэж үнэлсэн. Ингээд Засгийн газрын тогтоол барьж явах биш олон улсын байгууллагын санхүүгийн үнэлгээг танилцуулж явсан. Манай компани 1.5-2 орчим IPO гаргах боломжтой гэж шинжээчид дүгнэсэн. Бид олон орноор явахдаа тэдгээр улсад санхүүгийн болон аудитын мэргэжлийн байгууллагуудад нь ажиллаж байгаа өндөр боловсролтой монгол залуусаа ч энэ төсөлдөө татан оролцуулж, тэднээс тодорхой мэдээлэл авах, боловсруулах, хэлэлцээнд оролцуулах гэх мэтээр тусыг нь авч явлаа. Дэлхийн банк, Америкийн Сити групп банк гээд санхүүгийн томчуудад ажиллаж байсан 30 гаруй залуу Монголдоо, энэ төсөлдөө ажиллаж байна. Цалин хөлс чухал биш, Монголын төсөл болохоор, өөрөө анхнаас нь судалгаа шинжилгээнээс нь эхлүүлсэн төсөл учраас татагдаад олон залуу хүрээд ирсэн. Анх 2011 онд Таван толгойн ордод хамтран ажиллах олон улсын стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах олон улсын тендерт 12 компани орж байлаа. Тэгэхэд би Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Бид 12 компанид танилцуулгаа өгөх гэж Гадаад хэргийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Монголбанкны мэргэжилтнүүдтэй 3, 4 хувилбараар бэлдэнэ. Хөрөнгө оруулагч талууд манай танилцуулгыг стандарт шаардлагад нийцэхгүй, ойлгомжгүй байна, боловсруулалтын хувьд чанаргүй байна гэж байсан нь ердөө 10-хан жилийн өмнөх түүх шүү дээ. Хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх гээд компани хөлсөлчихсөн, нөгөө хоёртоо мөнгөө ч бүрэн өгч чадахгүй. Тэгж тэгж олон улсын тендэрт 12 компаниас дөрөв нь богино жагсаалтад тунаж, Австралийн “Макмахон”, Германы консорциум ялаад явж байсныг санаж байгаа байх. Одоо бол бид хаашаа ч, хэнд ч, ямар ч танилцуулга бүү хэл баримт үйлдээд өгөхөд олон улсын ямар ч санхүүгийн шинжээчид гологдохгүй. Тэр үед бас олборлолтоо ч эхлээгүй байсан бол одоо энэ бүх төслийг эхлүүлэх нүүр бардам нөөц байна, боловсон хүчин байна, дэлхийд гаргаж үзүүлэх баталгаа нь ч байна.

-Ер нь “Эрдэнэс Тавантолгой” дэлхий дээр байгаа нүүрс экспортолдог компаниудынхаа аль хавьцаа нь жагсдаг вэ?

-Coal mining олборлолт, борлуулалтын хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүлэмжийн хийн эсрэг авч буй арга хэмжээ, боловсон хүчин гээд таван гол үзүүлэлтээр рейтинг гаргадаг юм. Сүүлийн хоёр жил Хятадынхаас бусад нүүрсний уурхайн үзүүлэлтүүд буурсан л даа. Манайх гэхэд 20-иос хойш жагсдаг болсон. Бид 22 сая тонн нүүрс олборлоно гэж 2021 онд төлөвлөснөө хэрэгжүүлсэн бол эхний 20 уурхайд багтах боломжтой байсан. Гэвч орчин цагт олборлолтоосоо илүү карбон, байгаль орчны үзүүлэлт чухалд тооцогдох болсон учраас эл үзүүлэлтээрээ дэлхийн 25 том уурхайд “Эрдэнэс таван толгой” зүй ёсоор эрэмбэлэгддэг. Манайх нүүрсний нөөц, чанарын үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Хатуу буюу металлургийн нүүрсээрээ хамгийн өндөр чанартай, өндөр түвшинийхэд бичигддэг. Хамгийн их агууламжтай, хамгийн их хэмжээтэй гэдгээрээ манай нүүрс дэлхийг тэргүүлж байна.

-“Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын зах зээлд гарахад хөрөнгө оруулах санхүүгийн боломж хятадуудад л байх магадлал хэр бодитой вэ. Энэ нь болгоомжлох зүйл мөн үү?

-Ер нь бол манай компанийг хамгийн сонирхохгүй байх магадлал нь Хятад талдаа байдаг гэж би боддог. Тавантолгой, Ганц мод, Гашуун сухайт чиглэлд Хятадын Баяннуур аймаг гэж бий, тэнд гэхэд л эрчим хүч, усны систем нь бүрэн шийдэгдчихсэн, ашгаа олсоор байгаа 12 угаах үйлдвэр бий. Тэд Баян нуурын уурхайнуудаасаа биш, Монголын Таван толгойгоос авч байгаа нүүрсийг угааж мөнгө олж байна. Тэр цаана нь кокс химийн үйлдвэр байна, хэн өрсөлдөөн дунд өөрийнхөө орлогыг өөр хүнд алдахыг хүсэх юм. Ямар ч хятад бизнесмэн Монголд энэ үйлдвэрүүд битгий баригдаасай л гэж хүснэ. Энэ бол нэг их нууц, аль эсвэл хар хайрцагны бодлого, Хятадыг муулах зүйл ч биш. Бизнес чинь цэвэр өрсөлдөөн шүү дээ. Тиймээс бид Баян нуурын цаана биш Монголдоо, энэ ордынхоо дэргэд үйлдвэрүүдээ барья, эндээ боловсруулаад хагас болон эцсийн бүтээгдэхүүн гаргая гэдэг хатуу зорилттой байгаа, заавал хийх ёстой. Түүхийгээр нь гаргаад ашиг орлоготой байгаа энэ төслийг бид өөрсдөө ашиглах хэрэгтэй. Гэхдээ энэ бол бизнес, тиймээс ч мөнгөө байршуулахад манайх ашигтай төсөл учраас хөрөнгө оруулчихъя гэдэг санаа олон бизнес эрхлэгчдэд байгаа. Бид Хятад, Хонгконг, Сингапур гээд бусад бизнес эрхлэгчдэд саналаа тавьж байгаа. Бидэнд байгаа бодитой мэдээллээр манайхыг хамгийн их сонирхож байгаа хөрөнгө оруулагчид гэвэл Европын орнууд болон Япон, Солонгосын компаниуд байдаг юм. Манай бондыг худалдаж аваад, ашиг орлого нь баталгаатай төсөл рүү хөрөнгө хийж үр ашгаа аваад гарна гэдэг бол логистикийн хувьд хаа хол байгаа тэдэнд дарамт багатай, үр дүнтэй бизнес. Тиймээс ч манай дотоодын "БиДиСек" болон "Эм Ай Си Си" гээд хоёр компани, английн Пронтера капитал гэх туршлагатай, түүхтэй компаниар дамжуулаад бид энэ хоёрдугаар сарын 11-нд олон улсын бондын гуравдугаар транчийг нээж, андеррайтер компаниудаа ажиллуулж эхэлсэн. Энэ үеэр онлайн орчинд, метаверс буюу шинэ аппыг хэрэглэж, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын эхлэлийг монголчууд бид анхлан тавьж чадлаа. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг мэдээллийн технологи, дижитал давуу байдлыг ашиглаж иргэн бүрт хүргэн, хөрөнгө оруулагч олон улсын сонирхогч талуудтай гарын үсэг зурах ёслол үйлдэж хамтын ажиллагаагаа эхэлсэн гэж ойлгож болно. Монголчууд бид дэлхийн хөгжлөөс аль болох хоцрохгүй явах ёстой. Бид 458 орчим сая долларыг гуравдугаар транчаас босгоно. Европ болон Америк, бусад орноос бидэнд албан ёсны саналууд ирчхээд байгаа. Энэ удаа баталгаажуулах хоёр санал бол аль аль нь хоёр дахин их хэмжээний бонд авъя гэсэн санал учир танилцуулгыг эхлүүлж байна. Тэгэхээр манай бондыг гурав дахь зах зээлээс сонирхох нь илүү байгааг эндээс харж болно.

-Дэлхийг хамарсан цар тахлын улмаас хөрөнгийн урсгал хумигдсан энэ үед санхүүгийн зах зээл дээр 458 сая доллар харсан ийм төсөл ер нь хэр олон зарлагдаж байгаа бол?

-Ер нь бол бүх бизнес, санхүүгийн зах зээл энгийн явагдаж байгаа. Хүнд цаг үед ийм юм хийгээд, энэ хэцүү байхад дэлхийн жишиг ярьлаа... Иймэрхүү яриаг монголчууд өөрсдөө гаргадаг юм шиг. Дэлхий бол ковидоос айж дагжаад л, учиргүй өлсгөлөнд нэрвэгдээд л, бизнесээ нураасан юм байхгүй. Манай компани 2021 онд бүтэн зогслоо шүү дээ. Нүүрс гарахгүй байна, одоо будаа боллоо л гэлцээд байсан. Харин ч бид 703 сая ам.долларын орлоготой ажиллах байсан бол 705 сая доллар олж, төлөвлөснөө 100.5 хувиар биелүүлсэн. Нүүрс гаргах нь чухал юм уу, үгүй юм уу гэдэг асуулт тавигдсан. Зовлонг бусдад наагаад, хэвтээд байж болно л доо. Ковидоос боллоо, УОК-оос боллоо, аймгаас боллоо, Хятадаас боллоо гээд өөрөөсөө зайлуулж болно. Чи орлогоо олоогүй байна гэхээр нь “Үгүй ээ, 12.7 сая тонныг экспортлох байсан чинь 6.1-ийг л гаргалаа, бусад нь үнэхээр гарсангүй. Тавдугаар сарын 1-нээс хойш хил хаагдсан, уртын тээвэр зогссон, уртын тээвэр явж байж манай орлого орно шүү дээ. Бүхэл бүтэн долоо, найм, есөн сарын турш зогсож байна шүү дээ” гэж хэлээд шалтаг тоочоод хоосон сууж би лав чадахгүй юм билээ. Миний, бидний хамт олны үндсэн үүрэг бол орлого олж, бизнесээ хөгжүүлэх, зайлшгүй төслүүдээ санхүүжүүлэх, барилгын ажлыг хурдан дуусгаж, ашиглалтад оруулах, орлогоо нэмэгдүүлэх, төрд, иргэдэд хувьцааны ногдол ашиг өгөх. Маш энгийн зүйл. Тиймээс ямар ч хүндрэлийг зовлон болгож тоочилгүйгээр дэлхийн бусад компаниудын нэг адил төлөвлөсөн орлогоо, бизнес, худалдааны олон төрөлт жишгүүдийг ашиглаж, ашигтай ажиллах үүрэгтэй. Үүргийн дагуу 2021 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарлаа. Тоо бол худлаа ярьдаггүй шүү дээ.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 онд ногдол ашиг хуваарилаагүй, тэгвэл 2022 онд ногдол ашгаа хүлээж байгаа 2.5 сая иргэнд мэдээлэл өгөхгүй юу?

-Компани 2019 онд 1.034 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ цэвэр ашгаас хоёр сая 513 мянган иргэндээ 176 тэрбум төгрөгийн ногдол ашиг буюу 1072 хувьцаатай иргэн тус бүрт 96480 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. 2021, 2022 он “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд бизнес төлөвлөлт буюу төслүүдийг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах жилүүд. Тиймээс 2020 онд бид 300 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ч ногдол ашигт хуваарилахгүйгээр төслүүдээ санхүүжүүлсэн. 2021 оны хувьд 110 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ч энэ мөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулах нь зөв гэсэн бодолтой байгаа. Өмнө нь хэлсэн 2020, 2021, 2022 он бол төслүүдээ мөнгөн урсгалын хувьд тасралтгүй санхүүжүүлээд, ашиглалтад оруулах боломжийн цонх үе. Хэрэв төслүүд бүрэн хүчин чадлаараа ашиглагдаж эхэлбэл компанийн орлого огцом өсч, нэг иргэнд очих хувьцааны ногдол ашгийн хэмжээ жилийн 680.000 төгрөгөөр яригдаж, жил бүр өсөн нэмэгдэхээр тооцоологдсон байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг иргэддээ танилцуулахад миний мөнгийг өгсөнгүй гэх гомдлоос илүүтэй дийлэнх нь төслүүдээ хурдан ашиглалтад оруулах саналтай байсан. Төмөр замаа хурдан барь, баяжуулах үйлдвэрээ хурдан оруул, усан хангамжаа шийд, за тэр станцаа барих нь зөв гэдэг ийм хүсэл тэмүүлэл монгол хүн бүрд байна. Хувьцаа эзэмшигч иргэд олборлолтын орлого, төмөр замууд, авто замын орлого олмоор байна, тэр терминалын орлого, ачиж буулгах, экспортлох, дээрээс нь тэр баяжуулахын орлого олмоор байна, усан хангамжаас, станцаасаа олох орлого нь нэмэгдмээр байна гэдэг хоёр дахь зах зээлийн бизнес сэтгэлгээ нь хөгжжээ гэж ойлгож болно. Бид мөн Засгийн газрын 10 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хоёр их наяд төгрөгийн бонд гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 8-нд нэгдүгээр транчаа, наймдугаар сарын 23-нд хоёрдугаар транчаа зарлахад Монголын 1700 иргэн болон аж ахуйн нэгжүүдээс 840 гаруй тэрбум төгрөг боссон байна. Энэ хэмжээгээр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид итгэл үзүүлж байна шүү дээ. Ийшээ мөнгөө хийчих юм бол би мөнгөө баталгаатай буцааж авна, дээрээс нь би өгөөж авах юм гэж тооцож чадсан учраас бидний өнөөдрийн бизнес амжилттай явж байгаа. Хамгийн гол зүйл бол энэ итгэл үнэмшил. Цаашид энэ төсөл хөтөлбөрүүд хэдийд ашиглалтад орж, чухам яг хэзээнээс ногдол ашиг өгөх цаг нь ирэх юм бэ, хэдэн хувийн өгөөжтэй байх вэ гэдэг хамгийн чухал үзүүлэлт. 2021-2025 оны төлөвлөгөөнд бид 2024 оноос эхэлж өгөх, 15 жилийн бизнес төлөвлөгөөгөөр бол, 2025 оноос хойш ногдол ашиг тасралтгүй өгөхөөр тусгасан. Ковидын нөхцөлөөс шалтгаалаад манай төслүүд эрчимтэй явахгүй байвал яах вэ? Тоног төхөөрөмж үйлдвэрлэгдэхгүй, Монгол руу орж ирэхгүй хил хаагдвал яах вэ? Ингээд эрсдэлийг маш олон байдлаар тооцсоны үндсэн дээр 2024 оноос, эсвэл 2025 оноос ногдол ашиг тогтмол өгөх, цаашид жил болгон нэмэгдэх санхүүгийн тооцоо хийсэн байгаа. Үүний тулд эрсдэлийг маш сайн тооцож ажиллах учиртай.

-Тавантолгойн ордод үйлдвэр технологийн парк ашиглалтад ороход тэнд хэдэн ажлын байр, ямар шинэ мэргэжил, ур чадварууд шаардлагатай болох вэ?

-Тавантолгой төсөл бүрэн үйл ажиллагаагаа явуулахад 26-30 орчим мянган ажлын байр бий болсон байна. 2026 оноос эхлэх метан хий боловсруулах, метан хий дамжуулах, метаны цахилгаан станц, ширмийн үйлдвэр, ган төмөрлөгийн үйлдвэрийн төслүүдэд олон мянган ажлын байр шууд бий болно. Ямар мэргэжилтэй боловсон хүчин шаардах юм гэхээр хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтнууд. Зөвхөн говийн бүсийн Таван толгой төслийн хүрээнд 2500-2800 орчим инженер техникийн ажилтан хэрэгтэй болох учраас тэдгээрийг бэлтгэх шаардлагатай болно. Мэдээлэл технологийн чиглэлийн болон хууль, захиргаа, удирдлагын чиглэлийн гэхэд л 1000 орчим боловсон хүчний орон тоо шаардагдана. Сүүлийн үед уурхайн олборлолт, ачилтыг тоосжилтгүй, хамгийн цэвэр, хамгийн эрсдэлгүй оффис шиг орчинд явуулахыг шаарддаг болсон. Хүнд ээлтэй, байгальд хоргүй уурхай гэдэг бол автоматжуулалтыг бүрэн нэвтрүүлэхийг л хэлж байна. Манайх ERP болон автоматжуулалтын систем ил тод байдаг. Энэ системийг дагасан 50 гаруй автоматжуулалтын давхар программ хангамжууд явж байгаа. Засвар дээр гэхэд л нэг ширхэг боолт худалдаж авахаас авахуулаад бүртгэгдээд аль агуулах дээр байх, хэн ашиглах, ямар эдэлгээтэй гээд бүх мэдээлэл кодлогдчихсон явж байгаа юм. Хяналтын технологиуд мөн байна. Хаанаас хааш, хэдийг ачиж байна, хэдэн километрт ямар бензин шатахуун түлш зарцуулалттай явж байна, ямар бүтээмжтэй байна гээд бүх мэдээлэл автоматаар хянагдана. Энэ автоматжуулалтын араас жолоочгүй техник буюу аюулгүй олборлолт гээд энэ олон шат дамжлага автоматчилагдах юм. Энэ бол нөгөө дижитал хувьсгал чинь манай гол түлхүүр болохыг, бид өөрсдөө хөгжихөөс аргагүйг харуулж байна. Тийм учраас 500 гаруй мэдээлэл технологи, автоматжуулалт, IT-ийн чиглэлийн залуучууд бол ёстой ус агаар шиг хэрэгтэй болно.

-Их дээд сургуулиуд, мэргэжлийн сургалтын төвүүд танайд шаардлагатай болох ажилтан, ажилчдыг сургах төлөвлөгөөнд хамтран ажиллаж байгаа юу?

-БШУЯ хамгийн их дэмжин ажиллаж байна. Бид ШУТИС, МУИС, Шинжлэх ухааны академи, судалгааны бусад хүрээлэн гээд маш олон газартай хамтын ажиллагааны гэрээтэй. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжлийн оператор, ажилчдыг бэлтгэж байна. Ажлын байран дээр шууд сургахын тулд бид бас сургалтын төвүүдийг нээн ажиллуулна. Энэ сарын 11, 12-нд болсон манай эвэнтийн үеэр оюутнуудад болон их, дээд сургууль төгссөн залуучуудад зориулсан ажлын байранд бэлтгэх сонгон шалгаруулалт явагдсан. Энд нэг, хоёрдугаар курсийн оюутнуудыг уул уурхайн бүхий л шат дамжлагын автоматжуулалт дээр ажиллахад нь цалин урамшуулалтайгаар бэлтгэх систем рүү манайх давхар шилжиж байгаа. Энэ төсөл гурван жилийн хугацаанд 2000 орчим оюутныг хамруулах төлөвлөгөөтэй. Эхний ээлжинд 700 гаруй ажлын байранд анкетын болон ярилцлага хэлбэрээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулна. Тэд бол Таван толгойн орд бүрэн хүчин чадлаараа ажиллах үеийн бэлтгэл, боловсон хүчний гол суурь гэж ойлгож болно. Түүнчлэн ид хийж бүтээх, ачаа үүрэх насан дээрээ байдаг дунд үеийнхнийг бүтээн байгуулалтад татан оролцуулах, шинэ суурьшлын бүсэд ажиллаж амьдрах чиглэлд анхаарал хандуулж, дунд насныханд зориулсан хөтөлбөр санал болгохоор бэлдсэн. Таван толгойн ордод үйлдвэр технологийн парк ашиглалтад оруулж аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг түүчээлэхээр бид ийнхүү бүгдийг цогцоор нь төлөвлөснөө танилцуулж байгаа нь анхны тохиолдол болж байна.

-Хот руу чиглэсэн нүүдлийг хэчнээн өндөр цалин амласнаар элсэн цөл рүү эргүүлэх амаргүй байх. Танай компани 180 сая ширхэг мод тарих амлалт хүлээсэн нь өмнийн говийн уурхайн бүсийг хангай болгох, Эрдэнэсийн хот нь хүн амьдрахад таатай суурин болгох ойрын төлөвлөгөө гэж үзэж болох уу?

-Бэлэн юм хүсэж байгаа залуучуудад бол одоо Тавантолгой бол хоосон элсэн цөл. Их бүтээн байгуулалтын эхлэл дээр би байх ёстой гэж бодож сэтгэж чадсан залуугийн хувьд бол тэр газар түүний ирээдүйн сайн сайхан гэж хэлмээр байгаа юм. Чи хангай гэж харвал хангай, говь гэж харвал говь л байна. Хүнд хэцүүг харвал хүнд хэцүү л харагдана. Ер нь одоогийн залуусын сэтгэлгээ бидний үеийн оюутнуудынхаас өөр болчихсон юм байна лээ. Ахисан түвшний мэдээллийг хүлээж аваад сурчихсан учраас сайн, мууг маш их нягталж ялгаж байна. Тэдний ажил, амьдралд дасан зохицох чадвар давуу байдал нь тэнд харагдана аа. 180 сая мод тарих бол манай үүрэг. Үүнийгээ нэг их онцгой санаачилга гаргалаа, сайн хүн болж гавьяа байгууллаа гэж үзэхгүй. Бид есөн жилийн хугацаанд 401 сая тонн нүүрс олборлоно. Өнгөрсөн хугацаанд ч нэг тонн тутамд нэг мод тарьж чадаагүй л байгаа юм. 180 сая мод тарина гэдэг ингээд бодохоор харин ч бага тоо юм шүү. Уул уурхайн компаниудын байгаль эхийн өмнө, иргэдийн өмнө зайлшгүй биелүүлэх ёстой том үүрэг бол ерөөсөө байгаль орчныг нөхөн сэргээх явдал. Тэгэхээр хүрээлэн буй орчиндоо 180 сая ширхэг мод, үрсэлгээ тарьж ургуулна гэдэг бол яах аргагүй заавал хийх ажил. 180 сая модны 56 хувийг нь буюу 100 сая модыг Өмнөговийн бүсэд тарихаар төлөвлөж байгаа юм. Эхний нэг, хоёр жил тариалангаар маруухан сууж байж ч мэдэх байх. Яагаад гэхээр одоо жилд Монголд есөн сая ширхэг үрсэлгээний боломж байдгийн 50 хувь нь ургадаг. Бидэнд 10 жилд 100 сая үрсэлгээ хэрэгтэй. Ингээд бодохоор үрсэлгээ, агропарк жижиг, том, дунд хүлэмжүүдийн асуудал яригдана. Тиймээс 2022 онд Улаанбаатар, Зүүнбаян, Дарханд томоохон паркууд байгуулж байна. Үрсэлгээ тарьснаас хойш гурван жилийн дараагаас гардаг. Эхний жилийг бортогтой нэг нас, тэгээд шилжүүлж суулгаад дөрвөн настайгаас нь газарт тарьдаг. Яг энэ туршлагаар Эрдэнэт, Оюу толгой явж байгаа юм билээ. Тэгэхээр манай хувьд дөрөв, тав дахь жилээс жилд 100-200 сая үрсэлгээ гарч ирэх боломж бүрдэж эхлэх юм. Тэгэхээр Монголд шууд зуун сая мод тарина гэж бодох бол худлаа. Дөрөв, тав дахь жилээсээ жилд 100-200 сая, зургаа долоо дахь жилээсээ 300 сая үрсэлгээ гарч ирнэ. Тэгээд есөн жилийн дараа бүр олныг тарьдаг болно гэсэн үг. Тэгэхээр би “Тэрбум мод” бол зогсохгүй хөтөлбөр юм аа гэж боддог. Говио ногоон, шинэ хотоо ногоон болгохын тулд усны асуудлыг шийдэх хэрэгтэй. Усны шийдэлд уул уурхайн компаниуд Хэрлэн-Тоонот, Орхон- Онги гэсэн хоёр төсөлд хамтарч ажиллаж байгаа. Энэ хоёр төслийг хэрэгжүүлэхэд одоогоор 1.3 орчим тэрбум долларын урьдчилсан төсөв яригдаж байгаа ч үүнээс давж гарах, хоёр орчим тэрбум долларт дөхөх багцаа харагддаг юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК 30 хувийн санхүүжилтийг хариуцъя гэдэг мэдэгдлээ хамтрагч компаниудад хүргүүлээд, бид яриа хэлэлцээний шатандаа явж байгаа. Энэ төслүүд хэрэгжвэл говио ногооруулах бүрэн боломжтой. Говийн хөрс сэргэж, тэнд ургадаг бүх төрлийн бут, мод, жимсний ургамал амьдрах таатай нөхцөл бүрдэнэ. Одоо бол Өмнөговьд цөлжилт эрчимтэй явагдаж, хөрсний элэгдэл, хагарал газар авсан. Тэгэхээр уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд, байгаль эхийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу зайлшгүй мод тарьж ургуулах, байгалийг анхны төрхөөр нь сэргээх л учиртай.

-Таны удирдаж байгаа аж ахуйн нэгж бол төрийн өмчит компани учраас Таныг улс төрийн шийдвэр гарган томилдог. Энэ утгаараа та эрх баригч хүчинд таалагдах, тэдний бодлого, шийдвэрт нийцүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг компанийн захирал учраас тэдэнд аль болох ахиу ашиг хүртээхийн тулд цэвэр бизнесийн зарчмаар ажиллах шаардлагатай. Таны хэд хэдэн ярилцлагад улс төрийн, сонгуулийн шийдлээр бус бизнесийн зарчмаар ажиллах хүслээ цухалзуулсан өнгө аяс анзаарагдсан. Та улс төр, бизнес гэсэн хоёр ертөнцийг хэрхэн хослуулж ажилладаг вэ?

-Ер нь төрийн өмчит компани удирдаад явна гэдэг бол тэр чигээрээ таны хэлдэг бизнес, улс төр гэсэн хоёр ертөнцийн дунд нэг талаас шууд хэрэгжүүлэх үүрэгтэй захиргааны шийдвэр, нөгөө талаас бизнесийн санаа шийдэл, арга замын бэлчирт оршин тогтноно. Гэхдээ энэ хоёр ертөнцийг хослуулснаараа улам ихийг бүтээж байгаа загварууд олон байна. Хятад, Орос, Герман, сүүлийн үед Англи гээд төр нь бизнесийг зөв хийж болдгийг харуулж байна шүү дээ. Ялангуяа Хятадад бизнесийн харилцаа төрийн оролцоогүйгээр оршин тогтнох ямар ч үндэсгүй болчхоод байна л даа. Хятад нэг намын хүчирхэг улс төрийн бодлоготой, эдийн засгийн хагас чөлөөтэй байдлаас ийм зүй тогтол бий болж. Манайх бол эдийн засгаа бүтэн чөлөөлчихөөд төр бизнес хийж байгаа учраас үр ашиггүй болсон жишээ ашигтай байгаагаас хавьгүй олон гарсан байх магадлалтай болов уу. Миний хувьд нэгэнт үүрэг хариуцлага хүлээгээд энд ирчихсэн учраас надад ажиллах ямар л боломж байна, нөөц байна бүгдийг зориулж, хамгийн сайнаар хөдөлгөх зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Ажил бүтэхээргүй боллоо гэх, эсвэл намайг хэвлэл, бусад хэлбэрээр хэн нэгэн гүтгэлээ гэдэг гоморхол байх нь битгий хэл, тэр зүйлд бодож, санаа зовох ч эрхгүй ийм л ажил гэж хүлээж авсан. Чадна гэж бодсон бол чадах л хэрэгтэй. Миний уул уурхайн салбарт ажилласан туршлага гэвэл сүүлийн 10 гаруй жилд хамаарна. “Эрдэнэс Тавантолгой” компанийг анх байгуулагдаж цаасан дээрх нэр төдий байхаас орж ажилласан учраас компаниа нэр төртэй, хүчирхэг болгох маш том амбиц байсан. 2011 онд нөгөө стратегийн 12 хөрөнгө оруулагч орж ирээд танилцуулгаа хийх үед манай компани хаана явааг хүмүүсийн өмнөх хуудсан дээрээс харах гэхэд бүр хаа ч үгүй, зөвхөн “Тавантолгойн орд 6.3 тэрбум тонн нүүрс” гэж л бичигдсэн байхыг олдог байсан юм. Манай компанийн нэр тэнд огт дурдагдаагүй. Бид муухайгаар хэлэхэд, тэдний хувьд газар доорх нүүрс шиг л далд байсан. Тэр үед бид нүүрсийг амь оруулж, яаж үнэ цэнэтэй болгох вэ гэдэг эрдэмд анхлан суралцагчид, АБВ үсэг сурч байгаа хүүхэд шиг л сууж байсан юм билээ. Би тэнд байснаараа, энэ ордын хувь заяаны эргүүлэг бүрт түүнээс хойш байгаагаараа маш сайн мэдэрсэн байх. Тухайн үед Засгийн газрын нөөц хөрөнгөөс 208 сая төгрөг жил бүр гаргаж өгөөд гурван жил ч болчихсон байсан. Олборлолтоо эхлүүлсэн байх хэрэгтэй, нэг төгрөг ч болтугай олсон байх ёстой болсон. Татвар төлөгчдийн 208 сая төгрөгөөр нүүрс ухаад, түүнийгээ ангилж ялгаад, гэрээ байгуулж борлуулаад, хүний өмнө нүүр улайхгүй үзүүлэх юмтай болохоор 10 гэр барьлаа, хэдэн уурхайчдаа аваад гарлаа. Анхны 10 гэрийн нэгийг оффис болгоод хэдүүлээ ордынхоо ирээдүйн тухай ярилцаж байсан нь одоо ч миний чихэнд сонсогддог. Дэлхийн том уурхай болно, олон газрын бизнесмэнүүд үзэх гэж хүрч ирдэг, хамтран ажиллах санал тавьдаг, хөрөнгөө оруулдаг, бүтээгдэхүүн авдаг, дэлхий мэддэг уурхай болгох зорилт бидэнд байсан. Тэгвэл өнөөдөр бас чиг таньж мэддэг болж, ЭТТ гэхээр иргэд, төр итгэл үнэмшил өгдөг болж. Бидний зорьсон зорилтууд хэт том юм, гэхдээ биднээр хийлгээд үзэх нь зөв гэдэг хандлага их болж, зарим хэсэг нь урамшууллаа үгээ хэлдэг болсон байна. Хөрөнгө оруулагчид хүссэн ч, эс хүссэн ч эргэж хардаг болсон шүү. Энэ бол бодит дэмжлэг, ахиц мөн. Төмөр зам тавигдана, энд хот байгуулагдана, станц, усан хангамж хийнэ, говь ногоон болно гээд 2009 онд буюу одоогоос 11 жилийн өмнө яриад зогсож байсан хүний хувьд амбиц гэдэг юм уу, хүсэл тэмүүлэл надад их хүчтэй бий болчихсон юм билээ. Нам 2012 онд сонгуульд ялагдаад хэсэг хугацааны дараа компанидаа эргэж ирэхэд улам дордоод, бүр ч саарал болчихсон юм шиг байсан. Бид өөрсдөө ч сэтгэл зүйн хувьд уначихсан ч юм шиг. Гэхдээ хамгийн гол нь нөгөө өмнөх яриа хөөрөө, төсөөлөл мөрөөдөл, нөгөө уурхайчид маань байж л байсан. Ингээд уурхайчидтайгаа ажлаа дахиад л эхэлсэн. Уурхайчдад маань ч 10 гэрээ барьж байх тэр үе рүүгээ буцаад, бүхнийг анхнаас нь эхэлж байх шиг санагдсан гэх яриа надад одоо сайхан санагддаг. Компани байхгүй болох аюулын ирмэгт бодитоор оччихсон байсан “Эрдэнэс Тавантолгой”-н хамт олон өнөөдөр Монголдоо олон зүйлээрээ тэргүүлдэг компани болчихсон, тэгээд болоогүй дэлхийн хамт олон болно гээд зориод явж байна гэдэг бол бидний дотор маш том амбиц адилхан байна аа гэсэн үг. Энэ уурхай, уурхайг дагасан аж үйлдвэрлэлийн парк, технологийн том үйлдвэрүүд, бүхэл бүтэн хот бий болсноор нэг сая өрх гэр ажилтай орлоготой амьдрах эдийн засгийн тооцоо байдаг. Нэг сая гэр бүлийг тэжээж явах хүчин чадалтай төсөл шүү дээ. Ингээд бодохоор тэр саяын нэгээхэн хэсэг нь ч бид өөрсдөө. Би, бид тэр сая хүний ирээдүйг бүтээх боломжийг өнөөдөр төлөвлөөд, гар бие оролцон гүйцэтгэж байна гэдэг бол маш ховор хувь заяа. Тиймээс алдаа гаргах эрхгүйгээр ажиллах шаардлагатай л гэсэн үг. Түүнээс биш алдвал ч алдаг, өөр оноогоор ингээд солино гэх сонголт бидэнд байхгүй. Тийм учраас огт алдаж болохгүй, асуудалд орж болохгүй, ялангуяа энэ тендер, худалдан авалтаас хол, ил тод нээлттэй байх ёстой гээд хүмүүсийн анхаарлыг татаад байгаа бүхнийг дэлгээд тавьж байгаа юм. Манайх шилэн компани учраас ажилтан, ажилчдын анкет, авдаг цалингаас авахуулаад захиргааны шийтгэл зэрэг бүх мэдээллийг ил болгосон. Компанийнхаа бүх машиныг GPS-т холбоод, хаана явж байгааг дэлгэцээр үзүүлдэг болгоно. Хувьцаа эзэмшигчдын хөрөнгө шүү дээ. Хоёр сая хувьцаа эзэмшигч ч харах ёстой. Үнэлгээний хорооны хурлуудыг хүртэл байгууллагын нэгдүгээр давхрын дэлгэцээр үзэж болно. Компани ч гэсэн амьд организм учраас бид амьд юм шиг байлгая гэдэг ийм л энгийн философитой.

-Та хувийн бусад уурхай болон боловсруулах үйлдвэр эрхлэгчидтэй хамтраад АМНАТ-ын асуудлаар маргаан үүсгэж байсан. Сангийн яамны бодлого буруу байна гэсэн таны байр суурь хэвээрээ юу. Засгийн газраа шүүхэд өгчихдөг төрийн өмчит компанийн захирал танаас өөр бараг байхгүй байх аа. АМНАТ-ын маргаан юу болж байгаа бол?

-Бизнес хийх гэж байгаа бол төр ч бай, хувь ч бай, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч бүгд харилцан ашигтай байх ёстой. Энэ бол бизнесийн бичигдээгүй хууль. Энэ харилцааг ялангуяа шийдвэр гаргаж байгаа, бодлого тодорхойлж байгаа хүмүүс хамгийн зөв харж, эдийн засгийн болон эрх зүйн үр дагаврыг нь тооцож шийдвэрээ гаргах хэрэгтэй. Гарсан шийдвэрээс үүдэн хэн нэгэн бизнесээ алдаж, аль эсвэл тэнд бүүм үүсэх ёсгүй. Ардчилсан төрийн хамгийн том бодлого шүү дээ. Энэ бол сая манай компанийн тухайд алдагдсан. Олборлогч болон үйлдвэрлэгч компаниудаас давхардуулан АМНАТ аваад, тооцож авахдаа жишиг үнэ гэж тогтоогоод, жишиг үнийг БНХАУ-ын импортын хамгийн өндөр үнээс тогтоосон. Манай Сангийн яам олборлогчоос ч аваад, үйлдвэрлэгчээс давхардуулан татвар авдаг явдал энэ дэлхий дээр байхгүй санхүүгийн модель болсон. Би хэдийгээр төрийн өмчит бизнес хийж байгаа ч “За Сангийн яам тийм шийдвэр гаргачихсан юм чинь дагана аа” гэж хэлэх эрх надад байхгүй. Жижиг хувьцаа эзэмшигч гэж 2.5 сая иргэнээ үл хүндэтгэж бүр болохгүй. Тийм учраас төрийн болон иргэдийн аль алины эрх ашгийг бодсон асуудал энд хөндөгдөж байгаа юм. Тиймээс ч асуудлыг хүндрүүлэхгүйгээр татвар тооцох аргаа өөрчилж, журмандаа нэмэлт оруулаад, дэлхийн жишгээ дагаад явах байх. Өөрчлөх гол гарц нь бол борлуулалтын гэрээний дүн. Надаас худалдан авч байгаа хүн аль болох л хямдхан үнэ өгөхийг бодно. Би бол аль болох өндөр үнээр өгөхийг бодно. Улсаа хохироогоод хямдхан өгчихье гэдэг бизнесмен хувьд ч байхгүй, төрд ч байхгүй. Гэтэл энэ борлуулалтын гэрээ бол итгэлцүүр тогтоох хэрэгсэл биш юм аа гээд худалдаж авч байгаа улсад үйлчилж буй хамгийн өндөр үнээс тооцоод татвар тавьчихаар шударга бус болоод байна. Шударга бус байх юм бол ямар ч өрсөлдөөн байхгүй. Энэ асуудал энгийн хэлэлцээний журмаар шийдэгдчих байх гэж найдаж байна. Асуудлыг хүндрүүлэх шаардлага байхгүй, эрүүл ухаанаар ойлгох байх. Дэлхийд байхгүй, санхүүгийн ийм загварыг Монголд хийсэн нь 68 хувийн татварын л нэг хэлбэр шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа, Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 31, 32 (6763, 6764)

#онцолсон, #Б.Ганхуяг,